| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/00109/и |
| Дугаар | 142/ШШ2022/00248 |
| Огноо | 2022-02-21 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 142/ШШ2022/00248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, дэнж 13-5 тоотод оршин суух, Сайн эмчийнхэн овогт Сурангаагийн Төмөрчулуун /РД:ФД56012018/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч:-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: С.Төмөрчулуун
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булгантамир нар оролцов.
/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунбат шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч С.Төмөрчулуун хүлээн зөвшөөрч, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Төмөрчулуун хариуцагч Орхон аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн дэнжийн 13-5 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгч С.Төмөрчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие С.Төмөрчулуун нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн Дэнжийн 13-5 тоотод 1980 оноос хойш өнөөдрийг хүртэл эхнэр хүүхдүүдийнхээ хамт 42 жил амьдарч байгаа бөгөөд 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдөр уг орон сууцны үнэ гээд 5 625 /таван мянга зургаан зуун хорин таван төгрөг/-ийг тушааж, МАНЗ-аас худалдан авч байсан юм. С.Төмөрчулуун би 42 жил амьдарахдаа цахилгаан дулааны зардал болон хэрэглээний зардлуудыг төлсөөр ирсэн бөгөөд өөр бусад байгууллага, хувь хүн ямар нэгэн байдлаар тус орон сууцанд маргаан гаргаж байгаагүй болно. Энэ хугацаанд би гэр бүлийнхээ хамт байрандаа амьдарсан ч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж авч чадалгүй өдийг хүргэсэн тул шүүхэд хандаж өмчлөгчөөр тогтоолго гэсэн хариуг Улсын бүртгэлээс өгсөн болно. Мөн тус байгууллагаас архивын лавлагаа авахад Орон сууц хувьчлалын товчоо-ны 1991 оны баримтуудын хадгаламжийн нэгжүүдэд Говилын 13-05 тоотод амьдрах С.Төмөрчулуунтай холбогдох баримт байхгүй байна гэсэн хариу өгсөн. Иймд Орхон аймаг Баян-Өндөр сумын говил багийн Дэнж 13-5 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Төмөрчулуун намайг тогтоож өгнө үү. Улсын бүртгэлийн хэлтэс хариуцагч байвал зохих этгээд биш тул онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх боломжтой байна гэв.
3. Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим сангаас хайлт хийн үзэхэд Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14 дүгээр баг Говил Дэнж 13 байрны 5 тоот хаягт өнөөдрийн байдлаар ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө өмчилж буй бүртгэл бүртгэгдээгүй, Орхон аймгийн орон сууц хувьчлах товчооноос ирүүлсэн төрөөс үнэгүй хувьчилсан орон сууцны жагсаалтад дээрх орон сууцны хувьчлалын материал ирээгүй, тухайн орон сууцны доорх газар нь хэний эзэмшилд бүртгэлтэй нь тодорхойгүй зэрэг иргэн С.Төмөрчулууныг өмчлөгч болохыг нотлох хангалттай баримт байхгүй байх тул өмчлөх эрхийг баталгаажуулан улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунбат шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус хэлтэст холбогдох иргэн С.Төмөрчулууны Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг Говил Дэнж 13 байрны 5 тоот орон сууц өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунбат биечлэн оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хэвийн үргэлжлүүлнэ үү. Бид өмнө өгсөн тайлбараа дэмжиж, өөр нэмэлт нотлох баримт байхгүй болохыг үүгээр илэрхийлэж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс: Орхон аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт /хх-3/, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст лавлагаа гаргуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлт /хх-4/, Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн Говил дэнж 13-005 тоотын 2013 оноос 2021 оны төлбөрийн тооцооны хуулбар /хх-5-9/, орон сууцны гэрэл зураг /хх-10/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Засаг дарга Л.Даваажавын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 370 дугаартай албан бичиг /хх-11/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Засаг дарга Л.Даваажавын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт /хх-12/, 5 625 төгрөг тушаасан баримтын хуулбар /хх-13/, ус дулаан, цахилгааны төлбөр төлсөн баримтууд /хх-14-23/, Ц.Борын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-24/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-25/, Ж.Эрдэнэцэцэгийн тодорхойлолт /хх-26/, Э.Алтаншагайгийн тодорхойлолт /хх-27/, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Цахилгаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээг эх хувиар шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00697 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-7/, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 11 дүгээр баг, Говил дэнж, 13 дугаар байрны 02 тоот үл хөдлөх хөрөнгийн Ү-2101022962 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-15/, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 11 дүгээр баг, Говил дэнж, 13 дугаар байрны 02 тоот орон сууцны гэрэл зургийн хуулбар /хх-13/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. С.Төмөрчулууны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Сурангаагийн Төмөрчулуун нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багийн Дэнжийн 13-5 тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч гэр бүлийн хамтаар 1980 оноос уг орон сууцанд амьдарч эхэлсэн бөгөөд 1991 онд Монгол ажилчдын нэгдсэн захиргаанаас уг байрыг худалдан авсан, орон сууцны төлбөр тооцоог өнөөдрийг хүртэл төлсөөр ирсэн болох нь Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн Говил дэнж 13-05 тоотын 2013-2021 оны төлбөрийн тооцооны баримтууд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Засаг даргын оршин суух хаягийн болон ам бүлийн тодорхойлолт, 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн МАНЗ-ын Захиргаанд байр худалдан авах гэсэн гүйлгээний утгатай 5 625 төгрөг тушаасан баримтын хуулбар, Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн ус, дулааны төлбөрийн баримтуудаар нотлогдож байна.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, Дэнжийн 13-05 тоот орон сууц нь төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлгүй болох нь Орхон аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогддог.
Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасан.
Нэхэмжлэгч С.Төмөрчулуун 1991 оноос хойш одоог хүртэл буюу 31 жилийн хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг Дэнжийн 13 дугаар байрны 05 тоот орон сууцыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа нь нотлох баримтууд, мэдүүлгээр тогтоогдож байгаа тул эд хөрөнгийн өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс гэж тодорхойлсон боловч шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч байвал зохих этгээд биш тул Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар оролцуулах хүсэлтээсээ татгалзсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. гэж заасан бөгөөд хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хязгаарласан, эрх ашгийг нь зөрчсөн болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч С.Төмөрчулуун хариуцагчаас татгалзсан болохыг шийдвэрт дурдав.
Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Дэнжийн 13-05 тоот орон сууцны өмчлөгч нь Сайн эмчийнхэн овогт Сурангаагийн Төмөрчулуун мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Дэнжийн 13-05 тоот орон сууцны өмчлөгч нь Сайн эмчийнхэн овогт Сурангаагийн Төмөрчулуун /РД:ФД56012018/ мөн болохыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч С.Төмөрчулуун нь хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс татгалзсан болохыг баталсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
өмчл