Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 150/ШШ2022/00073

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах М- ХХК /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р баг, Ивэн 2 гудамжны 30 тоотод орших суух, Сад овогт Б-ы Ч-т /РД:МЛ-/-д холбогдох,

Зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт 3.353.302 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 321.363 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 218.433 төгрөг буюу нийт 3.893.098 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямгэрэл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч, хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22736345 тоот гэрээ байгуулан - дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Iphone 12 Pro Max 256Gb, Gold утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоосон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2021-09 сард анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт 3.353.302 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 321.363 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 218.433 төгрөг буюу нийт 3.893.098 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч нь манайхаар гар утасны лизинг аваад огт төлөөгүй байгаа тэрийг нэхэмжилж байгаа. Аpple маркийн утас авсан байгаа. Он сар өдрийг нь сайн санахгүй байна. Манайхаас зээлээр худалдаж авсан. Хэрэглэгчтэй хийсэн гэрээ нь байгаа. Худалдан авсан төхөөрөмжийн үнэ гэж гар утсаа хэлээд байгаа юм. Гар утас 3.353.302 төгрөг юм байна. Торгуулийн мөнгө 328.363 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 213.430 төгрөг нийт 3.893.098 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна...” гэв.

 

Хариуцагч Б.Ч-т нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд  ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч Ба-н овогтой Ч-т миний бие М- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3.893.098 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Урьдчилгаа 30%-ийг төлж М- ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж ирнэ...” гэжээ.

 

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

           

           Нэхэмжлэгч М-ц ХХК, хариуцагч Б.Ч-д холбогдуулан Зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт 3.353.302 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 321.363 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 218.433 төгрөг буюу нийт 3.893.098 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 209 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч М-ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ч-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон.

Хариуцагч Б.Ч-н 94756040 утас руу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 16 минутад 99757899 дугаарын утсаар залгаж тов мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан, 99379574 дугаарын утас руу буюу хариуцагчийн ээжийн утсаар дамжуулж шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн байна. /хавтаст хэргийн 22-р хуудас/,

Мөн хариуцагч Б.Ч-д Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар  шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна. /Хавтаст хэргийн 23-р хуудас/,

Хариуцагч Б.Ч-т шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” зааснаар шийдвэрлэсэн болно.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Баярчулуун овогтой Ч-т миний бие Мо-ц ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3.893.098 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Урьдчилгаа 30%-ийг төлж Мобиком корпорац ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж ирнэ...” гэж М-ц ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3.893.098 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч “нэхэмжлэгчид урьдчилгаа 30%-ийг төлж М-ц ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж ирнэ” гэж шүүхэд хариу тайлбар ирүүлсэн боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Гар утас зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр Худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай, 22736345 дугаартай гэрээний 3.10-т “Хөнгөлөлттэй нөхцөлөөр гар утас худалдан авсан хэрэглэгч төлбөрөө төлөөгүйн улмаас үйлчилгээ нь хаагдсан бол үйлчилгээ хаагдсанаас  хойш 2 сарын дараа гар утасны үлдэгдэл төлбөрийг “Гар утасны үндсэн үнэ”-ээс тооцсон зээлийн төлбөрийн зөрүү дээр торгуулийг нэмсэн дүнгээр үйлчилгээ үзүүлэгч төлбөр нэхэмжилж, хэрэглэгч нэхэмжилсэн төлбөрийн бүрэн төлөх үүрэгтэй”. 3.11-т “Торгуулийн дүн нь энэхүү гэрээний Хавсралт 1-т заасан зээлийн төлбөрийн зөрүүний арван /10%/ хувьтай тэнцүү байна” гэж тохиролцож  гэрээг байгуулан гэрээний талууд гарын үсэг зурсан байна.

Хариуцагч нь Мобиком ХХК-тай байгуулсан  2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 22736345 дугаартай гэрээ /хавтаст хэргийн 6-р хуудас/  нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах,худалдан авах гэрээ байна.  Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”  гэжээ.

 Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Чинбатаас Зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт 3.353.302 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 321.363 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ хэрэглэсний төлбөрт 218.433 төгрөг буюу нийт 3.893.098 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпорац ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77.241 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Чинбатаас 77.241 төгрөгийг гаргуулж  Нэхэмжлэгч Мобиком корпорац ХХК-д  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сад овогт Б-ы Ч-с /РД:МЛ-/ худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт 3.353.302 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 321.363 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 218.433 төгрөг буюу нийт 3.893.098 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М-ц ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77.241 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Ч-с 77.241 төгрөгийг гаргуулж  Нэхэмжлэгч М-ц ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг бүрэн эхээр бичсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.         

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.НАРАНТУЯА