Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2022/01015

 

 

 

 

 

 

 

   2022        04          12                                       182/ШШ2022/01015

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ХҮТХХК-ийн 2021.11.17-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний 30**УБ улсын дугаартай К  маркийн А механизмд холбогдох 62,300,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д,

Хариуцагчийн төлөөлөгч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.18-ны өдрийн 4-122/22348 дугаартай хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг шуудангаар хүлээн авч, энэ үнэлгээг зөвшөөрөхгүй дахин үнэлгээ хийлгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуг 2021.12.09-ний өдрийн 9/2922 тоот албан бичгээр өгсөн. Тийм учраас бид урьдчилан шийдвэрлэх журмыг хангаж, шүүхэд гомдлоо гаргасан. ХҮТХХК-ийн 2021.11.17-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар манай байгууллагын эзэмшлийн 41-29 УНЛ улсын бүртгэлийн дугаартай, 2003 оны үйлдвэрлэгдсэн Митсубиши делика маркийн ачааны зориулалттай автомашиныг 5,900,000 төгрөг, 30**УБ улсын дугаартай, 1991 онд үйлдвэрлэгдсэн А зориулалттай механизмыг 62,300,000 төгрөг, нийт 68,200,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ үнэлгээний тайлангаас 41-29 УНЛ улсын бүртгэлийн дугаартай, Митсубиши делика маркийн ачааны автомашины үнэлгээний талаар маргаан байхгүй. Харин бид Ат холбогдох 62,300,000 төгрөгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа.

Өөрөөр хэлбэл, манай компанийн хөрөнгө болох 30**УБ улсын дугаартай, К  маркийн А нь Япон улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд 2021 онд явах эд анги буюу моторыг бүрэн шинэчилсэн ажлын бүтээж өндөртэй механизм юм. Тухайн механизмын худалдан борлуулагдах зах зээлийн үнийн саналыг 360,000,000 төгрөг гэж хүргүүлсэн боловч 62,300,000 төгрөгөөр үнэлсэн нь хэт доогуур үнэлгээ болсон байна. Эд хөрөнгийн битүүмжилж, хураах үед эвдрэлтэй байсан боловч үнэлгээ хийлгэх үед манай байгууллага шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр, битүүмжилж, хураасан газарт нь очиж 16,000,000 төгрөгийн үнэтэй шинэ мотор тавьсан, явах эд ангийг нь засварласан, нийт 19,500,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Энэ тухай шинжээчид хэлж, холбогдох баримтуудыг өгсөн. Бид Аыг бусдад худалдан борлуулах, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх зорилготой засвар, үйлчилгээ хийсэн байдаг. Гэтэл бидний ажлын голыг нугалдаг Аийг шинжээч нь БНХАУ-ын техник хэрэгсэлтэй харьцуулж, хуучин гэж үзэн хэтэрхий бага үнэлсэн. Иймээс Япон улсад үйлдвэрлэгдсэн 30**УБ улсын дугаартай К  маркийн А механизмыг 62,300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 2093 дугаар шийдвэрээр Б ХХК-иас 70,811,383 төгрөг гаргуулж Тэгш плант ХХК-нд,

мөн шүүхийн 2020.08.19-ний өдрийн 1788 дугаар шүүгчийн захирамжаар 155,936,550 төгрөг гаргуулж Н ХХК-нд,

мөн шүүхийн 2020.03.31-ний өдрийн 637 дугаар шүүгчийн захирамжаар 79,096,105 төгрөг гаргуулж Д ХХК-нд,

мөн шүүхийн 2021.11.08-ны өдрийн 2405 дугаар шийдвэрээр 20,953,032 төгрөгийг гаргуулж Х ХХК-нд тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Б ХХК-нд төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн бөгөөд төлбөрийг төлж барагдуулаагүй, төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу 2020.09.30-ны өдрийн 20300287/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Б ХХК-ийн эзэмшлийн 41-29 УНЛ улсын бүртгэлийн дугаартай, 2003 онд үйлдвэрлэсэн Митсубиши делика маркийн ачааны зориулалттай цагаан өнгийн эвдэрхий гэх автомашин, 30**УБ улсын дугаартай, 1991 онд үйлдвэрлэсэн шар өнгийн эвдэрхий гэх А зориулалттай механизмыг битүүмжилж, 2021.10.27-ны өдрийн 20300926/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагаа явуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу 2021.11.10-ны өдрийн 9/19 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор ХҮТХХК-ийн шинжээч Г.Б-г томилж, 2021.11.17-ны өдөр 41-29 УНЛ улсын бүртгэлийн дугаартай 2003 оны үйлдвэрлэгдсэн Митсубиши делика маркийн ачааны зориулалттай цагаан өнгийн эвдэрхий гэх автомашиныг 5,900,000 төгрөг, 30**УБ улсын дугаартай, 1991 онд үйлдвэрлэсэн шар өнгийн эвдэрхий гэх А зориулалттай механизмыг 62,300,000 төгрөг, нийт 68,200,000 төгрөгөөр үнэлснийг 2021.11.18-ны өдөр төлбөр төлөгч, авагч нарт хуулийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн. Энэ үнэлгээг мэдсэн даруйдаа нэхэмжлэгч шүүхэд 7 хоногийн дотроо гомдол гаргах байсан боловч гомдлоо гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Түүнчлэн нэхэмжлэгч зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх байдлаар баримтаар нотлоогүй, үнэлгээ үндэслэл бүхий байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  

3.Нэхэмжлэгч талаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 2093 дугаар зохигчдын эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамж /хуулбар/, 30**УБ улсын дугаартай А механизмын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.18-ны өдрийн 4-122/22348 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдэл, 2021.11.17-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний тайлангийн эхний нүүр хэсэг /хуулбар/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021.12.09-ний өдрийн 9/2922 дугаар албан бичиг гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

4.Хариуцагч талаас, тус шүүхийн 2020.02.27-ны өдрийн 176 дугаартай гүйцэтгэх хуудас, 2019.11.29-ны өдрийн 2093 дугаар зохигчдын эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамж, 2020.02.27-ны өдрийн 2132 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2020.03.03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2020.09.30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.09.30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, 2021.10.27-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.10.28-ны өдрийн Б ХХК-ийн үнийн санал /хуулбар/, 2021.11.10-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, 2021.11.10-ны өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах, оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2021.11.10-ны өдрийн шинжээчид хууль тайлбарласан тэмдэглэл, 2021.11.17-ны өдрийн ХҮТ ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан, тус шүүхийн 2020.08.19-ний өдрийн 1788 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2020.03.31-ний өдрийн 637 дугаар зохигчдын эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамж, 2021.11.08-ны өдрийн 2405 дугаар шүүхийн шийдвэр гэх мэт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн холбогдох баримтуудыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулж ХҮТХХК-ийн 2021.11.17-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний 30**УБ улсын дугаартай К  маркийн Ат холбогдох 62,300,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

            1.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шинжээч нь манай эзэмшлийн 30**УБ улсын дугаартай, 1991 онд үйлдвэрлэгдсэн А механизмыг БНХАУ-ын машин механизмтай харьцуулж, хуучин гэж үзэн үнэлгээг хэт доогуур хийсэн, хэдийгээр А нь эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааны явцад эвдэрхий байсан ч бид шинжээч томилох үед шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр 16 сая төгрөгийн үнэтэй шинэ мотор худалдан авч тавьсан, явах эд ангийг нь засаж, засвар үйлчилгээ хийсэн, үнэ цэнийг нь өсгөж, бусдад худалдах боломжтой болгосон байхад шинжээч энэ байдлыг харгалзан үзээгүй учир үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй, мөн бид асуудлыг урьдчилан шийдвэрлүүлсний дараа хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж тайлбарлав.

 

             Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу үнийн санал авсан, талууд үнийн санал дээр тохиролцоогүй учир эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон, ХҮТХХК-ийн үнэлгээг нэхэмжлэгчийн хэлээд байгаа үндэслэлүүдээр хүчингүй болгох боломжгүй, шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийг засах зөвшөөрөл өгөөгүй, битүүмжилж, хураасан байгаа эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийх боломжгүй, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд нийцсэн, нөгөө талаар нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаар 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж мэтгэлцсэн.

 

            2.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 2093 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б ХХК нь 62,009,486 төгрөгийг 2019.12.27-ны өдрөөс 2020.02.15-ны өдрийг хүртэл төлж дуусгах, төлөөгүй тохиолдолд үлдсэн үнийн дүнгийн 20%-тай тэнцэх хэмжээний алдангийг нэхэмжлэгч Тэгш плант ХХК-нд нэмж төлөх, нэхэмжлэгч нь үлдэх шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжид 467,997 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

             НШШГГ нь дээрх шийдвэр, 2020.02.27-ны өдрийн 2132 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 176 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, хуулийн 44, 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу 2020.09.30-ны өдрийн 20300287/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор нэхэмжлэгч Б ХХК-ийн эзэмшлийн, 41-29 УНЛ улсын бүртгэлийн дугаартай, 2003 онд үйлдвэрлэгдсэн, Митсубиши делика маркийн ачааны зориулалттай цагаан өнгийн, эвдэрхий гэх автомашин, 30**УБ улсын дугаартай, 1991 онд үйлдвэрлэгдсэн шар өнгийн, эвдэрхий гэх А зориулалттай механизмыг битүүмжилж, 2021.10.27-ны өдрийн 20300926/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, энэ талаар тэмдэглэл үйлдэн зохих ажиллагааг явуулсан.

 

3.Улмаар НШШГГ нь дээрх үүсгэсэн ажиллагаанд тус шүүхийн 2020.08.19-ний өдрийн 1788 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2020.03.31-ний өдрийн 637 дугаар зохигчдын эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамж, 2021.11.08-ны өдрийн 2405 дугаар шүүхийн шийдвэрийг тус тус үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргүүдийг нэгтгэсэн гэж тайлбарласан бөгөөд энэ талаар бичгийн баримтгүй байх боловч зохигчид маргаагүй болно.

 

 

 

 

Өөрөөр хэлбэл, Б ХХК нь тус шүүхийн 2020.08.19-ний өдрийн 1788 дугаар шүүгчийн захирамжаар 154,849,500 төгрөгийг 2020.09.20-ны өдрөөс 2021.08.21-ний өдрийг хүртэл хугацаанд, мөн тэмдэгтийн хураамжид 932,138 төгрөгийг Наранбулаг хан ХХК-нд, 2020.03.31-ний өдрийн 637 дугаар шүүгчийн захирамжаар Б ХХК нь 78,786,280 төгрөгийг 2020.08.01-ний өдрөөс 2020.09.01-ний өдрийг хүртэл хугацаанд, мөн тэмдэгтийн хураамжид 309,825 төгрөгийг Дельта констракшн ХХК-нд, 2021.11.08-ны өдрийн 2405 дугаар шийдвэрээр Б ХХК нь 20,691,624 төгрөг, мөн тэмдэгтийн хураамжид 261,408 төгрөгийг Хүдэрмөнх ХХК-нд тус тус төлөх үүрэгтэй болсон байна.

 

4.Ийнхүү шийдвэр гүйцэтгэгч нь нэгтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу 2021.11.10-ны өдрийн 9/19 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор нэхэмжлэгч Б ХХК-ийн эзэмшлийн 41-29 УНЛ улсын бүртгэлийн дугаартай, 2003 онд үйлдвэрлэгдсэн, Митсубиши делика маркийн ачааны зориулалттай цагаан өнгийн, эвдэрхий гэх автомашин, 30**УБ улсын дугаартай, 1991 онд үйлдвэрлэгдсэн шар өнгийн, эвдэрхий гэх А зориулалттай механизмын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор ХҮТХХК-ийг шинжээчээр томилж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 16 дүгээр зүйлд зааснаар шинжээч Г.Б-т тогтоол болон шинжээчийн эрх, үүргийг танилцуулж, татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг хуульд заасан журмын дагуу тодруулж, холбогдох ажиллагааг хийсэн.

 

ХҮТХХК-ийн 2021.11.17-ны өдрийн үнэлгээний тайлангаар 41-29 УНЛ улсын бүртгэлийн дугаартай, 2003 оны үйлдвэрлэгдсэн Митсубиши делика маркийн ачааны зориулалттай, цагаан өнгийн, эвдэрхий гэх автомашиныг 5,900,000 төгрөг, 30**УБ улсын дугаартай, 1991 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн, эвдэрхий гэх А зориулалттай механизмыг 62,300,000 төгрөг, нийтэд нь 68,200,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь уг үнэлгээний талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нарт тус тус мэдэгдсэн байна.

 

5.Харин нэхэмжлэгч Б ХХК нь 2021.11.18-ны өдөр 4-11/22348 дугаар албан бичгээр мэдэгдсэн үнэлгээг зөвшөөрөхгүй, уг үнэлгээг хүчингүйд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан байх бөгөөд тус байгууллагын 2021.12.09-ний өдрийн 9/2922 дугаар албан бичгээр “...эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно...” гэж хуульд заасан байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгчээ.

 

Дурдсан үйл баримтуудын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан, энэхүү ажиллагаануудын талаар нэхэмжлэгч тал маргаагүй, эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон А механизмын үнэлгээг зөвшөөрөхгүй, холбогдох хэсгийг нь хүчингүй болгуулахаар гомдсон.

 

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тус гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, шийдвэрийн агуулгад хамаарахгүй тул шүүх гаргасан нэхэмжлэлийн хүрээнд буюу маргааны зүйл болсон эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

ХҮТХХК-ийн 2021.11.17-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл, үнэлгээчин нь 2021.11.10-ны өдөр эд хөрөнгөтэй танилцсан байх ба, А механизмын хувьд, 30**УБ улсын дугаартай, Komatsu GD-705R маркийн, механизм зориулалттай, 7430 см куб хөдөлгүүрийн багтаамжтай, H68602795001769 арлын дугаартай, 1991 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 01 сард Монгол улсад импортоор орж ирсэн, шар өнгөтэй, дизель хөдөлгүүртэй болохыг, мөн моторын ээлж хийгдсэн гэсэн нэмэлт мэдээллийг, зургийн хамт тусгажээ.

 

7.Өөрөөр хэлбэл, үнэлгээчин Г.Б нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1, 9.2.3, 9.3-т заасны дагуу үнэлгээний объекттой биечлэн танилцаж, уг объектын шинж байдал, онцлогт нийцүүлж, бусад цуглуулсан мэдээлэл, дүн шинжилгээ, олон улсын стандарт, Монгол улсад батлагдсан дүрэм, журмыг үндэслэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар өртгийн, орлогын, зах зээлийн хандлагын аргуудыг харьцуулж, энэ аргуудыг хэрэглэсэн болон хэрэглээгүй шалтгаан, харьцуулсан хөрөнгийн талаар дэлгэрэнгүй дурдаж, эцсийн байдлаар зах зээлийн хандлагын үнэлгээг сонгож, тайланд тусгавал зохих зүйлсийг тусгасан байна.

 

Иймд нэхэмжлэгч талын гаргасан “...шинжээч БНХАУ-ын машин механизмтай харьцуулж, хуучин гэж үзэн үнэлгээг хэт доогуур хийсэн, хэдийгээр А нь эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааны явцад эвдэрхий байсан ч бид шинжээч томилох үед шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр 16 сая төгрөгийн үнэтэй шинэ мотор худалдан авч тавьсан, явах эд ангийг нь засаж, засвар үйлчилгээ хийсэн, үнэ цэнийг нь өсгөж, бусдад худалдах боломжтой болгосон байхад шинжээч энэ байдлыг харгалзан үзээгүй...” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч тал энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотолсонгүй.

 

Тодруулбал, үнэлгээчин нь тухайн А механизмын шинж байдал, моторын ээлж хийсэн байдлыг харгалзан үзэж, үнэлгээг эцсийн байдлаар зах зээлийн хандлагын аргаар 62,300,000 төгрөг гэж, өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлсэн явдал нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцжээ.

 

8.Нөгөө талаар нэхэмжлэгч Б ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаар 2021.11.18-ны өдөр 4-11/22348 дугаар албан бичгээр мэдсэнээс хойш гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт “үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай” гомдол гаргаж, хариу авсан 2021.12.09-ний өдрөөс хойш 7 хоногийн хугацааг тооцож шүүхэд 2021.12.15-ны өдөр гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй, харин хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд шууд хандах зохицуулалтад хамаарна.

 

Тийм учраас нэхэмжлэгч талын гаргасан “...бид асуудлаа урьдчилан шийдвэрлүүлсний дараа 7 хоног дотроо шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

 

9.Тодруулбал, ХҮТХХК-ийн шинжээч Г.Б нь  тайлангаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9  дүгээр зүйлд заасан журмыг баримтлан гаргасан байх бөгөөд тус байгууллагын эд хөрөнгийн үнэлгээний тайланг үгүйсгэх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, энэхүү тайлангаар нэхэмжлэгчийн эрх ашгийг бодит байдлаар хохироосон, нэхэмжлэгчийн эзэмшлийн А механизмыг үндэслэлгүйгээр зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн байдал тогтоогдохгүй, эд хөрөнгийн үнэлгээний талаарх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь гомдол гаргах хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3., 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох ХҮТХХК-ийн 2021.11.17-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний 30**УБ улсын дугаартай К  маркийн А механизмд холбогдох 62,300,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Т.ЭНХТУЯА