Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/758

 

 

 

 

 

 

 

  

    2024          09           27                                    2024/ШЦТ/758

 

 

                               

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч  Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын прокуророос Б овогт  Б-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр С аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангийн 7 дугаар хэсэгт замчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн *** дүгээр хороо, Н-н ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-н Д /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч  Б.Д- Олон Улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтын дэргэдэх “Б төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын *** дугаартай “Төмөр замын замчин” мэргэжил эзэмшсэн гэх үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын “Замын 2 дугаар анги”-ийн хэсэгт замчнаар ажилд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Б.Д- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Д-ын өгсөн “...Тухайн үнэмлэх хуурамч гэдгийг сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг,  

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Т--н хохирогчоор өгсөн: “...Тухайн гомдол мэдээлэлд дурдагдаж байгаа *** дугаартай мэргэжлийн үнэмлэх нь Улаанбаатар төмөр замын “Замын 2 дугаар анги”-ийн замчин  Б.Д-ын мэргэжлийн үнэмлэх юм. Б. Д нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар төмөр замын “Замын 2 дугаар анги”-ийн захиргаанд “2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Б”-д төмөр замын замчин мэргэжлээр төгссөн тул төмөр замд замчнаар ажилд авна уу” гэсэн өргөдөл гаргасныг үндэслэн Улаанбаатар төмөр замын “Замын 2 дугаар анги”-ийн даргын 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б-1-17 дугаартай тушаалаар  Б.Д-ыг дагалдангаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үүний дараа Улаанбаатар төмөр замын “Замын 2 дугаар анги”-ийн даргын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/183 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож мөн өдрөөс 2 дугаартай зэрэгтэй замчнаар ажилд авсан.  Б.Д- нь 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын “Замын 2 дугаар анги”-д ажиллаж байна. Тухайн ажилтны хувьд Улаанбаатар төмөр замтай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг хийж гүйцэтгэсэн, түүнд тохирсон цалин хөлс авсан учраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам хохирсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд В.Г-н гэрчээр өгсөн: “...Би Улаанбаатар төмөр зам ХНН-ын “Замын 2 дугаар анги”-д хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс ажиллаж байна. Төмөр замын байгууллагад тасралтгүй 20 жил ажиллаж байна.  Б.Д- нь Улаанбаатар төмөр замын “Замын 2 дугаар анги”-ийн 7 дугаар хэсэгт замчнаар ажиллаж байгаа. Замын 2 дугаар ангийн даргын 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Б/17 тоот тушаалаар дагалдан замчнаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 6/183 дугаар тушаалаар 2 дугаар зэрэгтэй замчин болж хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр хийсэн. 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 6/51 дугаар тушаалаар 3 дугаар зэрэгтэй замчин болсон.  Улаанбаатар төмөр замын ХНН-ын даргын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн а/474 тоот тушаалаар “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журам” баталсан байдаг. Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журамд заасны дагуу замчнаар ажилд орох хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж авдаг. Журмын хавсралтад заасан бүртгэлийн 2 хавсралт материал байдаг ба хавсралтын дагуу материалыг хүлээж авдаг. Шинээр ажилд орох гэж байгаа иргэн нь “Ажилд орохыг хүссэн өргөдөл, дэлгэрэнгүй анкет, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ сертификат, иргэний үнэмлэх” зэргийг бүрдүүлж тус ангийн хүний нөөцийн тасагт өгсөн байх ёстой. Тус журмын 3.2.2-т зааснаар баланстай аж ахуй нэгжийн даргын мэдлийн албан тушаалд хийгдэх сонгон шалгаруулалтын комиссыг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй тухайн нэгжийн дарга тухай бүр томилж ажиллуулна гэж заасны дагуу манай байгууллага замчдыг сонгон шалгаруулахад Ерөнхий инженер, хүний нөөцийн тасгийн дарга, сургалтын инженер, хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан инженер зэрэг хүмүүс сонгон шалгаруулалтын комисст байдаг. Манай байгууллага шалгалтын аргыг хэрэглэж сонгон шалгаруулалтыг явуулдаг.  Б.Д- нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагын захиргаанд “2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бүтээгч сургалтын төвд суралцаж төмөр замын замчин мэргэжлээр төгссөн” тул ажилд авна уу гэсэн өргөдөл гаргасны үндсэн дээр Улаанбаатар төмөр замын ХНН-ын даргын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн а/474 тоот тушаалаар батлагдсан “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журам”-ыг баримталж сонгон шалгаруулалт оруулж, шалгалт авах аргыг хэрэглэж ажилд авсан. Ажилд авах гол шалгуур нь төмөр замын замчин мэргэжлийн үнэмлэх, Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, шалгалтын материал зэрэг байдаг.  Б.Д- ажилд орохдоо манай байгууллагад 2020/265 дугаартай ОУЗХАУ-ын институтийн дэргэдэх бүтээгч сургалтын төвийн “төмөр замын замчин” гэх мэргэжлээр үнэмлэхтэй ирсэн. Төмөр замын замчин гэх мэргэжлийн үнэмлэх нь ажилд томилох гол шалгуур бөгөөд тухайн үнэмлэхгүй бол манай байгууллагын журмаар ажилд томилох боломжгүй юм. Мөн төмөр замын замчны ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлага дээр бүрэн дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, эрүүл мэндийн үзлэг тэнцсэн байх гэж заасан байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17  дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Н-н гэрчээр өгсөн: “... Б.Д- нь 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дагалдан замчнаар томилогдон өнөөдрийг хүртэл замчнаар 1 жил 6 сар тасралтгүй ажиллаж байна. Одоо Замын 2 дугаар ангийн 7 дугаар хэсэгт 3-р зэрэгтэй замчнаар ажиллаж байна. Замчин ажилтай  Б.Д- нь Улаанбаатар төмөр зам ХНН-ын Замын 2 дугаар ангид замчнаар 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нийт 31,832,134 төгрөг бодогдож үнээс хувь хүний орлогын албан татварт 2,530,038 төгрөг, нийгмийн даатгалын шитгэлд 3,157,245 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн татварт 303,328 төгрөгийг суутгуулж гарт 25,841,523 төгрөгийн цалин авсан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Х-н гэрчээр өгсөн: “...Манай байгууллага богино хугацаанд чадвар эзэмшүүлдэг буюу мэргэжлийн сургалтын төвд бүртгэлийн гэрчилгээ олгодог байсан. Богино хугацаа гэдэг нь чиглэлээсээ хамаараад 1 жил хүртэлх хугацаанд тухайн иргэний хэрэгцээнд тулгуурлан чадвар, чадамжийг олгож байгааг хэлж болно. Тухайн мэргэжлийн сургалтын байгууллага нь иргэдийн чадвар, чадамжид суурилан мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ олгохыг ойлгож болно. Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ олгох нь манай институт дээр 2021 оны 5 дугаар сард Хөдөлмөр нийгмийн хамгааллийн яамнаас шилжин ирсэн. Тухайн “Бүтээгч” гэх нэртэй мэргэжлийн сургалтын байгууллага нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн бүртгэл хийгдэж, гэрчилгээгээ сунгуулсан мэдээлэл байхгүй байна. Манай институт нь өмнө нь мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, төгсөгч нарт чадамжийн гэрчилгээг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/97, А/231 дугаартай “Журам шинэчлэх тухай” тушаалын дагуу олгодог байсан. Одоо 2023 оны 7 дугаар сард Боловсролын багц хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зохих журмын дагуу чадамжийн гэрчилгээ олгож байна. Харин зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах үүднээс бүртгэлийн гэрчилгээ олголт 2023 оны 4 дүгээр сараас зогссон. “Mergejil.mn” буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг.

 “Mergejil.mn” нэгдсэн цахим мэдээллийн сан нь 2020 онд ашиглагдан 2016 оноос хойш иргэдийн мэдээллийг дутуу бүртгэгдсэн байх магадлалтай. Уг асуудал нь манай байгууллагын нэгдсэн бүртгэлд ороогүй тохиолдолд хуурамч, бүртгэлгүй гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-122 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б-н гэрчээр өгсөн: “...Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Ерөнхий боловсролын түвшинд 9 дүгээр анги төгссөн суурь боловсролын  гэрчилгээ, 12 дугаар анги төгссөнийг нотлох бүрэн дунд боловсролын үнэмлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх 1 жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин гэх мэт, мэргэжлийн боловсролын үнэмлэх 2,5 жил бүрэн дунд боловсрол болон мэргэжил эзэмшсэн бол, мэргэжлийн боловсролын политехник коллежиудад 1,5 жилээр Техникийн боловсролын диплом, 3 жилийн “С” диплом буюу 90 кредит цаг хангасан болохыг нотолсон баримт бичиг олгодог болно. Дээд боловсролын түвшинд 4 жилийн 120 кредит бакалаврын диплом, 2,5 жилээр магистр, 3,5-4 жилээр докторын түвшинд суралцаж байна...

2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Боловсролын ерөнхий хуулийн 2 дугаар бүлэг 14 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт зааснаар боловсролын үнэмлэх /баримт бичиг/-ийг мөн хуулийн 1 дүгээр бүлэг 9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тодорхойлон заасан байгааг ойлгож болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125-127 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Д-н гэрчээр өгсөн “...Би “Бүтээгч” сургалтын төвд 2018-2021 оны хооронд захирал, сургалтын төвийн захирал, хүний нөөцийн менежер, аж ахуйн дарга, зэрэг албан тушаал дээр захирлын тушаал шийдвэргүйгээр солигдоод ажиллаж байсан. Тухайн сургалтын төвийг анх нээгдсэн цагаас эхлэн ажиллаж байсан. Манай сургалтын төв анх тусгай зөвшөөрлөө 2018 оны 3 дугаар сараас эхлэн Хөдөлмөр, нийгэм халамжийн газраас сургалт зохион  байгуулах тусгай зөвшөөрлөө гаргуулан авч сургалт зохион байгуулан үйл ажиллагаа явуулж байсан. Сургалтын төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 2023 оны 5 дугаар сард үйл ажиллагаа явуулах эрх дуусгавар болсон.

Манай сургалтын төв нь үйл ажиллагаа явуулах 5-6 удаа сургалт зохион байгуулсан. Миний санаж байгаагаар 2018 онд 1 удаа, 2019 онд 1-2 удаа, 2020 онд 1-2 удаа, 2021-2022 онуудад 1-2 удаа сургалтын цахим хэлбэр болон танхимаар сургалтыг зохион байгуулан нийт 300 гаруй суралцагч, элсүүлэн мэргэжлийн сургалт олгож байсан.

Манай сургалтын төвийн сургалтын төлбөр 750,000 төгрөг байсан. Манай элсэгч, суралцагчдаас төлбөрийг бэлнээр авдаг байсан. Манай байгууллагад яг санхүүгийн ажилтан гэж дагнасан ажилтан байгаагүй. Манай сургалтын төв нь “ЯБГУ” ХХК-ийн дэргэд анх үүсгэн байгуулагдсан. Манай компанийн захирлын туслах бэлнээр хураан авдаг байсан. Кассын орлогоор баримт бичиж авдаг сургалтын төв данс байгаагүй болохоор бэлнээр төлбөрийг авч байсан. Санхүүгийн ажилтан гэж байгаагүй санхүүгийн тайлангаа сард 1 удаа гаднаас санхүүгийн мэргэжилтэй хүнд төлбөр мөнгийг нь өгөөд гаргуулдаг байсан.

Надад харуулсан мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна.

Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 130-133 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.Д-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 5 дугаар сард “Милондрим” ХХК-д сантехникийн туслах ажил хийж байхдаа хамт ажилладаг хүнээс төмөр замын ажилтны мэргэжлийн үнэмлэхийг мөнгө өгөөд суралцахгүйгээр гаргуулж авч болдог гэж сонсоод утасны дугаарыг нь олж авч асуухад энэ “Б”-ийн утас байсан. Тухайн үед би  “төмөр замын замчны мэргэжлийн үнэмлэх гаргуулж авмаар байна” гэхэд надтай утсаар ярьсан хүн “болно, 1.500.000 төгрөг” гэхээр нь би зөвшөөрч үнэмлэх гаргуулахаар болж өөрийн овог, нэр, регистрийн дугаар, 1.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Үүнээс хойш нэг жилийн дараа над руу утсаар залгаад таны үнэмлэх гарчихсан ирж аваарай гэж хэлсэн. Би 2020 онд үнэмлэхээ аваад өөрт байлгаж байгаад 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар төмөр замын “Замын 2 дугаар анги”-ийн замчнаар ажилд орох хүсэлтийг төмөр замын замчин гэсэн хуурамч үнэмлэхийн хамт өгч 1 дүгээр сарын 5-ны өдрөөс ажилд томилогдсон. Үүнээс хойш Замын 2 дугаар ангид замчнаар ажиллаж байна. Надад үнэмлэх гаргаж өгсөн хүнийг одоо танихгүй, утасны дугаарыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 162-164 дэх тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 172 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 168 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Б.Д- нь албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/, хохирогч Б.Т-н мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, гэрч В.Г-н мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17  дахь тал/,  гэрч А.Н-н мэдүүлэг /хавтаст хэргийн 120-122 дахь тал/, гэрч  С.Б-н мэдүүлэг /хавтаст хэргийн 125-127 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч  Б.Д- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч  Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч  Б.Д- нь албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос  Б.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч  Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч  Б.Д-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч  Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч  Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-н “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч  Б.Д-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хэрэгт хураан авсан *** дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч  Б.Д- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Д-г “албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч  Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар  Б.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураан авсан 2020/265 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч  Б.Д- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ