| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0750/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/799 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/799
2024 10 09 2024/ШЦТ/799
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,
улсын яллагч Г.Түвшинбаяр,
шүүгдэгч Э.Н- түүний өмгөөлөгч Ж.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос Б овогт Э-н Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын **-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, туслах оёдолчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод түр оршин суудаг гэх, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “Харуул алтай” хотхоны ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-н Н /регистрийн дугаар **/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Н- цахим хэрэгсэл ашиглаж буюу олон нийтийн сүлжээ фэйсбүүк орчинд “Э.Ж” гэх хаягаас “гар утас худалдана” гэж байршуулсан зарын дагуу үүрэн телефоны 99291503 дугаараар Э.Ж-тай холбогдож 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр байрны гадна уулзаж гар утсыг нь худалдан авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 950.000 төгрөгийг шилжүүлсэн мэтээр “гүйлгээ амжилттай” гэх зурвас үзүүлж хохирогч Э.Ж-н эзэмшлийн “Айфоне 13 мини” маркийн гар утсыг авч 1.125.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж буюу олон нийтийн сүлжээ фэйсбүүкт “С” гэх хаягаас “гар утас худалдана” гэж байршуулсан зарын дагуу Ө.М-тэй чатаар холбогдож 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хороо, Алтай хотхоны *** байрны гадна уулзаж гар утсыг нь худалдан авна хэмээн хуурч, зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн мэтээр “гүйлгээ амжилттай” гэх зурвас үзүүлж хохирогч Ө.М-н эзэмшлийн “Айфоне 13 про” маркийн гар утсыг авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1, 69 дэх тал/,
Хохирогч Э.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдөр өөрийн гар утсыг зарахаар фэйсбүүкт зар тавьтал эмэгтэй хүн залгаад ирж үзэхээр болсон. Удалгүй 20-21 насны үл таних эмэгтэй ирээд миний утсыг үзэж байгаад 950.000 төгрөгөөр авахаар болоод над руу мөнгө шилжүүлчихлээ гээд “гүйлгээ амжилттай” гэсэн зураг үзүүлээд шууд яваад өгсөн. Би найзынхаа утас руу залгаад мөнгө орсон уу гэж асуутал ороогүй байсан учир мөнгө ороогүй байна гэж хэлээд тэнд 20-30 минут хүлээгээд Голомт банкны лавлах руу залгатал “өнөөдөр шинэчлэл хийж байгаа учир жаахан гацаж байгаа” гэж хэлсэн учир итгэсэн. Гэтэл мөнгө ороогүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгө, даатгал хохирлын “...Айфоне 13 загварын, хөх өнгийн гар утас 1.150.000 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 20-25 дахь тал/,
Хохирогч Ө.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд фэйсбүүкийн “утас авна, зарна” гэсэн группт өөрийн эзэмшлийн “Айфоне 13 про” загварын гар утсаа зарна гэж зар тавьсан. Удалгүй “Г” гэсэн хаягтай хүнээс миний хувь чат руу утас авна, үнэ хэд вэ гэсэн чат ирсний дагуу тэр хүнтэй чаталж, 1.500.000 төгрөгөөр зарахаар болоод Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоны 52 А байрны гадаа өөрийнхөө тээврийн хэрэгсэл дотор үзүүлсэн. Тэр эмэгтэй авахаар болоод надаас дансны дугаар асуусан ба надад 1.500.000 төгрөгийн гүйлгээ ажилттай гэсэн хуулга үзүүлсэн. Надад утас байхгүй байсан учир дансаа харж чадахгүй тэр эмэгтэйг явуулсан. Би гадуур явж байгаад нэг цагийн дараа өөрийн дансыг шалгаж үзэхэд миний дансанд мөнгө ороогүй байсан. Тэр эмэгтэй надад хуурамч гүйлгээ үзүүлж намайг залилсан гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утас хар саарал өнгийн, хар өнгийн хүрээтэй өнгөгүй тунгалаг кейстэй утас байсан. Би гар утсаа 2024 оны 1 дүгээр сард Солонгос улсаас Монгол мөнгөөр 2.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би өөрийн гар утсаа одоогийн зах зээлийн ханшаар 1.500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-79 дэх тал/,
Гэрч С.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ө.М өөрийн эзэмшлийн “Айфоне 13 про” маркийн гар утсаа худалдахаар фэйсбүүкт ээжийн хаяг болох “С” гэх фэйсбүүк хаягаас “Айфоне хэрэглэгчдийн групп”-т байршуулсан зарын дагуу “Г” гэх нэртэй хаягийн хэрэглэгч чатаар холбогдоод “гар утсыг нь уулзаж байгаад үзээд худалдаж авъя, Алтай хотхонд хүрээд ир” гэж хэлэхээр нь нөхөр М-н хамт Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны *** байрны орчимд очсон. Улмаар гар утас худалдаж авахаар тохирсон эмэгтэй хүн манай нөхөр М-н машинд орж ирж суусан. Харин би гадаа нь М-н найз болох Т-тэй цуг хүлээгээд зогсож байсан. Гэтэл удахгүй нөгөө эмэгтэй хүн гараад явсан. Дараа нь нөхрөөсөө юу болсон талаар асуутал манай нөхөр “би гар утсаа 1.500.000 төгрөгөөр зарчихлаа, надад гүйлгээний зургаа харуулчихаад явсан” гэх зүйл ярьсан. Гэтэл тухайн явдлаас хойш 1 цаг орчмын дараа нөхөр М-н эзэмшлийн “ХААН” банкны дансыг шалгаж үзтэл мөнгө шилжиж ороогүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...Айфоне 13 про” маркийн 128 гб багтаамжтай гар утас 1.800.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 91-98 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Н-н яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баагий, Тэмүжин миний найз залуу болох Гантулга бид дөрөв Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдөр орохдоо 60.000 төгрөг дутуу төлж орсон ба маргааш нь зочид буудлаас гарахаар болоод мөнгө хэрэгтэй болсон. Би мөнгө олох зорилгоор фейсбүүкийн гар утас авна, зарна гэсэн группээс зар хайж байгаад нэг зарын дагуу холбогдоход “Айфоне 13” загварын гар утас байгаа, хамгийн доод үнэ нь 920,000 төгрөг хорооллоос авч болно гэхээр би найз залуу Г-тай хамт такси бариад очиж гар утас зарах хүнтэй байрны гадаа нь очиж үзсэн. Гар утсаа зарах хүн надад найзынхаа дансыг өгсөн, би шилжүүлчихлээ гэхэд гар утсаа зарсан хүн найз руугаа залгаж асуухад “мөнгө ороогүй гэж хэлсэн. Би Голомт банкны сошиал пэйг инстаграмаараа үнийн дүнг засаж янзлаад /edit хийгээд/ гүйлгээ амжилттай гэдэг хуурамч зураг харуулсан. Уг хуурамч текстийг харуулчихаад яваад өгсөн. Тэгээд би уг гар утсыг бас фэйсбүүкээс “гар утас авна” гэсэн зар харж байгаад нэг ченжтэй чатлаад холбогдож 600.000 төгрөгөөс 700.000 төгрөгийн хооронд зарсан. Яг хэдэн төгрөгөөр зарснаа сайн мэдэхгүй байна, мөнгийг нь бэлнээр авсан. Уг ченжийн хэн гэдгийг мэдэхгүй байна. Гар утсаа зарчихаад шууд зочид буудлын үлдэгдэл 60,000 төгрөгийг өгөх гэж очсон. Буудлын үлдэгдэл 60,000 төгрөгийг төлсний дараа цагдаа нар буудал руу орж ирээд намайг бариад авсан...
2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мөнгөний хэрэг гараад гар утас зарна, авна гэсэн фэйсбүүк группээс зар хайж байгаад зарын дагуу “Г” гэсэн хуурамч фэйсбүүк хаяг нээгээд холбогдсон. Зарын дагуу холбогдсон хүнтэй Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай хотхон”-д очиж гар утсыг үзэхээр болсон. Би машинд нь суугаад гар утсыг нь авахаар тохиролцоод “Голомт” банкны гүйлгээ хийсэн талаарх хуурамч текст ашиглаад мөнгөө шилжүүлчихлээ гэж хэлээд гар утсыг нь авч гарсан. Гар утас зарсан хүн дансаа шалгалгүй машинтайгаа яваад өгсөн. Би Алтай хотхонд найз Ганбаатарын хамт очсон ба гар утсаа аваад Г-н машинд суугаад 3, 4 дүгээр хороололд очиж гар утсыг ченжид зарахаар болоод надаас гар утсыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43, 119-121 дэх тал/ болон хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргахгүй, тодорхой хэмжээний хохирол төлбөрийг нөхөн төлсөн, үлдсэн хохирол төлбөрийг хувааж төлөх талаараа хохирогчтой тохиролцсон гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Э.Н- “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Ж-н мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 20-25 дахь тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, хохирогч Ө.М-н мэдүүлэг /хавтаст хэргийн 77-79 дэх тал/, гэрч С.Э-н мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 87-88 дахь тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 91-98 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэргийн үндсэн шинжийг “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж хуульчлан тодорхойлжээ.
“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж мөн заажээ.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э.Н- хохирогч Э.Ж, Ө.М нартай фэйсбүүкт буюу цахим орчинд байршуулсан “гар утас зарна” гэх зарын дагуу холбогдон улмаар хохирогч Э.Ж-ын “Айфоне 13 мини” маркийн гар утсыг 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдөр, хохирогч Ө.М-н “Айфоне 13 про” маркийн гар утсыг 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр тус тус худалдан авч байгаа мэтээр хуурч, тэдний данс руу гүйлгээ амжилттай хийгдсэн гэх баримт үзүүлэн эд хөрөнгийг нь худал хэлж авсан нөхцөл байдал тогтоогдох ба хохирогч нарын гар утсыг худал хэлж, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилжээ.
Иймд Э.Н- нь 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Э.Ж, Ө.М нарын 2 ширхэг гар утсыг залилсан нь нотлогдон тогтоогдсон бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Э.Н- өөрийн энэ үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч Э.Н-г “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс прокурорын гаргасан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг дэмжиж байна гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Э.Н-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, нутаг дэвсгэрийн бүсчлэлийг түүний оршин суух газрын буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж, шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.
Хавтаст хэрэгт “Дамно” ХХК-ийн хөрөнгө, даатгал хохирлын “...I phone 13 загварын, хөх өнгийн гар утас 1.150.000 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...Айфоне 13 про” маркийн 128гб багтаамжтай гар утас 1.800.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/, мөрдөгчийн “...хохирогч Э.Ж-т 560.000 төгрөгийг хүлээлгэн өгөв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 26 дахь тал/, хохирогч Ө.Мө-д 365.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт тус тус авагджээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Н-ос нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж, хохирогч Э.Ж-д 565.000 /таван зуун жаран таван мянган/ төгрөг, хохирогч Ө.М-д 1.435.000 /нэг сая дөрвөн зуун гучин таван мянган/ төгрөгийг гаргуулж тус тус олгох нь зүйтэй байна.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Э.Н- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-н Н-г “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-н байнга оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Н-ос нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж, хохирогч Э.Ж-т 565.000 /таван зуун жаран таван мянган/ төгрөг, хохирогч Ө.М 1.435.000 /нэг сая дөрвөн зуун гучин таван мянган/ төгрөгийг гаргуулж тус тус олгосугай.
8. Шүүгдэгч Э.Н-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ