Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2415

 

 Э.Б-, С.О- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/03106 шийдвэртэй, Э.Б-, С.О- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.А-т холбогдох гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, хариуцагч Ж.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 01161123/03 дугаартай Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэж тодорхойлсон. Гэрээний1.1-д бэлтгэн нийлүүлэгч БНХАУ-д экспортод гаргах стандарт шаардлагын дагуу шулж ангилсан, уут сав, шошго, баглаа, боодол бүхий адууны махыг бэлтгэн, худалдан авагчийн өмчлөлд тогтмол шилжүүлэн өгч, худалдан авагч бүтээгдэхүүнийг цаг тухайд нь хүлээн авч гэрээнд заасан нөхцөл, хугацаанд түүний үнийг төлөх гэж тохиролцсон.

Шулж ангилсан адууны махны нийт тоо хэмжээ 25 тонн, 1 килограммын үнэ 13 юань буюу 4 550 төгрөгт тооцож, урьдчилгаа төлбөр 50 000 000 төгрөгийг гэрээний 8.1-д заасны дагуу гэрээ байгуулах үед төлж, үлдэгдэл төлбөрийг бараа хүлээлгэн өгснөөс хойш 2 хоногийн дотор төлж барагдуулахаар гэрээний 8.2-т заасан. Гэрээнд зааснаар Ж.А- 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 30 000 000 төгрөгийг 2 хувааж, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг, 9 000 000 төгрөг, 5 950 000 төгрөгийг тус тус шилжүүлж урьдчилгаа мөнгийг төлсөн. Гэрээнд заасан хугацаандаа мөнгөө төлөөгүй.

Дараа нь 25 тонн адууны махыг ашгаа хуваахаар тохирч дахин авсан. Нийт 50 тонн адууны махыг 1 кг тутамд 13 юань буюу 4 550 төгрөгөөр тооцож нийт 227 500 000 төгрөг авахаар тохирсон. Үүнээс хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 50 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 57 565 200 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 50 000 000 төгрөгийг тус тус өгсөн ба дээрх мөнгийг өгсөн, авсан тухайд талууд маргадаггүй. 2017 он гарахад талуудын хооронд 70 604 200 төгрөгийн үлдэгдэл байснаас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч мөнгө өгсний дараа н.Тамир, Ж.А-, Э.Б-, С.О- нар тооцоо нийлэхэд 20 603 200 төгрөгийн тооцоо гарсныг хариуцагч 20 000 000 төгрөгөөр тохиролцъё гэж санал гаргаж, энэ асуудал дууссан боловч тохирсон мөнгөө өгөлгүй шалтгаан хэлж өнөөдрийг хүрсэн.

Талуудын тохиролцсон ёсоор нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 20 000 000 төгрөг нэхэмжилж байгаа тул хариуцагчаас 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хийсэн гэрээний дагуу 113 750 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Анх гэрээ байгуулахдаа 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мах нийлүүлэхээр тохирч 15 000 000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлж 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрээг байгуулж 55 450 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээнд 1 сарын дотор мах бэлтгэн нийлүүлж, үлдэгдэл төлбөрийг би шилжүүлэх ёстой байсан. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бэлдэж дууссан махыг ачих үедээ 57 565 200 төгрөг өгсөн нь депозит дансны хуулгаар нотлогдоно. Миний зүгээс гэрээний үүргийг зөрчиж, төлбөрийг шилжүүлээгүй удаасан зүйл байхгүй. Харин ч Э.Б-д 500 000 төгрөг зээлдүүлсэн.

Ингээд нийт 113 152 200 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлж, махаа хүлээн авч борлуулалтаа хийж, гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дахин мах бэлдүүлэхээр 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн ба тухайн үед гэрээ байгуулж амжаагүй. Гэтэл манай махыг бэлтгэж өгөхгүй удаасны улмаас хоорондоо маргалдсан. Бид нартай адилхан мах борлуулалтын ажил хийдэг н.Энхбаяр гэж хүнээс Э.Б-, С.О- нар мах бэлтгэж өгнө гээд мөнгө авсан байсан. Энэ талаар мэдмэгц би мах авахаа зогсоосон.

Нэхэмжилж байгаа буюу сүүлийн 50 тонн мах надтай ямар ч холбоогүй бөгөөд өөр хариуцагч нартай холбоотой асуудал юм. Үүнийг нэгтгэн надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. н.Энхбаяр гэж хүний 25 тонн махыг надад танай мах гэж хэлээд ачуулсны дараа н.Энхбаяр нь мах авъя гэж ирсэн ба өөр хүнээс мах ачуулсан гээд маргаан болсны дараа би төлбөрөө зогсоосон. 50 тонн махны гэрээг Э.Б-, С.О- нартай хийгээгүй, өмнөх гэрээний 25 тонн махыг хүлээж аваад төлбөрийг шилжүүлж дууссан. Сүүлд дахин мах бэлдүүлэхээр тохиролцсон ч дээрх шалтгааны улмаас мах авахаа больж, шилжүүлсэн 50 000 000 төгрөгт тохирох мах авсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.А-аас 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.О-, Э.Б- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 01161123/03 дугаартай бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэж заасан. Гэрээний 1.1-д бэлтгэн нийлүүлэгч БНХАУ-д экспортод гаргах стандарт шаардлагын дагуу шулж ангилсан, уут сав, шошго, баглаа, боодол бүхий адууны махыг бэлтгэн, худалдан авагчийн өмчлөлд тогтмол шилжүүлэн өгөх, худалдан авагч бараа бүтээгдэхүүнийг цаг тухайд нь хүлээн авч гэрээнд заасан нөхцөл, хугацаанд түүний үнийг төлөхөөр тохиролцсон.

Махны нийт хэмжээг 25 тонн, 1 кг-ын үнэ 13 юань буюу 4 550 төгрөгт тооцож, урьдчилгаа төлбөр 50 000 000 төгрөгийг гэрээний 8.1-д зааснаар гэрээ байгуулах үед төлж, үлдэгдлийг бараа хүлээлгэн өгснөөс хойш 2 хоногийн дотор төлөхөөр гэрээний 8.2-т заасан боловч дахин 25 тонн адууны махыг дур мэдэн ачиж явсан байдаг. Ж.А- нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл гэрээний төлбөрийг хэсэгчлэн төлсөн бөгөөд тооцоо нийлэхэд үлдэгдэл 20 604 800 төгрөг байсан. Үүнийг Ж.А-ын хүсэлтээр 20 000 000 төгрөг болгож, энэ талаар Ж.А- хүлээн зөвшөөрч бичсэн зурвасуудыг хуулбарлан хэрэгт хавсаргасан.

Нэхэмжлэгч нарын дансанд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 15 000 000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 30 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг, 9 000 000 төгрөг, 5 950 000 төгрөг нийт 24 950 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 50 000 000 төгрөг тус тус төлсөн нь гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзнэ. Үүнээс хойш 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 57 565 200 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 50 000 000 төгрөг тус тус төлсөн нь хожим дур мэдэн авч явсан гэх 25 тонн адууны махны төлбөр хийгдсэн болохыг нотолж байна. Нийт 212 515 200 төгрөг шилжүүлсэн нь 50 тонн адууны мах авснаа зөвшөөрсөн үйлдэл юм.

Гэтэл анхан шатны шүүх Ж.А-ыг “дахин 25 тонн адууны мах худалдаж авахаар төлбөрийн зарим хэсгийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн нь хэт явцуу дүгнэлт төдийгүй дээрх шилжүүлгүүд “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулгаар давхар нотлогдсон. Шүүх гэрээний 17.1-д “гэрээний нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд буюу нийт нийлүүлэх адууны махны хэмжээ 50 тонн болж өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлтийг талууд заавал бичгээр үйлдэх талаар заажээ” гээд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Гэрээний 17.1-д энэ гэрээний нөхцлийг зөвхөн 2 талын бичгээр үйлдсэн тохиролцооны үндсэн дээр өөрчилнө гэж заасан нь тооцоо нийлсэн баримтаар үлдэгдэл төлбөр 20 640 000 төгрөг байсныг Ж.А-ын хүсэлтээр 20 000 000 төгрөг болгож, үүнийг С.О- хүлээн зөвшөөрсөн бичгийн баримтаар нотлогдож байгаа. Уг баримтаар тогтоогдсон 20 000 000 төгрөгийг шүүх хангаж шийдвэрлээгүйд гомдолтой тул дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна.

 

Нэхэмжлэгч Э.Б-, С.О- нар нь хариуцагч Ж.А-т холбогдуулан гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, төлбөр тооцоогүй гэж маргажээ. /хх1-2,16/

 

Талууд шулж ангилсан адууны махны 1 килограммын үнийг 13 юань буюу 4 550 төгрөгөөр тохирч, нэхэмжлэгч нар нийт 25 тонн махыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь гэрээ байгуулснаар урьдчилгаа төлбөр болох 50 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг бүтээгдэхүүн хүлээн авснаас хойш 2 хоногийн дотор барагдуулах нөхцлийг тохиролцсон Бэлтгэн нийлүүлэх гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан нь хэрэгт авагдсан байна. /хх5-8/

 

Шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн уг гэрээний зүйл болох 25 тонн адууны махыг нэхэмжлэгч тал хүлээлгэн өгсөн, хариуцагч гэрээгээр тохиролцсон үнийн 113 015 200 төгрөгийг төлж үүргээ зохих ёсоор биелүүлсэн талаар хэрэгт авагдсан төлбөрийн баримтад тулгуурлан дүгнэлт хийжээ./хх45/

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас махны үнэд төлсөн мөнгөн төлбөрийн хэмжээнд маргаагүй. Харин “талуудын бичгээр байгуулсан гэрээнээс гадна дахин 25 тонн мах бэлтгэн нийлүүлэх талаар амаар тохирч, төлбөрөөс 50 000 000 төгрөгийг нь шилжүүлж, барааг дур мэдэн ачиж явсан атлаа үлдэгдэл тооцоог бүрэн хийгээгүй” гэх үндэслэлээр шаардлагаа тодорхойлж, энэ нь “тооцоо нийлсэн акт”-аар нотлогдоно гэжээ./хх35/

 

Хэргийн 35 дугаар талд авагдсан “тооцоо нийлсэн акт” гэх баримт нь нэхэмжлэгч С.О- гарын үсэг зурсан нэг тал дангаар үйлдсэн байх тул талууд дахин мах бэлтгэн нийлүүлэх талаар амаар тохирч, тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн эсхүл үлдэгдэл төлбөрийн хэмжээг харилцан тооцсон гэж үзэх боломжгүй байна.

 

Түүнчлэн төлбөр тооцоотой байсан талаар талууд зурвасаар харилцаж байсан, энэ нь фото зураг хэлбэрээр хэрэгт авагдсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлажээ. Гэвч эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, түүнд үзлэг хийж бэхжүүлэх талаар зохигч хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй, шийдвэрийн үндэслэл болгоогүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн шаардлага, түүнийхээ үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. /хх26-32/

 

Хариуцагчийн хувьд “дээрх гэрээний дагуу нийлүүлсэн махнаас гадна дахин адууны мах бэлтгүүлэхээр нэхэмжлэгч талтай тохирч төлбөрийн зарим хэсгийг шилжүүлсэн боловч өөр этгээдэд мах бэлтгэж байсантай холбоотойгоор бидний хооронд маргаан үүссэн, шилжүүлсэн үнийн дүнд тохирох хэмжээний адууны махыг хүлээн авч тооцоогүй болсон” гэж шүүх хуралдааны явцад тайлбарлажээ. Хариуцагчийн гаргаж буй энэхүү тайлбар болон шүүх хуралдааны тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэлд хамаарах тул нотлох баримтаар үнэлэгдэх учиртай. /хх43/

 

Иймд хариуцагч Ж.А- нь нэхэмжлэлд дурдаж буй 25 тонн адууны махыг дураараа ачиж явсан, түүний төлбөрийг бүрэн төлөөгүйн улмаас 20 000 000 төгрөгийн тооцоотой гэх шаардлага баримтаар тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/03106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.О-ын давж заалдах журмаар гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА