| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0653/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/686 |
| Огноо | 2024-09-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Анударь |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/686
2024 09 04 2024/ШЦТ/686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,
улсын яллагч Э.Анударь,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Ганбат,
хохирогч Т.Х-, түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын **-ний өдөр Х аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 27*** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Э овогт Б-н Б /регистрийн дугаар **/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Б 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” лоунжид хохирогч Т.Х-нг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн “...Тухайн өдөр 2 найзтайгаа караокед байж байгаад тооцоо хийх гээд интернет банк орох гэж байтал гаднаас хэдэн залуус орж ирээд манай найзыг цохиод байсан ба би тэр хүнийг нь цохисон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Х-н “...2024 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 2 цагт халамцуу эхнэрээ авах гэж тухайн баар руу орсон юм. Гэтэл текэн дээр 3 залуу байсан ба би ариун цэврийн өрөө орохдоо нэгэнтэй нь мөргөлдсөн. Тэгээд хэл үгээр доромжилсон нь үнэн. Гэтэл Б- намайг цохисон. Энэ хүн над руу нэг ч яриагүй, уучлалт ч гуйгаагүй. Хохирол төлбөрт 9,769,755 төгрөг нэхэмжилж байгаа мөн шинээр 3,000,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Х- хохирогчоор өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах караоке буюу өөрийн ажилладаг газар дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай шөнийн 2 цагийн үед ирсэн. Ажил руугаа ороод найз охин Д+-н хамт ажлаас гарах гээд байж байгаад түрүүлээд текэн дээр ирэхэд танихгүй гурван залуу зогсож байсан. Түр холдож байгаарай гээд нэг залууг нь хэлэхэд нэг залуу надтай маргалдаж эхэлсэн. Надтай хар цамцтай эрэгтэй нь маргалдаж байснаа намайг бага зэрэг түлхэхэд би өөрөө хөл алдаад уначихсан. Би газар унаад босож ирээд яагаад байгаа юм бэ гээд маргалдаж байхад цагаан өнгийн цамцтай, цагаан өнгийн малгайтай, саравчтай малгайгаа арагш нь харуулаад өмссөн залуу нь миний зүүн шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Эмнэлэгт үзүүлж эрүүний зураг авахуулахад эрүүний яс хугарсан байсан. Яаралтай хагалгаанд оруулж, эрүүний яс хадуулсан. Хоёр шүд хөдөлгөөнтэй байсныг хагалгааны явцад буйл руу нь суулгаж өгсөн гэсэн... Эрүүний яс хадуулах хагалгаа нь 3.100.000 төгрөг болсон. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.119.000 төгрөг төлж хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Н-н гэрчээр өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө цагийг нь санахгүй байна, Баянгол дүүргийн *** дүгээр хороонд байрлах “Л” караокед найз Б-, Н нарын хамт караокены тооцоо хийх гээд текэн дээр зогсож байсан. Хар өнгийн хувцастай, туранхай хар үстэй, 25-30 орчим насны согтуу, биеэ авч явах чадваргүй залуу бид гурав дээр ирээд хэл үгээр доромжилж эхэлсэн. Чи согтуу байна, цаашаа бол гэж хэлсэн чинь миний хувцаснаас татаж аваад намайг шууд мөргөхөөр нь би тэвэрч аваад хажуу тийш нь болгох үед Б- уурлаж эхэлсэн. Тэнд зодоон болоогүй. Манай найз Б- тухайн залуугийн зүүн шанаа руу нэг удаа цохиж байгааг би дараа нь хяналтын камерын бичлэгээс харсан. Би тухайн үедээ Б-ийг цохисон гэдгийг анзаараагүй. Би уг нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хоёр найзынхаа автомашиныг барих гэж ирсэн юм. Тухайн согтуу залуу нь согтуу, хараал хэлээд байснаас болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Д-н гэрчээр өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” лоунжийн 2 давхарт бармены ажил хийж байсан. Шөнө 2 цаг 20 минутын үед 1 давхарт байрлах караокед манай найз залуу Т.Х- ажилладаг байсан ба тэр өдөр Т.Х- амарч байсан. Гэхдээ ажил дээрээ ирсэн байж байгаад намайг ороход хүнд зодуулсан байсан. Амнаас нь цус гарсан, нэг шүд нь унасан байдалтай байсан. Нилээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь шууд гэр рүүгээ аваад явсан. Гэртээ очоод Т.Х- шууд унтаад өгсөн, тэгээд өглөө 7 цагийн үед шүд нь өвдөж эхэлсэн. Тэгээд бид хоёр эмнэлэг рүү явсан. Тухайн караокеноос гараад гэр рүү шууд очсон. Өөр хүнтэй зодолдсон зүйл байхгүй. Тэр үед зовиур мэдрэгдээгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан болохоор ороод шууд унтсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Т.Х- биед эрүү ясны хугарал, эрүүнд цус хуралт, тархи доргилт, нэг шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нэг шүдний булгаралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Тогтоогдсон гэмтэлтэй хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 37-40 дэх тал, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 41-43 дахь тал/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 45-46, 50-60 дахь тал/, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн төлбөрийн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх дүн 2.819.000 төгрөг...” гэх баримт /хавтаст хэргийн 49 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй. Би Улаанбаатар хотод эхнэр, нярай хоёр хүүхдийн хамт амьдардаг. Би эмчилгээний зардлыг нь барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн гэрчээр өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө цагийг нь санахгүй байна, Баянгол дүүргийн *** дүгээр хороонд байрлах “Л” караокед найз Н, Н, Б- нарын хамт тооцоо хийх гээд текэн дээр зогсож байсан. Гаднаас хар өнгийн хувцастай 27-28 насны халимаг үстэй залуу орж ирээд Н-тэй маргалдаж эхэлсэн. Н нөгөө залуу түлхсэн чинь өөрөө шургаж унаад босож ирээд Н-г нэг удаа мөргөөд ахиад шанаа руу цохисон. Би тухайн залуугийн зүүн шанаа хэсэг рүү нэг л удаа цохисон. Дахиад өөдөөс дайраад байхаар нь би алгадах гээд үзсэн чинь би хүрээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дахь тал/ зэргийг болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгийг үзүүлж, таниулан тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” лоунжид хохирогч Т.Х- эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэгээр тогтоогдсон, хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Б өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд “...шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат шүүх хуралдаанд “...Гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Хохирол төлбөрийн хувьд шүүхээс тогтоосон мөнгөн дүнгээр төлж барагдуулна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Бид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Гурав. Бусад асуудлын талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Т.Х- эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.
Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 41-43 дахь талд авагдсан байна.
Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн мөн хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлж 4.620.000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянган/ төгрөгийг хохирогч Т.Х- сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.
Хохирогч Т.Х- шүүхийн хэлэлцүүлэгт “...эмчилгээний зардалд нийт 1.396.755 төгрөг болон өмгөөлөгчийн зардалд 3.000.000 төгрөг, имплант хийлгэх үнэ 5.400.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж мэдүүлж байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд нийт 1.396.755 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Х-д олгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд хохирогч Т.Х- өмгөөлөгчийн зардалд 3.000.000 төгрөг, мөн имплант хийлгэх үнэ 5.400.000 төгрөг нэхэмжилснийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2-д зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийг хохирол төлбөр нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мөн түүний хувийн байдлын талаар дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал уг хэрэгт шүүгдэгч Б.Б хэдийгээр учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Б-ны Б-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бид оногдуулсан 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Боос 4.620.000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянган/ төгрөгийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 1.369.755 /нэг сая гурван зуун жаран есөн мянга долоон зуун тавин таван/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Т.Х-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Х- цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Боос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Б.Боос 2.972.200 /хоёр сая есөн зуун далан хоёр мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.
9. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ