Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0174

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Г.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, гуравдагч этгээд Д.Ганбаярын өмгөөлөгч Б.Содболд нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сүхбаатарын Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 92 дугаар шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт доорх 3 үндэслэлээр намайг буруутгажээ.

... миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/57 дугаар захирамжаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.

Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албаны удирдах албан тушаалд зайлшгүй нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлан зохион байгуулдаг.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-д зааснаар төрийн жинхэнэ албаны менежерийн түвшин /нэгжийн дарга/-ийн удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, захиалгыг үндэслэн нээлттэй сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлөөс зохион байгуулж, дүгнэлт гарган томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлдэг.

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв комисс байгууллагуудаас ирүүлсэн сул орон тоог хууль тогтоомжийн дагуу гарсан эсэх, ажлын байранд тавигдах шаардлага, албан тушаалын ангилал, зэрэглэл нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа зэргийг нягтлан шалгасны дараа нийтэд мэдээлдэг гэж миний бие ойлгодог. Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягаар зарласан ажлын байранд Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтын дагуу төрийн албаны удирдах албан тушаалд 2016 оны 03 дугаар сард шалгалт өгч тэнцэн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Дархан-Уул аймгийн Засаг даргын Б\33 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүрэгт ажилд томилогдон ажилласан.

Сул орон тоог хууль тогтоомжийн дагуу гарсан эсэх, ажлын байранд тавигдах шаардлага, ажлын байрны тодорхойлолт албан тушаалын ангилал, зэрэглэл нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа зэргийг нягтлан шалгах нь Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэн эрхийн асуудал юм. Үнэхээр хууль журам зөрчигдсөн бол олон жил төрийн ажил, албан тушаал эрхэлж байсан хүмүүс холбогдох дарга нарт хэлж анхааруулж болох байсан. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс шүүхэд хүргүүлсэн нотлох баримтаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагын ерөнхий шаардлага болох мэргэжил гэсэн хэсэгт “эрх зүйч” гэж тодорхойлж, захиалагч аймгийн Засаг дарга өгсөн байсан.

Миний бие ажлын байрны тодорхойлолтыг дур мэдэн өөрөө хууль бусаар өөрчлөн засварласан зүйл байхгүй, засах эрх ч байхгүй. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д заасны дагуу аймаг, нийслэлийн Газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж томилох, чөлөөлөх эрх нь аймгийн Засаг даргад байдаг. Аймгийн Засаг дарга А.Энхболд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан нийтлэг бүрэн эрхийнхээ хүрээнд намайг ажилд томилсон.

Шүүх хуралдаанд энэ талаарх тайлбарыг удаа дараа хэлсэн боловч хүлээн аваагүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд нарын үгээр намайг өөрөө өөрчилж засварлан хууль бус зүйл хийсэн гэж буруутгасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллах хугацаандаа Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай тус газрын үйл ажиллагааг орон нутагт төлөөлөн ажиллах тухай үр дүнгийн гэрээ, Дархан-Уул аймгийн Засаг даргатай байгуулах үр дүнгийн гэрээг тус тус байгуулсан.

“Геоботаник” ХХК-тай хамтран газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүдийн нэг болох Дархан-Уул аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан.

Газрын харилцаа, хот төлөвлөлтийн чиглэлээр зайлшгүй хийгдэх ёстой ажлуудыг хууль тогтоомж холбогдох дүрэм, журмын дагуу хэрэгжүүлэх ажлуудыг зохион байгуулж Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж, аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээс удирдлага арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг авч, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэн аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, агентлаг, мэргэжлийн байгууллагуудыг ажлаараа мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээ, мэдээллээр бүрэн ханган харилцан саналаа солилцон ажилдаа тусган хэрэгжүүлж ажилласан.

2016 оны хагас жилээр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай байгуулсан тус газрын үйл ажиллагааг орон нутагт төлөөлөн ажиллах үр дүнгийн гэрээний биелэлтийг гэрээний 4.2-т заасан заалтын дагуу Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас дүгнэхэд Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар ажлын үзүүлэлтээрээ улсын хэмжээнд 3 дугаар байранд орсон амжилттайгаар ажилласан ба өмнөх 4-5 жилийн хугацаанд ажлын үзүүлэлтээр шалгарч байгаагүй.

Ажиллаж байх хугацаанд санхүү, хяналт шалгалтын мэргэжлийн байгууллагаас зөрчил дутагдал илрээгүй дээд шатны байгууллага, албан тушаалтнуудаас сахилгын ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй.

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд нь Монгол Улсын Ерөнхий сайд өөрийг нь батламжлан томилсон өдрөө буюу 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн гэж үзэн энэ өдөр гарсан Засаг дарга С.Насанбатын хэд хэдэн захирамжуудыг 2015 оны 10 дугаар сарын дундуур хүчингүй болгосон байдаг. Энэ нь 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбоотой асуудал. Эдгээр иргэд, хуулийн этгээд Засаг даргын захирамжийг үл зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандсан.

...Миний бие ажлаа хүлээн авснаас хойш 2 дугаар сараас эхлэн дээрх нэхэмжлэлүүдтэй холбоотойгоор захиргааны хэргийн шүүхээс нотлох баримтад үзлэг хийх, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилуулах гэх мэт асуудлаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандах болсон. Энэ талаар тухай бүрт Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга П.Энхбат нарт мэдэгдэн иргэдийг хохироохгүйн тулд ямар арга хэмжээ авах талаар ярилцдаг байсан. Засаг дарга “Нэгэнт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд шүүхэд хандсан бол ямар шийдвэр гарахыг харъя” гэсэн хариу өгсөн.

Хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэлийг шүүхээр шийдэрлэсэн байдлын судалгаа нь 2016 онд бус 2015 оны 10 дугаар сард буюу намайг ажилд ороогүй байх үед гарсан захирамжуудаар хүчингүй болсон дээрх 24 иргэн, хуулийн этгээдтэй холбоотой бөгөөд энэ тухай шүүх хуралдаанд хэлсэн. Иймд үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хохирсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Дархан-Уул аймгийн Аудитын газар 2015 оны 11 дүгээр сард Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2012-2015 оны газар, газрын харилцааны үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Ингээд аймгийн Аудитын газар 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/91 тоот албан шаардлагаар 69 хуулийн этгээд, 100 иргэнд холбогдох газрын дуудлага худалдааны үнэ 8.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулах, холбогдох мэргэжилтнүүдэд арга хэмжээ авахыг шаардсан. 2016 онд намайг газрын даргаар ажиллаж байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжуудад Аудитын газрын албан шаардлагад орсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын нэрс байгаа.

Аймгийн Засаг дарга А.Энхболд, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга П.Энхбат, аймгийн Аудитын газрын дарга С.Чинзориг нарт албан шаардлагын биелэлт, авч байгаа арга хэмжээний талаар байнга мэдээлж байсан. Мөн аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан эрхийнхээ хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжууд гаргаж байсан.

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дэргэдэх 7 хүний бүрэлдэхүүнтэй Газрын эрх зүйн асуудлыг хянан шийдвэрлэх комисс нь тус газарт ирүүлсэн иргэдийн газрын харилцаатай холбоотой өргөдлүүдийг авч хэлэлцэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу Засаг даргын захирамжийн төслийг Газрын удирдлагын хэлтсийн дарга Ю.Ариунболд, мэргэжилтэн Ц.Чулуунцэцэг, Г.Нямдорж нар боловсруулан Аймгийн Засаг дарга А.Энхболд, Хууль зүйн хэлтсийн дарга П.Энхбат нарт хүргүүлдэг байсан. Засаг даргын захирамжийн төслийг Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга П.Энхбат хянаж, Засаг даргад танилцуулдаг. Бид зохих тайлбаруудыг өгдөг байсан. Захирамж гарахад өргөдөл өгсөн иргэдийн нэрс хасагддаг, хойшлогддог, Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт өргөдөл ирүүлсэн иргэдийн нэрс нэмэгддэг байсан.

...Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга П.Энхбат нь хэлтсийнхээ стратеги зорилт, үндсэн үйл ажиллагаа, чиг үүргийнхээ дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нэгж талбарын хувийн хэргийг татаж авсан гэж би үздэг. Хууль зүйн хэлтсийн дарга П.Энхбат Засаг даргын захирамжуудыг хянаж шалгаж байх явцад өмнөх Засаг даргын зарим нэг захирамжууд хоёр янз гарсан тохиолдол олон удаа гарсан байсан. Хууль зүйн хэлтсийн дарга нэгж талбарын хувийн хэргийг татаж үзэх бүрэн эрхтэй. Мөн тухайн үед Дархан-Уул аймгийн Аудитын газраас гарсан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан хаагчид Хууль зүйн хэлтсийн даргад уламжилж байсан тул албан шаардлагад дурдагдсан иргэн, хуулийн этгээдийн нэгж талбаруудын хувийн хэргийг татаж авчруулах үүрэг өгсний дагуу архив, албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу товъёоглон Газрын удирдлагын хэлтсийн дарга, архив бичиг хэргийн эрхлэгч 2 Хууль зүйн хэлтэст хүргэж байсан.

Архив бичиг хэргийн эрхлэгч Ө.Мягмарсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбарт намайг өөрөө гардан 132 нэгж талбарын хувийн хэргийг бөөнөөр нь удаа дараа гаргасан гэсэн үг өгүүлбэр байхгүй байхад “Нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 01, 04 дүгээр сард удаа дараагаар 132 иргэн, хуулийн этгээдийн нэгж талбарын хувийн хэргийг байгууллагын архиваас бөөнөөр гаргуулан аймгийн Засаг дарга болон Хууль зүйн хэлтсийн даргад хүргүүлж 1 cap гаруй хугацааны дараа очиж хувийн хэргийг буцаан авчруулж архивт хийсэн болох нь архив бичиг хэргийн эрхлэгч Ө.Мягмарсүрэнгийн тайлбар болон хувийн хэргийн жагсаалтуудаар нотлогдож байна” гэж намайг буруутгасан.

Хууль зүйн хэлтсийн дарга нэгж талбарын хувийн хэргийг татаж үзэх эрх бүхий албан тушаалтан. Харин Ө.Мягмарсүрэн нь ажил үүргийн хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу нэгж талбарын хувийн хэргийн хүлээлгэн өгч хүлээн авч байх төрийн үйлчилгээний ажилтан. Газрын удирдлагын хэлтсийн дарга Ю.Ариунболд, архив бичиг хэргийн эрхлэгч Ө.Мягмарсүрэн нар нь эрх бүхий албан тушаалтанд материалыг хүлээлгэн өгөх үүрэгтэй төрийн албан хаагчид. Миний бие улсад 22 жил ажиллаж байгаагаас 17 жилийг нь удирдах албан тушаалд ажиллаж байсан тул байгууллагын нууцыг задруулах өөр зорилгоор ашиглах ямар ч санаа зорилго агуулж байгаагүй хууль тогтоомжид зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйг сахин ажилладаг байсан.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 32 дугаар тогтоол, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тогтоол, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2016 оны A/175, A/237, А/246 дугаар захирамжуудыг биелүүлж ажилласан.

Газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүдийг дарамталсан, шахалт үзүүлсэн асуудал огт байхгүй. Хөгжлийн бодлогын хэлтэс болон аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ирүүлсэн өргөдөл, хүсэлтүүдийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт шилжүүлдэг байсан ба тухай бүрт нь бичиг хэргийн эрхлэгч бүртгэлжүүлж, ажил үүргийн хуваарийн дагуу мэргэжилтэн Б.Баярмаа, Ц.Чулуунцэцэг, Г.Нямдорж, н.Базарсад нарт хуваарилдаг байсан. Эдгээр мэргэжилтнүүд гэрээний бичилт хийх, гэрчилгээний үнийг төлүүлэх асуудлыг гардан гүйцэтгэж тайланг няравт тушаадаг. Мэргэжилтнүүд гэрчилгээг цахимаар шивэн мэдээллийн санд оруулсны дараа газрын даргаар гарын үсэг зуруулж тамгалуулахдаа нэгж талбарын хувийн хэргийг газрын даргад танилцуулдаг журмыг 8 сарын хугацаанд мөрдүүлэн хэрэгжүүлж ажилласан.

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудад хэрэгжиж байгаа Ланд менежер программ нь иргэн, хуулийн этгээдийн холбогдох бичиг баримт регистрийн дугаар байхгүй бол шивэлт хийж болдоггүй, хүлээн авдаггүй онцлогтой. Засаг даргын захирамж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ирсний дараа бүртгэлд орж газрын даргаар цохогдон баг хариуцсан мэргэжилтнүүдэд хуваарилагдсаны дараа мэргэжилтнүүд иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдэгдэж кадастрын зураг хийгдэж гэрээ хийж гэрчилгээг бичиж нэгж талбарын хувийн хэргийн хамт газрын даргад танилцуулагдсаны дараа гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг даргын гарын үсэг байгууллагын тамга тэмдгээр баталгааждаг.

...Өргөдөл хүсэлтийг бүртгэх бүртгэлийн дэвтрээр гэрчилгээний үнийг зарим нь төлөөгүй, хувийн хэрэгт бүрдүүлэх материалууд нь дутуу байхад гэрээ, гэрчилгээг бөөнөөр бичиж олгосон байдал огт харагдахгүй бөгөөд зөвхөн иргэд, хуулийн этгээдийн өргөдөл хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн хэн гэдэг мэргэжилтэнд хуваарилагдсан нь харагдана. Харин энэ бүгд нярав Д.Ууганбаярын тайлан, мэргэжилтэн Ц.Чулуунцэцэг, Б.Баярмаа, Г.Нямдорж нарын бүртгэлийн дэвтрээс харагдана. Гэрчүүдийн мэдүүлгийн хувьд үнэмшил муутай, хэн нэгний шахалтаар мэдүүлэг өгсөн байдал ажиглагдаж байгаа. Шүүх хуралдаанд нэг ч гэрчийг оролцуулаагүй. Хэрэв оролцуулсан бол хэн нь худал, хэн нь үнэн мэдүүлж байгаа нь тодорхой болох байсан.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө бүрдүүлэх ёстой бичиг баримтууд бөгөөд хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасах ёстой. Энэ бол архив бичиг хэргийн эрхлэгч Ө.Мягмарсүрэн хариуцан хийх ажил юм. Газрын харилцаа, геодези, зураг зүйн даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасан үйл ажиллагаануудыг ажил үүргийн хуваарийн дагуу мэргэжилтэн Ц.Чулуунцэцэг, Б.Баярмаа, Г.Нямдорж нар хийж гүйцэтгэдэг. Олон жил ажилласан мэргэшсэн төрийн албан хаагчийн хувьд өөрсдөө үүрэгт ажлаа сайн хийж гүйцэтгээгүй, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлээгүйн төлөө эдгээр хүмүүстэй хариуцлага тооцох ёстой байсан болов уу.

...Төрийн албаны тухай хуулийг зөрчиж хууль бусаар, үндэслэлгүйгээр 2 мэргэжилтэнг халаагүй бөгөөд А.Нармандах, Д.Ганбаяр нар нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.7, 15 дугаар зүйлийн 15.1.7, 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, 17.5 дахь заалтуудыг зөрчсөн сахилгын шийтгэлтэй, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас сул орон тооны захиалга өгөөгүй байхад өөр салбарын мэргэжилд төрийн албан хаагчийн сонгон шалгуурлалтын шалгалт өгсөн нэрээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ажиллаж байсан, иргэд, албан хаагчидтай ёс зүйгүй харьцдаг, дарамталдаг, аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтад хууль бусаар албан тушаалаа ашиглан Газрын эрх зүйн асуудлыг хянан шийдвэрлэх комиссын хурлаар хэлэлцүүлээгүй иргэд, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхээр нэрсийг нь оруулдаг, байгууллагын бичиг хэрэг, иргэд, хуулийн этгээдийн нэгж талбарын хувийн хэргийг хуулбарлан авч хувийн зорилгодоо ашигладаг зэрэг ноцтой зөрчил гаргасан тул хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн. Ялангуяа А.Нармандах нэгж талбарын хувийн хэргийг хувилан авч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд болон зарим хүмүүсийг дарамталдаг байсан.

...Шүүх хуралдаан болон нотлох баримт цуглуулах зэрэг үйл ажиллагаа нь Засаг даргын шийдвэрийг бүхэлд нь хамгаалсан компанит ажил болон зохион байгуулагдсан. Шүүх хуралдаанд шинээр гаргасан нотлох баримтаар эмнэлгийн магадлагаа, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажил хүлээлцэх ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очиж ажил хүлээлцэх үеийн аудио бичлэг зэргийг хүлээлгэн өгсөөр байтал нотлох баримтаар шинжлэн хэлэлцээгүй атлаа Засаг дарга болон түүний туслах нарын зөвхөн өөрсдөө бичсэн, танилцуулсан ямарваа нэгэн тэмдэглэл, гарын үсэггүй сонсох ажиллагааны тэмдэглэл, гэрчээр асуусан хүмүүсийн мэдүүлэг зэргийг нотлох баримт болгон асуудлыг шийдвэрлэсэн. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нь газрын гэрчилгээ бичдэг, нэгж талбарын хувийн хэрэгт материалыг бүрдүүлдэг, гэрчилгээний үнийг төлүүлдэг субъект биш байтал буруутгасан.

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримтуудыг хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс гаргасан “Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гарган өгсөн нотлох баримт гэж үзэхгүй" гэсэн шалтгаан тайлбарыг сонсон хэлэлцүүлээгүй.

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгсөн нэг нотлох баримт нь миний бие 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 15-ны хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн магадлагаа байсан ба архи уух нь байтугай орноос ч босож чадахгүй хэвтэрт байсан. Надаас энэ ажлыг авахын тулд олон зүйлээр гүтгэж, надаас ямар ч тайлбар авалгүйгээр хянадаг шалгадаг, мэргэжилтнүүдийг хүртэл шахан дарамтлан мэдүүлэг өгүүлж, архичин хүртэл болгон доромжилж, 2016 ны 08 дугаар сарын 05-ны өдрийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хурлын тэмдэглэл гэгчийг зохиож шүүхэд нотлох баримтаар өглөө.

Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалантай 2016 оны 07 дугаар сарын 26-ноос 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 удаа уулзсан. 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Засаг даргад ажлаа танилцуулахаасаа өмнө өрөөнд нь ороход “Хуралтай байна, дараа уулзъя” гээд намайг өрөөнөөсөө хөөх шахам гаргасан. 2 дахь нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ажил хүлээлцэх ажлын хэсгийн ахлагчаар ирсэн явдал. С.Баясгалан бол намайг архи хэрэглэдэггүй гэдгийг сайн мэдэх хүний нэг юм.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрчүүдийн мэдүүлэг, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хурлын тэмдэглэл зэргийг харьцуулж үзвэл хэдхэн өгүүлбэрийг давтсан байгаа.

Гэрч С.Баясгалангийн “Газрын албаны дарга ажилдаа ирдэггүй, архи уудаг гэсэн гомдол иргэдээс удаа дараа ирдэг байсан ба энэ талаар тодруулахаар Г.Сүхбаатар даргыг удаа дараа дуудахад нэг бол утсаа авдаггүй, эмнэлэгт хэвтэж байна, амралтанд амарч байна гэж шалтаглан ирээгүй, 2016 оны 08 дугаар сарын 06-нд ажил дээр нь очиж уулзахад ажил дээрээ халамцуу байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Мягмарсүрэнгийн “С.Баясгалан дарга манай албаны даргатай уулзах гэж 2-3 удаа ирсэн, мөн 08 дугаар сарын 05-06-ны үеэр Г.Сүхбаатар даргад ажлаа өгөөрэй гэж хэлээд явсан” гэсэн мэдүүлэг, 2016 ны 08 дугаар сарын 05-ны өдрийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын хурлын тэмдэглэл зэрэг дээр бичигдээд байгаа үгнүүд нь 2016 оны 08 сарын 15-ны өдөр ажил хүлээлцэх ажлын хэсгийн хурал дээр яригдсан.

Ажил хүлээлцэхэд С.Баясгалан гэрчийн мэдүүлэгт хэлсэн энэ хэдэн үгнүүдээ надад хэлж байсан. Би Засаг дарга С.Насанбаттай 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бус 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр уулзсан. Засаг дарга бид хоёрыг уулзахад хэн цуг ч байгаагүй. Намайг өрөөнөөс нь гарч явахад Засаг даргын туслах гаднаас орж ирж байсан. Би ажлаа өгнөө. За гэж хэлээгүй. Газрын харилцаа, хот байгуулалтын газрын хурлын тэмдэглэл гэдэг зүйлийн талаар яриад байх зүйл алга. Хэрэв сонсох ажиллагааны талаарх тэмдэглэл хөтлөөд “Би ажлаа өгнөө. За гэсэн бол ядаж танилцаж гарын үсгээ зурж албажуулах байсан байх. Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээр урьд нь төрийн албан хаагчийг хүссэн, хүсээгүй халдаг байсан. Одоо энэ хууль хүмүүст юмаа хийхэд нь гох дэгээ болоод байгаа тул иймэрхүү башир арга хэрэглэж байна.

Г.Сүхбаатар миний бие Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлж, төрийн албаны болон төрийн албан хаагчийг ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэн, албан үүргээ гүйцэтгэж байхдаа төрийн байгуулага хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалж төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлж ажилласан. Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ажилтан, албан хаагчдыг үнэнч шударга, нээлттэй, ил тод, хариуцлагатай, багаар ажиллах бүрэн чадвартай, төрийн албаны болон төрийн албан хаагчийг ёс зүйн хэм хэмжээг сахин хамгаалж, биелүүлэн ажиллуулахын төлөө, элдэв нэр хочноос нь салгахын төлөө ажилласан.

Шүүх хуралдааны төгсгөлд зөвхөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг уншин сонсгож, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх заалтыг зөрчсөн

Шүүх хуралдааны хурлын тэмдэглэлтэй танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй

Хавтаст хэрэгт байгаа захиргааны хэргийн шүүхэд хариуцагчийн гаргаж өгсөн тайлбарын cap, өдөр (2016.10.17), нэхэмжлэгч миний гардан авсан хариуцагчийн тайлбарын cap, өдөр (2016.09.17) гэж зөрүүтэй байсан. Учрыг лавлахад “он, сарыг нь солиод биччихсэн юм байлгүй. Нэг их ач холбогдолгүй” гэсэн тайлбарыг өгсөн. Миний бие болон итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч тайлбараа гаргаж өгсөн эсэх талаар удаа дараа асууж байсан ба 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч тайлбараа өгсөн гэхээр очиж нэг хувийг авсан. Иймд тодорхой шалтгааны улмаас хариуцагчаас засварласан, зассан тайлбарыг ахин гаргуулж авсан гэж үзэж байна.

Гэрчүүдийг асуухдаа нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид албан ёсоор мэдэгдээгүй атлаа “19 дүгээр байрны 22 тоотод өглөө 09.00 цагт мэдэгдэхээр очиход хаалгаа тайлж өгөөгүй” гэсэн бичгийг хавтаст хэрэгт хавсаргасан байсан. Шүүгчийн туслах үргэлж надтай, итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй утсаар холбогддог байсан. Энэ удаа тийм арга хэмжээг аваагүй.

Гэрчүүдийг мэдүүлэг өгүүлэхдээ гуравдагч этгээдийн илт оролцоотойгоор захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албаны машинаар бөөнөөр нь тээвэрлэн аваачсан

Гэрчүүдийг шүүх хуралдаанд бодлогоор оролцуулаагүй.

Нэгж талбарын хувийн хэргийг хэрхэн бүрдүүлдэг, гэрчилгээний үнэ хаана тушаадаг, ямар ажилтан хүлээн авдаг талаар мэдлэггүй, үзлэг хийж нотлох баримт цуглуулахдаа бүрэн дүүрэн судлаагүй, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, ажилтан албан хаагчдын ажил үүргийн хуваарь, тэдгээрийн ажлын байрны зорилго, зорилтыг огт ойлгоогүй, зөвхөн нэг талыг баримтлан бусдын үгээр хариуцагчийн шаардлагад хэт автан шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрийн үндэслэлүүд дээр илт харагдаж байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг зөрчсөн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.Сүхбаатарыг Газрын тухай хуулийн 33.1.2, 33.4 дэх заалт, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг зөрчин 68 иргэн, 12 аж ахуйн нэгжид сонгон шалгаруулалтгүй 149.158 га газар эзэмшүүлсэн нь холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр батлан гаргасан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын “Ажлын байрны тодорхойлолт”-ын тавигдах шаардлагын 1.1-д заасан ерөнхий шаардлагыг хангаагүй хууль бусаар өөрчлөн засварласан, ажлын байрны зорилго, зорилтыг хангалтгүй биелүүлсэн, аймгийн Засаг даргад хариуцсан ажлаараа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж чадаагүйн улмаас хууль бус шийдвэрүүд гарснаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмших, өмчлөх эрх нь зөрчигдсөн, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албаны 2 төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийг зөрчин хууль бусаар, үндэслэлгүйгээр ажлаас халсны улмаас төсөвт тусгагдаагүй 5.8 сая төгрөгийн зардал гарган байгууллагад хохирол учруулсан үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанд 1 жилийн хугацаатай эргэж орох эрхгүйгээр халсан байна.

Нэхэмжлэгч Г.Сүхбаатар “...2016 оны үр дүнгийн гэрээгээр ажлаа хангалттай сайн үнэлүүлж, улмаар Дархан-Уул аймгийн Газрын алба улсын хэмжээнд гуравдугаар байр эзэлсэн. Намайг ажлаас шууд халах үндэслэл Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 байх ёстой байтал тушаалд огт заагаагүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан үндэслэл бүрдээгүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан” гэж марган, дээрх 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1. “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалт, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг зөрчин 68 иргэн, 12 аж ахуйн нэгжид сонгон шалгаруулалтгүй 149.158 га газар эзэмшүүлсэн” гэх зөрчлийн тухайд:

Дархан-уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 32, 46 дугаар тогтоолуудаар аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тодотгон баталсан байх бөгөөд аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/86 дугаар захирамжаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах”-аар шийдвэрлэж, газар эзэмших дуудлага худалдааг зохион байгуулсан нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 32, мөн оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тогтоолууд, аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/86, А/141 дүгээр захирамжууд, газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зохион байгуулсан тухай тайлан, хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 21 дүгээр зүйлийн 21.3-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д аймгийн Газрын алба тус тус газрын харилцааны талаар ямар эрх хэрэгжүүлэх талаар тодорхойлон зохицуулсан байх бөгөөд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хуулийн дээрх зохицуулалтуудаар нэхэмжлэгчид олгогдоогүй байх тул нэхэмжлэгч Г.Сүхбаатарыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, аймгийн Засаг даргын шийдвэрээр 68 иргэн, 12 аж ахуйн нэгжид 149.148 га газар сонгон шалгаруулалтгүй эзэмшүүлсэн гэж буруутгах үндэслэлгүй.

2. Хариуцагчаас 2016 оны 01, 04 дүгээр сард 132 иргэн, хуулийн этгээдийн нэгж талбарын хувийн хэргийг байгууллагын архиваас бөөнөөр гаргуулж, 1 сар гаруй хугацааны дараа архивт хийсэн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д заасан албан үүргээ гүйцэтгэж байхдаа ...төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.3-д ...нууцтай албан үүргийн дагуу танилцсан албан тушаалтан уг нууцыг задруулах өөр зорилгоор ашиглахыг хориглох бөгөөд ажилтан бүх нууц хадгалалт хамгаалалтыг хууль тогтоомжид зааснаар сахиж ажиллах, мөн аймгийн Засаг даргын 2016 оны А/175, А/237, А/246 дугаар захирамжуудыг гарсан өдөр нь иргэд газар хүсэх тухай өргөдлөө аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргаж, дээрх шийдвэрүүдийг үндэслэн гэрчилгээний үнийг зарим нь төлөөгүй, хувийн хэрэгт бүрдүүлэх материалууд нь дутуу байхад гэрээ, гэрчилгээг бөөнөөр нь бичиж олгосон нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад ...гаргах заалт, Газрын харилцаа, геодези, зураг зүйн даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д заасантай нийцээгүй гэсэн тайлбарыг гаргадаг. Гэвч маргаан бүхий акт энэ үндэслэлээр гараагүй байх тул хариуцагчийн энэ тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

3. “Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр баталсан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын “Ажлын байрны тодорхойлолт”-ын тавигдах шаардлагын 1.1-д заасан ерөнхий шаардлагыг хангаагүй, хууль бусаар өөрчлөн засварласан” гэх зөрчлийн тухайд:

Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас нотлох баримтаар ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтонд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад тавигдах шаардлага нь газар зохион байгуулагч инженер, барилгын инженер мэргэжилтэй байхаар тодорхойлсноос үзэхэд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь газар зохион байгуулагч инженер, барилгын инженер мэргэжилтэй байхыг шаардсан байхад өөр мэргэжилтэй хүнийг томилсон нь хууль бус гэж анхан шатны шүүх үзжээ.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасан бөгөөд Төрийн албаны зөвлөл болон Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нотлох баримтаар ирүүлсэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагын ерөнхий шаардлага болох мэргэжил хэсэгт “эрх зүйч”, мэргэшилд “удирдахуйн ухаанаар мэргэшсэн байх”, туршлага хэсэгт “Төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан байх” гэж тодорхойлж, захиалагч байгууллагаас захиалга өгсөн болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Г.Сүхбаатарын тухайд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/57 дугаар захирамжаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дээрх ажлын байрны сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад орж, улмаар Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 14 дүгээр тогтоолоор Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгдэж, уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсний дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/33 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэгт ажилд томилогдон ажилласан байна.

            Ийнхүү нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зарласан ажлын байрны тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцэн уг ажил, албан тушаалд томилогдсон байх тул энэ үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг буруутгаж, сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.

4. “Ажлын байрны зорилго, зорилтыг хангалтгүй биелүүлсэн, аймгийн Засаг даргад хариуцсан ажлаараа мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж чадаагүйн улмаас хууль бус шийдвэрүүд гарч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмших, өмчлөх эрх зөрчигдсөн” гэх зөрчлийн тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заажээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлын байрны зорилго, зорилтыг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээ аймгийн Засаг даргад хариуцсан ажлаараа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж чадаагүйн улмаас хууль бус шийдвэрүүд гарсан гэж маргаж, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Энхболдын гаргасан газартай холбоотой захирамжуудын шүүхээр шийдвэрлэгдсэн байдлын судалгааг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажлын байрны зорилго хэсэгт “Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэмжил, зураг зүй, суурь судалгаанд суурилсан газар ашиглалтын төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт, олон зориулалт кадастр, орон зайн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, тогтвортой хөгжилд газрын салбарын гүйцэтгэх үүрийг чиглүүлэх, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, иргэд, байгууллага, төрийн байгууллагад бодит агшны мэдээлэл, үйлчилгээг нийлүүлэх...”, “...хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжүүлэх арга зүйн удирдлага зөвлөгөөгөөр хангах...” гэж, мөн нэгдүгээр үндсэн зорилтод “хариуцсан асуудлаараа Засаг даргад мэргэжлийн зөвлөгөө өгч, мэдээллээр хангах”, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 7.1-д “Аймаг...-ын газрын даамал нь тухайн шатны Засаг даргын шийдвэрийн төслийг...боловсруулна” гэж тус тус зохицуулжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Г.Сүхбаатар нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэгт ажилд томилогдон ажилласан байхад энэхүү газартай холбоотой гарсан бүх шийдвэрийг зөвхөн нэхэмжлэгчид хамааруулж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн Засаг даргын газрын асуудал шийдвэрлэсэн захирамжуудын шүүхээр шийдвэрлэгдэж, өөрчлөгдсөн, хүчингүй болсон  шалтгааныг нэхэмжлэгчтэй холбож тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүх “24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлэсэн байдлын судалгаа нь 2016 онд бус 2015 оны 10 дугаар сард буюу намайг ажилд ороогүй байх үед гарсан захирамжтай холбоотой” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг анхаараагүй байна.

5. “Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийг зөрчин хууль бусаар, үндэслэлгүйгээр ажлаас халсны улмаас төсөвт тусгагдаагүй 5,8 сая төгрөгийн зардал гарган байгууллагад хохирол учруулсан” гэх зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгч Г.Сүхбаатар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар тус газрын кадастрын мэргэжилтэн Д.Ганбаярыг ажлаас чөлөөлж,  түүнийг шүүхийн шийдвэрээр үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2.228.520 төгрөгийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар газар зохион байгуулагч, инженер А.Нармандах нь ажлаас чөлөөлөгдөж, улмаар эвлэрлийн гэрээний дагуу албан тушаалдаа эгүүлэн тогтоолгохгүйгээр ажилгүй байсан хугацааны цалингаа авах талуудын эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэрүүд гарчээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын агуулгаас үзэхэд эдгээр албан хаагчдын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шүүх гаргуулахаар шийдвэрлэснийг Г.Сүхбаатар хууль бус тушаал гаргасны улмаас байгууллагад хохирол учруулсан зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/259 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Г.Сүхбаатарт 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралт олгосон байхад Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/298 дүгээр захирамжаар түүнд ээлжийн амралт олгосон дээрх захирамжийг хүчингүй болгож, улмаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар захирамжаар төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасантай нийцээгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн төрийн алба эрхлэх эрхийг зөрчсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална” 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх Г.Сүхбаатарыг төрийн албанаас халах үндэслэл болсон “68 иргэн, 12 аж ахуйн нэгжид сонгон шалгаруулалтгүй 149.158 га газар эзэмшүүлсэн, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр баталсан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын “Ажлын байрны тодорхойлолт”-ын тавигдах шаардлагын 1.1-д заасан ерөнхий шаардлагыг хангаагүй хууль бусаар өөрчлөн засварласан, ажлын байрны зорилго, зорилтыг хангалтгүй биелүүлсэн, аймгийн Засаг даргад хариуцсан ажлаараа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж чадаагүйн улмаас хууль бус шийдвэрүүд гарснаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмших, өмчлөх эрх нь зөрчигдсөн, 2 төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийг зөрчин хууль бусаар, үндэслэлгүйгээр ажлаас халсны улмаас төсөвт тусгагдаагүй 5.8 сая төгрөгийн хохирол байгууллагад учруулсан” нөхцөл байдалд Г.Сүхбаатарыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байхад “дээрх бүх зөрчлийг Г.Сүхбаатар гаргасан” үйл баримт тогтоогдсон гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасантай нийцэхгүй байна гэж үзэв.

Иймд маргаан бүхий акт болох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Сүхбаатарыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн болон нэмэгдэл цалинг 1.166.685 төгрөгөөр тооцож[1], ажлаас чөлөөлсөн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх нийт ажлын 84 хоногийн цалин хөлстэй тэнцэх 4.558.211 төгрөгийн /1.166.685:21,5 хоног=54.264 х ажлын 84 хоног=4.558.211/ олговрыг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Дээрх байдалд үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Сүхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Сүхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Сүхбаатарыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Сүхбаатарт 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4558211 төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгасугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сүхбаатараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, түүнд буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                    ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

            ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар тал