| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2022/00238/И |
| Дугаар | 182/ШШ2022/01016 |
| Огноо | 2022-04-12 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2022/01016
2022 04 12 182/ШШ2022/01016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Ө-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дн ХХК-ийн 2021.11.30-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж,
Хариуцагчийн төлөөлөгч Д.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ЖЭСБББСБ ХХК-ийн төлөөлөгч Л.У шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.02-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр Ч.Ө,Ч.Б нараас 58,860,841 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ЖЭСБББСБ ХХК-нд олгож, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороондбайрлах, улсын бүртгэлийн Ү-22******дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Энэ хөрөнгийн талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж хөрөнгийг битүүмжилж, хурааж, үнэлгээ тогтоосон байдаг. Энэ талаар бид маргаагүй. Хэдийгээр тухайн үед Ч.Ө-дэд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн байсан ч гэсэн надад мэдэгдээгүй. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд миний бие Ч.Ө-ныг төлөөлж оролцох итгэмжлэлтэй байсан бөгөөд би өөрөө химийн эмчилгээ хийлгээд эмнэлэгт байсан. Ингээд эмнэлгээс гарсан даруйдаа эд хөрөнгийн үнэлгээг танилцаж, 7 хоног дотроо гомдлыг шүүхэд гаргасан байгаа. Дн ХХК нь нэхэмжлэгч Ч.Ө-ны өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороондбайрлах, улсын бүртгэлийн Ү-22******дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 228,960,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур, хэрхэн яаж тогтоосон үндэслэл тодорхойгүй.
Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болсон орон сууц өнөөдрийн байдлаар 300-350 сая төгрөгт хүрч байгаа. Бид төлбөрөөс 27 сая төгрөгийг төлчихсөн, үлдэгдэл нь 22 сая орчим төгрөг байгаа, бид төлөх талаар арга хэмжээ авч байна. Иймд Дн ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.02-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр Ч.Ө,Ч.Бнараас 58,860,841 төгрөгийг гаргуулж ЖЭСБББСБ ХХК-нд олгож, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, улсын бүртгэлийн Ү-22******дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021.08.24-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, эд хөрөнгийн мэдүүлэг авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгөөс суутгал хийх тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч мөнгөн хөрөнгөөс төлбөр төлөгдөөгүй. Тийм учраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, улсын бүртгэлийн Ү-22******дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2021.10.14-ний өдрийн 21300751/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021.11.09-ний өдрийн 21300751/06 дугаар тогтоолоор хураасан.
Талуудад төлбөрт хураагдсан хөрөнгийн үнийг харилцан тохиролцох тухай 2021.11.11-ний өдрийн мэдэгдлийг хүргүүлэхэд мөн өдрөө шинжээч томилуулах тухай хүсэлтээ хүргүүлсэн. Иймд 2021.11.19-ний өдрийн 11/327 дугаар тогтоолоор Дн ХХК-ийг шинжээчээр томилоход орон сууцыг 228,960,000 төгрөгөөр үнэлсэн. Үнийг талуудад 2021.12.01-ний өдөр албан бичгээр Ч.Ө-д өөрт нь мэдэгдсэн, хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан. Харин нэхэмжлэгч энэхүү мэдэгдлийг хүлээн аваад 7 хоногийн дотор гомдлоо шууд шүүхэд гаргах байсан боловч гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Түүнчлэн нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас бага гэж үзсэн баримтаа шүүхэд ирүүлээгүй, үүнийгээ баримтаар нотлоогүй. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ЖЭСБББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Ч.Ө,Ч.Б нар нь манай ЖЭСБББСБ ХХК-иас 2018.09.03-ны өдөр, 12 сарын хугацаатай, 3,5%-ийн хүүтэйгээр 50,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрсдийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороондбайрлах, улсын бүртгэлийн Ү-22******дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар нь төлбөрөө хугацаандаа төлж барагдуулаагүй тул бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.02-ны өдрийн 346 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.04.02-ны өдрийн 603 дугаар магадлалаар хариуцагч нараас үндсэн өр төлбөрт 58,860,841 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 452,254 төгрөг, нийт 59,313,095 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.
Тус шүүхийн шийдвэрийн дагуу НШШГГ-т ажиллагааг эхлүүлсэн. Барьцаа хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцож чадаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилогдсон байдаг. Шинжээч Дн ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэшсэн шинжээч болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа бөгөөд тус эд хөрөнгийг 228,960,000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартын дагуу үнэлгээг гаргасан бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2-т заасны дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн, үндэслэл бүхий, тодорхой байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээ нь хуульд нийцсэн, үндэслэлтэй байна. Харин шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа явдал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж, хугацаа авах зорилготой гэж үзэж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломж олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас, Хавдар судлалын үндэсний төвийн 2021.12.16-ны өдрийн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.02-ны өдрийн 346 дугаар шийдвэр, эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн 2021.12.01-ний өдрийн 4-11/23225 дугаар албан бичиг /хуулбар/, Дн ХХК-ийн 2021.11.30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хуулбар/, анхны албадан дуудлага худалдааны талаар мэдэгдсэн 2022.01.05-ны өдрийн 4-168/222 дугаар мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022.01.04-ний өдрийн тогтоол гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
5.Хариуцагч талаас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.02-ны өдрийн 488 дугаар гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 7198 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.02-ны өдрийн 346 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.04.02-ны өдрийн 603 дугаар магадлал, 2021.08.24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2021.09.01-ний өдрийн төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 2021.09.02-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.09.02-ны өдрийн хөрөнгийн мэдүүлэг, 2021.10.14-ний өдрийн 21300751/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.11.09-ний өдрийн 21300751/06 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.11.11-ний өдрийн үнийн санал тохиролцох тухай албан бичгүүд, үнийн саналууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.11.19-ний өдрийн 11/327 дугаар шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх үүрэг тайлбарласан тухай баримт, Дн ХХК-ийн 2021.11.30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нийт 72 хуудас баримтыг тайлбарын хамт шүүхэд ирүүлжээ.
6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Ө нь хариуцагч НШШГГ-т холбогдуулж Дн ХХК-ийн 2021.11.30-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг үнэлгээчин нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, хэрхэн яаж тогтоосон үндэслэл тодорхойгүй, өнөөдрийн байдлаар орон сууц нь 300-350 сая төгрөг болсон, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн зүйл байхгүй, хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэгч Ч.Ө-нд мэдэгдсэн боловч төлөөлөгч надад мэдэгдээгүй, би тухайн үед химийн эмчилгээ хийлгээд эмнэлэгт байсан, эмнэлгээс гарсан даруйдаа хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаад 7 хоногт нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарлав.
Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу үнийн санал авсан, талууд үнийн санал дээр тохиролцоогүй учир эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон, Дн ХХК-ийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур болохыг нэхэмжлэгч тал нотлоогүй, хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэгч Ч.Ө-дмэдэгдсэн, ийнхүү мэдэгдсэнээс хойш гомдлыг шүүхэд гаргах байтал гаргаагүй, хөөн хэлэлцэх 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь НШШГГ нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулж шинжээч томилсон, шинжээч Дн ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэшсэн шинжээч байх бөгөөд үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, бусад холбогдох дүрэм, журамд нийцүүлэн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт тохируулан хийсэн, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж, хугацаа авах зорилготой байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн утга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
3.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.02-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр Ч.Ө,Ч.Бнараас 46,569,175 төгрөгийг гаргуулж ЖЭСБББСБ ХХК-нд олгож, зээлийн өрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Ч.Ө,Ч.Бнарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороондбайрлах, улсын бүртгэлийн Ү-22******дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн Ч.Ө,Ч.Б нараас тэмдэгтийн хураамжид 460,996 төгрөгийг гаргуулж ЖЭСБББСБ ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.04.02-ны өдрийн 603 дугаар магадлалаар дээрх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх бөгөөд хариуцагч нараас 58,860,841 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 452,254 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ЖЭСБББСБ ХХК-нд олгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
4.НШШГГ нь дээрх шийдвэр, магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 7198 дугаар шүүгчийн захирамж, 2021.08.02-ны өдрийн 488 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, хуулийн 44, 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны зүйл болох Ч.Ө,Ч.Б нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, улсын бүртгэлийн Ү-22******дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2021.10.14-ний өдрийн 21300751/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021.11.09-ний өдрийн 21300751/06 дугаар тогтоолоор хураан авч, энэ талаар тэмдэглэл үйлдэн зохих ажиллагааг явуулсан.
Улмаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нараас эд хөрөнгийн талаарх үнийн санал авсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хэн аль нь 2021.11.11, 2021.11.12-ны өдрүүдэд шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-д зааснаар маргааны зүйл, барьцааны хөрөнгө болох Ч.Ө,Ч.Б нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороондбайрлах, улсын бүртгэлийн Ү-22******дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор 2021.11.19-ний өдрийн 11/327 дугаар тогтоолоор Дн ХХК-ийг шинжээчээр томилж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 16 дүгээр зүйлд зааснаар шинжээч Ц.Т-д тогтоол болон шинжээчийн эрх, үүргийг танилцуулж, татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг хуульд заасан журмын дагуу тодруулж, холбогдох ажиллагааг хийсэн байна.
5.Дн ХХК-ийн 2021.11.30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар маргааны зүйл болсон дээр дурдсан орон сууцыг 228,960,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд НШШГГ нь хөрөнгийн үнэлгээний тайланг 2021.11.30-ны өдөр Дн ХХК-иас хүлээн авч, уг үнэлгээний талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2021.12.01-ний өдөр 4-119/23225 дугаар албан бичгээр Ч.Ө,Ч.Бнарт, мөн өдрийн 4-119/23211 дугаар албан бичгээр ЖЭСБББСБ ХХК-нд тус тус мэдэгдсэн, нэхэмжлэгч Ч.Өнь 2021.12.02-ны өдөр үнэлгээний тайлантай танилцсаныг шийдвэр гүйцэтгэгч баримтжуулан тэмдэглэл үйлдэж, тэмдэглэлд Ч.Ө гарын үсгээ зуржээ.
Дээрх үйл баримтууд нь тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн баримтуудаар тогтоогдсон бөгөөд, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан, энэхүү ажиллагаануудын талаар нэхэмжлэгч тал маргаагүй, харин эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдсон болно.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тус гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, шийдвэрийн агуулгад хамаарахгүй тул шүүх гаргасан нэхэмжлэлийн хүрээнд буюу маргааны зүйл болсон эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021.11.30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл, үнэлгээчин нь 2021.11.19-ний өдөр эд хөрөнгөтэй танилцсан байх ба, маргааны зүйл болсон орон сууц нь 4 дүгээр давхарт байрлалтай, хананд ханын цаас наасан, паркетан шалтай, засвар сайн, вакуум цонх, бүргэд хаалгатай гэх мэдээллийг, мөн 228,960,000 төгрөг болохыг тооцсон аргачлалыг хүснэгтлэн харуулж, зургийн хамт тайланд тусгажээ.
7.Өөрөөр хэлбэл, үнэлгээчин Ц.Т нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1, 9.2.3, 9.3-т заасны дагуу үнэлгээний объекттой биечлэн танилцаж, уг объектын шинж байдал, онцлогт нийцүүлж, хоёр хөрөнгөтэй харьцуулж, үнийн тохируулга хийн, бусад цуглуулсан мэдээлэл, дүн шинжилгээ, олон улсын стандарт, Монгол улсад батлагдсан дүрэм, журмыг үндэслэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар зах зээлийн хандлагын аргад ач холбогдол өгөн үнэлгээг сонгож, тайланд тусгавал зохих зүйлсийг тусгасан гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан “...зах зээлийн ханшаас хэт доогуур, хэрхэн яаж тогтоосон үндэслэл тодорхойгүй, тухайн орон сууц өнөөдрийн байдлаар 300-350 сая төгрөг байна...” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч тал энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотолсонгүй.
Тодруулбал, үнэлгээчин нь тухайн орон сууцны шинж байдал, ижил төрлийн хоёр орон сууцыг харьцуулсны үндсэн дээр, үнийн тохируулга хийж, үнэлгээг эцсийн байдлаар зах зээлийн хандлагын аргаар 228,960,000 төгрөг гэж, өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцжээ.
8.Нөгөө талаар нэхэмжлэгч Ч.Өнь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаар 2021.12.01-ний өдөр 4-119/23225 дугаар албан бичгээр мэдэж, 2021.12.02-ны өдөр үнэлгээний тайлантай танилцаж, тэмдэглэлд гарын үсэг зурснаас хойш гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан байна.
Хэрэгт авагдсан 2021.10.22-ны өдрийн итгэмжлэл, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2021.12.16-ны өдрийн тодорхойлолтоор Б.Жавзанханд нь нэхэмжлэгч Ч.Ө-ныг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлж оролцсон байх бөгөөд төлөөлөгч Б.Жавзанханд нь 2021.12.17-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасагт 11-18 цагийн хооронд эмчилгээ хийлгэсэн, эмчилгээ хийлгэсний дараа ямар хугацаанд гам сахих байсан нь тодорхойгүй, энэ талаарх бичгийн баримтгүй.
9.Ийнхүү нэхэмжлэгч нь 2021.12.31-ний өдөр шүүхэд гомдлыг гаргасан байх бөгөөд эд хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэгч Ч.Ө-д мэдэгдсэн 2021.12.01-ний өдрөөс 7 хоногийг тооцвол 2021.12.08-ны өдөр, төлөөлөгч Б.Ж-г хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзээд 2021.12.18-ны өдрөөс 7 хоногийг тооцвол 2021.12.25-ны өдрийн дотор нэхэмжлэгч тал эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд шууд гаргах байтал гаргаагүй, дурдсан хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч Ч.Ө,төлөөлөгч Б.Ж нарын хэн аль нь эд хөрөнгийн үнэлгээний тайланг танилцсан, гомдол гаргах эрхтэйгээ мэдсэн гэж харагдаж байна.
Тийм учраас нэхэмжлэгч талын гаргасан “...хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэгч Ч.Ө-д мэдэгдсэн боловч төлөөлөгч надад мэдэгдээгүй, би тухайн үед химийн эмчилгээ хийлгээд эмнэлэгт байсан, эмнэлгээс гарсан даруйдаа хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаад 7 хоногт нэхэмжлэлээ гаргасан...” гэх тайлбар үгүйсгэгдэв.
10.Тодруулбал, Дн ХХК-ийн шинжээч Ц.Т нь тайлангаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан гаргасан байх бөгөөд тус байгууллагын эд хөрөнгийн үнэлгээний тайланг үгүйсгэх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, энэхүү тайлангаар нэхэмжлэгчийн эрх ашгийг бодит байдлаар хохироосон, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг үндэслэлгүйгээр зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн байдал тогтоогдохгүй, эд хөрөнгийн үнэлгээний талаарх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх бөгөөд энэ талаарх хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг шүүх үндэслэл бүхий гэж үзсэн, түүнчлэн нэхэмжлэгч нь гомдол гаргах хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Ө-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3., 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ-т холбогдох Дн ХХК-ийн 2021.11.30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ч.Ө-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Ч.Ө-ны тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА