Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
           Улсын яллагч: Б.Батсайхан
    Шүүгдэгч өмгөөлөгч: П.Отгонбаяр,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шуудай овогт Баттулгын Цэрэнчинаад холбогдох эрүүгийн 201603000446 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    Дугаар /С%    Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3-1116 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Шуудай овогт Баттулгын Цэрэнчинаа /РД: ИЗ-93011331/

Яллагдагч Б.Цэрэнчинаа нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн нутаг дэвсгэр “Бор үзүүр” гэх газарт засмал зам дээр өөрийн эзэмшлийн 13-84 ЗАН улсын дугаартай Истана маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, улмаар эсрэг урсгалд замын хөдөлгөөнд оролцож явсан ногоон өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг мөргөж, мотоциклиор зорчиж явсан иргэн М.Тамирын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, жолооч Д.Бат-Өлзийгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    Шүүгдэгч Б.Цэрэнчинаагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумаас өөрийн ах дүү нарыг Улаанбаатар хот руу хуримын ажилтай авч гарсан. Замдаа Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Чулуутын гүүрэн дээр хоол идчихээд орой 20.00 цагийн орчим Донгой баг өнгөрөөд явж байхад урд портер маркийн машин явж байсан. Би гүйцэж түрүүлэх гээд дохио өгөөд хажуугаар гарах үед гэрэлгүй мотоцикль урдаас гарч ирсэн, би тоормоз гишгээд араа хүндрүүлээд яаж чадаагүй мөргөсөн. Тэгээд Архангай аймгийн Цагдаагийн газарт мэдэгдээд цагдаа нар ирсэн гэв. 
    
    Эрүүгийн 201603000391 дугаартай хэргээс: 
     Хохирогч Д.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Орой 23 цагийн үед намайг ах Цогбадрахынд байж байтал багийн дарга утасдаад нөхрийг маань осолд орсон байна гэж хэлсэн. Цогбадрах ах надад нөхрийн маань биеийг тааруу, муу байна гэж хэлсэн. Тэгээд Цоггэрэл ах ирээд Цогбадрах ахын хамт ослын газар луу явсан. Тэгээд би шөнө аймгийн төв рүү иртэл нөхрийг маань нас барсан гэж хэлсэн. Би осол болсон даруйд нь очиж харж үзээгүй. Сүүлд нь ах нар осол болсон газрыг нь зааж өгөхөд Донгой багийн төвөөс зүүн урд зүгт 2 км орчим зайд тэгшхэн засмал хагархай, зам дээр хагарсан шилний үйрмэг бутархайнууд байсан. Талийгаачийн өөрийнх нь мотоцикль байсан. Мотоцикль нь бүрэн бүтэн байсан. Манайх энэ мотоциклийг 2015 оны 09 дүгээр сард шинээр нь худалдаж авч байсан юм. Нэмж ярих зүйл гэвэл тухайн осол болох үед яг тэр зам дээр Истана машины урд явж байсан Портер машинтай хүн нь манай нутгийн Дамбаа гэх хүн байсан юм байна лээ. Энэ ослыг харсан гэсэн. Истана маркийн машин Дамбаагийн унаж явсан машиныг гүйцэт түрүүлэх үйлдэл хийж байгаад манай нөхрийг мөргөсөн гэж байна лээ. Истана маркийн машин нь их хурдтай явсан гэсэн. Тэгээд нэлээн зайтай зогссон гэж байсан. Гомдолтой байна. Би 02, 11, 14 насны гурван хүүхэдтэй үлдлээ. Оршуулгын зардлаар ойролцоогоор 4.000.000 орчим төгрөгний зардал гарсан. Баримтуудаа тулгаж үзэж байгаад баримтаараа мөнгөө нэхэмжилнэ. Машины жолоочоос манай хадам дүү Цэнд-Аюушид 1.000.000 төгрөг өгсөн байсныг хүлээн авч буяны ажилдаа хэрэглэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 30-32 дугаар хуудас/

            Хохирогч М.Тамирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Бат-Өлзий ах бид 2 аймгийн төвөөс 16.00 цаг өнгөрөөж Бат-Өлзий ахын ногоон өнгийн Мустанг маркын мотоциклиор Өндөр-Улаан сумын Донгой багийн зүг гарсан. Замдаа бид 2 Ихтамир сумын төвөөс 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи 1 ширхэгийг аваад даараад байхаар нь хоёр даваан дээр гарч ирээд архиа талд нь ортол хувааж уусан. Тэгээд цаашаа явж байтал Донгой багийн наана засмал зам дээр баруун хойноос нэг машины гэрэл ирж явсан. Тэгтэл тэр машин зөрөөд өнгөртөл араас нь бас нэг машины гэрэл мурилзаж гарч ирээд бид хоёрыг мөргөж тас хийгээд дуугарсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Би нэг сэргэх нь ээ би замынхаа зүүн талд чулуун дотор хэвтэж байсан. Хөдлөх гэхэд биеэ дааж хөдөлж чадахгүй байсан. Юм харагдахгүй болсон байсан. Миний ухаан санаа орж гараад байх шиг байсан. Талийгаач бид хоёр баруун гар талаа бариад өөрсдийнхөө явах урсгал дээр явсан. Тэр машин манай урсгал руу мурилзаж орж ирээд мөргөсөн. Тухайн үед бид хоёр зүүн урдаасаа баруун хойд зүгт хурд багатай явсан. Талийгаач мотоциклийнхоо хурдыг багасгаад зогсохын зуургүй ирээд мөргөсөн юм. Талийгаач хамгаалалтын малгай өмсчихсөн мотоциклио барьж явсан. Мотоциклийнхоо гэрлийг асаагаагүй явсан. Тухайн үед гадаа бүдэг гэгээтэй байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 33-37 дугаар хуудас/

    Гэрч Д.Цоггэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 09 дүгээр сарын 12-ны орой би гэртээ байж байтал надад манай ах Цогбадрах манай гэрийн суурин утасруу яриад машинаа аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн машиныг асаагаад Цогбадрах ахынд яваад очтол Цогбадрах ах надад “багийн дарга сая ярилаа тэдний доохон талд осол болсон байна гэнэ, Бат-Өлзий цуг явсан хүнийхээ хамт осолд орсон байна гэнэ, нэг нь дуусчихсан, нэгийг нь аймгийн төв рүү тааруу явлаа гэж ярилаа” гэж хэлсэн. Тэгээд Цогбадрах ахын хамт Донгой багийн төвөөс зүүн урд зүгт засмал замаар 2 км орчим зайд явтал зам дээр осол болсон байсан. Засмал зам дээр ямар нэгэн машин болон мотоциклийн тоормосны мөр байгаагүй. Машин мотоциклийн эвдэрсэн эд ангиудын хагархайнууд мотоцикль хажуулдаж унасан замын зорчих хэсэг дээр байсан. Шилний хагархайнууд нь замаар машин явснаас болж их бутарсан байсан. Би тэнд очиж хараад дүүг маань өөрийнхөө урсгал дээр явж байхад нь машин урсгал сөрж орж ирээд мөргөсөн байна гэж харсан. Учир нь дүүгийн маань мотоцикль машинд мөргүүлж зам дээр унаад гулссан зүйл байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 39 дүгээр хуудас/

    Гэрч Л.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Бид нар Чулуутын гүүрэн дээр хоол цайнд ороод наашаа хөдөлсөн. Бид нар унтаж явтал тасхийж дуугарсан. Машины дугуй хагарлаа гэж бодтол машины цонхны шил хагараад ороод ирсэн. Тэгээд жолооч жаахан явж байгаад машинаа зогсоосон. Машинаас буугаад би дугуй хагарав уу юу болов гэхэд жолооч гэрэлгүй мотоцикль орж ирээд мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд би жолооч Цэрэнчинаа, болон хамт явсан Даваа гэх залуутай хамт гурвуулаа машинаас хойшоо хэсэг явахад зам дээр хагарсан шилнүүд байсан. Шилний хагархайгаас дахиад хойшоо хэсэг явахад замын зүүн талын ирмэгт ногоон өнгийн мотоцикль хажуулдаж унасан байсан. Мотоциклийн цаад талд нь яг эрэг рүү тонгойсон маягтай нэг улаан өнгийн дээлтэй хүн толгойгоороо чулуу мөргөөд уначихсан, цус их гарчихсан хэвтэж байсан. Түүнээс цаана нэг хүн хэвтэж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 46 дугаар хуудас/

    Гэрч Ө.Даваажанцангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Б.Цэрэнчинаагийн машиных нь урд нэг Портер маркийн машин явж байсан. Энэ машины хажуу талаар зөв талынхаа гэрлийг гаргаад явж байсан гэж хэлсэн. Би тэр урьд явсан машиныг хараагүй, ямар учиртайг нь мэдэхгүй. Хоёр цагдаа ирсний дараа тэр цагдаа нар талийгаачийн толгойг нь дээш гаргачих гэж хэлэхээр нь хамт явсан Эрдэнэбат ах бид 2 өргөж толгойг нь эрэг дээр гаргаж тавьсан. Өмнө байсан газрынх нь тэнд  цус их хэмжээгээр тунасан байсан. Осол яг бүрэнхий тасарч байхад болсон байсан. Бид нарыг машинаас буухад ойр байгаа зүйл бүдэг харагдаж байсан. Осол болсон газрынх нь нэрийг мэдэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 55-56 дугаар хуудас/

    Гэрч В.Шугарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Архангай аймгийн Чулуут голын гүүрэн дээр хоол идчихээд тэндээс хөдлөөд Донгойн ам гэх цагаан газраар засмал замаараа явж байтал гэнэт нөгөө урсгал дээр урд зүгээсээ нэг мотоцикль ойртоод ороод ирсэн. Зөрөөд явчихлаа гэж бодтол тасхийж, дуугараад араас хүмүүс хашгираад орилсон. Тэгтэл жолооч мотоцикль мөргөчихлөө гэж хэлсэн. Манай машин хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан. Миний сууж явсан машины урд бөгсний улаан гэрэл харагдаж байсан. Ямар маркийн автомашин байсныг би мэдэхгүй. Би машины маркийг мэдэхгүй, бид нарыг наашаа явж байх үед жолоочийн талаар машин зөрж өнгөрөөд байсан. Яг осол болох үед тэр орчинд машин зөрж гараагүй. Урд жолоочийн хажууд би ганцаараа сууж явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 59-61 дүгээр хуудас/

    Гэрч Л.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Манай ээж жолоочийн хажуу талд сууж явсан. Осол болсны дараа ээж гэрэлгүй мотоцикль урдаас ирээд зөрөх шиг болтол мөргөлдсөн байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 63 дугаар хуудас/
    
    Гэрч Б.Цэдэндамбаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр Портер маркийн машинтай явж байтал цагаан саарал өнгийн хот хоорондын тээвэр бололтой Истана намайг гүйцэж түрүүлээд эсрэг урсгалд явж байгаад надаас 30-40 метр зайтай машины урд орж чадаагүй. Истанагаас пад чад гээд чанга дуу чимээ гараад миний урд ороод урсгалдаа ороод зогссон. Би хажуугаар нь гараад гэрлүүгээ явсан, өөр мэдэхгүй зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 159 дүгээр хуудас/

    Сэжигтэн Б.Цэрэнчинаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Тэр Портер маркийн машин замынхаа баруун гар тал руу их шахсан явж байсан юм. Тэгэхээр миний машины гэрэл хажуугаар нь илүү гараад байсан юм гэх мэдүүлэг. /хх-ийн 111-112 дугаар хуудас/

    Яллагдагч Б.Цэрэнчинаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би урьд хэргийнхээ талаар сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан, учир нэмж ярих зүйл байхгүй. Хүний амь нас хохирсонд харамсаж байна. Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна гэх мэдүүлэг. /хх-ийн 113-114 дүгээр хуудас/

    Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 3-7 дугаар хуудас/
    Гэрэл зургийн үзүүлэлт бүхий 37 ширхэг фото зураг: /хх-ийн 8-11 дүгээр хуудас/

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 80 дугаартай шинжээч эмч Б.Отгонжаргалын “...Талийгаач Д.Бат-Өлзийн биед оношийн 1-рт тусгагдсан хавсарсан гэмтэл болох гавал тархины ил хүнд гэмтэл, эрүү, мөчдийн ясны хугарал, шарх, биеийн гадаргуугийн ил шарх, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Эдгээр гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд бөгөөд гавал тархины ил хүнд гэмтэл, ясны ил хугарлууд амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины ил хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Шинжилгээгээр элэгний өөхөн хувирал, ходоодны салстын архаг үрэвсэл, зүрхний зүүн ховдлын булчингийн зузаарал эмгэг тогтоогдсон. Энэ нь үхэлд хүргэхгүй. Талийгаач Д.Бат-Өлзий нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. 2-р бүлгийн цустай байна гэсэн дүгнэлт. /хх-ийн 76-78 дугаар хуудас/

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 423 дугаартай шинжээч эмч Б.Отгонжаргалын “...М.Тамирын биед дунд чөмөг ясны дээд хэсэг, зүүн шилбэ ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, зүүн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30% тогтмол алдагдуулах ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ гэсэн дүгнэлт. /хх-ийн 85 дугаар хуудас/

        Архангай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч Х.Наранбаатарын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 90 дугаартай: 
    1. 13-84 ЗАН улсын дугаартай Истана маркийн машины жолооч Б.Цэрэнчинаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 2.3.а-д “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. /Автотээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын оношлогч-инженер М.Энхбатын дүгнэлтээр тогтоогдсон/ 
    Мөн дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 
    Ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклын жолооч Д.Бат-Өлзий нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.” Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5- д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 2.1.а-д “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. /лавлагааг хавсаргав/ 
    Мөн дүрмийн 2.7А-Д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” 2.3.а-д “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормозны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлд хангалтгүй зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” /Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын оношлогч-инженер М.Энхбатын дүгнэлтээр тогтоогдсон/ 
    Тухайн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн жолооч нар осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэх нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон схем зурагт тэмдэглэгдээгүй байгаагаас үзэхэд зогсоох арга хэмжээ аваагүй байна. Зам тээврийн осол болсон газар нь суурин газрын гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, халтиргаа гулгаагүй хуурай, асфальтан хучилттай, шулуун уруу зам байлаа. Зам тээврийн осолд замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөхгүй. Осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал осол гарахад нөлөөлөхгүй. /хх-ийн 99-100 дугаар хуудас/ 

    Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг /хх-ийн 101-102 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав. 

Шүүгдэгч Б.Цэрэнчинаа нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн нутаг дэвсгэр “Бор үзүүр” гэх газарт засмал зам дээр өөрийн эзэмшлийн 13-84 ЗАН улсын дугаартай Истана маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, улмаар эсрэг урсгалд замын хөдөлгөөнд оролцож явсан ногоон өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг мөргөж, мотоциклиор зорчиж явсан иргэн М.Тамирын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан, жолооч Д.Бат-Өлзийгийн амь насыг хохироосон болох нь хохирогч Г.Одгэрэл, М.Тамир, гэрч Д.Цоггэрэл, Л.Эрдэнэ-Очир, Ө.Даваажанцан, В.Шугарсүрэн, Л.Чулуунбаатар, Б.Цэдэндамбаа нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Цэрэнчинаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан талаарх Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 90 дүгээр дүгнэлт, уг ослын улмаас хохирогч Д.Бат-Өлзийгийн амь нас хохиросон талаарх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч М.Тамирын биед хүндэвтэр гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 423 дугаар шинжээчийн дүгнэлт болон нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Б.Цэрэнчинаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж, шинжлэн судалсаны үндсэн дээр шүүгдэгч Б.Цэрэнчинаа нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас хохирогч Д.Бат-Өлзийгийн амь нас хохирсон, хохирогч М.Тамирын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Цэрэнчинаа нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон болон бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад хохирогч Г.Одгэрэл, М.Тамир нарт учирсан хохиролыг шүүгдэгч Б.Цэрэнчинаа нь нөхөн төлсөн, хохирогч гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 229-230 дугаар хуудас/ мөн хохирогч Г.Одгэрэл, М.Тамир нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 250 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгч Б.Цэрэнчинаа нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа болгоомжгүй үйлдсэн, хохирогч нарт хохирол төлбөр сайн дураар төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Цэрэнчинаагийн 764886 дугаар жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн Истана маркийн 13-84 ЗАН улсын дугаартай автомашиныг эзэмшигч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3-1116 тоотод оршин суух Б.Цэрэнчинаад олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Цэрэнчинаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад хохирол төлбөрийг төлж барагдуулсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 298 дугаар  зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шуудай овогт Баттулгын Цэрэнчинааг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчснөөс бусдын амь нас хохирсон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Б.Цэрэнчинааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Цэрэнчинаад оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Цэрэнчинаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/  жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Цэрэнчинаад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 13-84 ЗАН улсын дугаартай Истана маркийн автомашиныг эзэмшигч Б.Цэрэнчинаад олгосугай.

7. Шүүгдэгч Б.Цэрэнчинаа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Цэрэнчинаагийн 764886 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цэрэнчинаад бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэргэлсүгэй. 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ