| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0672/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/746 |
| Огноо | 2024-09-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.ЦЦэрэнбалжир |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/746
2024 09 23 2024/ШЦТ/746
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогч Ч.А-,
шүүгдэгч Н.И-, түүний өмгөөлөгч Б.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газрын прокуророос Б овогт Н-ийн И -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, группт байдаг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суудаг, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 25.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Н-ийн И -, /регистрийн дугаар ***/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.И- Баянгол дүүргийн 5* дугаар хороо, ** дугаар эмнэлгийн баруун талын явган хүний гарцан дээр 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 17 цагийн орчимд “Т” маркийн *** дугаарын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч аюул хохирол, учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 15.1 Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуй, зам буюу эгнээний огтлолцоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ч.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.И-гийн “...Би гэм буруугаа хүлээж байна. Тухайн өдөр хохирогчийг гэмтлийн эмнэлэг рүү хүргэн тархи, хөлний зураг авахуулж томографийн шинжилгээ хийлгүүлэхэд ямар ч хугарал байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл 8 хоногийн дараа хувийн эмнэлэгт үзүүлээд яс хугарсан гэх дүгнэлт авчирсан. Эмнэлэг дээр байх үед би эхийгээ асраад хамт амьдардаг, надад 500.000 төгрөг өгчих тэгээд асуудалгүй гэж хэлж байсан. Хувийн эмнэлгүүдээс эмчилгээ үйлчилгээ авч шантааж хийж надаас мөнгө авах зорилготой байгаа гэж ойлгож байна. Шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлнэ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ч.А-гийн “...Би 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр өрхийн эмнэлэг орж ээждээ даатгалаар эм бичүүлээд дараа нь 3 дугаар эмнэлгийн эмийн сан орох гэж явж байгаад осолд орсон. Намайг яг гарцаар гарч байхад мөргөсөн. Дараа нь гэмтлийн эмнэлэг орж хөлийн зураг авхуулсан. Гэмтлийн эмнэлгийн аппарат олон ястай шагай, бугалга болон хавирганы хугарлыг тодорхой гаргаагүй. Тухайн гэмтлүүдийг компьютер томографикт харуулж мэдсэн. Би компьютер томографийн шинжилгээ хийлгэе гэхэд Ильямөрөн надад хөл чинь зүгээр гэж хэлсэн, эмч хэрэггүй гэж хэлсэн биз дээ гэж хэлсэн юм. Би найз руугаа залгаад болсон учир байдлыг хэлэхэд 1 цагийн дараа ирсэн. Найзыгаа ирсний дараа гэмтлийн эмнэлгийн хажуу талын хувийн эмнэлэгт шагайны зургаа авахуулсан. Шүүгдэгч таны яс хугараагүй байгаа юм чинь 500.000 төгрөг өгье гэж хэлэхээр нь эмчилгээнд гарах зардлыг бага багаар төлж байгаа юм байна гэж ойлгосон. Би тэндээсээ Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү яваад тэндээсээ гараад шүүх эмнэлэгт очиход миний шагай хөхөрч хавдаад гишгэж чадахгүй болсон байсан. Би хажуугаараа хэвтэж чадахгүй, зүрх өвдөөд, гар болон хөлөө хөдөлгөж чадахгүй болоод 7 хоногийн дараа өвчин намдаах наалт нааж арай гайгүй болсон. 5 дугаар сарын 13-ны өдөр шинжилгээ хийлгээд шинжилгээний хариугаа 5 дугаар сарын 14-ний өдөр хариугаа аваад ахтайгаа хамт шүүх эмнэлэг рүү явсан. Би үүнийг 2 сар өглөөнөөс орой хүртэл зүүсэн. /хөлийн бэхэлгээ харуулав/ Би 100 хувь хүний асаргаанд юу ч хийж, хөдөлж болохгүй 6 дугаар сарын 3 хүртэл хэвтэрт байсан. 6 дугаар сарын 3-ны өдөр гипсээ авахуулсан. Би энэ хугацаанд мэдүүлэг өгөх гэж хэдэн удаа цагдаагийн газар орсон. Гэхдээ одоо жаахан яваад л зүүн хөл чангардаг. Би энэ хугацаанд 2 удаа зүү тавиулсан, 2 курс бариа хийлгэсэн. Булчин суллах эмийг өдөрт 2 удаа уудаг, зүрх, бөөр, нуруу өвддөг болсон. Одоо баруун, зүүн хөл өвчтэй. Би өнөөдрийг хүртэл гарсан бүх хохирлыг гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 7-8 дэх тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Улсын Гуравдугаар төв эмнэлгийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1/806 дугаартай “...тусламж үйлчилгээ авсан...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн хуудас /хавтаст хэргийн 22-44 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.А-гийн хохирогчоор өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Гуравдугаар эмнэлгийн урд талын “Т” эмийн сан руу орж хөнгөлттэй үнээр эм авах гээд тухайн эмийн сан руу ороход байхгүй гэж хэлэхээр нь гэр рүүгээ орохоор Гуравдугаар эмнэлгээс ертөнцийн зүгээр баруун тийш яваад явган хүний гарцаар гарч байхад явган зорчигчийн ногоон гэрэл асаж байсан. Намайг ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явж байсан цагаан өнгөтэй машин миний зүүн тал руу мөргөөд би эргээд нэг мэдэхэд газар гараараа тулаад суусан байсан. Гэтэл миний баруун талын шагай хэсгээр эвгүй болсон, нөгөө мөргөсөн машин дотроос эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирээд болохоо болилоо гээд намайг өргөж машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү аваад яваад бүх биеийн зураг авахуулаад тархины томограф хийлгээд эмчид үзүүлэхэд эмч нь ясанд хугарал байхгүй байна, хугарал харагдахгүй байна гэж байсан. Тэр үед би найз ц-тай холбогдож болсон зүйлийн талаар хэлсэн. Манай найз Гэмтлийн эмнэлэг дээр ирээд шагай чинь болохоо байсан байна, шагайндаа томограф хийлгэ гэж хэлэхээр нь би шагайндаа томограф хийлгэхэд далд хугаралтай байна гэж хэлсэн. Манай найз цагдаад дуудлага мэдээлэл өгсөн үү гэж хэлээд бид нар цагдаад дуудлага өгсөн. Уг ослоос болж миний зүүн талын 5 дугаар хавирга хугарсан, баруун хөлийн шагай хугарсан мөн зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа. Би өөрийн эмчилгээний зардалд одоогийн байдлаар 888,280 орчим төгрөг зарцуулсан. Мөргөсөн жолоочоос эмчилгээний зардалд мөнгө өгөөгүй. Мөргөсөн жолоочоос тухайн осол болсон өдөр таяг, эм, томографийн төлбөрийг төлсөн. Эмчилгээний зардал болон цаашид гарах зардал, мөн ажилгүй байсан үеийн цалин, тэтгэмжээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-49 дахь тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 50 дахь тал/, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хавтаст хэргийн 57 дахь тал/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 59-62, 64-69 71-77 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Г-н иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Гэмт хэргийн умаас Ч.А- эрүүл мэндийн төвөөс эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 356.202 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар нотлогдож байна. Тусламж үйлчилгээний зардлыг Н.И-гөөс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А-н гэрчээр өгсөн: “...Тухайн үед би Н.И-тэй хамт явж байсан. Явган зорчигч нар ногоон гэрлээр гараад дууссаны дараа хөдлөхөд түс хийгээд явсан. Тухайн явган зорчигч зөөлөн налаад унасан. Гэмтэл дээр очоод яаралтай тусламжаар үзүүлэхэд зургийг нь авахуулах шаардлагатай өөрөөс нь асуу гэж хэлсэн. Өөрөө авхуулна гэхээр нь хүлээсэн. Хариу гарах хооронд яриад сууж байхад найз нь гэх хүүхэн ирээд чи Гэмтлийн цагдаад бүртгүүлсэнгүй гэж хэлсэн. Нөгөө эгчид гутлыг нь өмсүүлж байхад өсгийнд сойгч байсан. Тухайн хүн булаагаад авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.М-н гэрчээр өгсөн: “...Явганаас саппорогийн гадаа унасан гэх шалтгаанаар 16 цагийн орчимд ирж үзүүлсэн. Толгой өвдөнө, гишгэхэд баруун шагайгаар өвдөнө гэсэн оноштой байсан. Рентгенд нарийн дүгнэлт өгөх боломжгүй тул компьютер томографт шинжилгээ хийлгэх, эмийн эмчилгээ, дэглэмийн эмчилгээ хийлгэх талаар зөвлөсөн. Тархины доргилт, баруун шагайнд зөөлөн эдийн гэмтэл байна гэсэн онош тавьж, нарийн онош тодруулах зорилгоор томографийн шинжилгээ хийлгэн давтаж үзүүлэхийг зөвлөсөн. Шагайны бэхэлгээ зүүх хөдөлгөөн хязгаарлахыг сануулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Ч.А-гийн биед баруун шагай ясны их биеийн зөрүүгүй далд хугарал, баруун тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын ***** оны ** дугаар сарын **-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Ч.А-гийн биед баруун шагайн гадна хашлага ясны сэлтэрсэн хугарал, баруун тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн 2-р хавирганы цууралт, 5-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих, дарах, шахах механизмаар тухайлбал авто ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 111-112 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г-н шинжээчээр өгсөн: “...Ч.А-гийн биед үүссэн гэмтлүүд тухайн ослоос болж үүссэн байх боломжтой байна. Энэ нь 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн шинжээч эмч Долгормаа болон Гэмтлийн эмнэлгийн үзлэг, тухайн өдрийн “Мед траума” эмнэлгийн шагайн компьютер томограф шинжилгээ зэргээр тогтоогдож байна. Зүүн 2-р хавирганы хугарал болон 5-р хавирганы хугарал нь шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117 дахь тал/,
Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 118 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.И-гийн яллагдагчаар өгсөн: “...Уулзварт орж байхад явган зорчигчийн ногоон гэрэл асахаар нь гарцныхаа гадна талд хүлээж байгаад хөдөлгөөнд орсон. Хохирогчийн эмчилгээний зардалд 460.000 төгрөг зарцуулсан. Тархи, хөлний томографт харуулсан, өвчин намдаах эм авсан, таяг авч өгсөн. Анхны гэмтлийн эмч нар энэ чинь хуучин гэмтэл байна, ослоос шалтгаалсан зүйл байхгүй байна гэж хэлж байсан. Оймсон дотроос нь хөлний хамгаалалт өсгийвч гарч ирж байсан. Надтай хамт явж байсан хүн энэ юу вэ гэж асуухад булааж аваад далд хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134 дэх тал/ болон хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 94 дэх дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дахь тал/, гэрч Б.О-н мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.И- нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.А-гийн мэдүүлэг, гэрч Б.А-н мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/, гэрч Ч.М-н мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 99-100 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 111-112 дахь тал/, шинжээч эмч Б.Г-н мэдүүлэг /хавтаст хэргийн 117 дахь тал/, мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 118 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т "жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хамааруулна гэж заажээ.
Шүүгдэгч Н.И- нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 95 дахь тал/ болох нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Н.И-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Н.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Н.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Н.И-д үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлбөр нөхөн төлсөн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Н.И-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, улсын яллагчийн болон өмгөөлөгчийн санал, хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Н.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Ч.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.
Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 50 дахь талд авагдсан байна.
Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлж 8.580.000 /найман сая таван зуун наян мянган/ төгрөгийг хохирогч Ч.А-гийн сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тогтоож,
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар нийт 4.326.030 /дөрвөн сая гурван зуун хорин зургаан мянга гучин/ төгрөгийг гаргуулж,
Эрүүл мэндийн даатгалын санд нийт 356.202 /гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун хоёр/ төгрөг гаргуулсныг шүүгдэгч Н.И- нөхөн төлснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж,
энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.И- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Н.И-г хохирол төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал уг хэрэгт шүүгдэгч Н.И-г учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ийн И -г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
4. Шүүгдэгч Н.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.И-гөөс 8.580.000 /найман сая таван зуун наян мянган/ төгрөгийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И-гөөс нийт 4.326.030 /дөрвөн сая гурван зуун хорин зургаан мянга гучин/ төгрөгийг гаргуулсныг хохирогч Ч.А-д,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Н.И-гөөс 356.202 /гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун хоёр/ төгрөг гаргуулсныг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.А- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.И-гөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/ сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.
9. Шүүгдэгч Н.И- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ