| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 317/2025/01481/И |
| Дугаар | 001/ХТ2026/00106 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2026/00106
| Р.З-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 317/ШШ2025/01643 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 223/МА2026/00001 дүгээр магадлалтай, Р.З-ын нэхэмжлэлтэй “Н” ХХК-д холбогдох “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.05.23-ны өдрийн Б/214 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6,007,978 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Ш.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор танхимын тэргүүн Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч Р.З нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.05.23-ны өдрийн Б/214 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6,007,978 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 2. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 317/ШШ2025/01643 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.1, 158.2.2-т зааснаар Р.Зыг “Н” ХХК-ийн Зорчигч терминалын газрын Зорчигч үйлчилгээний хэлтсийн Зорчигч чиглүүлэх ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,007,978 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн 2025.05.24-ний өдрөөс 2025.01.19-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Р.З нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 111,078 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ. 3. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 223/МА2026/00001 дүгээр магадлалаар: Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 317/ШШ2025/01643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Ш.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн талаар 1.1 Маргааны онцлогийн хувьд: Маргааны онцлог нь ердийн хөдөлмөрийн сахилгын зөрчлийн асуудал бус, харин улсын онцгой объектод хамаарах Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааны аюулгүй байдлын стандарттай шууд холбоотой. Нисэхийн салбар нь Олон улсын болон нисэхийн аюулгүй ажиллагааны тусгай зохицуулалтад хамаардаг, өндөр эрсдлийн салбар бөгөөд ажилтны сахилга, биеийн байдалд хатуу зарчим үйлчилдэг онцлогтой. Ажилтны согтуурал нь зөвхөн хөдөлмөрийн дотоод зөрчил бус нислэгийн аюулгүй байдал, зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсгэх хүчин зүйл, нийтийн ашиг сонирхол хөндөгдөх эрсдлийг дагуулдаг. Нэхэмжлэгч нь Зорчигч үйлчилгээний хэлтсийн Зорчигч чиглүүлэх ажилтнаар ажиллаж байсан бөгөөд тусгай хэрэгцээт зорчигчдод үйлчлэх, тэднийг аюулгүй байдлаар чиглүүлэх үүрэгтэй ажилтан юм. Иймд түүний биеийн болон сэтгэцийн байдал нь аюулгүй ажиллагаанд шууд нөлөөлнө. 1.2 Компанийн үйл ажиллагааны онцлог шинжийг харгалзан Р.З-ын гаргасан зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхаас гадна ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг. Энэ утгаараа нисэхийн салбар нь Олон улсын Иргэний агаарын тээврийн байгууллага болох ICAO болон нисэхийн аюулгүй ажиллагааны тусгай зохицуулалтад хамрагддаг, өндөр эрсдэлийн салбар тул Хөдөлмөрийн гэрээний 7.2.4 дэх хэсэг болон Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1-т “Ажил үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилд согтуугаар ирсэн нь нотлох баримтаар тогтоогдсон бол” гэж заасан ноцтой зөрчлийг талууд хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон бөгөөд ажил олгогч нь урьдчилан тодорхойлсон, талуудын зөвшилцсөн сахилгын шийтгэлийн төрлийг авч хэрэгжүүлсэн. 1.3 Шүүх материаллаг хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.4-т “Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандартчиллын төв байгууллагаас баталгаажуулсан зориулалтын багаж ашиглана” гэж заасныг үндэслэж Р.З-ын согтолтын зэргийг хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулсан техник хэрэгслээр шалгаж тогтоосон тохиолдолд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ” гэж дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.1-т “Хүн, мал, эмнэлгийн оношлогоо, эмчилгээнд хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулсан хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалыг хэрэглэх бөгөөд баталгаажаагүй хэмжих хэрэгслийг үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно” гэж заасныг үндэслэн Р.З-ыг ажил олгогч хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулсан техник хэрэгслээр шалгаж тогтоогоогүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хэмжил зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т “Хүн, мал эмнэлгийн оношлогоо, эмчилгээ”-д хэрэглэх хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалыг хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулах ёстой гэж дүгнэсэн. Гэвч: -Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны согтолтын зэргийг тогтоох техникийн тусгай аргыг заагаагүй. -Нотлох баримтыг бүхэлд нь харилцан уялдуулан үнэлэх зарчим үйлчилдэг. -Эрсдэлийн өндөр салбарт урьдчилан сэргийлэх зарчим давуу үйлчилдэг гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх огт анхаарч үзээгүй. Уг тохиолдолд Р.З нь гуйвж дайвсан бодит шинж тэмдэг илэрсэн, удирдах албан тушаалтан согтолтын сэжиг илт байдлаар илэрсэн тул ажилд нь гаргалгүй шалгасан, тандагч багажаар 0.40 хувийн согтолтын зэрэгтэй гарсан, мөн өмнөх өдөр архидан согтуурсан үйл баримтыг өөрөө зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүх зөвхөн багажийн баталгаажилтад төвлөрч бусад нотлох баримтыг ач холбогдолгүйд тооцсон. Энэ нь хуульд байхгүй нотлох нэмэлт босго тогтоож, хөдөлмөрийн сахилгын харилцаанд эрүүгийн хэрэгтэй ойролцоо нотлох стандарт хэрэглэсэн гэж үзэж байна. 1.4 Салбарын тусгай зохицуулалтыг үл харгалзсан алдаа гаргасан тухайд: Нисэхийн салбар нь ердийн хөдөлмөрийн харилцаанаас ялгаатай, өндөр аюулгүй ажиллагааны дэглэмтэй тул “ноцтой зөрчил”-ийн агуулгыг салбарын онцлогоор тайлбарлах шаардлагатай. Гэтэл шүүх уг харилцааг ердийн хөдөлмөрийн маргааны шалгуураар үнэлж, тусгай зохицуулалтыг бүрэн хэрэглээгүй орхисон. Өндөр эрсдэлийн салбарт согтуурал нь бодит хор уршиг гарсан эсэхээс үл хамааран өөрөө ноцтой эрдэлийн нөхцөлд тооцогдох тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийн пропорциональ бус агуулгаар үзсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. 1.5 Ноцтой зөрчлийн агуулгыг буруу тодорхойлсон тухай: Нисэхийн салбарт согтуурал нь бодит хор уршиг гарсан эсэхээс үл хамааран аюулгүй ажиллагаанд эрсдэл үүсгэх шинжтэй тул ноцтой зөрчилд тооцох бүрэн үндэслэлтэй. Үүнээс гадна ажил олгогч болон ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон. Шүүх уг зөрчлийг ердийн хөдөлмөрийн салбарын хэмжүүрээр үнэлж, салбарын тусгай аюулгүй ажиллагааны дэглэмийг харгалзан үзээгүй нь материаллаг хууль буюу Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн. Шүүх хуульд байхгүй нэмэлт нотлох шалгуур бий болгож, согтуурал тогтоох босгыг хөдөлмөрийн харилцаанд хэт өндөр түвшинд тавьсан нь материаллаг хуулийг өргөтгөн тайлбарласан, буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 17.2.4-т заасан үндэслэлийн талаар: Улсын онцгой объект, нисэхийн аюулгүй ажиллагааны салбарт согтолтын зэргийг тогтоох нотлох баримтын шалгуур, “ноцтой зөрчил”-ийн агуулгын талаар нэгдсэн эрх зүйн тайлбар үгүйлэгдэж байна. Доод шатны шүүхүүдийн гаргасан дүгнэлт нь аюулгүй байдлын өндөр стандарт бүхий салбаруудад хөдөлмөрийн сахилгын эрх хэрэгжүүлэх боломжийг бодитоор хязгаарлах эрсдэлтэй нөхцөл байдлыг манай компанид холбогдох энэхүү хэргийн хууль зүйн дүгнэлт бүхий шийдвэрээр бий болгож байх тул Улсын дээд шүүхээс нэгдсэн тайлбар шаардлагатай гэж үзэх үндэслэл бий болж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож хэргийг давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 001/ШХТ2026/00397 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Ш.А нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ. ХЯНАВАЛ 6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Ш.А нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдов. 7. Нэхэмжлэгч Р.З нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан 2025.05.23-ны өдрийн Б/214 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6,007,978 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... намайг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан буюу ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Миний бие 2024.04.24-ний өдөр ажилдаа ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ... зөрчил гаргасан эсэх асуудлаар тайлбар аваагүй.” гэж тайлбарласан. 8. Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Р.З нь тухайн өдөр ажиллаж байхдаа буюу 11 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ... биеэ авч явах чадваргүй нь илэрхий байсан. Компанийн хөдөлмөрийн гэрээний 7.2.4-д “ажил үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхээр завдсан, хэрэглэсэн, мансуурсан нь тогтоогдсон бол үүнийг ноцтой зөрчил гэж үзнэ” гэж заасан. ... Тухайн өдөр ажил олгогч драгер үлээлгэсэн, сонсох ажиллагаа хийж тайлбар авсан, эмчээр биеийн байдлыг нь хэмжүүлж дүгнэлт гаргуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ. 9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлд: 9.1 Р.З нь хөдөлмөрийн дотоод журмын 4.9, 4.9.1 (4), Хөдөлмөрийн гэрээний 7.2.4-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Стандартчиллын төв байгууллагаас баталгаажуулсан зориулалтын багаж ашиглаагүй тандагч тестээр Р.З-ын согтуурлын зэргийг тодорхойлсон, ... Р.З нь 2025.04.24-ний өглөө ажилдаа ирэхдээ хэвийн, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Б-ийн тайлбараар тогтоогдсон. Мөн хариуцагчийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн А.Г, Т.М, Н.С, С.М нарын тайлбаруудаас үзвэл Р.З-ыг согтууруулах ундааны зүйлийг 2025.04.24-ний өдөр хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй. Тухайн этгээдүүдээс тайлбар авсан үйлдэл нь Р.З-ыг согтуу байсан гэх үндэслэлд хамаарахгүй. 9.2 Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авах, тайлбар өгөхөөс татгалзсан тохиолдолд тэмдэглэл үйлдэх зэрэг сонсох ажиллагааг явуулах зэрэг хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон.” гэж дүгнэсэн. 10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Магадлалд “... Зохигчид хөдөлмөрийн гэрээний дагуу ажил, үүрэг гүйцэтгэж байсан, компани албаны үйл ажиллагаанд хэрэглэж байсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах багаж нь Хэмжил зүйн газраар баталгаажуулаагүй болон гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй. ... Хариуцагч компанийн эмч Д.Г нь нэхэмжлэгч Р.З-ын согтуурлын хэмжээг 0,40 хувь болохыг шалгаж тогтоосон гэх драгер багаж нь Хэмжил зүйн тухай хуульд зааснаар баталгаажаагүй байх ба энэ талаар зохигч маргаагүй. Нэхэмжлэгч Р.З нь 2025.04.23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаарх А.Г, Т.М, Н.С нарын тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийг 2025.04.24-ний өглөө ажилдаа ирэхдээ 0.40 хувийн согтолттой байсан, эсхүл согтууруулах ундааны зүйл ажлын байранд хэрэглэсэн болохыг нотлохгүй. ... хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулсан техник хэрэгслээр шалгаж тогтоосон бол хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ. ... Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасны дагуу хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдсэн, тайлбар өгөх боломжоор хангасан гэх үйл баримт тогтоогдоогүй.” гэж дүгнэсэн. 11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагч талаас хяналтын гомдол гаргажээ. Гомдолд нэхэмжлэгч хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан эсэхийг шүүх дүгнэхдээ, ажил олгогчийн үйл ажиллагаа эрхэлж буй салбарын онцлог, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах зорилготой стандартын өндөр шаардлагыг анхаарч харгалзаагүй, өөр зорилготой материаллаг хуулийг буруу хэрэглэснээс нотлох баримтын үнэлгээ оновчгүй болсон, энэ алдаа нь Хөдөлмөрийн тухай хууль хэрэглээнд нөлөөлж, ажилтныг ноцтой зөрчил гаргаагүй гэж дүгнэхэд хүргэсэн гэх агуулгаар үндэслэлээ тодорхойлсон байна. Хоёр шатны шүүхийн материаллаг ба процессын хууль тогтоомжийн хэрэглээ зөрүүгүй боловч хөдөлмөрийн харилцаанд өргөн тохиолдох ноцтой зөрчлийг ажилтан гаргасан эсэх маргаанд зарим хэм хэмжээг хэрэглэсэн байдал, тухайлбал Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.4 дэх заалт, Хэмжил зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.8.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн байдалд эрх зүйн дүгнэлт өгөх, энэ талаарх шүүхийн практикийн нэгдмэл байдлыг хангах, цаашдын хэрэглээг зөв тогтооход анхаарах шаардлагатай тул энэ болон бусад үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн. 12. Нэхэмжлэгч Р.З нь хариуцагч “Н” ХХК-ийн Зорчигч терминалын газрын Зорчигч үйлчилгээний хэлтсийн Зорчигч чиглүүлэх ажилтнаар 2024 оны 04 дүгээр сараас ажиллаж эхэлсэн, түүний чиг үүрэгт зорчигчдод үйлчлэх, тэр дундаа тусгай хэрэгцээт хүмүүст үйлчлэх үүрэг хамаардаг бөгөөд холбогдох журмын дагуу энгийн хүнтэй 1 метр, тусгай хэрэгцээт хүнтэй 30-50 см зайтай харьцахаар зохицуулсан үйл баримтын тухайд зохигч маргаагүй. Нэхэмжлэгч нь 2025.05.23-ны өдрийн Б/214 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар ажлаас чөлөөлснийг 2025.05.27-ны өдөр гардаж авсан бөгөөд тушаалыг эс зөвшөөрч 2025.06.23-ны өдөр компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, 2025.07.09-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандсан ч талууд харилцан тохиролцоогүй. Нэхэмжлэгч тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргахдаа хуульд заасан журам зөрчөөгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцнэ. 13. Нэхэмжлэгч Р.З нь 2025.04.24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэхээр ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, согтууруулах ундааны нөлөөнд автсан байх үедээ ажил үүргээ гүйцэтгэсэн нь баримтаар тогтоогдсон тул 2025.05.23-ны өдөр ажил олгогчийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулсан гэж хариуцагч тайлбарладаг бол нэхэмжлэгч Р.З энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ажилдаа эрүүл ирсэн, ноцтой зөрчил гаргаагүй гэж маргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх ажил олгогч нь нэхэмжлэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэн эмчийн өрөөнд дуудан тандах багаж ашиглан согтолтын зэргийг хэмжихэд 0.4 хувьтай гарсан үйл баримтыг тогтоосон боловч энэ үйл явцад ашигласан тандах багажийн хэрэглээг Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.4 дэх заалт, Хэмжил зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.8.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр нотлох баримтаар үнэлэхгүй гэжээ. Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.4 -т “Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандартчиллын төв байгууллагаас баталгаажуулсан зориулалтын багаж ашиглана” гэж, Хэмжил зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т “Хүн, мал эмнэлгийн оношлогоо, эмчилгээ”-д хэрэглэх хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалыг хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулах ёстой” гэж, 10 дугаар зүйлийн 10.8.1-т “Хүн, мал, эмнэлгийн оношлогоо, эмчилгээнд хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулсан хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалыг хэрэглэх бөгөөд баталгаажаагүй хэмжих хэрэгслийг үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан байна. 14. Хэдийгээр дээр дурдсан хууль тогтоомжид аливаа багаж хэрэгслийг хэрхэн ашиглах, хэрэглэхтэй холбоотой харилцааг зохицуулсан боловч тэдгээрт нийтийн эрх зүйн хэм хэмжээний зорилго, хамгаалалтын тусгайлсан чиг үүрэг бий. Тодруулбал, зарим хэм хэмжээ зөрчигдсөн субьектив эрхийг сэргээх, шаардах эрхийг тогтоох, хамгаалахад чиглэгдсэн байдаг бол зарим хэм хэмжээ гагцхүү тухайн харилцаанд үйлчлэх явцуу, гагцхүү зохицуулалтын, журамласан шинж, зорилготой батлагдах ба хэм хэмжээ бүр хувийн эрх зүйн субьектив эрхийг тогтоосон, эсхүл тэдгээрийг хамгаалах харилцаанд шууд үйлчлэх зорилгогүй байдаг. Хэмжил зүйн тухай хууль нь 2019.05.09-ний өдөр батлагдсан бөгөөд үндсэн зорилго нь улс орон даяар хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд хэмжил зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоож, хэмжил зүйн чиглэлээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад оршиж байна. Улмаар тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хуулийн үйлчлэх үндсэн харилцааны 5 төрлийг тусгаснаас үзвэл маргаан бүхий хөдөлмөрийн харилцааны сахилгын болон бусад зөрчлийг тогтоох, хянах, шалгах, хариуцлага тооцохтой холбоотой аль ч харилцаа энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна. Иймд хэм хэмжээний зорилгод тохироогүй, нийтийн эрх зүйн ялгаатай чиг үүрэг бүхий хууль тогтоомжийг эшлэн хувийн эрх зүйн тэр дундаа хөдөлмөрийн маргаантай холбоотой харилцаанд тандах багаж хэрэглэсэн асуудалд эдгээр хэм хэмжээг шууд хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ. Дээрхийн нэгэн адил Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам нь маргаан бүхий харилцаанд хамааралгүй, хэм хэмжээний чиг үүрэг, зохицуулалтын зорилгын хувьд тус маргаанд шууд үйлчлэх журам гэж үзэхгүй. Иймд эдгээр хууль, журмын холбогдох заалтыг хэрэглэж тандах багажаар тогтоосон согтуурлын зэргийг үгүйсгэж болохгүй. Иймд энэ баримтыг хэрэгт авагдсан бусад баримт, тогтоогдсон нөхцөл байдалтай уялдуулан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. 15. Нөгөө талаас ажил олгогч үйл ажиллагаа явуулж байгаа салбар, ажлын байрны чиг үүргийн онцлог шинжээс шалтгаалан ажил олгогч ажилтанд мэргэжлийн, ёс зүйн онцгой шаардлага тавих нь түгээмэл тохиолдоно. Гэвч энэ шаардлага материаллаг ба процессын эрх зүйн үүднээс шударга бөгөөд тохирсон байвал зохино. Хэрэв ажилтан энэ шаардлагыг шударга бус, эсхүл хуульд нийцээгүй гэж үзвэл энэ талаар маргах эрх үргэлж нээлттэй байх учиртай. Учир нь хөдөлмөрийн харилцаа нь ажилтан ба ажил олгогчийн сайн дурын, хүсэл зоригийн үндсэн дээр үүсдэг хувийн эрх зүйн салбар мөн. Иймд ажилтан хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчоос танилцуулсан бусад журамд заагаагүй, талуудын байгуулсан гэрээнд урьдчилан тохироогүй гэж үзвэл дээр дурдсан тандах багажийг хэрэглэж согтуурлын байдлыг хэмжихийг эс зөвшөөрөх эрхтэй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Р.Зыг эмчийн үзлэгийн өрөөнд бусад ажилтнуудын хамт оруулан, үзлэг хийж, тандах багажаар согтуурлын байдлыг хэмжихэд Р.З-аас бусад ажилтнууд 0 хувьтай гарсан бол Р.З-ыг хоёр удаа хэмжихэд тус бүр 0.4 хувийн согтолттой гарсан талаарх эмчийн тэмдэглэлд тусгагджээ. Нэхэмжлэгч ажилдаа ирэхдээ эрүүл байсан, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж маргаж байгаа бөгөөд энэ тайлбараас үзвэл тэрээр тандах багажаар хэмжүүлэхээс татгалзах хүсэл зоригоо илэрхийлэх боломжтой байжээ. Гэвч тэрээр тандах багажаар хэмжихийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээгүй байна. Харин ажил олгогч түүнд тандах багажийн талаар болон болж өрнөж буй үйл явцын талаар танилцуулах үед илэрхий согтуу байсан талаар тайлбарласан байна. Хэрэв ажилтан согтуу байсны улмаас энэ багажийг хэрэглэхээс татгалзах хүсэлтээ гаргаж чадаагүй бол энэ нь согтолтыг хэмжих үйл явц шударга бус болсон гэх үндэслэл биш. Маргааны үндэслэл болсон ноцтой зөрчил гаргасан гэх өдрийн өмнөх орой ажилтнууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаарх зохигчийн тайлбар, тандах багажаар тогтоогдсон согтлын хэмжээ зэргийг хамтатган авч үзвэл зорчигч, тэр дундаа тусгай хэрэгцээт, тэргэнцэртэй үйлчлүүлэгчийг зөөвөрлөж, хүргэх үйлчилгээ үзүүлдэг онцлог чиг үүрэг бүхий ажилтны хувьд анхаарал болгоомжтой хандах, хянамгай байхаас гадна аливаа аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилго эн тэргүүнд тавигдана гэх ажил олгогчийн тайлбарыг харгалзахгүй байх боломжгүй. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Р.З нь ажил олгогчийн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3.6, 7.2.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1-д заасан ноцтой зөрчлийг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болсон гэх ажил олгогчийн тайлбар үндэслэлтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байх ба энэ нь мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй. 16. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Р.З зөрчил гаргасан эсэхийг тогтоох журам зөрчигдсөн буюу энэ талаар ажилтнаас тайлбар авах, сонсох ажиллагаа хийсэн талаараа ажил олгогч нотлоогүй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана.” гэж заасан. Хавтаст хэргийн 62-64 дүгээр талд “Сахилгын зөрчлийн шийтгэл ногдуулах маягт”, “Зөрчил мэдээлэх хуудас” тус тус авагдсан байх ба эдгээр баримтуудад ажилтны гаргасан зөрчлийн талаарх тайлбарыг тусгасан байна. Хэдийгээр эдгээр маягтад нэхэмжлэгч Р.З гарын үсэг зураагүй байх боловч энд туссан Р.З-ын тайлбар гэх “... 2025.04.23-ны өдөр хэлтсээрээ “Иргэний нисэхийн салбарын 100 жилийн ойн баярын зураг авахуулж дуусаад нэгнийдээ цугласан, ... хэлтсийн ажилчид бүгдээрээ ууж идэж, ярьж сууцгаасан. ... намайг тандагч багажаар үлээлгэсэн, бусад ажилчдыг үлээлгэсэн эсэхэд эргэлзэж байна. ... тандагчийн заасан хэмжээг өөрт нь үзүүлээгүй. ... урд өдөр уусан юм үнэртсэн байж болох ч согтуу байгаагүйгээс гадна ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ... гэсэн ч алдаа дутагдлаа ойлгож ухамсарлаж байгаагаас гадна хамт олныхоо нэр хүндийг сэвтүүлж байгаадаа уучлал хүсэж байна. ... Миний бие бага насны хоёр хүүхэдтэй ... алдаанд тохирох шийтгэлийг оногдуулахыг хүсэж байна ...” гэх тайлбар нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлд туссан өргөдөл, эсхүл тайлбар ирүүлэх талаар ажилтантай харилцаж байсан талаарх Р.З, Ц.Б нарын тайлбартай агуулгын хувьд нийцэж байна. Ажил олгогч сахилгын зөрчлийн шийтгэл ногдуулах маягт, зөрчил мэдээлэх хуудасд ажилтны тайлбар гэж тусгасан хэсгийг хуурамчаар үйлдсэн, өөрөө зохиосон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй, харин ажилтан зөрчил гаргасан өдрөөс хойш ийм агуулга бүхий тайлбарыг ажил олгогчид гаргаж байсан гэж үзэхээр байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан зөрчлийн талаарх ажилтны тайлбарыг аваагүй, процесс ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэхгүй. 17. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцээгүй, маргаанд хамааралгүй хууль тогтоомжийг хэрэглэсэн нь буруу байх тул хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Ш.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 317/ШШ2025/01643 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 223/МА2026/00001 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу хариуцагч “Н” ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,007,978 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Р.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “Н” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.02.13-ны өдөр 111,078 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ Б.УНДРАХ Х.ЭРДЭНЭСУВД
|