| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 181/2024/07085/И |
| Дугаар | 001/ХТ2026/00078 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2026/00078
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/07605 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/02101 дүгээр магадлалтай,
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
НШШГГ-т холбогдох
Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөрт тооцон авахыг санал болгох ажиллагаа явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор танхимын тэргүүн Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөрт тооцон авахыг санал болгох ажиллагаа явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/07605 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасныг баримтлан НШШГГ-ын 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөртөө тооцон авахыг санал болгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/02101 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/07605 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.17, 44.4-т зааснаар НШШГГ-т холбогдох, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөртөө тооцон авахыг санал болгох ажиллагаа явуулахыг даалгах тухай Б.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/02101 тоот магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 болон 172.2.4-т заасныг дор дурдсан байдлаар зөрчсөн байна. Үүнд:
Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасныг зөрчсөн тухай:
1.1.Магадлалын Хянавал хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйпийн 73.1, 73.2, 73.3-т худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг журамласан. Үүнд: “... буцаахаар заажээ." гээд “Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг гүйцэтгэхэд төлбөр төлөгчид заавал мэдэгдэх, мэдэгдэх хуудас өгөх, гардуулах зэрэг ажиллагаа хийгдэхээр тухайлсан шаардлага тавигдаагүй байх боловч шийдвэр гүйцэтгэх байгууллага нь явуулж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааныхаа талаар төлбөр төлөгч, авагч нарт мэдэгдэх үүргийг тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан байна." гэжээ.
Хариуцагч НШШГГ-ын зүгээс анх 2016 оны 09 дүгээр сард л худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг санал болгох ажиллагааг хэрэгжүүлэх ёстой байсан боловч уг хариуцагч байгууллага нь анхнаасаа хууль зөрчиж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Учир нь, тухайн хугацаанд төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх дуусгавар болоогүй, хуулийн хүчин төгөлдөр байхад түүнд мэдэгдэх ажиллагааг хийж, улмаар хуулийн дагуу санал болгох ажиллагааг хийх байхад хийгээгүйгээс өнөөдрийн үр дагавар ар араасаа үүссэн. Түүнчлэн, хариуцагчийн зүгээс төдийгөөс өнөөдрийг хүртэл хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.3-т заасныг үндэслэн төлбөр төлөгчид мэдэгдэх ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй гэж тайлбарлаж ирсэн.
Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/07605 тоот Шийдвэрийн хууль хэрэглээг буруутгаж, буцаан хэрэглэх ёсгүй байсан хуулийг буцаан хэрэглэснийг алдаатай гэж үзсэн атлаа талуудын огт тайлбарт агуулагдаагүй эрх зүйн үндэслэл болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг үндэслэн, уг хуулийн заалтыг хэрэглэсэн нь алдаатай болсон.
Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйл нь "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага" гээд 7.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй" гэж заасан нийтлэг зохицуулалт юм. Харин уг хуулийн дагуу мэдэгдэх шаардлагатай ажиллагаа бүрийг хуулийн бусад заалтуудад нэг бүрчлэн нарийвчлан зохицуулсан бөгөөд зарим ажиллагааг төлбөр төлөгчид эсхүл төлбөр авагчид мэдэгдэх шаардлагагүй байхаар хуульд зохицуулсан.
Магадлалд буй уг үндэслэлийг хэвээр үлдээсэн нөхцөлд хуулиар мэдэгдэх, дуулгах шаардлагагүй бусад бүхий л ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу мэдэгдэх ёстой гэж үзэж, энэ талаар шүүхийн системд жишиг тогтох эрсдэлтэй болно. Нөгөөтэйгүүр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх анхнаасаа огт эрх зүйн дүгнэлт өгөөгүйгээс уг асуудлаар давж заалдах шатны шүүх дээр тайлбар өгөх боломжгүй байсан. Учир нь, анхан шатны шүүх процесс хуулийг буцаан хэрэглэж, уг асуудлын хүрээнд давж заалдах шатны шүүх дээр тайлбарласан.
Хэрэв заавал мэдэгдэх ёстой гэж үзэж байгаа бол НШШГГ-ын зүгээс БНСУ-ын Монгол Улсад байрлаж буй элчин сайдын яамаар дамжуулан БНСУ-д амьдарч буй төлбөр төлөгчид олон улсын баталгаат шуудангаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэх бүрэн боломжтой талаар анхан шатны шүүх дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, хариулт авах үед тодруулахад боломжтой гэж мэдэгдсэн. Үүнээс үзвэл шүүх асуудлыг шууд шийдвэрлэхийн оронд нэхэмжлэлийг хангаж, хангахдаа төлбөр авагчид хуульд заасан арга замын дагуу мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэхийг даалгах бүрэн боломжтой байсан. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарлаж, асуудалд хэт хөнгөн хандсан учир хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Хоёрт. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг зөрчсөн тухай. Үүнд:
2.1.Магадлалын хянавал хэсэгт “Хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон 2014 оны 3179/Б тоот шүүхийн шийдвэр, 1282 тоот шүүхийн гүйцэтгэх хуудаст төлбөр төлөгч Н-ээс мөнгөн хөрөнгийг гаргуулж төлбөр авагчид олгохоор тусгагдсан, харин үүргийн гүйцэтгэлийг “Э” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй барьцаа хөрөнгөөс хангуулах талаар тусгагдаагүй байна" гээд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна" гэж 19 дүгээр зүйлийн 19.1-д “Гүйцэтгэх баримт бичигт ... шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас, ... шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг гаргуулах тухай шийдвэр хамаарна” гэж, мөн зүйлийн 19.3-т “... гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно" гэж зохицуулсан тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах татгалзал хуулийн дээрх зохицуулалттай нийцжээ” гэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хэрэглэсэн хуулийн дээрх зохицуулалтууд нь 2017.06.09-ний өдөр батлагдаж, 2017.07.01-ний өдрөөс эхлэн улс орон даяар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.
Гэтэл төлбөр төлөгч БНСУ-ын иргэн Н 100 хувь хувьцааг нь эзэмшдэг “Э” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээг хийж, улмаар анхны дуудлага худалдаа болон хоёр дахь дуудлага худалдааг хийж, санал болгох ажиллагааг хэрэгжүүлэх гэж байсан үе нь 2014-2016 оны 09 дүгээр сар юм. Уг хугацаанд буюу 2002.01.10-ны өдөр батлагдаж, 2002.09.01-ний өдрөөс эхлэн улс орон даяар хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль юм. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн зүгээс өмнө үйлчилж байсан хуулийн дагуу тухайн хуульд нийцүүлэн хэрэгжүүлж байсан ажиллагааг шинээр баталсан хуулийн зохицуулалтаар буруутгаж буй нь үндэслэлгүй байна.
Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг заах нь ач холбогдлын хувьд барьцааны эрх болох бусад үүргийн гүйцэтгэлээс өөрийн үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангуулах давуу эрхээ хэрэгжүүлэх боломж болохоос өөр онцгой эрх байхгүй. Гэтэл заавал барьцаа хөрөнгийг тэргүүн ээлжинд хангуулах асуудлаа шийдвэрлүүлээгүй бол тухайн хөрөнгөөр төлбөрийг барагдуулах боломжгүй мэт магадлалд тайлбарласан нь маш эрсдэлтэй тайлбар учир уг эрх зүйн шинэ асуудлыг та бүхэн анхааралдаа авч, асуудлыг мухарлаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.
Иймд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/02101 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 7605 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШХТ2026/00275 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч Б.Б-ийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
6. Нэхэмжлэгч Б.Б-ийн гомдлын зарим үндэслэл тогтоогдож байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
7. Нэхэмжлэгч “Б.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3179/Б шийдвэрээр “Э” ХХК-ийн захирал БНСУ-ын иргэн Н-ээс 350,000,000 төгрөгийг гаргуулж, БНСУ-ын иргэн К-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, үүргийн гүйцэтгэлд “Э” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоот хаягт байрлах 2 давхар барилга,15300 м.кв эзэмших эрхийн газрыг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй. ... уг хөрөнгийг хуульд зааснаар төлбөр авагчид төлбөртөө тооцон авахаар санал болгох ажиллагааг төлбөр төлөгчид мэдэгдээгүй гэх үндэслэлээр гүйцэтгэхгүй төлбөр авагчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөрт тооцон авахыг санал болгох ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй.” гэж тайлбарласан.
8. Хариуцагч НШШГГ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Төлбөр төлөгч нь 2014 онд Монгол улсын хилээр гарсан тул төлбөр төлөгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдэх боломжгүй болсон. Мөн шүүхийн шийдвэр болон шүүхийн гүйцэтгэх хуудаст эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэжээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ: “... Төлбөр төлөгч Н-г улсын хилээр гарч, өнөөдрийг хүртэл орж ирээгүй талаар талууд маргаагүй. Шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3179/Б дугаартай захирамжийг хэрэгжүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байх үед 2002.01.10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хэрэгжиж байсан ба мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д зааснаар хариуцагч нь худалдан борлогдоогүй хөрөнгийн үнийг хямдруулж худалдахаар ажиллагаа хийсэн эсэх нь тодорхойгүй, төлбөр төлөгч Н-д түүний хөрөнгийг төлбөр авагчид төлбөрт нь тооцож санал болгох талаар мэдэгдэх ажиллагаа хийгээгүй, энэ талаар баримтгүй байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй ... гэж дүгнэсэн.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Магадлалд “... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу зөв тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийн хэрэглээгүй, эрх зүйн дүгнэлтийг бүрэн өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.3-т зааснаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг гүйцэтгэхэд тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар төлбөр төлөгч болон төлбөр авагчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдэх үүргийг хүлээнэ. Иймд төлбөр төлөгч БНСУ-ын иргэн Н нь Монгол Улсын хилээр гарч явснаар хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон, мэдэгдэх боломжгүй байгаа талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй. Хэрэгт авагдсан 2014 оны 3179/Б тоот шүүхийн шийдвэр, 1282 тоот шүүхийн гүйцэтгэх хуудаст үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах талаар тусгагдаагүй тул хариуцагчийн татгалзлыг буруутгах үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар холбогдох эрх зүйн дүгнэлт өгсөн нь алдаатай болсон.” гэж дүгнэсэн.
11. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатын шүүхийн магадлалд дурдсан зарим хууль зүйн дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан тухайд маргаагүй боловч давж заалдах шатны шүүх холбогдох хуулийг хэрэглэхдээ алдаа гаргасан гэж үзжээ. Тодруулбал, төлбөрт хураагдсан хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулахад төлбөр төлөгчид мэдэгдсэн байх шаардлагыг хуулиар тавьсан гэж давж заалдах шатны шүүх үзэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж тайлбарласан.
Түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр албадан дуудлага худалдаатай холбоотой ажиллагаа явагдсан тухайн цаг хугацаанд хамаарах хуулийг шүүхүүд буруу хэрэглэж, 2014-2016 онд болж өнгөрсөн үйл явдалд 2017 онд батлагдсан хуулийг хэрэглэсэн, ингэж хэрэглэхдээ алдаатай тайлбарласан гэх агуулгаар нэхэмжлэгч гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгчийн дээрх гомдол нь хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцвэл зохих, хоёр шатны шүүхийн дүгнэлт зөрүүтэй гэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
12. Хоёр шатны шүүх хэргийг хэлэлцсэн байдлаас үзвэл хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар зөрүүтэй дүгнэсэн гэж үзэхгүй. Тодруулбал, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3179/Б захирамжаар “Э” ХХК-ийн захирал БНСУ-ын иргэн Н-ээс 350,000,000 төгрөгийг БНСУ-ын иргэн К-д төлөхийг зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг шүүх баталсан, ... уг захирамжийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, үүргийн гүйцэтгэлд “Э” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоот хаягт байрлах 2 давхар барилга,15300 м.кв талбайтай газар эзэмших эрхийг битүүмжлэн хурааж, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй, уг үйл явдал 2014-2016 оны хооронд болж өнгөрсөн, улмаар төлбөр авагч БНСУ-ын иргэн К 2021.06.13-ны өдөр нас барсан, нэхэмжлэгч Б.Б нь төлбөр авагч К-ийн шаардах эрхийг өвлөн авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд эрх залгамжлан авсан нөхцөл байдлыг хоёр шатны шүүх адил дүгнэсэн, зохигч эдгээрийн тухайд маргаагүй.
Түүнчлэн хоёр шатны шүүх төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн нэг болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205*** дугаартай, Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоот хаягт байрлах 2 давхар барилга нь “Э” ХХК-ийн өмчлөлийн зүйл болохыг, дээрх хаягт байршдаг 15300 м.кв талбайтай газар эзэмших эрхийг “Э” ХХК эзэмшдэг талаар тус тус дүгнэсэн байна. Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгө ба эд хөрөнгийн хязгаарлагдмал эрх болох газар эзэмших эрх нь төлбөр төлөгч Н болон төлбөр авагч К нарын хооронд үүссэн 350,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавигдсан талаар нэхэмжлэгч тайлбарласныг анхан шатны шүүх шийдвэртээ тусгайлан дүгнээгүй, харин давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар дүгнэсэн байна. Гэвч хэрэгт барьцааны эрхтэй холбоотой аливаа баримт авагдаагүй.
Анхан шатны шүүхийн дүгнэлт, хэрэгт авагдсан баримтаас үзвэл дээр дурдсан хоёр хөрөнгөөс газар эзэмших эрх нь 2014 оны дүүргийн Засаг даргын захирамжаар хүчингүй болсон байх ба энэ эрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцад зохион байгуулсан албадан дуудлага худалдааны зүйл болсон эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагад энэ хөрөнгийг хэрхэн үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хөрөнгийн талаарх нэхэмжлэгчийн байр суурийг тодруулах ажиллагаа хийгээгүйгээс энэ талаарх нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, эрх зүйн дүгнэлт хангалтгүй.
13. Нэхэмжлэгчийн шүүхэд амаар болон бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон санал болгох ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага хийх үүрэгтэй бөгөөд энэ хөрөнгө үндсэн үүргийн барьцааны зүйл болсон үйл баримт нь энэ ажиллагааг хийхэд хангалттай үндэслэл мөн гэжээ. Улмаар энэ үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж байгаа “Э” ХХК-ийн хувьцааг төлбөр төлөгч Н дангаар эзэмшдэг тул тэрээр үндсэн үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцааны зүйлийг төлбөр авагч төлбөртөө тооцон авахад анхаарах нэг үндэслэл мөн гэх агуулгаар мэтгэлцсэн байна.
Үндсэн шаардлагыг хангах зорилгоор барьцааны зүйлийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулахад энэ тухай тусгайлан даалгасан шүүхийн шийдвэр гарсан байвал зохино гэх байр суурийг хариуцагч илэрхийлэн мэтгэлцжээ.
14. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн дээрх маргааныг хянан шийдвэрлэхдээ зохигчийн маргаагүй, эсхүл маргаж байгаа асуудлыг ялган зааглаагүй, маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүйн улмаас хэрэгт шууд ач холбогдолгүй дүгнэлт хийж, эсхүл ач холбогдолтой дүгнэлтийг хийлгүй үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг алдагдуулсан байна.
Тодруулбал, нэхэмжлэгч, хариуцагч нар үндсэн шаардлагыг барьцааны зүйлээр хангуулахад шүүхийн шийдвэр шаардах эсэх, эсхүл төлбөр төлөгчид мэдэгдсэн байхыг шаардах эсэх асуудлаар маргасныг барьцааны зүйлийг төлбөрт тооцон авахад барьцаалуулагчийн эрх ашиг хөндөгдөх эсэх талаар маргасан гэж үзнэ. Учир нь хариуцагч барьцааны зүйлийг худалдан борлуулах талаар шүүхийн шийдвэр гараагүй гэх агуулгаар мэтгэлцэхдээ барьцаалуулагч нь төлбөр төлөгчөөс тусдаа, Монгол Улсын хуулийн этгээд байгаа нөхцөл байдлыг гол үндэслэлээ болгожээ. Энэ тохиолдолд тус маргааныг хянан шийдвэрлэхэд барьцааны зүйлийн өмчлөгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ямар байр суурьтай оролцсон, уг байр сууриа илэрхийлэх боломж олгогдсон эсэх, эсхүл олгосонд тооцох хууль зүйн боломжтой эсэх асуудлыг нягтлан дүгнэх нь зүйтэй.
Хоёр шатны шүүх маргааны зүйлийг оновчтой тогтоох нь талуудын мэтгэлцээнийг зөв чиглүүлэхэд ач холбогдолтой бөгөөд талууд шаардлагатай баримтаа ойлгох, зохих ажиллагааг хийлгүүлэх боломж бүрдэнэ. Шүүх маргааны зүйлийн зөвхөн нэг хэсгийг анхаарснаас хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлын талаар баримт бүрдээгүй, улмаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Энэ хэргийн тохиолдолд барьцааны зүйлийн өмчлөгчийн эрх зүйн байдал, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх мэдээлэл тодорхойгүйгээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талаарх өмчлөгчийн байр суурь ойлгомжгүй, энэ талаарх өөрөөс хамаарах шаардлагатай арга хэмжээг хариуцагч авсан эсэх, авсан боловч үр дүнд хүрсэн эсэх, үр дүнд хүрээгүй бол тэр нь зохигчоос хамаарсан эсэх нь тодорхой биш байна.
Иймд хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөхөд шаардлагатай үйл баримт дутуу, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/07605 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/02101 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Б нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.01.13-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ