Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1400

 

     2020           11             3                                         2020/ДШМ/1400                              

 

 

М.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Г.А,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/704 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Угийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2005 00930 0439 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн  М.У, 1992 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......................../;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 549 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 864 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2724 дугаартай шүүгчийн захирамжаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

            М.У нь 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын автобусны буудал орчим танил Д.Цгийн өмчлөлийн “I phone 11 Pro” загварын гар утсыг “...утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилан авч, 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Уг “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Уг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор М.Уг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Уд оногдуулсан 2 жил 6 сар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар М.Уд авсан Монгол Улсын хилээр гарах, Улаанбаатар хотоос гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Угийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Угийн гэмт хэрэг үйлдэж олсон 2.800.000 төгрөгийн орлогыг түүнээс албадан гаргуулж, мөн хуулийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ц нь 2.800.000 төгрөгийн орлогоосоо татгалзсан болохыг дурдаж, шүүгдэгч М.Угийн асрамжинд байгаа бага насны хүүхэд болох У.Э-г түүний төрсөн эх болох Б.Х-ны асрамжинд өгч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий компакт дискийг хавтас хэрэгт хавсарган хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Д.Цтай уулзаж гар утсыг нь ломбарданд тавихаар тохиролцсон. Д.Ц утсаар яриад IP код, овог, нэр, регистрийн дугаараа надад хэлж, би “Бан бан” гэх ломбарданд 2.800.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тавьсан. Гэтэл Д.Ц цагдаагийн газарт гомдол гаргаж, “... би утсаа ломбарданд тавихыг зөвшөөрсөн, ...би утасны кодоо огт хэлээгүй.” гэх мэдүүлэг өгсөн байсан. “I phone 11 Pro” загварын гар утас нь ID кодгүйгээр ямар нэгэн хүн ашиглах болон цаашлаад ломбарданд тавих, тухайн утасны эзнээс өөр хүн уг утсыг ашиглах боломжгүй юм. Мөн зүс таних залуу “утсаар ярьчихаад өгье” гэж хэлээд утас аваад гүйгээд явсан гэх зэргээр миний эсрэг үндэслэлгүй худал мэдүүлэг өгч, эрх зүйн байдлыг минь дордуулсан. Д.Цгийн нэхэмжилсэн 2.800.000 төгрөгийг өгөх гээд холбогдоход “би мөнгө авахгүй, хохирол гомдолгүй” гээд байдаг. Хэрэв залилуулсан хүн бол хохирлоо надаас авах байсан. Гэтэл яагаад авахгүй гээд байгаа нь ойлгомжгүй байхад хэргийн ээдрээтэй байдлыг олж тогтоолгүй мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар хэтэрхий нэг талыг баримтлан яллаж, шүүхээс 2.800.000 төгрөг нэхэмжилж байгаа зэрэг нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Түүнчлэн тухайн өдөр хамт явж байсан Тэмүүжин гэх залуу энэ үйл явдлын талаар бүрэн мэдэх ба гэрчээр оролцуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч мөрдөн байцаагч уг хүсэлтийг тоолгүй өдийг хүрсэн. Иймд би гэрч болон нэхэмжлэгч Д.Цг оролцуулан хэргээ үнэн зөв, шударгаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

            Шүүгдэгч Б.М.Угийн өмгөөлөгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч М.У нь хохирогч Д.Цтай дотно харилцаатай байсан гэдэг. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох шаардлагатай байсан боловч ажиллагаа хийгдээгүй. Яагаад дотно харилцаатай байсан болохыг тогтоох шаардлагатай вэ гэхээр хохирогч Д.Ц нь гэр бүлтэй. Тэгээд М.Утэй дотно харилцаатай байсан болохоо мэдэгдэхгүйн тулд гар утсыг М.У ломбарданд тавьсны дараа цагдаагийн байгууллагад мэдэгдэж, өмнө нь ял шийтгэгдэж, тэнсэнтэй байсан байдлыг нь ашигласан. Мөн тухайн гар утас нь 3.700.000 төгрөгийн үнэлгээтэй “I phone-11 pro max” загварын гар утас байсан. Уг загварын гар утас нь хулгайд алдсан ч, худалдаалагдсан ч бай ID кодгүйгээр ашиглагдах боломжгүй байдаг. Хэрэв М.У ID кодыг нь мэдээд ашиг олъё гэж бодсон бол ломбарданд тавихгүй, зарах байсан юм. Өөрөөр хэлбэл, ломбарданд тавьснаасаа илүү ашиг олох боломжтой байсан. Гэвч М.У нь ломбарданд тавьж эргүүлэн Д.Цд авч өгөх зорилгоор тухайн ломбардны хаягийг зааж өгсөн. Мөн хохирогч Д.Ц гар утасныхаа ID код, овог нэр, регистрын дугаараа зааж өгсөн байсан. Тэгэхээр тухайн гар утсыг захиран зарцуулах эрхийг М.Уд өгсөн гэсэн үг. Иймээс хэргийг дахин шалгаж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

            Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний 704 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч М.У нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан. Хохирогч Д.Ц мэдүүлэхдээ “надаас мөнгө гуйсан боловч би өгөх боломжгүй байсан. Гэтэл хэрэв мөнгө өгөхгүй бол гэр бүлд чинь хэлнэ” гэсэн. Хохирогч Д.Цогцолмаа нь М.Утэй дотно харилцаатай байсан болохоо мэдүүлдэггүй ч гэсэн хэлдэг. Шүүгдэгч М.У болон түүний өмгөөлөгчийн зүгээс дотно харилцаатай байсан болохоор залилаагүй гэдэг. Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гар утсыг залилсан байна. Тухайн цаг хугацаанд хохирогч араас нь олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Гэтэл шүүгдэгч М.У “утсыг чинь ломбарданд тавилаа, тавихгүй бол хэлнэ шүү“ гэх мэтээр дарамталж байгаад утасных нь ID код, регистрын дугаар авсан болохыг хохирогч мэдүүлсэн. Тэгээд утсыг нь тавьсны дараа шүүгдэгч алга болсон учир эрэн сурвалжилж байгаад Дархан-Уул аймгаас олж цагдан хорьсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Угийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

М.У нь 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын автобусны буудал орчим танил Д.Цгийн өмчлөлийн “ I phone 11 Pro” загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилан авч 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Цгийн “... Улаанаа “утсаа түр өгөөч, ганц яриулчих” гэж хэлсэн. Би өөрийн “I phone 11 Pro” загварын гар утсаа өгсөн. Миний утсыг аваад хаана байгаа юм бэ гэж хүнтэй яриад машинаас буусан. Тэгснээ зам хөндлөн гараад гүйсэн. Тэгээд хэсэг хүлээж байтал манай дүү гарч ирэхээр нь өөрийнхөө дугаар луу залгахад “яаралтай ажил гараад явчихлаа, одоо буцаагаад өгье” гэж хэлсэн. Би араас нь зөндөө залгасан. Улаанаа гэх залуу утас авснаа “надад зөндөө их мөнгө хэрэг болоод байна” гэхээр нь “чи ингэж болохгүй, одоо гар утсыг маань аваад ир, чамайг цагдаад өгнө шүү” гэж хэлсэн. Тэгтэл Улаанаа намайг “данс руу бэлэн мөнгө шилжүүлчих, би утсыг чинь байрны жижүүр дээр чинь орхиод явъя” гэж хэлэхээр нь би огт зөвшөөрөөгүй. Тэгсэн чинь Улаанаа “чиний гар утсыг ломбарданд барьцаанд тавьлаа шүү” гэж хэлэхээр нь ломбарданд авахгүй гэж бодсон. ...” /хх 17-20, 160-161/,

гэрч Б.С-ын “... 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 17 цагийн үед үл таних эрэгтэй орж ирээд “гар утас авах уу” гээд “I phone 11 Pro” загварын гар утас үзүүлсэн. Уг утсыг шалгаж үзэхдээ дэлгэцний кодыг асуухад нөгөө залуу надад хэлж өгсөн. Би гар утасны ажиллагааг шалгахад ямар нэгэн асуудал байгаагүй. Би уг гар утсыг хэдэн төгрөгийн барьцаанд тавих талаар асуухад 2.800.000 төгрөгөөр тавина гэж хэлсэн. Тэгээд би уг гар утсыг 2.800.000 төгрөгөөр барьцаанд авсан. ...” /хх 23-24/,

гэрч Ш.Ж-ын “... 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр “I phone 11 Pro” загварын гар утсаа алдсан гэх дуудлагын дагуу очиж шалгахад иргэн Д.Ц нь дотно харилцаатай байсан хүн маань гар утсаар ярьчихаад өгнө гэж хэлчихээд миний гар утсыг авч явсан боловч өгөөгүй, мөнгө өг гэж нэхээд эсвэл гар утсыг чинь ломбарданд тавилаа, чи өөрөө яаж ийж байгаад олж аваарай, би ломбардны нэрийг хэлэхгүй гэж хэлсэн. Гар утсаар залгаад ярих гэж оролдсон боловч ярьж чадаагүй. ...” /хх 164/ гэх мэдүүлгүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-10/, “Бан бан” ломбардны барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 12-13/, эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх 28-30/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч М.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс М.Уг “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Уг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор М.Уг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.М.У нь “... мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, хэргийн ээдрээтэй байдлыг олж тогтоолгүй хэт нэг талыг баримтлан ялласан тул хэргээ үнэн зөв, шударгаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Угийн үйлдэл нотлогдон тогтоогдсон байх бөгөөд хохирогч Д.Цгийн “... Улаанаа “би чиний гар утсыг ломбарданд тавьлаа шүү” гэж хэлэхээр нь ломбард авахгүй гэж бодсон. Надаас миний овог, нэр, регистрийн дугаарыг асуухаар нь би үнэнээр нь хэлсэн. ... би утасны код асуухаар нь би хэлж байгаагүй, намайг гар утсаа оролдож байхад нууцаар хараад мэдсэн юм шиг байсан. ...” /хх 18/, гэрч Б.Санчирын “... барьцаанд тавих үедээ гар утсыг өөр хүн ирж авах юм, тэгж болох уу” гэж асуухаар нь би “итгэмжлэгчийн овог, нэр, регистрийн дугаарыг бичээд үлдээчих” гэсэн чинь утсаар ярьж байгаад итгэмжлэгчийн овог, нэр, регистрийн дугаарыг надад хэлж өгөхөөр нь гэрээний хуудсан дээр бичсэн. ...” /хх 24/, М.Угийн сэжигтнээр өгсөн “... би Д.Цгийн гар утасны нууц кодыг тайлах гээд утасных нь дугаарыг хийхэд цоож тайлагдсан. ...” /хх 34/ гэх мэдүүлгүүдээр хохирогч Б.Д.Ц нь өөрийн гар утсыг ломбарданд тавихыг зөвшөөрсөн гэх шүүгдэгчийн гомдол няцаагдаж байна.

Мөн шүүгдэгч М.У нь 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр буюу хэрэг гарсан өдөр Тэмүүжин гэх залуу хамт явж байсан, түүнийг гэрчээр асуулгах хүсэлттэй байна гэсэн гомдол гаргасан хэдий ч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тэрээр хохирогч Д.Цтай хоёул явж байсан нь тогтоогддог ба хяналтын камерын бичлэгээс ломбарданд ганцаараа орж, гар утсыг тавьсан болох нь харагдаж байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэхгүй, тухайн хэрэг гарсан цаг хугацаанд байгаагүй Тэмүүжин гэх хүнийг гэрчээр асуух шаардлагагүй юм.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус зааснаар анхан шатны шүүхээс М.Угийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 2.800.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч М.Угийн гаргасан “хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/704 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/704 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Угийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ