Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2026/00101

 

Ш.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 316/ШШ2025/01059 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 208/МА2026/00012 дугаар магадлалтай,

Ш.Б-н нэхэмжлэлтэй

Эдийн болон эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 4,485,901,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.У, гуравдагч этгээд хяналтын прокурор Р.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, Ш.У, гуравдагч этгээд хяналтын прокурор Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ш.Б нь төрийн байгууллага албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан эдийн болон эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 4,485,901,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 316/ШШ2025/01059 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар ****-н нөөц сангаас 6,122,000 төгрөг гаргуулан Ш.Б-д олгож, үлдэх 4,430,035,851 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 208/МА2026/00012 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 316/ШШ2025/01059 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 498.4, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.2 дугаар зүйлийн 2.3, 45.3 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.6-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 168,883,355 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,267,745,754 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар талууд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4.Прокурор Г.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэр гаргасан. Ш.Б нь өөр хэрэгт шалгагдан цагдан хоригдож байх хугацаандаа хорих ангийн тусгаарлах өрөөнд гал алдсаны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, үүнтэй холбоотой зардал нэхэмжилж байгаа нь Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхээр шийдвэрлэсэн үйл баримттай шалтгаант холбоогүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хэрэгт цагдан хоригдох үед нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас Ш.Б-н эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар гэж тодорхойлсон. Гэтэл давж заалдах шатны шүүх цагдан хорих байрны ажилтан, албан хаагч нарын албан үүрэгтээ хайнга хандсан үйлдэл шалтгаант холбоотой гэж шүүхээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар гаргуулна гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хэргийн үйл баримтад цагдан хорих байрны ажилтан, албан хаагч хамааралгүй буюу энэ хуулийн заалтад хамаарахгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Ш.Б-н төрөөс гэм хорын хохирол гаргуулах шаардлага буюу хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүгч дангаар бус гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, иргэдийн төлөөлөгчийг оролцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасныг баримтлан шийдвэрлэх байсан. Давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэснээр хуулийг буруу тайлбарласан. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар тодорхойлж, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт өгсөн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шаардлагын үндэслэл нь хууль бусаар буюу үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт шалгагдаж, цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд төрөөс төлбөр гаргуулах шаардлага, шийтгэх тогтоол, магадлалаар гэм буруутайд тооцогдсон **** газрын бүтцийн харьяа албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх шаардлага гэсэн бие даасан төрөл, агуулга, үндэслэл бүхий шаардлагыг хамтатган гаргасныг анхан шатны шүүх тодруулаагүй тул талууд тодорхойгүй байдлаар мэтгэлцэж, тэр хүрээнд шийдвэрээ гаргасан, давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй. Гэм хорыг хамтран хариуцвал зохих этгээд нь төрөөс гадна **** газар байх ба онцгой ажиллагааны журмаар бус ердийн журмаар шийдвэрлэгдэх байсан. Мөн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийг хэрэглэх байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.У нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.10-ны өдрийн 001/ШХТ2026/00472 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7.Гуравдагч этгээд прокурорын болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

8.Нэхэмжлэгч Ш.Б нь төрийн байгууллага албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан гэм хорын хохиролд 4,485,901,909 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014.08.27-ны өдрийн шийтгэх тогтоолоор **** газрын харьяа *** ангид хоригдож байхдаа тус ангийн ** корпусын **-**** тоот тусгаарлах өрөөний эд зүйлийг санаатайгаар гэмтээх гэмт хэргийг галдан шатаах аргаар үйлдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тухайн өдрөөс цагдан хоригдсон бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2014.10.21-ний өдрийн магадлалаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. ... 54 хоног хилсээр цагдан хорьсон...,

...цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож төрийн хяналтанд мөрдөгдөж байхдаа төрийн албан хаагчдын хариуцлагагүй, эрүү шүүлт тулгасан үйлдлээс болж болгоомжгүй гарсан галын улмаас түлэгдэж, биеийн гадаргуугийн 20-оос дээш хувийг хамарсан 3-р зэргийн түлэгдэлт буюу хүнд гэмтэл учирсан. Үүний улмаас эх орондоо болон гадаад улсад явж удаа дараа эмчлүүлэх, арьс нөхүүлэх, хагалгаа хийлгэх зардлууд үүссэнээс гадна сүүлийн 10 гаруй жил ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, 2 гараа дээш өргөх боломжгүй байгаа бөгөөд сэтгэл санааны болон сэтгэцийн хохирол учирсан. Тухайн үед Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014.10.21-ний өдрийн 898 дугаартай магадлалыг өмгөөлөгч болон надад огт гардуулж өгөөгүй. Харин өмгөөлөгч нар 2025.03.19-ний өдөр ***** газрын дэргэдэх ******* архивт хүсэлт гаргаснаар 2025.03.26-ны өдөр магадлалыг хуулбарлан авч танилцсанаар гомдол гаргах эрх нээгдсэн буюу магадлалыг гардан аваад 5 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Хохирлын тооцоог дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-шийтгэх тогтоолоор 54 хоног үндэслэлгүй цагдан хорьсон хохиролд 42,768,000 төгрөг,

-анхан шатны шүүхээс 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн нэр төр, алдар хүндээрээ хохирсон хохиролд 500,000,000 төгрөг,

-цагдан хоригдож байхдаа эрүүл мэндээрээ хохирч хүнд гэмтэл учирсан хохиролд 2,500,000,000 төгрөг,

-Монгол Улсад эмнэлгийн байгууллагад эмчлүүлсэн, эм тариа авсан зардалд 3,067,000 төгрөг,

-БНСУ-д эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардалд 148,622,952 төгрөг,

-БНСУ руу “К” компаниар зорчсон зардалд 49,200,000 төгрөг,

-“М” ХХК-аар зорчсон зардал 28,114,023 төгрөг, намайг асрах, сувилах зорилгоор эхнэрийн зорчсон зардал 7,251,934 төгрөг нийт 35,365,957 төгрөг,

-БНСУ-д эмчлүүлэх зорилгоор буудалд байрласан, хоол, унд, унааны зардалд 756,000 төгрөг,

-сэтгэл санааны хохиролд 200,000,000 төгрөг,

-цагдан хоригдсоны улмаас 10 гаруй жил орлогогүй болж хохирсон хохиролд 1,000,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс, нотариатын зардал 6,122,000 төгрөг, нийт 4,485,901,909 төгрөгийг төрөөс гаргуулна.” гэж тайлбарласан.

9.Прокурор Р.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ, “...нэхэмжлэгч өөр хэрэгт шалгагдан цагдан хоригдож байхдаа өөрийн буруугаас гал алдсан. Үүний улмаас Эрүүгийн хууль /2002 он/-ийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх Ш.Б-г гэм буруутайд тооцож, давж заалдах шатны шүүх Ш.Б-н болгоомжгүй үйлдэл, учирсан хохирол нь хуульд заасан хохирлын хэмжээнд хүрээгүй тул гэмт хэргийн шинжийг хангахгүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт шалгагдсаны улмаас хүнд гэмтэл учирсан зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгчийн замын зардал, эмчилгээ хийлгэсэн баримт 2013-2018 он хүртэл байхад 2025 он хүртэл гадагшаа өөр улс руу зорчсон зардлаа нэхэмжилж байна. 2013-2018 оны ханшаар шилжүүлэхэд 57,000,000 төгрөг гарахаар байтал 148,000,000 төгрөг нэхэмжилж байна. Баримтаар нэхэмжилж байгаа зүйл нь тогтоогдохгүй байна. Нийт 54 хоног цагдан хоригдсон асуудалд мөнгөн төлбөрийг гаргахад татгалзах зүйлгүй. Харин энэ эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үед хүнд хохирол учраагүй, өөр хэрэгт шалгагдаж байсан...” гэжээ.

10.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6,122,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ; “…эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон, цагаатгагдсан этгээдэд гэм хор учирсан нь маргаангүй үйл баримтад хамаарах тул дээрх ажиллагаанаас учирсан гэм хорыг нэхэмжлэгчийн хүсэлтээр онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй, Ш.Б нь гэм буруугүй гэж цагаатгагдсан тул өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хохирлыг нотлогдсон хэмжээгээр хангах нь зүйтэй, цагдан хоригдсон 54 хоногийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 8727 (192,000/22) төгрөгөөр тооцоход 471,258 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6,000,000 төгрөг, архиваас баримт авахад төлсөн 122,000 төгрөг, нийт 6,593,258 төгрөгийг Ш.Б-д **** сангаас гаргуулна, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014.10.21-ний өдрийн 898 дугаартай магадлалаар Ш.Б-г гэм буруутай гэж үзэх боломжтой боловч учруулсан хохирлын хэмжээ онц их хэмжээнд хүрээгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байна, … нэхэмжлэгчийн эрүүл мэндийн хохирол гаргуулах шаардлага үндэслэлгүй, цагдан хоригдсоны улмаас 10 гаруй жил орлогогүй болж хохирсон гэх шаардлагаа нэхэмжлэгч нотолж чадаагүй тул хангах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн.

11.Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан 168,883,355 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ “…Ш.Б-н биед хүнд хохирол учирсан ба энэхүү хохирол учрахад *** ангийн ээлжийн дарга Х.Ж, хянагч Д.Б, ээлжийн бага дарга Б.Ц нарын үүрэгт ажилдаа хайнга хандсан үйлдэлтэй шалтгаант холбоотой, нэхэмжлэгч Ш.Б Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.4-т зааснаар өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шаардлага гаргасан нь үндэслэлтэй. Ш.Б чангарсан гаваа суллахын тулд өөрт байсан гал асаагуурыг ашиглаж гал гаргасан байдал нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, энэхүү үйлдэл нь эрх бүхий албан хаагчийн ажилдаа хайнга хандсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой тул эрүүл мэндэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гаргуулах нь зүйтэй, хэдийгээр нэхэмжлэгчийн буруугаас гал гарсан ч бие махбодийн хувьд шаналж зовсон байдлыг харгалзан сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 200,000,000 төгрөгийг 50 хувиар багасгана, дотоодод болон гадаадад хийлгэсэн эмчилгээний зардлуудыг, БНСУ-д зорчсон тийзний болон буудлын зардал, өмгөөллийн хөлс, цагдан хоригдож байх хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон төлбөр, архивын хураамж зэрэгт нийт 168,883,355 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, … харин сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хохирол 2,500,000,000 төгрөг болон 10 жилийн хугацаанд ажил орлогогүй байсан хохирол 1,000,000,000 төгрөг, нэр төр, алдар хүндэд учирсан хохирлын 500,000,000 төгрөг тус тус гаргуулах шаардлагууд нь нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгоно…” гэсэн дүгнэлт хийжээ.

12.Анхан шатны шүүх Ш.Б-н нэхэмжлэлд мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол арилгах тухай зохицуулалтыг, давж заалдах шатны шүүх төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас хохирол арилгах тухай зохицуулалтыг тус тус хэрэглэн, өөр өөр шийдэл гаргасан ба энэ тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч, прокурорын гаргасан гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т тус тус заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.

13.Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагчаар *********-г тодорхойлж, мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол арилгах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт тус тус заасныг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгохоос гадна **** газрын алба хаагчдын буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан гэж мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна. Өөрөөр хэлбэл, Ш.Б нэхэмжлэлээ зөвхөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр гаргаагүй байна.

14.Анхан шатны шүүх *******-т холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн ба *******-т холбогдох нэхэмжлэлтэй хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн боловч хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй үлджээ.

15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэл” гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан “хүсэлт” гэж үзэж, энэ төрлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх мөн хуулийн 45.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ. Харин Ш.Б-н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас хохирол арилгах тухай нэхэмжлэлийн хариуцагчаар оролцвол зохих этгээдийг анхан шатны шүүх оролцуулаагүй, энэ талаар тодруулах ажиллагаа хийгээгүй байна.

16.Нэхэмжлэгч Ш.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй үндэслэлээр буюу эдийн болон эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаатай холбож гэм хорын хохирол нэхэмжилсэн агуулгаар гаргасан байхад шүүх мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчиж дангаараа хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болно. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

17.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ хэрэгжүүлээгүй, төрийн алба хаагчдын буруутай үйлдлийн талаар дүгнэж, тэдгээрийн үйлдэлд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсгийг хамааруулан хэрэглэсэн алдаа гаргажээ.

18.Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн алдаатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хяналтын шатны шүүхээс залруулан дүгнэж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, прокурор Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.У нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 316/ШШ2025/01059 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 208/МА2026/00012 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар зохигч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Н.БАЯРМАА

                ШҮҮГЧИД                                                        Н.БАТЗОРИГ

                                                                                             Б.УНДРАХ

                                                                                             Д.ЦОЛМОН