Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/996

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа, улсын яллагч А.Намдаг /томилолтоор/, шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох, эрүүгийн 2408019861107 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь согтуугаар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гармын ойролцоох задгай тоотод байрлах найзынхаа гэрт өөрийн эхнэр ***ыг “архи уулаа” гэх шалтгаанаас болж түүний зүүн нүд хэсэгт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславч мурийлт” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул түүний өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

1. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2408019861107 дугаартай хэргээс:

2. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, иргэнээс гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,

3. Хохирогч ***: “...Би өөрийн нөхөр болох ***гийн хамт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойш архи согтууруулах ундааны төрлийн зүйл хамт хэрэглэсэн ба 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө манай нөхөр өөрийн найз “*** гэрт очиж агаар салхинд гаръя” гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам гэх нэртэй газар руу дагуулж явсан. Тэдний гэрт очиж архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээд шөнө 00 цагийн үед манай нөхөр тасраад унтчихсан. Тэгээд намайг унтах гэтэл гэрийн эзэн болон эхнэр хамт байсан хүмүүс нь “нөхөр чинь унтчихсан юм чинь хамт сууж юм уугаач” гээд надад 0.5 литрийн хэмжээтэй “Сэнгүр” нэртэй пиво 2 ширхгийг өгөөд уусан. Гэтэл шөнө 03 цагийн  үед манай нөхөр сэрээд “чи яахаараа одоо болтол унтаагүй байгаа юм” гэхээр нь би болсон асуудлын тухай хэлтэл “битгий өөдөөс тайлбар тавиад бай” гээд миний зуун нүд рүү мөргөчихсөн. Тэгэхээр нь би найзынх нь гэрээс гараад шууд өөрийн эгчдээ очиж болсон асуудлын талаар хэлээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар болсон. Би 2015 онд өөрийн нөхөр ***той танилцсан ба тухайн үеэс эхлэн хамт амьдарч эхнэр, нөхөр болсон. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаатай. *** миний зүүн нүд рүү 1 удаа мөргөж миний биед гэмтэл учруулсан. Би ***той маргалдаагүй. Найзынх нь гэрээс гараад шууд эгч дээрээ ирсэн.  Миний зүүн нүд маш том хавдаж, хүрэн, ягаан өнгөөр хөхөрчихсөн байна. Маш их хөндүүртэй байна. Мөн хүнтэй уулзахаас ичиж байна. Хэрэг учрал болох үед *** болон түүний эхнэр *** байсан бөгөөд тэр 2 харж байсан. Маш олон удаа намайг зодож байсан. Байнга гар хүрээд байхаар нь 2 удаа цагдаад дуудлага өгч байсан. Мөн үргэлж хэл амаар доромжилдог...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

4. Хохирогч *** дахин өгсөн: “...Би сэтгэцийн хор уршгаа тогтоолгохгүй. Миний биед учруулсан гэмтлийг манай нөхөр *** нэг удаа зүүн нүд рүү толгойгоороо мөргөж гэмтэл учруулсан. Надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би болсон үйл явдлын дараа эмнэлгээс үйлчилгээ аваагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

5. Гэрч ***: “...2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би эхнэр ***ийн хамт гэр бүлийн найз болох *** болон түүний эхнэр ***ын хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61 гарам ойролцоо очсон. Тэгээд бид нар тухайн газраа архи согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд бүгдээрээ согтоцгоосон. Тэгтэл *** унтаад өгсөн бөгөөд *** бид хоёр үлдээд үргэлжлүүлж уусан. Түүний дараа *** бид хоёр үргэлжлүүлж согтууруулах ундаа хэрэглэж байгаад би түрүүлээд тасраад өгсөн. Цаашаа юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд өглөө сэрсэн ба *** яваад өгсөн нөхөр нь үлдсэн байсан. ***, *** хоёр ямар шалтгааны улмаас маргалдах болсон талаар мэдэхгүй байна. Ямартай ч ***той уулзахад нүд нь хөхөрчихсөн байсан. Би тухайн үед согтуу байсан. *** тухайн үед архи уучихсан, согтуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

6. Гэрч ***ийн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нөхөр *** хамт гэр бүлийн найзууд болох *** болон түүний эхнэр *** нартай Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 361-ийн гармын нэгэн тоотод очсон. Тэгээд бид дөрөв архи согтууруулах ундаа хэрэглэж бүгдээрээ согтоцгоосон юм. Түүний дараа би унтаад тасраад байж байтал гэнэт шөнө сэрсэн ба ***ын зүүн нүд нь хөхөрсөн байсан ба юу болсон талаар асуухад *** “*** намайг мөргөчихлөө” гэж хэлсэн. Тухайн үед *** сэрүүн байсан ба би шууд буцаж унтаад өгсөн. Түүний дараа буюу маргааш нь бид нар салцгаагаад явсан. Миний мэдэхээр *** *** хоёр өмнө нь маргалдаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6757 дугаартай: “...1. *** биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславч мурийлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох, мөргөгдөх үйлчлэлээр 2024 оны 05 дугаар сарын 17-ний өдрөөс 18-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34  дүгээр хуудас/,

8. Аюулын эрсдэлийн “дунд” гэх зэрэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

9. Нийгмийн ажилтны “Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ” бүхий баримт /хавтаст хэргийн 45-49 дүгээр хуудас/,

10. Шүүгдэгч *** хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 17-27, 64-67 дугаар хуудас/,

11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд шүүхээр ял шийтгүүлсэн талаарх шүүхийн шийдвэрийн хуулбар /хавтаст хэргийн 50-61, 80 дугаар хуудас/,

12. Шүүгдэгч ***н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эхнэр *** болон гэр бүлийн найз ***, түүний эхнэр *** нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байдаг *** гэх найзынхаа лагер дээр очсон. Бид нар бүгд очоод архи согтууруулах ундаа хэрэглэж ууцгаасан ба манай найз *** түрүүлээд гэр рүүгээ явчихсан юм. Тэгээд лагерийн байшин дээр эхнэр ***, ***,  *** бид 4 үлдээд бүгдээрээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд би архиндаа согтоод унтаад өгсөн ба 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 03 цагийн үед гэнэт сэрсэн. Манай эхнэр *** унтаагүй сэрүүн байж байсан. Тэгэхээр нь би ***оос “унтахгүй юу хийж байгаа юм” гэхэд *** согтуу өөдөөс тайлбар тавиад байсан. Тэгээд би согтуу байсан учир эхнэр ***той маргалдсан ба яг ямар шалтгаанаар маргалдсанаа санахгүй байна. Би эхнэр ***ын нүүр хэсэгт 1 удаа толгойгоороо мөргөсөн ба манай эхнэр цагдаа дуудна гээд байсан. Өглөө нь эхнэр бид хоёр салаад явсан. *** нь манай эхнэр бөгөөд 2015 оноос хойш хамт амьдарч байна. Бид хоёр гэрлэлтээ 2015 онд батлуулсан бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй юм. Би ***ын нүүр хэсэгт 1 удаа мөргөж гэмтэл учруулсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би тухайн үед согтуу байсан ба үл ялих маргаанаас болж улмаас ***од гэмтэл учруулах болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***н гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Мөрдөх байгууллагаас ***д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *** нь согтуугаар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гармын ойролцоох задгай тоотод байрлах найзынхаа гэрт өөрийн эхнэр ***ыг “архи уулаа” гэх шалтгаанаас болж түүний зүүн нүд хэсэгт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславч мурийлт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Үүнд:

1. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2408019861107 дугаартай хэргээс:

2. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэнээс гаргасан гомдол /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,

3. Хохирогч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

4. Хохирогч *** дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

5. Гэрч *** өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

6. Гэрч ***ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6757 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 33-34  дүгээр хуудас/,

8. Аюулын эрсдэлийн “дунд” гэх зэрэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

9. Нийгмийн ажилтны “Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ” бүхий баримт /хавтаст хэргийн 45-49 дүгээр хуудас/,

10. Шүүгдэгч ***н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай” дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн зүгээс “гэм бурууг хүлээн зөвшөөрч” оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хохирогч *** биед учирсан тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславч мурийлтгэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ***гийн толгойгоороо мөргөсөн үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогджээ.

 

Хохирогч М.***, шүүгдэгч *** нар нь эхнэр, нөхөр тул тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д заасанд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний бие махбодод халдсан үйлдлийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдохоор хуульчилсан. 

 

Прокуророос шүүгдэгч ***н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан байдаг.

 

Хохирогч *** биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ***н түүний нүүр хэсэгт мөргөх үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал, мөн бусад зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Гэтэл хохирогч *** зүгээс “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, мөн тэрээр шүүхийн шатанд хохирол, төлбөр нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул *** уг эрхийг хангах үүднээс цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг түүнд нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч ***д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг гаргав.

 

Шүүхээс ***д ял шийтгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэв.

 

Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Дөрөв. Бусад:

 

Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ***д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч М.*** нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэж мэдүүлдэг тул ***г энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.*** нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн ***гоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

8. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.ДАВААДОРЖ