Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/761

 

 

 

 

 

 

 

  

    2024         09           30                                     2024/ШЦТ/761

   

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,

улсын яллагч Г.Ариунзул,  

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ө аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М” салонд үсчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 8 жил, 1 хоногийн хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил, 1 сарын хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 6 жил, 7 сарын хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б овогт Б-н Б /Регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б- 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоотод хохирогч Б.П-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Б- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

           Хохирогч Б.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 10 цагийн орчимд Б, З, У нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаа Монгол шуудангаас аваад улсаас тарааж байгаа хувьцаа авах гэж Ардын эрхийн “ХААН” банк орж 170.000 төгрөг авсан. Тэр үед У-с бусад нь тодорхой хэмжээний хувьцааны мөнгө авсан байсан. Тэндээсээ худалдааны төв орж хоолны мах, ногоо, малгай, 3 шил 0.75 грамм савлагаатай архи аваад Б, З хоёрын түрээслэж байсан нийтийн байранд очоод бид дөрөв авсан архиа хувааж уугаад сууж байхад 20 цагийн орчимд Б ганцаараа гараад явсан. Бид гурав үлдээд У бид 2 нэг гудсан дээр Золзаяа хажуу талын гудсан дээр унтсан. Гэтэл хүн сэрээх шиг болохоор нь хартал Б 1 шил 0.75 граммын хэмжээтэй архи авч ирсэн байсан. Тэгсэн чинь У босоод Б-г дагуулж гараад удалгүй ороод ирсэн. Гэтэл Б үгийн зөрөөгүй шар иштэй хутгыг махны модон дээрээс аваад миний баруун гарны мөрний доор булчинд нэг удаа дүрчихээд У гаръя гэж хэлээд авч ирсэн архиа аваад гэрийнхээ хаалгыг өшиглөөд гараад явсан. Тэр үед Золзаяа тасраад унтаж байсан. Цус их гараад байсан учраас би тэр хавьд байсан алчуураар өөрөө гараа боосон. Гэтэл байрны эзэн орж ирээд юу болоод байна, нэгнийгээ аллаа шүү дээ, наадхаа хурдан угаа гэж хэлээд гарсан. Би өөрөө шалаар урссан цусаа арчиж угаагаад сууж байтал цагдаа нар орж ирээд юу болсон талаар асуугаад зогсож байтал Б ороод ирсэн. Удалгүй эмч ирж үзээд даралт чинь унасан байна гээд эмнэлэгт хүлээлгэж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

 

           Гэрч П.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоот нийтийн байрны жижүүр ажилтай. 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 5 цагийн орчимд байрны эзэн утсаар манай байрны 2 давхарт байгаа хүмүүс 3 хоног архи уугаад байна гэж хэлсэн. Өдөр 17 цагийн орчимд хар өнгийн савхин куртиктай, саравчтай цагаан саарал өнгийн малгайгаа хойш харуулж өмссөн, 30 гаруй насны эрэгтэй хүн гаднаас орж ирээд 7 тоот руу орсон. Тэр залуу 20 цагийн орчимд бараан өнгийн куртик, дотуураа хар хөх өнгийн хөндлөн судалтай цамцтай, 170 сантиметр орчим өндөртэй, 40 орчим насны эмэгтэйтэй гараад явсан. Тэгээд орой 21 цагийн орчимд байрны эзэн ирэхээр нь хамт 7 тоот руу ороход  эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Эмэгтэй нь унтаж байсан эрэгтэйн баруун гарын булчин хэсгээ боосон шалаар нь цус болсон байсан. Юу болсон талаар асуухад тэр залуу намайг хутгалчихаад гараад явчихлаа гэж хэлсэн. Хэн хутгалсан юм бэ гэж асуухад хамт байсан хүн хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

 

           Гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр найз Золзаяагийн амьдарч байгаа Баянгол дүүргийн *** дугаар хороонд байрлах нийтийн байранд найз П-тай  хамт очсон. Тэгээд 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл З, Б, П нартай хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэр нийтийн байрыг З түрээсэлдэг юм. Улсаас өгсөн хувьцааны мөнгөө авч архи болон идэж уух юм авч түрээсийн байрны мөнгөө З, Б, П хоёрын мөнгийг хурааж авч өгсөн. 4 дүгээр сарын 5-ны өдөр бид дөрөв өдөр 12 цагийн орчимд хажуу талынх нь дэлгүүрт орж 3 шил 0.75 грамм савлагаатай нэртэй архи, идэж уух юм авсан. Тэгээд гэрт нь орж хоол хийж идэнгээ покер тоглож авсан архиа уусан. Намайг унтаж байгаад 17 цагийн орчимд сэрэхэд Б гараад явсан ба З, П бид гурав үлдсэн 1 шил архиа уусан. 18 цагийн орчимд намайг хэвтэж байхад П З-тай бэлгийн харьцаанд орж байсан. Би харчихаад хараагүй юм шиг  хэвтээд өгсөн. 20 цагийн орчимд Б гаднаас ороод ирсэн. Тэгэхээр нь би Б-т дагуулж гараад коридорт П түрүүн танай эхнэртэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. Гэтэл Б буцаж орж ирээд П-н хандаж чи хаяагаа хадардаг болсон юм уу гэж хэлээд хоол идэж байгаад цаасан хайрцаг дээр тавьсан байсан бор иштэй хутгыг авч П-н баруун гарын булчин хэсэг рүү хутгалсан. Тэгээд Б гаръя гэж хэлээд намайг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хавтаст хэргийн 24-32 дахь тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-36 дахь тал/,

      

        Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн */*** дугаартай шинжээчийн “...Б.П-н биед баруун бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 2245-46 дахь тал/,

 

       Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 43-46 дахь тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 5-ны орой 21 цагийн орчимд Модны хоёрын нийтийн байранд эхнэр Э.З найз болох Б.П нарийн хамт 0.75 граммын  архи уусан. Б.П бид хоёр гарч манай эхнэрийн найз Н.У тэр хоёр үлдсэн. Би дэлгүүр рүү ороод нэг хайрцаг тамхи авсан. Тэгээд дэлгүүрээс гараад Б.П-г байхгүй болохоор нь хуурай ах Н.Д-тай бөхийн өргөөний урд талд байрлах байранд уулзсан. Би ахын гэрээс гараад буцаад гэртээ иртэл У, П хоёр сэрүүн хэвтэж байсан. Манай эхнэр тасарсан газарт унтаж байсан.

Намайг ортол У над руу хандаж чи чинь хаашаа явж байгаад ирж байгаа юм бэ, найз нь чамд гэж хэлэхэд П эхнэрийг чинь хүчиндсэн гэж хэлсэн. П тийм юм байхгүй гэж хэлэхээр нь тухайн үед тогоон дотор шар иштэй хутга байхаар нь аваад айлгах гэж чичсэн чинь баруун гарын булчин хэсэгт үзүүр нь орсон байсан. Тэгээд би гарч яваад Улсын их дэлгүүр хүртэл ганцаараа алхаад санаа зовоод буцаад ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан. Тэгээд намайг болон эхнэртэй цуг авч явж эрүүлжүүлэх байранд саатуулсан. Би П-г хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дахь тал/,

 

Шүүгдэгч  Б.Б-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст 61 дэх тал/,     эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б- 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоотод хохирогч Б.П-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Б- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Б.Б- шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Б- хохирогч Б.П-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Б.Б-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б-ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эсхүл оногдуулсан ял дээр нэмж ...эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж хуульчилсны дагуу оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын зорилгыг хангах үүднээс түүнд нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.П-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.

 

Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 43-46 дахь талд авагдсан байна.

 

Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлж 5.280.000 /таван сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг хохирогч Б.П-н сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.

 

Дөрөв: Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од шүүхээс оногдуулсан байнга оршин суух газар буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр гэр, ажлын хооронд зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Б.Б-од “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай. 

 

6. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-оос 5.280.000 /таван сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.П-д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Шүүгдэгч Б.Б- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ