Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1401

 

 

       2020           11            3                                       2020/ДШМ/1401                              

 

 

С.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч Б.Тийн өмгөөлөгч Г.М,

яллагдагч С.Огийн өмгөөлөгч М.Э,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЗ/1801 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.Цд холбогдох эрүүгийн 2010 00135 0096 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн  С.О, 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, “АДАЭ” ХХК-д инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

            Д.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Маршал Таун” хотхоны баруун урд замд “Янзаган хээр” ХХК-ийн эзэмшлийн “Kia K5” загварын, 87-10 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна.”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Тийн жолоодон явсан “Hyundai Tucson” загварын, 30-70 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Б.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.Т-ийн эзэмшлийн “Hyundai Tucson” загварын, 30-70 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд 7.548.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: Д.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд болоод хэргийн яллах, өмгөөлөх талуудаас гаргасан санал, дүгнэлт, яллагдагч Д.Цд холбогдох хэргийн нөхцөл байдлыг хянан үзээд шүүх түүний гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, хянан шийдвэрлэх боломжгүй “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасны дагуу хэргийг прокурорт буцаажээ. Тодруулбал, тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан 1032 дугаартай шүүгчийн захирамжийн зарим заалтын биелэлт хангагдаагүй.

Захирамжид хэрэгт мөрдөгчийн тогтоолоор осолд холбогдол бүхий дээрх тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал, явах эд ангиудад үүссэн эвдрэл, гэмтэл үүссэн бол уг эвдрэл, гэмтэл нь тухайн зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн эсэх, автомашинуудын тормосны систем, үйл ажиллагаа хэвийн эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулах зорилгоор тодорхой асуулга тавьж шинжилгээ хийлгэхээр Автотээврийн үндэсний төвийн байгууллагыг шинжээчээр томилсон боловч /хх-40, 42/ тухайн байгууллага нь тодорхой үндэслэл зааж, шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзсан /хх-41, 43/ баримттай, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзсан татгалзал үндэслэлтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, өөр шинжээчээр буюу байгууллагаар дээрх дүгнэлтииг гаргуулах боломжтой эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэлгүй орхигдуулсан нь осол хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн хангалттай шалгаж тогтоогоогүй гэсэн заалт биелээгүй байна.

Өөрөөр хэлбэл, дээрх заалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан, мөрдөгчийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор шинжээч Золбоог тогтоож дүгнэлт гаргуулахаар томилсон байхад /хх-40/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Золбоогоос мэдүүлэг аваагүй, ямар шалтгаанаар дүгнэлт гаргахаас татгалзсныг тодруулаагүй нь захирамжийн заалт биелээгүй гэж үзнэ.

Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч М.Э “...Мөрдөн шалгах ажиллагаа хийж дууссаны дараа мөрдөгч хэргийн материалыг яллагдагчийн өмгөөлөгч надад танилцуулаагүй, танилцах талаар огт мэдэгдээгүй нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, ...өмгөөлөгчид хавтаст хэргийн материал танилцуулахыг мэдэгдэж, улмаар тэмдэглэл үйлдэж, тогтоосон хугацаанд хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр, мөн хуулийн 32.3 дугаар зүйлд оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэхийг прокурор хянахаар тус тус заажээ.

Шүүхээс Д.Цд холбогдох хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1/552 дугаартай албан тоотоор буцаасан /хх-169/ бөгөөд хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэсэн баримтууд хэрэгт авагдсан /хх-170-183/ байхад мөрдөгч хэргийн материалыг яллагдагчийн өмгөөлөгчид танилцуулаагүй, танилцуулах талаар мэдэгдээгүй, тэмдэглэл үйлдээгүй, энэ талаар прокурор хянаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дээрх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэв.

Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагаануудыг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь ач холбогдолтой байх тул яллагдагч Д.Цд холбогдох эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүйг, яллагдагчийн иргэний бичиг баримт ирээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичлээ.

1. Мөрдөгч 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Д.Цгийн жолоодон явсан “Kia K5” загварын, 87-10 УБН улсын дугаартай, “Hyundai Tucson” загварын, 30-70 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд Авто тээврийн үндэсний төвийн шинжээчээр шинжилгээ хийлгэхээр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол хүргүүлсэн ба Улаанбаатар хот дахь Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Д.Баттөмөрийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 460, 461 дугаартай албан тоотод дээрх тээврийн хэрэгслүүдийг “...Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.6 дэх заалтыг үндэслэн техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна” гэсэн хариуг өгчээ. /Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-т “Шинжээч нь дараах үндэслэл байвал шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзана: ...шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй байгаа бол” гэж заасан.

Мөрдөгч 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Д.Цгийн жолоодон явсан “Kia K5” загварын, 87-10 УБН улсын дугаартай, “Hyundai Tucson” загварын, 30-70 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд Авто тээврийн үндэсний төвийн шинжээчээр шинжилгээ хийлгэхээр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол хүргүүлсэн боловч Улаанбаатар хот дахь Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Д.Баттөмөр нь дээрх тээврийн хэрэгслүүдэд шинжилгээ хийлгэхээр тус төвийн ажилтан Золбоо, Шарав-Арилдий нарыг томилон мөрдөгчийн тогтоолд “цохолт” хийсэн байсан ба хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцахад дээрх хоёр шинжээчийн нэг болох Шарав-Арилдийгаас “...дээрх тээврийн хэрэгслүүдэд дүгнэлт гаргах боломжгүй” талаар 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тайлбарлуулан мэдүүлэг авсан.

Автотээврийн Үндэсний төвийн харьяа дүүргүүд дэх Техникийн хяналтын үзлэгийн төв нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг Монгол Улсын ММ3459852011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон ММ35011:2003 “Автотээврийн хэрэглсийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхдээ, “зөвхөн явж байгаа” буюу тоног төхөөрөмж дээр шалгах боломжтой тээврийн хэрэгсэлд үзлэг, оношлогоо хийж шинжээчийн дүгнэлтээ гаргадаг /жишээ болгон Баянгол техникийн үзлэгийн тевийн Шинжээчийн дүгнэлтийг хавсаргав/ бөгөөд Д.Цгийн жолоодон явсан “Kia K5” загварын, 87-10 УБН улсын дугаартай, “Hyundai Tucson” загварын, 30-70 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь оношлогооны тоног төхөөрөмжөөр шалгах боломжгүй буюу Шүүхийн шинжилгээний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасан “...шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй” байсан тул шинжилгээ хийгдээгүй.

2. Мөрдөгч 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр яллагдагч Д.Цд хавтаст хэргийн материалыг танилцуулсан ба энэ үед түүнд хэргийг прокурорт шилжүүлэх гэж байгааг танилцуулан энэ байдлыг “өмгөөлөгчдөө мэдэгдээрэй” гэж танилцуулсан байдаг. Түүнчлэн өмгөөлөгч нь өөрийн эрх зөрчигдсөн талаараа прокурорт хандаж байгаагүй болно. Мөн өмгөөлөгч М.Э нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан” талаараа санал дүгнэлтээ хэлсэн, түүний энэхүү байр суурь нь хавтаст хэргийн материалтай “танилцсан” байдлыг илтгэж байгаа болно.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЗ/1801 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Б.Тийн өмгөөлөгч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ хэрэг нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болсон буюу 2 машин шүргэлцсэн л асуудал болсон. Гэтэл энэ хэргийг маш удаан шийдвэрлэж байгаа тул хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Шүүгчийн захирамжид “машины эвдрэл, гэмтэлд дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан” гэсэн. Ажиллаж байгаа, явж байгаа машины эд ангиудын харилцан хамаарлаас нь шалтгаалж энэ дүгнэлтийг гаргах ёстой. Одоогийн байдлаар эдгээр 2 машин нь ажиллагаагүй болсон тул дүгнэлт гаргах боломжгүй болсон талаар мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад тайлбарласан байсан. Мөн шүүгдэгч Д.Ц болон хэргийн бусад оролцогч нар хавтас хэргийн материалтай танилцсан. Гэтэл өмгөөлөгч хавтас хэргийн материалтай танилцаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь, өмгөөлөгч өөрийн санаачлагаар ажлаа хийж байгаа тул тухайн хүний ажилдаа хандах хандлагыг харуулж байна. Хавтас хэрэгт авагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байсан “эдгээр зүйлүүд дутуу байна” гэх тайлбарууд бичигдсэн байгаа. Хэрэв хавтас хэргийн материалтай танилцаагүй юм бол яаж мэдээд байгаа юм бэ. Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Д.Цгийн өмгөөлөгч М.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс “прокурор шинжээч томилж явуулсан юм бол үүнийхээ хариуг аваач” гэж хэргийг прокурорт буцаасан. Энэ хэрэг гарснаас хойш машин гараждаа байж байгаа. Шүүхийн шинжилгээний байгууллага гэдэг нь дүгнэлт гаргах боломжгүй болтлоо ядуурчихсан байгууллага юм уу. Энэ хэрэгт тогтоох шаардлагатай хамгийн ач холбогдолтой зүйл нь энэ машин хаанаас явж, хаана байрлаж байсан, үүнтэй ямар холбоотой юм бэ гэдгийг тогтоох шаардлагатай. Гэтэл прокуророос энэ ажиллагааг хийх шаардлагагүй гэж шинжээч томилохоос татгалзсан учраас хэргийг прокурорт буцаасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1, 32.2, 32.3 дугаар зүйлүүд нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотой заалтууд. Өөрөөр хэлбэл, прокурор яллах дүгнэлт үйлдэж яллагдагчийг буруутгаж байгаа учир яллагдагч болон түүний өмгөөлөгчид хавтас хэргийн материал танилцуулж санал, хүсэлт байгаа эсэхийг нь тодруулаарай гэх процессын заалт юм. Гэтэл  прокуророос Д.Цд танилцуулсан юм чинь өмгөөлөгчид нь танилцуулах шаардлагагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1, 32.2, 32.3 дугаар зүйлд өмгөөлөгчид танилцуулна гэж заасан. Өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвхөн шүүгдэгчид мэдэгдээд өнгөрдөг практик тогтсон байна. Үүнийгээ өмгөөлөгчид мэдэгдсэн мэтээр тооцож бүхэл бүтэн нэг процесс алгасчихаад алдаа гаргаагүй мэтээр ярьж, дараагийн удаа алдаагаа засна гэж ярьж байгаа прокурорыг гайхаж байна. Үүний улмаас би хүсэлт, гомдол гаргах эрхээ эдэлж чадахгүй байна. Иймд шүүгчийн захирамж үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Цд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Д.Цд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “Kia K5” загварын, 87-10 УБН улсын дугаартай, “Hyundai Tucson” загварын, 30-70 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал, явах эд ангиудад эвдрэл, гэмтэл үүссэн эсэх, гэмтэл нь тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэх, автомашинуудын тормосны систем, үйл ажиллагаа хэвийн эсэхийг тодруулах зорилгоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэхээр мөрдөгчийн тогтоол гаргажээ.

Улаанбаатар хот дахь Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 460, 461 дугаартай албан бичгээр Тээврийн цагдаагийн албанд “Техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тус төвд ирүүлсэн “Kia K5” загварын, 87-10 УБН улсын дугаартай, “Hyundai Tucson” загварын, 30-70 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 заалтыг үндэслэн техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна.” гэсэн хариу өгсөн.

Дээрх албан бичгийг тодруулахаар шинжээч Э.Шарав-Аралдийгаас мэдүүлэг авахад “... Би мөрдөгчийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг хүлээн авч танилцаад тээврийн хэрэгслийг асааж, унаад ирж оношлогоонд оруулахыг шаардсан. Тухайн үед уг автомашинууд нь өөрөө явах боломжгүй, эвдрэлтэй ба зургийг нь эзэн нь авчирсан. Энэ тохиолдолд автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS-4598:52011 стандартыг баримталдаг тул уг тээврийн хэрэгсэлд дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг өгсөн. MNS-4598:2011 стандартыг 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл баримталж байгаа ба Зам тээврийн яамнаас баталдаг. ...” гэжээ.

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв нь Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага, MNS-4598:52011 стандартыг удирдлага болгон зөвхөн явж байгаа тээврийн хэрэгсэлд үзлэг хийж дүгнэлт гаргадаг гэсэн үндэслэлээр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 16.1.6 дахь хэсэгт “шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй байгаа бол шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзана” гэж зааснаар шинжээчийн дүгнэлт гаргалгүй, албан бичгээр хариуг өгсөн байх тул дахин өөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д “Өмгөөлөгч хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцах эрхтэй;” гэж заасан ба өмгөөлөгч уг эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эдлэх эрхтэй тул хэргийг заавал мөрдөн байцаалтад буцааж, түүнд хэргийн материал танилцуулах шаардлагагүй ба шүүхийн шатанд өмгөөлөгчийг хавтаст хэргийн материалтай танилцуулж, хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх ...”-ээр бичсэн прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Д.Цд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЗ/1801 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Д.Цд холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Д.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ