Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2414

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/02023 дугаар шийдвэртэй, Д.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-т холбогдох, “ОСНААУГ-ын даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 тоот тушаалыг хүчингүй болгож, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очгарьд, Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хяналтын шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00011 дугаар тогтоолоор намайг ОСНААУГ-ын“Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргаар эгүүлэн тогтоох шийдвэр гаргаснаар 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хүлээн авсан.

Ажлаа хийх явцад тус газрын дарга надтай үр дүнгийн гэрээ байгуулахгүй, шахалт үзүүлж сэтгэл санааны хүнд хямралд оруулснаас би өвдсөн. Авилгатай тэмцэх газрын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн албан тоотыг үндэслэн Б/430 тоот тушаалаар 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр А.Мөнхбайгалийг даргын албан тушаалд томилж, ажил хүлээлцэх комисс байгуулан, миний оролцоогүй өөр албан тушаалд шууд шилжүүлсэн.

ОСНААУГ-ындарга Ж.Батсайхан ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтан намайг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргаар эгүүлэн томилохын оронд миний нөхөн олговрыг гүйцээн олгуулах хүсэлтээр барьцаалан, гачигдалтай байдлыг хясан боогдуулах замаар өөр ажилд, албан тушаал бууран ажиллах өргөдөл гаргуулж, ажил хүлээлцсэн акт дээр гарын үсэг зурах тулгалт хийсэн. Үүнийгээ хоёр тал харилцан тохиролцсон мэтээр тусгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг үндэслэсэн гэх Б/548 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалыг гаргаж, албан тушаалаасаа хүчээр татгалзахад хүргэн дарамталсан.

Хууль бус аргаар миний албан тушаалыг бууруулснаас байгууллага, хамт олны дунд буруу сэтгэгдэл бий болж, нэр төрд сөргөөр нөлөөлөн, сэтгэл санааны ихээхэн дарамт учирч, хардлагад өртөж байгаад гомдолтой. Дээрх тохиролцсон гэх өргөдлийг ажил олгогчийн илт хууль бус шахалт шаардлага, дарамт нөлөөллийн улмаас өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр гаргаагүй тул ОСНААУГ-ын даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 тоот тушаалыг хүчингүй болгож, заавал биелэгдэх шүүхийн шийдвэрийн дагуу “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОСНААУГ-ындаргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргаар ажилд авсан тушаал гарсан боловч 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ирж ажлаа хүлээн авсан. Ажил авсан өдрөөс эхлэн ажилтнуудтай таарамжгүй харилцаа үүсгэж ажилтны төлөөлөл өргөдөл, гомдол гаргасан. 2018 оны 4 дүгээр сард өвчтэй гэх шалтгаанаар ажлаа хийхгүй алга болж байгаад 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өөрийн биеэр ажлаа өгөх хүсэлт гаргасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын ахлах инженерийн ажилд авч, одоогоор уг ажлаа хийж байна.

Нэхэмжлэлд дурдсанчлан ажил олгогчийн зүгээс түүнийг ажил үүргээ гүйцэтгэхэд нь ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн явдал байхгүй. Харин ч ажилтнуудаас нэхэмжлэгчийн талаар ажил олгогчийн нэр дээр ирүүлсэн өргөдөл гомдол саналыг шалгаад түүний буруутай үйлдлийг тогтоож, хариуцлагатай ажиллахыг сануулан дэмжиж ажилласан. Тус төвийн нийт 60 орчим ажилчдын 32 буюу дийлэнх ажилчдаас гомдол санал ирсэн байдлыг үндэслээд нэхэмжлэгчийг даргын албан тушаалд ёс зүйн хувьд тохирохгүй гэж үзсэн.

Мөн ажиллах хугацаандаа 2 495 000 төгрөгийг хэрэглэгчдээс дутуу авсан. Тухайлбал “Темпини Монголиа” ХХК нь сар бүр 1 044 000 төгрөгийг дутуу төлж байсан. Өөр ажилд шилжих хүсэлтээ нэхэмжлэгч өөрөө бичгээр гаргасан бөгөөд ОСНААУГ-ын2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 дугаартай тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.2.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ОСНААУГ-ындаргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-ыг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажилтан Д.Б- нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын ахлах инженерээр ажиллуулна уу” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасныг ажил олгогч хүлээн авч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ОСНААУГ ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.3.1-д заасныг тус тус үндэслэн өөр ажилд шилжих хүсэлт гаргасан тул хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болгож, ахлах инженерийн ажилд шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцээгүй гэж шүүх үзнэ, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.2.11-д тус тус заасныг баримтлан хариуцагч ОСНААУГ-ындаргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-ыг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэжээ.

Тус газар нь Д.Б-ыг шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажилд авсан тушаал гаргасан ч ажилд авсан тушаал гарснаас сарын дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ирж ажлаа хүлээн авсан. Ажилд орсон өдрөөс эхлэн ажилтнуудтайгаа таарамжгүй харилцаа үүсгэн, сар орчим буюу мөн оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс ажил олгогчид мэдэгдээгүй ба ажил, албан тушаалаа бусдад хариуцуулж үлдээлгүй өвчтэй гээд алга болсон. 2018 оны 4 дүгээр сарын сүүлч болон 5 дугаар сард эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн бичгийг авчирч өгөх үедээ биеийн эрүүл мэнд хүрэхгүй байна гээд тус төвд ахлах инженерээр ажиллах тухай хүсэлтийг өөрийн биеэр бичиж өгсөн.

Ажил олгогчийн зүгээс Д.Б-ын хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг удирдлага болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ахлах инженерээр 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс ажиллуулах тушаал гаргасны дагуу ажлаа хүлээн аваад өнөөдрийг хүртэл тус албан тушаалдаа ажиллаж байна. Ажил олгогч Д.Б-ыг 2018 оны 3 дугаар сард ажиллах хугацаанд хууль бус шахалт шаардлага, дарамт үзүүлээгүй бөгөөд өөрөө “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын ажилтнуудыг өрөөндөө дуудаж зүй бусаар харьцаж, дарамт үзүүлдэг байдал нь шалгалтын явцад тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч Д.Б-т сайн дурын үндсэн дээр өөр ажилд шилжих хүсэл зориг байгаагүй, ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөллөөр өргөдөл бичсэн гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан тус газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 тоот тушаалыг хүчингүй болгож, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1-2,21/

 

Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...шүүхийн заавал биелэгдэх шийдвэрийн дагуу “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргын ажилд томилуулах” гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон Б/548 дугаар тушаалыг хүчингүй болгосноор дээрх албан тушаалд эгүүлэн томилох агуулгаар тайлбарласан тул өмнө гаргасан шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага гэж үзэхгүй. /хх1-2, 169-183/

 

Хариуцагч байгууллагын дарга 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргын ажилд эгүүлэн тогтоосон Б/171 дугаар тушаал, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг олгох Б/172 дугаар тушаалыг тус тус гаргаснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдсэн байна. /хх11-13,68,69/

 

Нэхэмжлэгч Д.Б-ыг дээрх тушаал гарсан өдрөөс эхлэн ажилд нь томилсон боловч тэрээр 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа орсон, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгийн хуудсаар ажлаас чөлөөлөгдсөн, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 9 183 266.82 төгрөг авах хүсэлт гаргасныг, ажил олгогч 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/547 дугаар тушаалаар шийдвэрлэж, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр түүний нэрийн дансанд нь шилжүүлсэн талаар талууд маргаагүй. /хх71-74, 102,104,105/

 

Хариуцагч байгууллагын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/430 дугаар тушаалаар Д.Б-ыг эзгүй байх хугацаанд нь Б.Мөнхбайгалийг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргын албан тушаалд тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах шаардлагаар томилсныг шүүх буруутгах боломжгүй юм. /хх5,111/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчээс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан “ахлах инженерээр ажиллах хүсэлт”-ийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс “талууд харилцан тохиролцсон” гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. /хх56/ Үүнийг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй, нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр өөр ажилд шилжих хүсэл зориг байгаагүй, ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөллөөр өргөдөл бичсэн гэж дүгнээд түүнийг ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. /хх186/

 

Нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаж, өөр албан тушаалд ажиллах өргөдөл гаргасныг хариуцагч тушаалын үндэслэлээ болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасантай нийцэх бөгөөд тухайн албан тушаалын хувьд хөдөлмөрийн харилцааг цуцлах санаачлагыг ажилтан өөрөө гаргасан гэж үзнэ. Иймээс шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хуульд нийцэхгүй дүгнэлт хийжээ.

 

Ажил олгогчийн шахалт дарамтаас болж нэхэмжлэгч дээрх хүсэлтийг гаргасан гэж шүүх дүгнэж буй тохиолдолд энэхүү үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдох байтал хэрэгт энэ талаар баримт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн ямар нотлох баримтад үндэслэж ийнхүү дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Д.Б-ын “эцэг хүндээр өвчилж, банкны зээл нэхэгдэж, эдийн засгийн хүнд нөхцөлд байхад нь цалинтай тэнцэх олговор олгохгүй, албан тушаалаасаа хүчээр татгалзаж өргөдөл гаргахад хүргэсэн” гэх тайлбарыг ажил олгогч үгүйсгэж чадахгүй байна гэж шүүх дүгнэжээ. Нотлох үүргийн хуваарилалт ёсоор нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнийхээ үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотолж буй тохиолдолд хариуцагч түүнийг нь няцаах баримтыг ирүүлээгүй бол дээрх дүгнэлт оновчтой болох юм. Тодруулбал хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэг хүлээхгүй.

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах талаар ажил олгогчид хүсэлт гаргасан нь түүнийг ажилд эгүүлэн тогтоосон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2006 дугаар магадлал гарснаас хойш ажил олгогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацааны олговор байна. Үүнийг нэхэмжлэгчээс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “ахлах инженерээр ажиллах” өргөдөл гаргасантай холбож хариуцагчаас үзүүлсэн зүй бус нөлөөлөл гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл дээрх хүсэлт, өргөдөл тус бүрийг ажил олгогч шахалт дарамт үзүүлснээр гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхад нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь буруу болжээ.

 

 Анхан шатны шүүх хуралдааны явцад хэрэгт хамааралгүй буюу хариуцагч байгууллагаас зарим ажилтныг ажилд авсан тухай тушаалууд, нэхэмжлэгчийн талаар ажилчдаас гаргасан гомдол, уг гомдлын дагуу тэдгээр ажилчидтай эрх зүйн мэргэжилтний уулзсан тэмдэглэл, тооцооны нэхэмжлэх гэх баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан нь тэмдэглэлд тусгагджээ./хх170/ Гэвч шүүх тухайн баримтуудыг шинжлэн судлаагүй, үнэлээгүй, шийдвэрийн үндэслэл болгоогүй зэргээс үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн гэж үзэхээргүй байгааг дурдах нь зүйтэй. /хх91-101,135-165/

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/02023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Д.Б-ын ОАНААУГ-ын даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-ын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА