Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 251

 

Н.Б, А.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Ч.Нямсүрэн, шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Д.Цагаандарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, 201509000630 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг, Ч.Нямсүрэн, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Д.Цагаандарь нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Аргалчин овогт Н.Б нь шунахайн сэдэлтээр, хуурч мэхлэх аргаар, давтан үйлдлээр, дангаараа хохирогч Н.Баярбаатар, А.Б, Д.Мөнгөнцэцэг, Д.Нарантуяа нараас 1.731.361.000 төгрөг, шүүгдэгч А.Бтай бүлэглэн О.Түвшинтөгс, Д.Ганзул нараас 326.000.000 төгрөгийг тус тус залилан мэхлэж авч, нийт 2.057.361.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 3 сар хорих ял шийтгүүлсний дараа тус шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар оногдуулсан хорих ялаас 3 жилийг өршөөн хасч, үлдэх 2 жил 10 хоног хорих ялын заримыг буюу 1 жил хорих ялыг А.Бт өмнөх тогтоолоор оногдуулсан 8 жил 3 сар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9 жил 3 сарын хугацаагаар тогтоосон, Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 393 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, Боржигон овогт А.Б нь шүүгдэгч Н.Б-тай бүлэглэн хохирогч О.Түвшинтөгс, Д.Ганзул нараас 326.000.000 төгрөгийг залилан мэхлэж авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож, Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б, А.Бт нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн, А.Б-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-д 9 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Б-т 3 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Б-гаас 628.654.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ганзулд 36.500.000 төгрөг, О.Түвшинтөгсөд 172.000.000 төгрөг, Н.Баярбаатарт 1.508.000 төгрөг, Д.Нарантуяад 185.440.000 төгрөг, Д.Мөнгөнцэцэгт 41.711.000 төгрөг, А.Бт 101.495.000 төгрөг тус тус олгуулах, хохирогч А.Б-ын 35.000.000 төгрөг гаргуулах тухай, иргэний нэхэмжлэгч С.Баясгалан, Т.Саранчимэг, А.Эрдэнэбилэг нарын нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Б гаргасан гомдолдоо: “Миний үйлдсэн хэргийн үнэн зөвийг тогтоолгүй, хэт нэг талыг баримталж, хохирогч гэх хүмүүсийн амаар тооцоо хийж, нотлох баримт, мэдүүлгийн зөрүүг гаргалгүй, бусад хүмүүсийн үйлдсэн үйлдлийг харгалзан үзэхгүйгээр намайг яллаж байгааг эсэргүүцэж байна. Хохирогч гэх Д.Нарантуяа, Н.Баярбаатар, А.Б, Д.Мөнгөнцэцэг, Д.Ганзул нар надтай хамтарч өөрсдийн мөнгийг өсгөн авч байгаад эцэст нь намайг буруутгаж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Удаа дараа шүүгч, прокурор нарт хэлж байсан боловч миний үгийг тоогоогүй, хавтаст хэрэгт ч энэ талаар тэмдэглээгүй. Би дээрх хүмүүстэй олон удаагийн үйлдлээр мөнгө өгч авалцаж байсан болох нь банкны дэлгэрэнгүй хуулгаас илт харагдаж байгаа. Аудитын дүгнэлтийг дахин гаргуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хангаагүй. ...Би хохирогч нартай хамтран ажиллаж мөнгийг нь өсгөж өгч байснаас залилан мэхлэж, амьдралын эх үүсвэр болгож байгаагүй. Үйлдсэн гэмт хэргээ ухамсарлаж маш их гэмшиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Д.Оюунчимэг гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Б-гийн үйлдэл нь 2014 оны 3 сараас 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилсэн, амьдралын эх үүсвэрээ болгосон нь нотлох баримтаар тогтоогдохгүй байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн заалт хэрэглэж ял оногдуулсан байна. Давж заалдах шатны шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй болно. Хохирогч нар нь шүүгдэгч Н.Б-д мөнгө буцааж өгөх тооцоо гарсаар байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Ч.Нямсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Н.Б-гийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байхад эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар шүүхэд шилжүүлсэн бөгөөд бусдыг залилах санаа зорилго агуулаагүй, амьдралын эх үүсвэр болгоогүй, өөртөө авч ашиглаж хэрэглэсэн нэг ч зүйл байхгүй байсан. Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагаа үндсэндээ хийгдээгүй. Шүүх хохирлын тооцоог буруу гаргасан. Хаан банкны хуулгаас гадна Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкны дансны хуулгууд болон бэлнээр, мобайлаар өгсөн мөнгөний тооцоо ороогүй. А.Бтай бүлэглэж Түвшинтөгсийн 274.000.000 төгрөг залилсан гэх үйлдлийг хийгээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт О.Түвшинтөгс нь Д.Ганзул, А.Б нарт итгэж мөнгө өгсөн талаар мэдүүлсэн. Түүнчлэн Н.Б нь банкнаас боодолтой мөнгө аваад Төмөрлөгийн үйлдвэр рүү ордог байсан гэж А.Б болон хохирогч, гэрч нар мэдүүлдэг. Дээрх мөнгийг Төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий нягтлангаар ажиллаж байсан Д.Даваадоржид өгч байсан талаар Н.Б удаа дараа мэдүүлдэг бөгөөд мөнгө өгдөг байсан гэх цаг хугацаанд Д.Даваадорж нь Барс капитал ББСБ-ыг бусадтай нийлж байгуулсан байдаг. Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагддаг. Н.Б нь хохирогч нараас авсан мөнгийг хүү болгон удаа дараа өсгөж өгч байсан нь нотлогдсон байхад шүүх анзаарч үзсэнгүй. Иймд Н.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч А.Б гаргасан гомдолдоо: “Анх Н.Б 2014 оны 6 дугаар сарын эхээр “Төмөрлөгт хөрөнгө оруулах ажил байна, чамд мөнгө байна уу, энэ маш хурдан эргэдэг 20 хувийн хүүтэй, 14 хоногт гардаг, ээжээс чинь мөнгө аваад эргэлтэнд оруулсан байгаа” гэсэн. Тэгээд би ээжээс асуухад “15 сая төгрөг өгсөн, эхний удаагийн хүүг өгсөн” гэсэн. Би Швед улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн, хувийн уурхайд ажиллаж байсан. Дарханд байр авах санаатай мөнгө цуглуулсан байсан. Н.Бд эхний удаа 15 сая төгрөгийг 6 дугаар сарын сүүл хавиар өгсөн. Удалгүй хэлсэн хоногтоо хүүгээ өгсөн. 2014 оны 7 дугаар сарын сүүлээр дахин 15 сая төгрөг өгсөн. Энэ мэтчилэн мөнгө өгч авалцаж сүүлдээ “Үндсэн мөнгө чинь эргэлдэж байгаа” гээд ашиг өгч, нэмээд мөнгө гэхээр нь ах дүү болон хадмуудаасаа мөнгө өгч байтал Н.Б “Манай ах дээр очоод тэр найзтай нь уулзаад ирээч, чамд ямар ч асуудал болохгүй, би бүх юмаа зохицуулна” гэхээр нь Улаанбаатар хот явж Ганзул ахтай нь уулзаад Ганзул нь Түвшинтөгс гэх найзтайгаа уулзуулсан. Би Ганзул, Түвшинтөгс нарыг огт танихгүй, сонсож ч байгаагүй. Н.Б-тай үгсэн тохирч тэр хүмүүсийг залилаагүй, Н.Бг манай ах гээд гуйгаад байхаар нь тусалчих санаатай очсон бөгөөд тэр хүмүүсээс би нэг ч төгрөг аваагүй, Н.Бгийн дансанд мөнгө хийснийг ч мэдээгүй. Н.Б манай ах мөнгөө оруулсан гэсэн, түүнээс хойш 2-3 хоногийн дараа миний данс руу мөнгө хийсэн. Би өгсөн мөнгөө авах хугацаа болсон байсан учир мөнгөө өгч байна л гэж бодсон. ...Би Н.Б-г мөнгөө гаргаад өгчих байх гэж итгээд хүн чанар гарган хүлээцтэй хандсанаараа буруу боллоо. Би маш их мөнгө, эд хөрөнгөө Н.Бд алдаж амьдралаараа хохирч эцэст нь ялтан болоод байж байна. Би өөрөө хохирогч болсон, Ганзул, Түвшинтөгс нарт төлөх төлбөр байхгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Д.Цагаандарь гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авч захиран зарцуулах санаа сэдэл нь анхнаасаа төрж, энэ санаа сэдлээ хуурч мэхлэх, итгэл эвдэх арга хэрэглэн гүйцэлдүүлдэг гэмт хэрэг. А.Б-ын хувьд Түвшинтөгс, Ганзул нарын мөнгийг өөрийн эзэмшилдээ авч захиран зарцуулах санаа сэдэл анхнаасаа төрөөгүй бөгөөд өөрийн санаачилгаар Ганзул, Түвшинтөгс нар дээр очоогүй байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Н.Б Батбаатарыг гуйж Түвшинтөгс, Ганзул нартай уулзуулсан. Батбаатарын хувьд Төмөрлөгийн үйлдвэрт мөнгө оруулаад ашиг олдог талаар Түвшинтөгс, Ганзул нарт ярьсан нь зохиомол байдлыг үүсгээгүй бөгөөд өөрөө Н.Б-д мөнгө оруулаад ашиг авч байсан талаараа үнэн бодит байдлыг ярьсан. Ганзулын хувьд А.Б-ын хохирогч биш гэж үзэж байна. Түвшинтөгс А.Б-тай 4 дүгээр сарын 7-ны өдөр уулзаад ашиг үнэхээр олдог болохыг мэдээд 4 дүгээр сарын 8-ны өдөр 150 сая төгрөгийг Н.Б-гийн данс руу шилжүүлсэн нь банкны хуулгаар тогтоогддог. Н.Б 4 дүгээр сарын 25-ны өдөр Түвшинтөгсөд ашиг гэж 30 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ мөнгөнөөс Ганзулд 5 сая төгрөгийг өгсөн. Ганзул Батбаатарт итгэсэндээ биш, харин бодит байдлыг хараад ашиг олох боломжтой гэж итгэн мөнгөө Н.Б руу шилжүүлсэн нь тогтоогдож байна. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ цаг хугацааны дараалал, хохирогч, шүүгдэгч нарын үйлдэл, үр дагавартай харьцуулан эргэлзээгүй бодит байх талаар нь үнэлэхгүйгээр зөвхөн хохирогч нарын мэдүүлэгт тулгуурлан хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Н.Б-гийн хувьд Түвшинтөгсөөс 150 сая төгрөг авахын тулд түүнд итгэл төрүүлэх замаар Батбаатарыг ашигласан, өөрөөр хэлбэл  итгэл төрүүлэх арга хэрэглүүр болгон ашигласан болох нь харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т гэмт хэргийн санаа сэдлийг заавал нотолж тодруулах шаардлагатайг хуульчилж өгсөн. Гэтэл Батбаатарыг Төмөрлөгийн үйлдвэрийн инженер гэж хуурч мэхэлсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн нь учир дутагдалтай. Батбаатар нь Н.Б-гийн гуйлтаар Түвшинтөгс, Ганзул нартай очиж уулзсан байдаг. Иймд залилан мэхлэх гэмт хэргийн субьектив талын шинж болох бусдыг залилж мөнгө авах гэсэн санаа Батбаатарт анхнаасаа төрөөгүй, Батбаатар өөрөө энэ хэргийн хохирогч болох нь тогтоогдсон тул түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байж болох дараах нөхцөл байдлууд илэрч байна. Үүнд Батбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Б-тай бүлэглэж бусдаас их хэмжээний мөнгө залилсан гэж үзсэн нь буруу байна. Учир нь залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж болох зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулах замаар бусадтай бүлэглэсэн байх ёстой байтал Батбаатар нь Н.Б-тай бүлэглэсэн зүйл байхгүй бөгөөд харин Н.Б-д өөрөө залилуулсан байдаг. ...мөн шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар буюу байнга үйлдэж амьдарлынхаа эх үүсвэр болгосон гэж үзсэн. Гэтэл тухайн гэмт хэрэг нь 2017 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө буюу шинэ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө үйлдэгдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль буцаан хэрэглэхгүй нөхцөл байдалд хамаарч байна. Иймд шүүгдэгч Н.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж түүнд 8 жилийн хорих ял, Батбаатарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдлийг гэмт хэргийг шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг, Ч.Нямсүрэн, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Д.Цагаадарь нарын гаргасан гомдлыг үндэслэн Н.Б, А.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Б нь “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас бараа бүтээгдэхүүн авч “Эрдэнэт” үйлдвэрт өндөр үнээр шахаж 7-14 хоногийн хугацаанд нийт оруулсан мөнгийг 20 хувийн ашигтайгаар өсгөж өгнө” гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар нэр бүхий 4 хохирогчоос 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 1.731.361.000 төгрөг,

Мөн шүүгдэгч Н.Б нь А.Б-тай бүлэглэн дээрх аргаар нэр бүхий 2 хохирогчоос 2015 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд нийт 326.000.000 төгрөгийг тус тус залилан мэхлэж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэв.

Шүүгдэгч Н.Б нь нэр бүхий хохирогч нараас залилан мэхлэж авсан 2.057.361.000 төгрөгийн 1.428.707.000 төгрөгийг буцаан төлсөн нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөр тасалбар болгож, шүүгдэгч Н.Бгийн үйлдсэн гэмт хэргийн хохирлыг хохирогч Н.Баярбаатар, А.Б, Д.Мөнгөнцэцэг, Д.Нарантуяа, Д.Ганзул, О.Түвшинтөгс нарт учирсан хохирлын үлдэгдэл болох 628.654.000 төгрөгөөр, шүүгдэгч А.Бын хувьд хохирогч Д.Ганзул, О.Түвшинтөгс нарт учирсан хохирлын үлдэгдэл 208.500.000 төгрөгөөр /8хх-153, 158/ тус тус тооцож хэргийг зүйлчлэх нь зүйтэй.

Шүүх Н.Б-гаас 628.654.000 төгрөг гаргуулж, нэр бүхий 6 хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б нь шүүгдэгч Н.Б-д хууртагдан эд хөрөнгөөрөө хохирсон боловч тэрээр Н.Бгийн хэлсний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод ирж хохирогч Д.Ганзул, О.Түвшинтөгс нартай уулзаж, өөрийгөө Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн уурхай хариуцсан инженер гэж танилцуулж, улмаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс Эрдэнэтийн ГОК-т нийлүүлдэг бараа материалын тоо ширхэгийг гаргаж өгдөг. /2хх-7/ … Би энэ ажлыг хийдэг гол хүн нь байна, харин Н.Б мөнгөний асуудлыг хариуцдаг, та мөнгөө алдана гэж айгаад хэрэггүй, би таны мөнгийг 100 хувь хариуцна, таньд одоо мөнгө бэлэн байгаа бол аваад явья… Н.Б хууль зүйн хэлтэст дарга хийдэг, ямар нэгэн эрсдэл байхгүй, ямар нэг асуудал гарвал Н.Б дарга шийдчихнэ… Манай найз Бат-Эрдэнэ гэх хүн Хөтөл рүү шилжиж байгаа. Тэр хүний орон зайг ашиглаад орох эрх байгаа…” /1хх-87/ гэх мэтээр худал хэлж, тэднийг төөрөгдөлд оруулсан ба хохирогч нарын шилжүүлсэн мөнгөнөөс Н.Б-гаар дамжуулан 90.000.000 төгрөг авсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд анхан шатны шүүх түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн ба шүүгдэгч А.Б-т оногдуулсан 3 жил хорих ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Д.Цагаадарь нарын гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэв.

Харин анхан шатны шүүх Н.Б-гийн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д шинээр хуульчлагдсан “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдсэн үйлдэлд хэрэглэж, хэргийг зүйлчилсэн нь буруу бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч Н.Б-гийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Ч.Нямсүрэн нарын гомдол үндэслэлтэй тул хүлээж авах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б, А.Б нарын үйлдсэн гэмт хэргийн бодит хохирлыг буруу тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ шүүгдэгч Н.Б-гийн үйлдлийг буруу зүйлчилсэн, түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн заалтыг тусгаагүй зэрэг алдаа гаргасныг зөвтгөн засч, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгохоор хуульчилсныг харгалзан шүүгдэгч Н.Б-г бусдыг хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч А.Б-ын урьд ял шийтгүүлсэн тухай мэдээллийг бүрэн бус тусгасан, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг бичихдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дарааллыг баримтлаагүй, харин давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ял шийтгэл оногдуулсан нь буруу биш гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн гаргасан хууль хэрэглээний алдааг зөвтгөхгүй орхигдуулснаас гадна шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, түүнийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол тус бүрийг няцаан үгүйсгэхдээ холбогдох нотлох баримтыг үнэлж, үндэслэл бүхий тайлбар хийхгүйгээр “гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон” гэж хэт хялбарчилсан, нэг загварын тогтосон дүгнэлт бичсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байгааг цаашид анхаарвал зохино.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Б-гийн өгсөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Даваадорж гэгчид дээрх бүх мөнгийг бэлнээр өгч байсан” гэх мэдүүлгийн дагуу Д.Даваадоржийг энэ хэрэгт сэжигтнээр тооцож шалгаад Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор /5хх-241/ түүнд холбогдох хэргийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч ... гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүйгээс гадна Д.Даваадоржийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Н.Б-гийн гаргасан “Хэргийн үнэн зөвийг тогтоолгүй, хэт нэг талыг баримталж, хохирогч гэх хүмүүсийн амаар тооцоо хийж, нотлох баримт, мэдүүлгийн зөрүүг гаргалгүй, бусад хүмүүсийн үйлдсэн үйлдлийг харгалзан үзэхгүйгээр яллаж байгааг эсэргүүцэж байна... Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх, мөн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан “Хохирогч нар нь шүүгдэгч Н.Б-д мөнгө буцааж өгөх тооцоо гарсаар байхад шүүх энэ талаар дүгнэлт хийж үзэлгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан” гэх, мөн өмгөөлөгч Ч.Нямсүрэнгийн гаргасан “Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагаа үндсэндээ хийгдээгүй. Шүүх хохирлын тооцоог буруу гаргасан. Н.Б нь дээрх мөнгийг Төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий нягтлангаар ажиллаж байсан Д.Даваадоржид өгч байсан... Н.Б нь хохирогч нараас авсан мөнгийг хүү болгон удаа дараа өсгөж өгч байсан нь нотлогдсон байхад шүүх анзаарч үзсэнгүй. Иймд Н.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б, А.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчилж, шүүгдэгч Н.Б, А.Б нарыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-д 9 жилийн /есөн жил/ хугацаагаар хорих ял” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Б-д 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 9 жилийн хорих ял” гэснийг “шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 7 жилийн хорих ял” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг, Ч.Нямсүрэн, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Д.Цагаандарь нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН