Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/687

 

 

 

 

 

 

 

  

    2024          09           04                                    2024/ШЦТ/687

 

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Лхагвасүрэн хөтлөн,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Д.Ж-,

хохирогчийн өмгөөлөгч Б.Шихихутаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Д-Н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Ө аймгийн А суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, 1 **** гудамжны *** тоотод оршин суух хаягтай,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын **-ний өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 2.5, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гэм буруутайд тооцож, 3 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж, ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Х овогт Д-Н Ж- /регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Ж- 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 4 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ф” шөнийн цэнгээний газарт хохирогч Б.О-тай маргалдаж, түүний зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ж- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон  цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж- “...Тухайн өдөр би тэр бааранд цагийн ажилтнаар ажиллаж байсан. Тэр эмэгтэй эхлээд миний эмзэг эрхтэн рүү өшиглөсөн, хацар руу алгадсан. Би болохгүй болохоор нь түлхсэн. Би хохирогчийн биед хохирол учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг,  

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/, Хохирлын баримт /хавтаст хэргийн 4-7, 81-82 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.О-н хохирогчоор өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн орчимд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Б-н автомашинд хүний 4, 5 лаазтай пиво уусан. Тэгээд 12-13-нд шилжих шөнө 3 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ф” бааранд хүн хайх гээд орсон. Би тухайн бааранд ороод 2 ширхэг пиво аваад текэн дээр нь зогсоогоороо ууж байгаад тухайн баарны дижи залуутай маргалдсан. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул юунаас болж маргалдсан гэдгээ санахгүй байна. Би нэг мэдэхэд тухайн залуутай нилээн маргалдаад зогсож байсан. Тэр залуу намайг эндээс зайл гэх зэргээр харааж байгаад хөлөөрөө миний зүүн хөлний шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөхөөр нь болиоч гэж хэлээд зуурах гэхэд намайг тонгорч унагасан. Миний зүүн хөл хугарч байгаа нь надад мэдэгдээд би газар унасан. Би түргэн дуудаад өгөөч гэж гуйсан. Удалгүй түргэний эмч ирээд гэмтэлд очиж хөлнийхөө зургийг авхуул гэж хэлээд надад тайвшруулах тариа хийж өгөөд явсан. Би очиж зургаа авахуулахад миний зүүн хөл 2 удаа хугарсан байсан...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.П-н гэрчээр өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 3 цаг 31 минутад над руу манай эхнэр залгаад хорооллын “Ф” бааранд байна, би алхаж  чадахгүй байна, миний хөл хугарсан юм шиг байна гэж хэлэхээр нь би эхнэрээ очиж авсан. Намайг очиход манай эхнэр гишгэж чадахгүй, уйлаад орилоод байхаар нь Гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлэхэд зүүн талын хөл нь шилбэ хэсгээрээ 2 хугарсан байсан болохоор Гэмтлийн эмч хагалгаанд орно гэж хэлээд тасагт хэвтүүлсэн. Манай эхнэр над руу ярихдаа нэг үл таних 35 орчим настай, 180 орчим сантиметр өндөртэй, шардуу царайтай, халимаг үстэй залуу зүгээр сууж байхад нь очиж өшиглөж унагасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Ц-н гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр би ажил дээрээ ажлаа хийж байхад манайд өмнө нь ажиллаж байсан гэх Ж ах ирээд тухайн өдөр надтай хамт ажилласан ба бид 2 баар хаагаад аяаа зогсоосон. Гэтэл үл таних эмэгтэй Ж ахтай дуугаа тавь гээд маргалдаад байсан. Ж ах манай баар хаасан гэж тайлбарлаад цааш тек рүү явсан, би өөр өрөөнд байсан тул тэр хоёрын маргааныг цааш хараагүй. Удалгүй нэг мэдсэн манайд эмч, цагдаа нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Э-н гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр би ажил дээрээ ажлаа хийж байхад манайд өмнө нь ажиллаж байсан гэх нэг ах үл таних нэг эмэгтэй хүнтэй маргалдаад байсан бөгөөд тухайн үед манай баар хаах гээд би мөнгөө тоолж байсан. Гэтэл тухайн үед манай баарны текны урд үл таних эмэгтэйг хөлөөрөө өшиглөөд газарт унагасан. Гэтэл тухайн эмэгтэй нь хөл эвгүй болсон гээд босохгүй хэвтээд байсан. Би өөр зүйл хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Ц-н гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр манайд ямар нэгэн асуудал гараагүй, манай баар 3 цаг өнгөрч байхад хаасан бөгөөд би гадна гарч гадаа байсан хүмүүсийг тараагаад орж ирэхэд манай текны урд хэсэгт үл  таних эмэгтэй хэвтчихсэн байдалтай байсан. Манайд өмнө нь ажиллаж байсан Жг тэр эмэгтэйгээс холдуулаад уг эмэгтэйг татаж босгох гэхэд миний хөл эвгүй болсон байна, надад эмнэлэг дуудаад өгөөч гээд байсан. Тэгээд би эмнэлэг дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын ***-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Б.о-н биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 50 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай “..Б.О-н сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг нь 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой. Асуултад дурдаагүй боловч хэрэгт нэмэлт ач холбогдолтой бүхий зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 83-85 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ж-гийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би буруу зүйл хийсэн, гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй, би тухайн эмэгтэйг 1 удаа өшиглөсөн, маш их харамсаж байна, хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ж- 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 4 цагийн орчимд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ф” шөнийн цэнгээний газарт хохирогч Б.О-тай маргалдаж, түүний биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Д.Ж- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно. 

 

Улсын яллагчаас шүүх хуралдаанд “...шүүгдэгч Д.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал гаргав.

Шүүгдэгч Д.Ж- шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ: гэм буруугаа хүлээж маш их гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Ж- хохирогч Б.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Д.Ж-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Д.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Ж-д үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.

Хавтаст хэрэгт Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны ** дугаар сарын 8-ны өдрийн *** дугаартай “..Б.О-н сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Б.Б-н сэтгэцэд учирсан хор уршиг нь 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой. Асуултад дурдаагүй боловч хэрэгт нэмэлт ач холбогдолтой бүхий зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 83-85 дахь тал/ авагдсан байна.

 

Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн болон учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлж 5.280.000 /таван сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг хохирогч Б.О-н  сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцов.

Хавтаст хэргийн 4-7, 81-82 дахь талд авагдсан нийт 956.900 төгрөгийн хохирлын баримт нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Д.Ж-гээс нийт 956.900 /есөн зуун тавин зургаан мянга есөн зуун/ төгрөг гаргуулж хохирогч Б.О-д олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн хохирогч Б.О- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2-д зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлан өгөх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ж- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Х овогт Д-Н Ж-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Д.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж- оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ж-гээс 5.280.000 /таван сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 956.900 /есөн зуун тавин зургаан мянган есөн зуун/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Б.О-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.О- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Ж-гээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Д.Ж- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ