| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0679/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/685 |
| Огноо | 2024-09-04 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/685
2024 09 04 2024/ШЦТ/685
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,
улсын яллагч Г.Баясгалан,
шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч С.Намжилцогт, Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х М овогт Ө-ны БӨ-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр У хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “П” ХХК-д хангамжийн ажилтан ажилтай, ам бүл 3, Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж байсан, Х М овогт Ө-хы Ө /регистрийн дугаар ** **/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Б 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Х-н 8 дугаар байрны авто зогсоолд байрлуулсан өөрийн эзэмшлийн ***** улсын дугаартай “Т” загварын тээврийн хэрэгсэл дотор 2 ширхэг тариурын хамт нийт 7.4 грамм жинтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг “MDMB-4en-PINACA” бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй...” гэв.
Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хавтаст хэргийн 17-31 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 12-16 дахь тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 19-21 дэх тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Д-ний гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 13 цагийн үед би Ө рүү залгаж уулзъя гэж хэлээд бид 2 Төмөр замын тэнд уулзахаар тохирсон. Ингээд бид хоёр 14 цагийн үед Төмөр замын тэнд уулзсан. Ө ганцаараа машинтайгаа ирсэн ба надад гадуур амжуулах ажил байсан тул Б-ны машинтай хамт ажлаа амжуулаад орой 20 цагийн үед Төмөр замын зогсоол дээр миний машиныг асаах гэж ирсэн. Б-ий машиныг миний машинд холбож асаасан. Тэгээд байж байсан чинь цагдаагийн алба хаагч нар ирээд Б-г баривчлаад аваад явсан. Тухайн үед Б-ий биед болон машинд нь мансууруулах бодис байсныг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 39 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Ө.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэлгүй байна, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ө.Б эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ө.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ө.ӨБ нь мансууруулах болон сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны *** дүгээр сарын **-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Ө.Б *** 2024.04.10” гэж хаягласан хуванцар савтай шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ө.Б *** 2024.04.10” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны ** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг тариуртай шингэнээс MDMB-4en-PINACA илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын” 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн нил ягаан тариуртай шингэний тариуртай үеийн жин 3,5 грамм, улбар шар өнгийн тариуртай шингэний тариуртай үеийн жин 3,9 грамм байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
“Дамно”ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...****r” маркийн автомашин 116.963. 000 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 61-67 дахь тал/,
Шүүгдэгч Ө.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 9-ний орой 19 цагийн үед “Х” дэлгүүрийн үүдэнд найз Д-ний машиныг холбож өгчихөөд машиндаа суугаад хөдлөх гэж байхдаа цагдаагийн алба хаагч нарт баригдсан. Надад цагдаагийн алба хаагч сайн дураараа гаргаж өгөх мансууруулах бодис байгаа юу гэж асуухаар нь би 2 ширхэг тариуртай шингэнийг машины жолоочийн суудлын шалавчны хажууд тавьчихсан байгаа гэж хэлээд сайн дураар гаргаж өгсөн. Өөр ямар нэгэн хууль бус эд зүйл байгаагүй.
Би 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр найз П, Э нартай уулзаж “Х” зочид буудлын хамгийн дээд давхарт байрладаг “Т”-д орсон. Тухайн үед би ганцаараа ариун цэврийн өрөө рүү ороход суултуурын хажууд гялгар уутанд хийсэн 2 ширхэг тариурыг олж хараад хэн нэгэн мартаад орхиод явсан байх гэж бодоод шууд халаасандаа хийгээд аваад явсан. Хамт байсан П, Э нарт олж авсан юмны талаар яриагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 102 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 101 дэх тал/, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Б-н мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Э.Э-н мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Б “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хавтаст хэргийн 17-31 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 12-16 дахь тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 19-21 дэх тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Д-н гэрчээр өгсөн мэдүүлэг /хэргийн 39 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын ** оны ** дүгээр сарын *-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50 дахь тал/, шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны ** дүгээр сарын **-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ө.Б-г “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Б “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна, иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ө. Б-Г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч шүүгдэгч Ө.б-НД Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилцогт “...Ө.б гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, түүний биеэс мансууруулах бодис илрээгүй. Хувийн байдлын хувьд ам бүл 3, төрсөн эх нь асаргаанд байдаг ба оршин суух тодорхой хаягтай, ажил хийдэг мөн хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү...” гэх хүсэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “...Гэм буруу дээрээ маргаагүй, эхнэр нь жирэмсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал зэргийг харгалзаж хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаардаг, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй байна.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан бөгөөд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчим юм.
Иймд шүүгдэгч Ө.Б-Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтсон шинж тэмдэг илрээгүй гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдал зэргийг мөн эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй засарч хүмүүжих боломжтой гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэх тухай эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, улмаар түүнд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь нийгэм, гэр бүл, хамт олны дунд нийгэмших, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, зан үйлээ засах боломжийг олгож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эсхүл оногдуулсан ял дээр нэмж ...эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж хуульчилсны дагуу оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын зорилгыг хангах үүднээс түүнд нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ө.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах”, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах” “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 2 /хоёр ширхэг тариуртай шингэн / тариуртай үеийн жин 3.5 грамм блон 3.9 грамм зэргийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ХМ овогт Ө-н Б-г “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсгай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-нд шүүхээс оногдуулсан байнга оршин суух газар буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр гэр, ажлын хооронд зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Ө.Б-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах”, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах” “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Ө.Б-ний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 2 /хоёр/ ширхэг тариуртай шингэн /тариуртай үеийн жин 3.5 грамм блон 3.9 грамм/ зэргийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ