Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/720

 

 

 

 

 

  

 

 

 2024          09           12                                    2024/ШЦТ/720

 

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,

улсын яллагч Г.Түвшинбаяр,  

хохирогч Ж.Э,

шүүгдэгч Л.О-,

гэрч О.М - нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос У овогт Л-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** хотхоны *** тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн ** оны 4 дүгээр сарын **-ны өдрийн *** дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 10.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, У овогт Л-н О /Регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Л.О- 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М” караокед Ж.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Л.О-ын өгсөн “...Би камерын бичлэг устгаагүй, цагдаа ирээд камерын бичлэгийг хуулж аваад явсан. Би хохирогчийн бугалганаас нь татаж унагаагаад шалан дээр чирээгүй, Ж.Э өөр санаа зорилготой буюу надаас мөнгө авах сэдэлээр цагдаад хандсан гэж бодож байна. Би энэ асуудлыг хурдан шийдүүлэх зорилготой байсан учраас өмгөөлөгч аваагүй,  өнөөдөр өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцож байна. Камерын бичлэгээс үзвэл би энэ хүнийг зодоогүй, харин гарахгүй гээд байхаар нь цамцнаас татаад гаргах гэтэл өөрөө газар сууж байгаа харагддаг. Та миний хүүг элдвээр доромжилсон байсан гэж хэлээд таньтай байгуулсан түрээсийн гэрээ өнөөдөр дууссан байна, сунгах уу сунгахгүй юу гэж асуусан. Бид хоёр хэсэг ярилцаад, энэ хүнтэй муудалцаад намайг элдэвээр доромжилсон тул түүнээс гарахыг шаардсан. Хохирогч гарахгүй суугаад байсан тул цамцнаас нь татаад босгох гэтэл хохирогч гарахгүй гээд өөрөө газар суусан. Би хэрвээ түүнийг доош суухад түшээд суулгаагүй байсан бол тэрээр өнөөдөр илүү хүнд бэртэл авах боломжтой байсан. Би өөрийгөө буруу үйлдэл хийсэн гэж үзэхгүй байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...” гэх мэдүүлэг, 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Э-ын өгсөн “...2024 оны 4 сарын 24-ний өдөр шүүгдэгчийн хүү болох А над руу залгаад түрээсийн мөнгөө авах талаар ярьсан. Одоо 1 сая гаруй төгрөг байна, энэ мөнгөө өгөөд үлдэгдэл мөнгийг удахгүй өгье гэж хэлэхэд шүүгдэгчийн хүү үгүй ээ түрээсийн бүх төлбөрийг бүтнээр нь авна, өгөхгүй бол эндээс гар гэж над руу дайрсан. Удалгүй шүүгдэгч ирсэн. Шүүгдэгч ирэхэд нь би үнэн учраа хэлэхэд тийм зүйл байхгүй би хайрыгаа аваад ирлээ чи нөхрөө дууд халз үзье гэж хэлсэн. Би шүүгдэгчид одоо байгаа мөнгөө өгье гэж хэлэхэд үгүй, эндээс гар гэж хэлээд текнээс татаж буулгасан. Тэгвэл барьцаагаа авмаар байна гэж хэлээд би доошоо газар суусан. Гэтэл намайг цохиж унагаагаад хана мөргүүлээд, үснээс зулгааж газар чирээд цээжин дээр хоёр гурав гишгээд чамайг би янаглаж ална гэж хэлээд цохиж зодсон. Надад үнэхээр их гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.М-н өгсөн “...Ж.Э эгч бид хоёр хамт караоке ажиллуулдаг юм. 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Э эгч намайг дуудахаар нь би 6 цаг 20 минутын үед явж очсон. Би голын сандал дээр, харин Э эгч захын сандал дээр сууж байсан. 6 цаг 40 минутад О нэг эмэгтэйтэй хамт орж ирсэн. Э эгч түрээсээ хэрхэн өгөх талаараа хэлэхэд тийм зүйл байхгүй гээд эгчийг цамцнаас нь татаж унагаасан. Э эгч та нар ингэж болохгүй шүү дээ гээд орилоод газар суухад О зодож эхэлсэн. Би эгчид туслах гээд очих гэтэл О-н хүү А миний гараас барьж зогсоод явуулахгүй байсан. Би ахаа битгий зодооч гэж хэлэхэд намайг барьж аваад хоолойноос боож нүүр рүү 2 удаа алгадсан. Тэр караоке нийт 7 ширхэг камертай ба караокены бүх хэсэг харагдах боломжтой. Тухайн үед 2 хүн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. О Э эгчийг текнээс татаж унагасны дараа хана мөргүүлээд шалаар чирээд гулдчиж цээжин дээр нь гишгэж зодсон. Тухайн маргаан оройны 6 цаг 40 минутаас эхлээд 21 цаг хүртэл үргэлжилсэн. Би эгчдээ туслахаар очих гэхэд шүүгдэгчийн хүү Анар миний хоолойг боогоод караокены үүд хэсэгт обой аваад обойгоор хэд хэдэн удаа цохьсон...” гэх мэдүүлэг,

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Э-ын хохирогчоор өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “М” караокены зохион байгуулагч А 4 дүгээр сарын түрээсийн мөнгө 2.200.000 төгрөгөө авъя гэж надаас нэхэхэд одоогоор 1.000.000 төгрөг өгөөд үлдсэн 1.200.000 төгрөгийг удахгүй өгнө гэхэд А намайг хэл үгээр доромжилж түрээсийн мөнгийг өгөхгүй байна гэж О руу залгаж яриад түүнийг дуудсан. Удалгүй гаднаас 20 цагийн үед Анарын аав О орж ирээд надтай хэрүүл хийж намайг доромжлоод миний хэлсэн тайлбарыг сонсохгүй байсан. Би “Марс” караокены үүдний текний хойно зогсож байтал надтай хэрүүл маргаан хийж байгаад О миний 2 гарны бугалганаас татаж унагаад намайг чирж гаргаж ирээд хананд шахсан. О- намайг ханатай хавсарч түлхээд толгой 2 удаа мөргүүлсэн. Надад О-аас өөр хүн гар хүрээгүй, намайг О- зодсон. О- миний баруун гар руу 2 удаа гараараа цохьсон. Мөн миний 2 гараас татаж чирээд байсан, би болиоч гэж  орилсон. Удалгүй О- үйлдлээ зогсоож больсон. Дахиж бид 2 хэрэлдэж эхлэхэд миний 2 хөлөөс татаж унагааж хөлөөс чирж байхдаа хар хадагтай 50,000 төгрөгтэй нар харуулахгүй гээд нүд нь улаанаараа эргэсэн байдалтай орилж байсан. “М” караокены үүдний хяналтын камераас гадна өөр өрөөнүүдэд хяналтын камер байдаг. Намайг үүдний хэсэгт зодсон, өөр өрөөнд дагуулж орж зодоогүй тухайн үед хяналтын камераас богино хэмжээний бичлэг нь намайг чирж унагаж байсан үеийн бичлэг. О- намайг 30 минут орчим унагаж, босгож, чирсэн, миний толгойг дух хэсгээр 2 удаа хана мөргүүлсэн. Миний 2 гараас татаж чирж байхад миний гар хөхөрч улайсан байсан... Би сэтгэл санааны хохирол гаргуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.М-н гэрчээр өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гадуур явж байхад манай эгч Э миний гар утасны дугаар руу 18 цагийн үед залгаад Баянгол дүүргийн *** дүгээр хороонд байрлах “М” караокены зохион байгуулагч Анар намайг доромжлоод хөөгөөд байна, чи хүрээд ирээч гэхэд би 19 цагийн үед “М” караокед ирсэн. А-с юу болсон талаар асуусан чинь гэрээний дагуу 2.200.000 төгрөгийг өг гэхэд манай эгчид боломжтой 1.000.000 төгрөг байна, удахгүй үлдэгдэл 1.200.000 өгье гэхэд намайг хэл үгээр доромжлоод байсан удалгүй 20 цагийн үед гаднаас О- гэх залуу орж ирээд зайл гуйлагчидаа гээд үүдний текний ард зогсож байсан манай эгч Э-н гарнаас татаж унагаад чирсэн. Манай эгч Ж.Эыг О- зодож байхыг би харсан.       О- миний нүүр рүү 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.А-н гэрчээр өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” караокед зохион байгуулагчийн ажил хийдэг. Манай “М” караокег түрээслэдэг Э гэх эмэгтэйн түрээсийн гэрээ дуусч байсан, би түрээсээ сунгах уу эсвэл түрээсийн гэрээний дагуу маргааш гарах уу гэж асуухад Э танай М караокед хүн орохгүй байна гээд над руу уурлахад тэгвэл та нар түрээсээ дуусгаад гарчих гэж хэлээд дээшээ гарч ажлаа хийж байхад Э-лын нөхөр нь чи юу гээд хуцаад байгаа юм гээд над руу утсаар залгаж дарамталсан. Би 1 давхарт бууж Э-с танай нөхөр юу болоод намайг ингээд дарамтлаад байгаа юм гэхэд Э над руу орилж эхэлсэн. Би аав  О- руу 17 цагийн үед залгаад манай “М” караокег түрээсэлж байгаа хүмүүс түрээсээ өгөхгүй хэл үгээр доромжлоод байна гэж хэлэхэд би удахгүй очлоо гээд 19 цагийн үед “М” караокед ирсэн. Аав О- за юу болоод байна гэхэд Э аав руу уурлаад хэл үгээр доромжлоод байсан... “М” караокены үүдний текний дотор талд Э зогсож байхад аав О- текнээс гаргах гэж баруун гарнаас нь татсан. Э татагдаад өөрөө доошоо худлаа суугаад унасан. Э-н  биед гарыг нь татсанаас өөрөөр гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн **** дугаартай шинжээчийн “...Ж.Эын биед хоёр бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

Хохирогч Ш.Э-н “бусдад зодуулсан гэх асуудалд дээр эрүүл мэндийн сангаас эмчилгээний төлбөр аваагүй...” гэх баримт /хавтаст хэргийн 66 дахь тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 67-70 дахь тал/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 44-48 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний “...Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжаас Ж.Э нь 124.762 төгрөгийн үйлчилгээ  авсан болно...” гэх мэдээлэл /хавтаст хэргийн 97 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.О-ын яллагдагчаар өгсөн: “...Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” караокены эзнээр би ажилладаг. Би 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гадуур ажил амжуулаад явж байхад манай хүүхэд О.А над руу 15 цагийн үед залгаад “Марс” караокег ажиллуулдаг хүмүүс түрээс өгөхгүй, намайг хэл үгээр доромжлоод байна, та хүрээд ирээч гэж хэлсэн. Би 19 цагийн үед “Марс” караоке дээр очиход түрээслэгч Э үүдний текний хэсэгт зогсоод учир зүггүй намайг хэл үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би та нартай хамтарч ажиллаж чадахгүй юм байна гэж хэлээд гараас нь татахад Э доош суусан. Би 2 гараас нь татаад цааш чирсэн. Өөр би тэр хүнд гар хүрсэн зүйл байхгүй. Миний хажууд А, Э, М нар байсан. Би Э-с өөр хүнд гар хүрээгүй..., Би бусдад учруулсан хохирол хор уршигаа төлж барагдуулна...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92 дахь тал/ зэргийг судалж мөн Эрх бүхий албан тушаалтны дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5-8 дахь тал/ болон хэрэгт хураагдсан камерын бичлэгийг үзэж таниулав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос У овогт Л-н О-ыг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М” караокед Ж.Эыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О- “…би гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч гэх хүнийг зодоогүй, гар гэхэд гарахгүй гээд байхаар нь цамцнаас нь татаад гаргах гэтэл өөрөө газар суусан. Үүнийг буруутай үйлдэл хийсэн гэж үзэхгүй байна” гэж мэтгэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.О- Үндсэн хуульд заасан өөрийгөө өмгөөлөх эрхээр хангагдан өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн болсон үйл баримтын авч үзвэл: Шүүгдэгч Л.О- нь 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М” караокед Ж.Этай түрээсийн төлбөрийн талаар үл ойлголцон, маргалдсан байна. Энэ талаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгт хадгалагдсан байх ба шүүх хуралдаанд оролцсон гэрч О.М “Ж.Э эгч түрээсээ хэрхэн өгөх талаараа хэлэхэд тийм зүйл байхгүй гээд эгчийг цамцнаас нь татаж унагаасан. Э эгч та нар ингэж болохгүй шүү дээ гээд орилоод газар суухад О- зодож эхэлсэн. ...Би ахаа битгий зодооч гэж хэлэхэд намайг барьж аваад хоолойноос боож нүүр рүү 2 удаа алгадсан. ...О- Э эгчийг текнээс татаж унагасны дараа хана мөргүүлээд шалаар чирээд гулдчиж цээжин дээр нь гишгэж зодсон” гэж мэдүүлэв.

 

Үүнээс үзэхэд шүүгдэгч Л.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Ж.Эын биед учирсан “хоёр бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч  Л.О-ын хохирогчийн гарнаас татах, чирэх зэргээр зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна. Энэ талаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гарчээ.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.О-ын хохирогч Ж.Эыг татах, чирэх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд прокуророос шүүгдэгч Л.О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Л.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.О-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял”-ын санкцтай.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Л.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000  /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Гурав. Бусад асуудлын талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Ж.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.

Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 35 дахь талд авагдсан байна.

Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг хохирогч Ж.Эын сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний “...Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжаас Ж.Э нь 124.762 төгрөгийн үйлчилгээ  авсан болно...” гэх мэдээлэл /хавтаст хэргийн 97 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Л.О-аас 124.762 /нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж, зохих байгууллагад олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсаргаж, шүүгдэгч Л.О- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                      

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч У овогт Л-н О-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Л.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай. 

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.О-аас 3.300.000 /гурван сая гурван зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Эд олгосугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Л.О-аас 124.762 /нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж, зохих байгууллагад олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Л.О- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ