Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/706

 

 

 

 

 

 

 

    2024           9         09                                      2024/ШЦТ/706

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос ЖалЖайр овогт Г-н Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хоолны газар ажилладаг гэх, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, ** дугаар гудамжны *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Г-н Ө /регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Ө 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны гадаа хохирогч Н.Баасанжаргалыг зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Ө Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Өын өгсөн “...Би 2024 оны 5 сарын 28-ны өдөр найзуудтайгаа пиво уугаад 50 дугаар байрны “***”-ийн гадаа явах гээд зогсож байхад Н.Б орилоод дуудаад байхаар нь би явж очсон. Тэгээд Н.Б-тай хамт явсан хүнтэй муудалцах үед Н.Б хажуугаар орж ирээд орилохоор нь цохиод авсан юм. Н.Б унахдаа хөлөө гэмтээсэн юм шиг байна...” гэх мэдүүлэг,  

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Б хохирогчоор өгсөн: “...Би өчигдөр ажлынхаа газрын хүмүүстэй болон найз охин Х-н хамт “И”-ийн аманд ууж байгаад үүрээр 4 цагийн үед тараад би Х-н хамт такси бариад гэрийнхээ урд байрлах 50 дугаар байрны “***”-ний хавьд буугаад “**” орж тамхи аваад гарах гэж байхдаа зүс таних нэг эрэгтэй найзтайгаа таараад юм ярьж байтал 4-5 эрэгтэй хүн гэнэт ардаас тамхи асуугаад байсан. Гэтэл надтай юм ярьж байсан найз маань зугтаагаад тухайн хүмүүс гэнэт намайг тал талаас цохиж, өшиглөж зодсон. Ингээд тухайн хүмүүс цаг гаруй намайг зодож байгаад миний хөл болохгүй байна, хугарчихсан байна гэхэд тухайн хүмүүс намайг машинаараа гэмтлийн эмнэлэгт хүргээд бүгд зугтсан. Үл таних согтуу залуу ямар ч шалтгаангүй миний нүүр хэсэг рүү цохиж зодсон. Нүүр рүүгээ олон удаа цохиулахдаа газар унасан. Газар унасан байхад баруун хөлийн шагай хэсэг маш их өвдсөн. Хөл эвгүй болчихлоо шүү дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-12 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Б-н гэрчээр өгсөн: “...Би Баянгол дүүргийн 18 дугаар хорооны *** дугаар байрны гадаа БилгӨүӨүн, Д, Х, Ө нарын хамт сагс тоглочихоод пиво уугаад сууж байсан. Бид хэд гэр рүүгээ явах гээд “ТҮЦ”-ийн дэргэд Х-н машинтай зогсож байхад 50 дугаар байрны гадаа танихгүй эрэгтэй хүн орилоод байсан. Ө нилээн согтуу байсан ба нөгөө залуу руу очих гээд байхаар нь би яах гээд байгаа юм бэ гэхэд нөгөө залуу руу гүйж очсон. Ө- нөгөө согтуу залуу руу очоод муудалцаж зодолдсон. Нэг харахад нөгөө залуу нь газар уначихсан байсан. Ө бид нарыг дуудаад хөл нь эвгүй болчихлоо хугарчихсан юм шиг байна, гэмтлийн эмнэлэг явъя гээд нөгөө залууг Х-н машинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү оруулж өгөөд бид нар явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1415 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Д-н гэрчээр өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 27-ны орой манай найзууд болох Б, Х, Ө-, Б нар цуглаад байрны гадаа сагс тоглосон. Бид нар байрны гадаа пиво ууж сууж байгаад өглөө болгочихсон. Тэгээд бүгдээрээ гэр гэр рүүгээ харих гэж байсан. Манай байрны гадаа буюу *** дугаар байрны гадаа танихгүй эрэгтэй хүн орилоод байсан. Гэтэл Ө- нилээн согтсон, нөгөө залуу руу гүйж очсон. Х машинтайгаа нөгөө хэдийг авч явах гээд зогсож байсан. Би очоод салгах гэтэл Ө- нөгөө залуутай зодолдоод цохиод унагачихсан. Би Ө-ыг болиулсан. Нөгөө залуу нь хөл өвдөөд байна гээд байсан. Би Ө-ын хамт нөгөө залууг босгох гэтэл хөл өвдөөд байна гээд байхаар нь гэмтэл рүү Х-н машинд суулгаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-ний гэрчээр өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 4-5 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны гадаа нэг танихгүй эрэгтэй хүн хажуугаас дуудаж орилоход нь манай найз Ө- танихгүй эрэгтэй залуу руу очиж муудалцаад 2-3 удаа нүүр рүү нь цохиж байгаа харагдсан. Бид хэд дэлгүүрийн гадаа зогсож байхад найз Ө- энэ залуугийн хөл нь хугарчих шиг боллоо гээд дууссан. Тэгээд бид хэд очоод тэр залууг машинаараа Гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Х-н гэрчээр өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 4-5 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны тэнд сагс тоглож байгаад 4-5 цагийн үед би машинтайгаа 4 найзаа хүргэж өгөх гээд Модны хоёрын **** дугаар байрны гадаа хүргэж өгөөд дэлгүүрийн гадаа тамхилаад зогсож байхад нэг танихгүй эрэгтэй хүн замын цаанаас дуудаж орилоход нь манай найз Ө- танихгүй залуу руу гүйгээд явсан. Би машиндаа сууж байсан. Найз Ө- бид хэдийг энэ залуугийн хөл нь хугарчих шиг боллоо гээд дууссан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн *** дугаартай “...Н.Б-н биед баруун шагайн үений гадна хашлага ясны хугарал, зүүн чамархай, зүүн дээд, доод зовхи, баруун тавхайд цус хуралт, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-36 дахь тал/,

 

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 48-66 дахь тал/, хохирогч Н.Б-н “...хохирол төлбөрөө бүрэн хүлээн авсан, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэхгүй...” гэх баримт /хавтаст хэргийн 91 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Өын яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, *** дугаар байрны гадаа Б, Б, Д, Х нарын хамт пиво уугаад сууж байхад танихгүй эрэгтэй хүн орилоод байсан. Би очоод яагаад орилоод байгаа юм гэж хэлээд муудалцсан. Манай найзууд машинтай дэлгүүрийн үүдэнд хүлээж байсан. Би 50 дугаар байрны гадаа орилоод байсан нөгөө залуу руу очоод нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Унахаар нь нуруу руу нь нэг удаа өшиглөсөн. Унах үедээ боржуурны ирмэг дээр уначихсан. Тэгээд намайг явах гэсэн чинь хөл хугарчихлаа гээд орилоод байсан. Найз охин нь гар утас, машины түлхүүр алга болчихлоо гээд байхаар нь нөгөө хөл нь хугардаг залуугийн куртикнээс нь машины түлхүүрийг нь аваад найз охиныг нь дагуулаад машин дээр нь очоод гар утсыг олж өгсөн. Замын урд дэлгүүрийн хажууд машинтай зогсож байсан найзуудаа дуудаад нөгөө залууг гэмтлийн эмнэлэг хүргэж өгөөд оруулчихаад гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх  тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ө 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, *** дугаар байрны гадаа хохирогч Н.Б-эн зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Г.Ө өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” санал гаргав.

Шүүгдэгч Г.Ө шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ:  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Ө хохирогч Н.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Г.Өт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Өт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Өт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилжээ.

 

Хохирогч Н.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хэрэгт хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд “...эмчилгээний зардалд гарсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэхгүй...” гэх баримт /хх-ийн 91 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгч Г.Ө нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Ө цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Ж овогт Г-н Ө-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Г.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Өт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Ө цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ