Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2022/00731

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Э

Нэхэмжлэгч: А.С нарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон 2021.03.24-ний өдрийн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг болон 2020.09.22-ны өдрийн 20/14 дугаартай, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”, уг тогтоолын дагуу явуулсан 2021.01.27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  2021.03.04-ний өдрийн “Эд хөрөнгө хураах тогтоол”, 2021.05.05-ны өдрийн 5/32 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолоор явагдсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг  2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямба-Эрдэнэ, гуравдагч этдээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.С, Д.Э нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Д.Э-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.07.01-ний өдрийн 756 дугаартай захирамжаар “Ивээл инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Э, А.С нарт холбогдох иргэний хэргийг талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн бөгөөд тус захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бид нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... хаягт байрлах, 374 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай, эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн бодит үнэлгээг шинжээч “Мөнх оргил трейд” ХХК-иас 511 900 000 төгрөгөөр тогтоож, 2 удаа албадан дуудлага худалдааг явуулахад дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул санал болгох хурлаар орж, төлбөр авагч “ИИББСБ” ХХК-д тус хөрөнгийн зөрүү 410 900 000 төгрөгийг төлж, барьцаа хөрөнгийг авахыг санал болгоход төлбөр авагч нь зөрүүг төлөөгүй. Үүнийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүргийн 175 дугаар тойргийн ахлах шийдвэр  гүйцэтгэгчийн 2020.08.13-ны өдрийн 4/153 дугаар тогтоолоор худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаасан.

Шийдвэр гүйцэтгэгч нь  “ИИББСБ” ХХК-ийн ашиг сонирхлыг хамгаалж, хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гарган барьцаа хөрөнгүүдийг дахин битүүмилж, хурааж, цаашлан үнэлгээг дахин хийлгэхээр “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилж, 2021.03.31-нд  шинжээч нь 309 619 170 төгрөгөөр зах зээлийн ханшаас хэт доогуур  үнэлсэн байдаг. Тэгээд 22021.05.05-ны өдрийн “Анхны дуудлага худалдаа явуулах тогтоол”-ын дагуу  дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчийн тогтоосон үнэ болох 309 619 170 төгрөгийн 70 хувиар тооцож 216 733 419 төгрөгөөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай мэдэгдсэн. Бидний дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өнөөгийн зах зээлийн үнэлгээ нь 500 орчим сая төгрөг байхад зах зээлийн ханшаас хэт багаар үнэлж, тус үнэлгээний дагуу албадан дуудлага худалдааг зохион байгуулж байгаа нь бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна. Иймд А.С, Д.Э нарын өмчлөлийн  үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг зах зээлийн ханшаас хэтэрхий багаар үнэлсэн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Энэ үнэлгээг гаргуулахад шийдвэр гүйцэтгэгч хувийн ашиг сонирхлын үүднээс тухайн компаниар гаргуулж оролцсон. Дахин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэлийн баримт бичгийг Баянзүрх дүүргийн 165 дугаар тойрог руу шилжүүлэн биднийг төөрөгдүүлэх замаар дахин ажиллагаа хийж, 2020.09.22-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай” ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Өлзийсайханы 20/14 дугаартай тогтоол гаргасан нь бидний эрх ашгийг зөрчиж байгаа тул тус тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Мөн дээрх тогтоолын үндсэн дээр хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг буюу 2021.01.27-ны өдрийн хөрөнгө битүүмжилсэн, 2021.03.04-ний өдрийн хөрөнгө хураасан тогтоол, 2021.05.05-ны өдрийн тогтоолоор явагдсан анхны алдбадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл шаардлага гаргаж байна. Бид 2021.03.31-нд 309 619 170 төгрөгөөр үнэлгээ гарсныг мэдээд 2021.04.06-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах гомдол гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч 2021.05.05-нд хариу өгсөн. Тиймээс 2021.05.11-нд бид шүүхэд дахин  нэхэмжлэл гаргасан, гэтэл шүүхээс 2021.07.27-нд нэхэмжлэлийг буцаасан захирамж гарсан байдаг. Энэ захирамжийг бид 2021.08.20-ны хавьд л авсан байх, дахиад 2021.08.27-нд нь нэхэмжлэл гаргахад 2021.09.07-нд нэхэмжлэлийг буцаасан. Ингээд бид удалгүй хуулийн хугацаанд нь дахин нэхэмжлэлийг 2021.09.17-нд гаргасан. Хариуцагч тал А.С-ийн хаягаар Баянзүрх дүүргийн 165 дугаар тойрогт шилжүүлсэн гэсэн, гэвч А.С  нь өөрийнхөө хаягт амьдарч байгаа, түүнийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд амьдардаг гэдгийг тогтоосон асуудал байхгүй. Мөн бид нарыг төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэсэн. Би  “ИИББСБ” ХХК-ийн хууль бус, дарамталсан үйл ажиллагаанаас болоод үйлдвэрлэлээ явуулж чадахгүйд хүрсэн учраас ганцхан энэ төлбөртөө биш өөр 4 төлбөр авагч нарт дарааллынх нь журмаар өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөд явж байгаа. Барьцаа хөрөнгийг үнэлүүлээд санал болгоход бүх төлбөр авагч нар ирж хуралд суусан байдаг. Энэ талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд байгаа. Ингээд бүх төлбөр авагч нарт санал болгоод “та нараас миний хөрөнгийг авах хүн байна уу, авахгүй бол буцаагдах нь байна” гэхэд бүгдээрээ барьцаа хөрөнгөнөөс татгалзсан. Ганцхан “ИИББСБ” ХХК-д миний хөрөнгийг санал болгоогүй. Бүх төлбөр авагч нар санал болгоход тухайн төлбөр авагч нар төлбөрөө авчихна гэдэг утгаараа татгалзсан гэж бодож байгаа. Дахин анхны үнэлгээгээр дуудлага худалдаанд оруулж яагаад болоогүй юм бэ, дахин үнэлүүлэх ямар шаардлага байсан юм бэ. Энэ нь шийдвэр гүйцэтгэгч нэг талыг хэт барьсан,  шийдвэр гүйцэтгэгч нь нар нь зайлсхийж зугтааж байсан ажил дээр санаатайгаар шинээр орж ирсэн шийдвэр гүйцэтгэгчийг томилж ажиллагаа явуулж байгаа нь илт хууль бус байсан.

Хууль ёсны дагуу зах зээлийн үнэлгээг гаргасан бол би маргахгүй байсан.

2021.05.05-ны өдрийн тогтоолыг гомдлын хариутай надад хамт өгсөн. Би шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Анхны албадан дуудлага худалдааг явагдсан шүү гэж дараа нь надад хэлж байсан. Энэ хүмүүс завсар гарангуут л хурдан хөрөнгийг авчих  гээд янз бүрийн юм хийгээд байгаа. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагаа “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах, 20/14 дүгээр тогтоолыг болон уг тогтоолоор явуулсан хөрөнгө битүүмжилсэн, хураасан ажиллагааг хүчингүй болгуулах, 2021.05.05-ны өдөр гарсан анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гэж тодруулсан, 2021.05.05-ны өдрийн тогтоолоос хойшхи ажиллагаа нэхэмжлэлийн шаардлагад ороогүй гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.09.12-ны өдрийн 182/Ш32019/07216 дугаартай захирамжаар А.С , Д.Э  нараас 101 000 000 төгрөгийг гаргуулж “ИИББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхээс гарсан шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг 2020.09.22-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Дээрх төлбөрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч А.С , Д.Э  нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ..., ... дугаартай, ... тоот хаягт байрлах, 374 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг 2021.01.27-ны өдрийн 19300990/165-01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2021.03.04-ний өдрийн 19300990/165-02 дугаартай тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нар нь үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр авагч “ИИББСБ” ХХК-иас төлбөр төлөгч үнийн санал өгөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилж  шинжээч нь уг хөрөнгийн зах зээлийн үнийг  309 619 170 төгрөгөөр үнэлсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.03.30-ны өдрийн 4-165/5700, 4-165/5703, 4-165/5698 дугаартай албан бичгээр шинжээчийн үнийг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д үнэлгээний талаар мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж заасан байдаг. Энэ хугацаанд гомдлоо гаргаагүй нь баримтаас харагдана. 

Нэхэмжлэгчийн яриад байгаа зүйл нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч А.С  нь Чингэлтэй дүүргийн ... тоот гэсэн хаягтай ба анх Чингэлтэй дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид анх хуваарилагдаж ирээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж үнэлгээг тогтоох ажиллагаа, 2 удаагийн албадан дуудлага худалдаа зохион байгуулагдсан ч хөрөнгө худалдан борлогдоогүй учраас 2020.08.13-ны өдрийн 4/153 дугаар тогтоолоор гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан. Буцаасан хугацаанд дахин гүйцэтгүүлэх хүсэлт ирсэн учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин шинээр явуулсан. Энэ хугацаанд  барьцааны хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан ажиллагааг явуулж, шинжээчийн хөрөнгийг үнэлгээний тайланд 309 619 170 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч Д.Э., А.С нар нь энэ хугацаанд ч  төлбөрөө төлөөгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байсан. Төлбөр төлөгч нар нь үндэслэлгүй гомдол гаргасан. Мөн нэхэмжлэгч нар нь Чингэлтэй дүүргээс Баянзүрх дүүрэг рүү шилжүүлсэн гэдэг. Д.Э  нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд амьдардаг юм, барьцаа хөрөнгө нь тус дүүрэгт байрладаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч нь амьдарч байгаа болон үл хөдлөх хөрөнгө нь байгаа бол тус хөрөнгийн байршлаар нь шилжүүлэх зохицуулалттай. Энд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүсээд зориуд 165 дугаар тойрогт шилжүүлсэн асуудал байхгүй, энэ талаарх баримт нь хэрэгт байгаа. Манай байгууллага нь хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа. Нэг талыг барьж хөрөнгийг багаар үнэлсэн зүйл байхгүй. 2021.09.22-ноос хойш явуулсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоосон, эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол  нь хууль зөрчсөн зүйлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Гуравдагч этгээд “ИИББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанцэрэнгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд байгаа эрхийн улсын бүртгэлийн Ү-2204069636 дугаар бүртгэлтэй, ... тоот хаягт байрлах, 374 м.кв талбайтай хувийн сууц, уг хаягт байрлах 700 м.кв талбайтай, эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь манай “ИИББСБ” ХХК-ийн барьцаанд байдаг. Зээлдэгч нар төлбөрөө төлөхгүй 3-4 жил болсон тул бид хүсэлтээ гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахин эхэлж явагдсан.  Уг хөрөнгийн үнэлгээг шинжээч  “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь  309 619 170  төгрөгөөр үнэлсэн. Энэ нь зах зээлийн бодит үнэлгээ гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн дагуу хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж хаагдаагүй. Манай зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд зүй бусаар нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тэгэж үзэж байгаа бол шалгуулах нь зүйтэй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй, төлбөр төлөгч нар цаг хугацаа авч  манай байгууллагын эрх ашгийг хохироож байна гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.01-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 756 дугаартай захирамж, Д.Э , А.С  нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, нэгж талбарын ... дугаартай, ... тоотод байрлах, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн газар дээр тус хаягт байрлах, Д.Э., А.С. нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 374 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, 2020.01.14-ний өдрийн “Мөнх оргил трейд” ХХК-ийн  “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” 08/Ш тоот үнэлгээ, 2021.03.24-ний өдрийн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-ийн эхний хуудас, шийдвэр гүйцэтгэх  байгууллагын 2020.08.13-ны өдрийн 4/153 тоот  худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх бичиг баримтыг төлбөр авагчид буцаах тухай  тогтоолууд, 2021.05.05-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай” 15 тоот тогтоол,  “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 5/32 тоот тогтоол, 2021.09.14-ний өдрийн “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” 10/24 тоот тогтоол,  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2021.07.27-ны өдрийн 182/ШЗ2021/06891 дугаар “Нэхэмжлэлийг буцаах тухай”, 2021.09.07-ны өдрийн 182/ШЗ2021/08298 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжууд /хх 7-21, 25-27/ зэргийг,

Хариуцагч талаас, 19300990 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн баримтууд болох Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019.09.12-ны өдрийн 182/ГХ2019/00606 тоот гүйцэтгэх хуудас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2019.09.12-ны өдрийн 182/ШЗ2021/07216 дугаар “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, “ИИББСБ” ХХК-ийн 2020.09.03-ны өдрийн 2020/066 тоот хүсэлт, 2020.09.22-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” 20/14 тоот тогтоол, 2021.01.27-ны өдрийн 19300990/165-01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, 2021.03.04-ний өдрийн 19300990/165-02 тоот “Эд хөрөнгө хураах тогтоол”, 2021.03.10-ны өдрийн 4-165/3212 тоот “Үнийн санал ирүүлэх тухай” мэдэгдэл, Д.Э , А.С  нарын үнийн саналын тухай тайлбар, “ИИББСБ” ХХК-ийн 2021.03.12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан хүсэлт, 2021.03.19-ний өдрийн  шийдвэр гүйцэтгэгчийн 3/33 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”, шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2021.03.29-ний өдрийн 01/05 тоот албан бичгээр ирүүлсэн 2021.03.24-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, хавсралтууд, 2021.03.30-ны өдрийн 4-165/5700, 4-165/5703, 4-165/5698 тоот үнэлгээний мэдэгдлүүд /хх 61-101/, 2019.09.20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тухай 19300990 тоот тогтоолын дагуу явагдсан эд хөрөнгийг лавлагаа, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, 2019.11.01-ний өдрийн 193000990/07 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”, 2019.12.20-ний өдрийн 193000990/10 тоот “Эд хөрөнгө хураах тухай”, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлүүд,  шийдвэр гүйцэтгэгчийн 2020.01.07-ны өдрийн 44 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”, “Мөнх оргил трейд” ХХК-ийн 2020.01.14-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” 08/Ш тоот үнэлгээ, хавсралтууд, үнэлгээний  болон албадан дуудлага худалдааны мэдэгдлүүд,  2020.03.03-ны өдрийн 3/39 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, 2020.03.31-ний өдрийн 4/33 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, “Анхны болон хоёр дахь албадан дуудлагаа худалдааны хурлын тэмдэглэл”, 2020.05.21-ний өдрийн 4/18693 тоот шийдвэр гүйцэтгэгчийн “Хөрөнгө санал болгох тухай мэдэгдэл, 2020.08.12-ны өдрийн 2020/059 тоот “ИИББСБ” ХХК-ийн тайлбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2021.04.06-ны өдөр Д.Э-аас гаргасан гомдол, 2021.05.05-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай” 15 тоот тогтоол /хх 113-200, 203-204/, 2016.08.25-нд А.С , Д.Э  нараас  “ИИББСБ” ХХК-д  гаргасан зээл олгохыг хүссэн хүсэлт, зээлдэгчийн болон хамтран даагчийн анкет, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2020.05.29-ний өдрийн А.С-аас Д.Э-т олгосон итгэмжлэл /хх 65-69, 72/ зэргийг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ИИББСБ” ХХК-иас нотлох баримтаар, тус компанийн ... регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг тус тус гаргасан.

Тус шүүхийн шүүгчийн 2022.03.07-ны өдрийн 182/ШЗ2022/02700 дугаартай захирамжийн дагуу шүүгчийн 2021.08.25-ны өдрийн 182/ШЗ2022/07883 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, Д.Эрдэнэбаатараас 2021.05.11-нд тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүгчийн 2021.05.18-ны өдрийн 182/ШЗ2022/04277 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж,  шүүгчийн захирамж хүргүүлсэн тухай 2021.08.05-ны өдрийн баримт, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022.03.14-ний өдрийн 610 тоот албан бичгээр ирүүлсэн 2021.08.30-наас 2021.09.09-ний хоорондох хугацааны “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, буцаасан, материал хүлээлгэн өгсөн  бүртгэл” зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс, нэхэмжлэгч Д.Э., А.С. нар нь хариуцагч байгууллагад холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон 2021.03.24-ний өдрийн  “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020.09.22-ны өдрийн 20/14 дугаартай, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, уг тогтоолын дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардалгаа нэмэгдүүлж, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд  дээрх нэмэгдүүлсэн шаардлагаа 20/14 дугаартай  тогтоол болон  2021.01.27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”, 2021.03.04-ний өдрийн “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол, 2021.05.05-ны өдрийн 5/32 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолоор явагдсан ажиллагааг буюу өөрийн өмчлөлийн эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан, анхны албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

 

Шүүхээс нэхэмжлэгч нарын дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч А.С., Д.Э. нар нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, бидний өмчлөлийн газар, хувийн сууц бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээч “Мөнх оргил трейд” ХХК-иас 511 900 000 төгрөгөөр тогтоосон, уг хөрөнгүүд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул төлбөртөө авахыг төлбөр авагчид санал болгоход төлбөр авагч зөвшөөрөөгүй учир гүйцэтгэх бичиг баримтыг буцааж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчээс хэт нэг талыг баримтлан хууль бусаар дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн барьцаа хөрөнгийг дахин битүүмжилж, хураан, анхны албадан дуудлага худалдааг явуулсан нь  бидний эрх ашгийг хөндөж, хууль зөрчсөн, дахин “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-иар үнэлгээ хийлгэн 309 619 170 төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас хэтэрхий бага үнэлсэн, шийдвэр гүйцэтгэлийн баримт бичгийг Баянзүрх дүүргийн 165 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлэн ажиллагаа явуулсан нь биднийг төөрөгдүүлэн, эрхийг ноцтой зөрчсөн, 2021.03.31-ний өдөр дахин үнэлгээ гарсныг мэдэж, хуульд заасан хугацаандаа гомдлоо гаргасан гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч байгууллагаас, нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.09.12-ны өдрийн 182/Ш32019/07216 дугаартай захирамжийг төлбөр төлөгч А.С., Д.Э. нар сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, төлбөр авагч шийдвэрийг албадан биелүүлүүлэхээр хүсэлт гаргаснаар 2021.09.22-ны өдрөөс ажиллагаа хийгдэж, төлбөр төлөгч нарын өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан, үнийн санал өгөөгүй, тохиролцоогүй учир шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь уг хөрөнгүүдийг 309 619 170 төгрөгөөр үнэлсэн, Иргэний хуульд заасны дагуу анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, гүйцэтгэх бичиг баримтыг төлбөр авагчид буцаасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэж үзэхгүй. Төлбөр авагч дахин хүсэлтээ гарган ажиллагааг эхлүүлэх эрхтэй тул 2020.09.22-ны өдрөөс хойш явуулсан эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан болон үнэлгээ тогтоосон, анхны албадан дуудлага худалдааны ажиллагаа хууль зөрчөөгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Гуравдагч этгээд “ИИББСБ” ХХК-иас, хариуцагч талын тайлбарыг дэмжин оролцож, төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, барьцааны хөрөнгийн үнэлгээг шинжээч  “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь  309 619 170  төгрөгөөр үнэлсэн нь  зах зээлийн бодит үнэлгээ гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн дагуу хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж хаагдаагүй, бусад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.

4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.01-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 182/ШЗ2019/00756 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “ИИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлээс 27 355 660 төгрөгийг татгалзаж, үлдэх 101 000 000 төгрөгийг хариуцагч А.С , Б.Э  нар төлж барагдуулахаар, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох нэхэмжлэгч нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, нэгж талбарын ... дугаартай, ... тоотод байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон, мөн газар дээр тус хаягт байрлах, Д.Э., А.С. нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 374 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

4.2.Уг захирамжийг төлбөр төлөгч А.С., Д.Э. нар сайн дураар биелүүлээгүй, төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул төлбөр авагч хүсэлт гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.09.12ы өдрийн 182/ШЗ2018/07216 дугаартай “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухайзахирамж,  2019.09.12-ны өдрийн 182/ГХ2019/00606 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас үйлдэгдэн, үүний үндсэн дээр 2019.09.20ы өдрийн 19300990 тоот тогтоолоор  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, барьцааны зүйл болох төлбөр төлөгч нарын өмчлөлийн газар, хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 2019.11.01-ний өдрийн 193000990/07 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилж,  2019.12.20-ны өдрийн 193000990/10 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор хураан, уг хөрөнгүүдийн үнийг төлбөр авагч, төлбөр төлөгч нар тохиролцон тогтоон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг талуудад даалгасан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй  тул шийдвэр гүйцэтгэгчээс шинжээчээр “Мөнх оргил трейд” ХХК-г томилсноор шинжээч нь 2020.01.14-ний өдөр нэхэмжлэгч нарын өмчлөлийн дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг 511 900 000 төгрөгөөр үнэлжээ.

Эдгээр нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчээс талуудад явуулсан 4/29650 тоот  үнийн санал ирүүлэх тухай  мэдэгдэл,  шийдвэр гүйцэтгэгчийн 2020.01.07-ны өдрийн 44 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”, “Мөнх оргил трейд” ХХК-ийн 2020.01.14-ний өдрийн  08/Ш тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан” хавсралтууд /хх 136-138, 142-181/ зэргээр нотлогдсон.

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дээрх шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг 2020.01.17-нд талуудад Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т заасны дагуу мэдэгдэж, 2020.03.03-ны өдрийн 3/39 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”,  2020.03.31-ний өдрийн 4/33 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-ын дагуу  анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан боловч нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5.-д зааснаар барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгосон боловч “ИИББСБ” ХХК-иас татгалзсан тухай тайлбарыг ирүүлснээр гүйцэтгэх бичиг баримтыг төлбөр авагчид, худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид тус буцаасан болох нь албадан дуудлага худалдааны мэдэгдлүүд,  2020.03.03-ны өдрийн 3/39 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, 2020.03.31-ний өдрийн 4/33 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, “Анхны болон хоёр дахь албадан дуудлагаа худалдааны хурлын тэмдэглэл”, 2020.05.21-ний өдрийн 4/18693 тоот шийдвэр гүйцэтгэгчийн “Хөрөнгө санал болгох тухай” мэдэгдэл, танилцуулга, 2020.08.12-ны өдрийн 2020/059 тоот “Ивээл  инвест ББСБ” ХХК-ийн тайлбар,  шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд,  2020.08.13-ны өдрийн 4/153 тоот  “Худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах тухай”,  “Гүйцэтгэх бичиг баримтыг төлбөр авагчид буцаах тухай”  тогтоолууд /хх 182-204/ зэргээр нотлогдсон.

Нэхэмжлэгч нар нь дээрх 2019.09.20ы өдрөөс 2020.08.13-ны өдрийг хүртэл хугацааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж маргаагүй болно.

4.3.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр авагч “ИИ ББСБ” ХХК-иас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг 2020.09.03-ны өдөр дахин гаргаснаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.09.12ы өдрийн 182/ШЗ2018/07216 дугаартай “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухайзахирамж,  2019.09.12-ны өдрийн 182/ГХ2019/00606 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-ыг үндэслэн  2019.09.22-ны өдөр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” 20/14 тоот тогтоол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2021.01.27-ны өдөр 193000990/165-01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор нэхэмжлэгчийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж,  шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2021.02.05-ны өдрийн дотор биелүүлэхийг төлөгч төлөгч, төлбөр төлөгч А.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-т мэдэгдэж, үүний  дараа  2021.03.04-ний өдрийн  193000990/165-02 тоот тогтоолоор дээрх хөрөнгүүдийг хурааж төлбөрийг 2021.03.10-ны өдрийн дотор биелүүлэх хугацаа тогтоож төлбөр төлөгч нарт мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байна.

Энэ хугацаанд төлбөр төлөгч нар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу барьцааны зүйл болох  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас санал авч үнийн саналаа ирүүлэхийг ажиллагааны талуудад мэдэгдсэнээр 2021.03.10-ны өдөр төлбөр төлөгч нараас үнийн санал өгөхөөс татгалзсан тухай тайлбар,  төлбөр авагчаас 2021.03.12-ны өдөр үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлтийг  тус тус гаргажээ.

Дээрх үйл баримтууд нь 2020.05.29-ний өдрийн А.С-аас Д.Э-т олгосон итгэмжлэл, “ИИ ББСБ” ХХК-ийн 2020.09.03-ны өдрийн 2020/066 тоот хүсэлт, 2020.09.22-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” 20/14 тоот тогтоол, 19300990/165-01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, 19300990/165-02 тоот “Эд хөрөнгө хураах тогтоол”, 2021.03.10-ны өдрийн 4-165/3212 тоот “Үнийн санал ирүүлэх тухай” мэдэгдэл, Д.Э , А.С  нарын үнийн саналын тухай тайлбар, “Ивээл  инвест ББСБ” ХХК-ийн 2021.03.12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд /хх 63-64, 74-81/  зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан ажиллагаанууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49., 54. дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.1.-д заасантай нийцсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2.-т “төлбөр авагч шүүхийн шүүхийн шийдвэрт заасан эсхүл төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан...” бол иргэний шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаахаар заасан бөгөөд 2020.08.13-ны өдрийн 4/153 тоот  “Гүйцэтгэх бичиг баримтыг төлбөр авагчид буцаах тухай”  тогтоол гарсны дараа төлбөр авагч “ИИ ББСБ” ХХК-иас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг 2020.09.03-ны өдөр дахин гаргасан нь хуулийн 31.4.-т заасан гүйцэтгэх баримт бичгийг  дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байх үндэслэлд хамаарахгүй тул хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар тогтоосон нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй болно.

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2., 73 дугаар зүйлийн 73.1.-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид, худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаасан нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон үндэслэл болохгүй болно.

 

5. Төлбөр төлөгч буюу өмчлөгч, төлбөр авагч нар  барьцааны зүйлийн үнийн талаар тохиролцоогүй байх тул төлбөр авагч “ИИ ББСБ” ХХК-иас шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар   шийдвэр гүйцэтгэгчээс 3/33 тоот “Шинжээч томилох тухай” тогтоол үйлдэн, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг үнэлгээ гаргах шинжээчээр томилж,  шинжээч нь  2021.03.24-ний өдөр “Хөрөнгийн үнэлгээний тайлан” гаргаж, нэхэмжлэгч нарын  өмчлөлийн  газар, хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг  нийт 309 616 170  төгрөгөөр үнэлжээ.

Уг “Хөрөнгийн үнэлгээний тайлан”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т заасны дагуу төлбөр төлөгч нарт хүлээлгэн өгсөн болох нь  шийдвэр гүйцэтгэгчийн 2021.03.19-ний өдрийн 3/33 тоот “Шинжээч томилох тухай”  тогтоол,  “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн  2021.03.24-ний өдрийн  “Хөрөнгийн үнэлгээний тайлан” 2021.03.31-ний өдрийн 4-165/5700 тоот үнэлгээний мэдэгдэл,  /хх 82-101/ зэргээр нотлогдсон.

Хэргийн 205-206 дахь талд авагдсан баримтаар, нэхэмжлэгч Д.Э нь дээрх үнэлгээг эс зөвшөөрч 2021.04.06-ны өдөр шинжээч “Мөнх оргил трейд” ХХК-иас 511 900 000 төгрөгөөр үнэлсэн байхад үндэслэлгүйгээр дахин  шинжээч томилж,  “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг  нийт 309 616 170 төгрөгөөр  зах зээлийн үнээс хэт бага хямдаар үнэлж бидний эрхийг зөрчсөн гэж үзэн  ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан байх бөгөөд  ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.05.05-ны өдрийн 15 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай” тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэн, уг тогтоолыг Д.Э-т мөн өдөр хүлээлгэн өгсөн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн  2021.03.24-ний өдрийн  “Хөрөнгийн  үнэлгээний тайлан” болон гэрчээр оролцсон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлгээс үзэхэд уг үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартыг баримтлан, мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан бөгөөд шинжээч нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн, ... тоотод байрлах, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн газар дээр байрлах, 374 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний үндсэн аргуудыг  харьцуулан тус хөрөнгүүдийн байршил, ашиглалтын нөхцөл, чанар байдал, орчны тохижилт,  дэд бүтэц, эдэлгээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан итгэлцүүрээр тохируулж, зах зээлийн хандлагаар үнэлж, 309 616 170 төгрөгөөр  тогтоосныг зах зээлийн ханшаас илтэд доогуур үндэслэлгүй тогтоосон, хууль зөрчсөн  гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн дээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн гэх гараашны үнэлгээ ороогүй үнэлэгдсэн байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх хариуцагч байгууллагын явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2., 55.3.-т заасныг зөрчөөгүй байна.

 

6.Хариуцагч байгууллагаас барьцааны зүйл болох 2 үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 309 616 170  төгрөгийн 70 хувиар тооцон 216 733 419 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож, 2021.05.21-ний өдөр  үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 5/32 тоот тогтоолыг үйлдсэн байх бөгөөд уг тогтоолыг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй ч  нэхэмжлэгч дээрх тогтоолтой 2021.05.05-ны өдөр танилцсан талаар  тайлбарлажээ.

Иймд эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  63 дугаар зүйлийн 63.1., 64 дүгээр зүйлийн 64.1., 65 дугаар зүйлийн 65.1., 70 дугаар зүйлийн 70.1., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасантай тус тус  нийцсэн байна.

 

7.Хэрэгт авагдсан шүүгчийн захирамжууд, 2021.08.30-ны өдрөөс 2021.09.09-ний өдрийн хоорондох хугацааны “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, буцаасан, материал хүлээлгэн өгсөн  бүртгэл” зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нарын үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.05.05-ны өдрийн 15 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай” тогтоолыг 2021.05.05-ны өдөр хүлээн авснаас хойш 2021.05.11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд “Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг Д.Эрдэнэбаатар гаргасан байх бөгөөд уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2021.05.18-ны өдрийн 182/ШЗ2021/04277 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүгчийн 2021.07.27-ны өдрийн  182/ШЗ2021/06891 дугаартай захирамжаар  нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцаан шийдвэрлэжээ.

Уг захирамжийг шүүхээс 2021.08.05-ны өдөр шуудангаар хүргүүлснийг хүлээн авч нэхэмжлэгчээс дахин 2021.08.18-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-т зааснаар шүүгчийн 2021.08.25-ны өдрийн 182/ШЗ2021/07883 дугаартай захирамжаар  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн  байна.

Дээрх 182/ШЗ2021/07883 дугаартай захирамжийг нэхэмжлэгч Д.Э. шүүхээс 2021.08.31-ний  өдөр хүлээн авсны дараа мөн өдөр “Үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11.-д зааснаар шүүгчийн 2021.09.07-ны өдрийн 182/ШЗ2021/08298 дугаартай захирамжаар  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн.

Энэ захирамжийг шүүхээс 2021.09.14-ний өдөр хүлээн авч дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2021.09.17-ны өдөр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021.12.20-ны өдөр  нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлэн 2020.09.22-ны өдрийн  20/14 дугаартай, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоол болон  2021.01.27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”, 2021.03.04-ний өдрийн “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол, 2021.05.05-ны өдрийн 5/32 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолоор явагдсан ажиллагаануудыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан байна.

 

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” заасан бөгөөд нэхэмжлэгч нар дээрх хуулийн заалтын дагуу шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2021.03.24-ний өдрийн “Хөрөнгийн  үнэлгээний тайлан”-аар тогтоосон  үнэлгээг  2021.03.31ий өдөр мэдсэнээс хойш уг үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргаагүй байна.

Нэхэмжлэгчээс 2021.04.06-ны өдөр дээрх үнэлгээг хүчингүй болгох тухай гомдлыг анх ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасныг 2021.05.05-ны өдрийн 15 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай” тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолыг мөн өдөр хүлээн авснаас хойш “Үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг 2021.08.31-ний өдөр түүнчлэн 2021.09.17-ны өдөр  шүүхэд тус тус гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 2021.05.05-ны өдрөөс хойш 2021.05.12-ны өдрийн дотор шүүхэд гаргаагүй,  “Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан нь хуульд тусгайлан заасан дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

9. Хариуцагч байгууллагын 2021.01.27-ны өдөр 193000990/165-01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор нэхэмжлэгчийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж,  шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2021.02.05-ны өдрийн дотор биелүүлэхийг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн бөгөөд уг ажиллагаанд Д.Э. оролцсон байна. Үүний  дараа  2021.03.04-ний өдрийн  193000990/165-02 тоот тогтоолоор дээрх хөрөнгүүдийг хурааж төлбөрийг 2021.03.10-ны өдрийн дотор биелүүлэх хугацаа тогтоосон байх бөгөөд уг ажиллагаанд тухайн үед манаач байсан гэх иргэн Ж.Цогтгэрэлийг байлцуулан,  хөндлөнгийн гэрчээр Б.Мягмар, Н.Номин нарыг оролцуулан уг ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4.-т “ Хураан авах ажиллагаанд ...эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нар дээрх эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр  зүйлийн 44.3., 44.4.-т заасны дагуу хуулийн хугацаанд гомдол гаргаагүй байх бөгөөд 2021.12.20-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагаар гомдол гаргасан  нь мөн дээрх хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.

Түүнчлэн 2021.05.11-ний өдөр “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 5/32 тоот тогтоолыг эс зөвшөөрч уг ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг шүүхээс хянаж, 2021.07.27-ны өдөр нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцаасны дараа 2021.08.05-ны өдөр захирамжийг хүлээн авч 2021.08.18-ны өдөр уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь, түүнээс хойш 2021.12.20-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагаар  дахин уг шаардлагыг гаргасан нь тус тус   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр  зүйлийн 44.3., 44.4.-т заасан хугацааг хэтрүүлжээ.

 

10.Хэрэгт хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021.10.01-ний өдөр явуулахаар тогтоосон шийдвэр гүйцэтгэгчийн 2021.09.14-ний өдрийн “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” 10/24 тоот тогтоол авагдсан боловч уг ажиллагаа явагдаагүй, 2021.05.05-ны өдрөөс хойш хугацааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь  нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болох талаар нэхэмжлэгч тайлбарласан болно.

 

11.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.01-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 182/ШЗ2019/00756 дугаартай захирамжийг биелүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч нарын  хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал  хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох 2 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, үнэлгээг тогтоон анхны албадан дуудлага худалдааг явуулахаар тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй  байх тул  нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг тус  тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., 44 дүгээр зүйлийн 44.3., 44.4., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э., А.С. нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон 2021.03.24-ний өдрийн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг болон 2020.09.22-ны өдрийн 20/14 дугаартай, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”, уг тогтоолын дагуу явуулсан 2021.01.27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  2021.03.04-ний өдрийн “Эд хөрөнгө хураах тогтоол”, 2021.05.05-ны өдрийн 5/32 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолоор явагдсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 30ы өдрийн 182/ШЗ2021/09069 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.БАЙГАЛМАА