Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/533

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн  дарга Э.Энхтайван,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч Э.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас З овогт Э-ийн П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2405000000514 дугаартай хэргийг  2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймаг төрсөн,  32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт  *** аймаг *** сум *** баг *** буур хээр *** хэсэг *** тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, З овогт Э-ийн П-.

 

Шүүгдэгч Э.П- нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд “ шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө өгнө, шүүгч нарыг хоолонд оруулахад мөнгө хэрэгтэй байна, шинжээчийн дүгнэлт гаргуулах мөнгө, өмгөөлөгчийн төлбөрийг өгөх мөнгө хэрэгтэй байна” гэх зэргээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоот гэртээ байсан хохирогч О.Э-аас 21 удаагийн үйдлээр нийт 6,104,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк болон Төрийн банкны данс руу шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э.П- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч О.Э-ын “... 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр авто осолд ороод 2023 оны 9 дүгээр сард би өмгөөлөгч хайж байтал манай ээжийн дүүгийн хүүхэд Бямбасүрэн надад хандан манай найз цагдаагийн байгууллагад ажилладаг юм, чи мэдэхгүй зүйлээ асуугаарай гээд П- гэх 170-175 см өндөртэй, бор царайтай, махлагдуу эрэгтэйтэй танилцуулсан. Тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хурал болох гээд өмгөөлөгчөө солих гээд П-д тухайн үед хэлтэл манай найз сайн өмгөөлөгч байгаа, чамайг танилцуулъя гээд маргааш нь найз өмгөөлөгч Хүрэлсүх гэх хүнтэй танилцуулсан бөгөөд тэр хүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ  байгуулсан.

Тэр үйл явдлаас хойш П-гийн Хаан банкны *** тоот данс руу 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гүйлгээний утга дээр 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр утга дээр “mn гэж бичээд 15,000 төгрөгийг, 9 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн банкны *** тоот данс руу гүйлгээний утга дээр “10” гэж бичээд 400,000 төгрөгийг, 9 дүгээр сарын 06-ны өдөр Хаан банкны  *** тоот данс руу гүйлгээний утга дээр “mnu” гэж бичээд 1,500,000 төгрөгийг, 9 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкны *** тоот данс руу  гүйлгээний утга дээр “mnu” гэж бичээд 50,000 төгрөгийг, 9 дүгээр сарын 11-ний өдөр Хаан банкны *** тоот данс руу гүйлгээний утга дээр “tuul” гэж бичээд  280,000 төгрөгийг, 9 дүгээр сарын 12-ны өдөр Хаан банкны *** тоот данс руу гүйлгээний утга дээр “mnu” гэж бичээд 60,000 төгрөгийг, 9 дүгээр сарын 13-ны өдөр Хаан банкны *** тоот данс руу гүйлгээний утга дээр “umguulugch” гэж бичээд 1,000,000 төгрөгийг, 9 дүгээр сарын 14-ний өдөр Хаан банкны 5688039369 тоот данс руу гүйлгээний утга дээр “purevdavaa” гэж бичээд 450,000 төгрөгийг, мөн адил 9 дүгээр сарын 19-ний өдөр Хаан банкны *** тоот данс руу гүйлгээний утга дээр “mnu” гэж бичээд гэж бичээд 150,000 төгрөгийг, 9 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банкны 5679035151 тоот данс руу гүйлгээний утга дээр “261742 purvee” гэж бичээд 178,000 төгрөгийг, 9 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны *** тоот данс руу гүйлгээний утга дээр “enhtuul” гэж бичээд 800,000 төгрөгийг, 9 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны *** тоот данс руу гүйлгээний утга дээр “mn” гэж бичээд  100,000 төгрөгийг, 10 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны *** тоот данс руу гүйлгээний утга дээр “Tuul” гэж бичээд 60,000 төгрөгийг, тэр өдрөө ахиад  тус данс руу 15,000 төгрөгийг, 10 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны *** тоот данс руу гүйлгээний утга дээр “mnu” гэж бичээд 16,000 төгрөгийг, 10 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны *** тоот данс руу гүйлгээний утга дээр  “Tuul” гэж бичээд 190,000 төгрөгийг, 10 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны *** тоот данс руу гүйлгээний утга дээр “Tuul” гэж бичээд 300,000 төгрөгийг, 11 дүгээр сарын 11-ний өдөр Хаан банкны *** тоот данс руу гүйлгээний утга дээр “mn” гэж бичээд 20,000 төгрөгийг нийтдээ 6,034,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Тухайн үедээ П- нь надаас мөнгө авч байхдаа Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд нэхэмжлэл өгөх улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр, иргэний шүүгч нарыг хоолонд оруулах мөнгө, шинжээчийн дүгнэлт гаргуулах мөнгө, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны төлбөр, нэмэлтээр өмгөөлөгч авах төлбөр, өмгөөлөгчийн үлдэгдэл төлбөрүүдийг өгнө гэх зүйлүүдийг худал хэлж надаас дээрх мөнгөнүүдийг авсан.

Улмаар би уг үйлдлүүдийг 2023 оны 12 дугаар сард миний хохирогчоор тогтоогдсон хэргийн давж заалдах шүүхийн хурлын дараа хэд хоногийн дараа П-гийн хамт өмгөөлөгч Хүрэлсүхтэй уулзахад “өмгөөллийн үлдэгдэл 1,000,000 төгрөг өгөхгүй юм уу гэхээр нь би П- өгнө шүү дээ гэж хэлсэн бөгөөд хажуунаас П- нэлээн сандарч тэвдсэн байдалтай би өмгөөллийн хөлсийг чинь өгнө  гээд тэр үед салаад явсан.

Тэр үйл явдлаас хойш 14 хоногийн дараа 2024 оны 01 дүгээр сард давж заалдах шатны шүүхийн хариу ирээд өмгөөлөгч Хүрэлсүх рүү залгаж таны өмгөөллийн хөлсийг өгсөн үү гэж асуутал өгөөгүй гэсэн. Тэгээд Пүрэвдаа надаас ямар зүйл хэлж мөнгө авсан талаараа Хүрэлсүх өмгөөлөгчид хэлэхэд чи залилуулчихсан байна гэж хэлсэн бөгөөд тэрнээс П-тай холбогдож мөнгө авъя гэж хэлэхэд олон шалтаг хэлээд ерөөсөө өгөхгүй 2 сар болж байна. Иймд миний бие Пүрэвдаагийн үйлдэлд цагдаагийн байгууллага хандахаас өөр аргагүй болсон. ...” гэсэн мэдүүлэг./хэргийн 8-9 дэх тал/

“...Өмгөөлөгчтэй холбуулж өгсөн хэдий ч өмгөөлөгчтэй чинь хоолонд орох гэж байна, шинжээч томилуулна, анхан болон давж заалдах шатны шүүхийн хураамж мөнгө төлбөр, нэмж өмгөөлөгч авна гэх мэтээр надаас байнга мөнгө өгөх хэрэгтэй гэж асуугаад байхаар нь би өмнө нь хуулийн байгууллагаар явж үзээгүй учраас тэгдэг л юм болов уу гэж бодоод л шилжүүлдэг байсан. Түүнээс биш хэн нэгэнд авилга хахууль өгөх гэж мөнгө шилжүүлээгүй. П-г хэлэхээр л өгөх ёстой юм болов уу л гэж бодсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дахь тал/

 

Гэрч Н.У-ийн “... 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн үеэр надаас 400,000 төгрөг яаралтай хэрэгтэй байна, найздаа зээлээч, маргааш өгье гэж асуухаар нь би зөвшөөрч  өгсөн юм. Тэгтэл маргааш өдөр нь өгөлгүй явсаар байгаад 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мөнгийг чинь хийчихлээ гэхээр нь дансаа шалгатал мөнгө орсон байсан. Түүнээс ямар данснаас орж ирсэн талаар огт хараагүй. Би П-д зээлүүлсэн мөнгөө  буцааж аваад өөрийнхөө хэрэглээ хэрэгцээндээ зарцуулж дуусгасан. Өөр зүйлгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дахь тал/

 

Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга. /хэргийн 17 дахь тал/

 

Банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 25 дахь тал/

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 33-36, 37-49 дэх тал/

 

Э.П-гийн яллагдагчаар өгсөн “... Би буруу зүйл хийсэн гэдгээ ухамсарлаж ойлгосон. ... Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ маш их байсан тул тийм үйлдэл хийсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60-61 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Э.П- нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд “шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө өгнө, шүүгч нарыг хоолонд оруулахад мөнгө хэрэгтэй байна, шинжээчийн дүгнэлт гаргуулах мөнгө, өмгөөлөгчийн төлбөрийг өгөх мөнгө хэрэгтэй байна” гэх зэргээр хохирогч О.Э-д худал хэлэн түүний Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны *** тоот гэртээ байхдаа  21 удаагийн үйдлээр шилжүүлсэн нийт 6,104,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк болон Төрийн банкны данс руу шилжүүлэн авчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.П- нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч  Э.П-гийн үргэлжилсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч О.Э-д 6,104,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.П- нь  хохирогч О.Э-ын “... 2024 оны 6 дугаар сарын 13-ны 15 цаг 14 минутад хохирлын мөнгийг *** тоот дансанд бүрэн хийж дуусгасан.  Улмаар миний бие 2024 оны 5 дугаар сарын 14-ний 10 цагт болох болох шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй болсноо мэдэгдэж байна. Мөн хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан тул миний бие гомдолгүй” гэсэн гар бичмэл баримтыг Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгын  хамт гарган өгсөн тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч             Э.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.П- эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 өгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний  цалин хөлсийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-гийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийн  нэг хоногийг торгох ялын арван таван нэжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүний ял эдлэх ялаас хасав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Э-ийн П-г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Пүрэвдаагийн цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 105,000 төгрөгийг эдлэх ялаас хасаж, 895,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.П-г торгох ялыг 3 сраын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.П- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.П- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Э.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ