Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2474

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02793 дугаар шийдвэртэй, Д.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-, Д.Г- нарт холбогдох, гэрээний үүрэгт 3 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Б- нь “...миний ахад яаралтай мөнгө хэрэг болоод байна, та мөнгө зээлээч” гэж гуйсан учир 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж 1 000 000 төгрөг өгсөн. Гэрээг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй байгуулсан. Гэрээний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй учир 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Д.Г-тай 1 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, түүнд 1 500 000 төгрөг биш 500 000 төгрөг бодитоор өгсөн. Учир нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны гэрээний дагуу төлөх ёстой хүү, алданги нийлээд 1 000 000 гаруй төгрөг, бодитоор зээлсэн 500 000 төгрөгийг нэмж зээлийн гэрээг байгуулсан. 2017 оны 11 дүгээр сард Д.Г- нэг удаа 150 000 төгрөг буцаан төлсөн. Өөр ямар ч төлөлт хийгээгүй учир эхний гэрээний дагуу үндсэн зээл 1 000 000 төгрөг, 3 сарын хүү 300 000 төгрөг, алданги 650 000 төгрөг  нийт 1 950 000 төгрөг болсон.

Хариуцагч Д.Г- нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу бодитоор авсан 500 000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй байхаар тохирсон. Уг гэрээний дагуу үндсэн зээл 1 500 000 төгрөг, хугацаа 12 сар учир хүү 1 800 000 төгрөг, нийт төлбөр 3 300 000 төгрөгийн тал хувь 1 650 000 төгрөгийг алдангид тооцон нийт 4 950 000 төгрөг авах ёстой. Үүнээс хариуцагч Д.Г-ы төлсөн 150 000 төгрөгийг хасч 4 800 000 төгрөг болсон. Иймд хариуцагч Д.Г-, Г.Б- нараас 2017 оны 3 дугаар сарын 13-ны гэрээний дагуу 1 950 000 төгрөг, Д.Г-аас 2017 оны 9 дүгээр сарын 08-ны гэрээний дагуу  4 800 000 төгрөгийг шаардах эрхтэй боловч тооцооллын алдаа гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, Д.Г-, Г.Б- нараас 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гэрээгээр 1 650 000 төгрөг, Д.Г-аас 2017 оны 9 дүгээр сарын 08-ны гэрээгээр 1 650 000 төгрөг, нийт 3 300 000 төгрөгийг шаардана гэжээ. 

 

Хариуцагч Д.Г- /хариуцагч Г.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Г-тэй Г.Б-аар дамжуулж танилцсан ба мөнгө хэрэг болж 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бид зээлийн гэрээ байгуулж 1 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч 1 000 000 төгрөгөөс 100 000 төгрөгийг шууд хүүгийн урьдчилгаа гэж суутган, бодитоор 900 000 төгрөг өгсөн. Гэрээний хугацаанд 200 000 төгрөгийг 2 сарын зээлийн хүүд тооцон төлсөн. Үүнээс хойш төлбөр төлөх боломжгүй байсан учир өөр эргэн төлөлт хийгээгүй.

2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Д.Г- бид хоёр уулзсан. Тэрээр “...2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний хүү болон алданги нийлээд 1 500 000 төгрөг болсон тул шинээр гэрээ хийхгүй бол болохгүй” гээд 1 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэх нөхцөлтэй гэрээнд гарын үсэг зуруулсан. Д.Г-ийн таньдаг нотариат дээр очиж гэрээг байгуулж гэрээний ар талд би “...бэлэн мөнгө хүлээн авлаа” гэж бичсэн. Д.Г- “...хүлээн авсан гэж заавал бич” гэж шаардаад байсан. Бодит байдалд 1 500 000 төгрөг эсхүл нэхэмжлэгчийн тайлбарласан шиг 500 000 төгрөг дахин зээлүүлсэн мэтээр худал тайлбарлаж байгаад гомдолтой байна.

Би 2017 оны 11 дүгээр сард нэхэмжлэгчид дахин 150 000 төгрөг төлсөн. Одоо анхны 1 000 000 төгрөгийн хүү болон алдангийг хуульд заасан хэмжээгээр нь төлнө. Түүнээс биш огт аваагүй мөнгийг хүү, алдангийн хамт төлөхгүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрийн шаардлага 3 300 000 төгрөгийн үндэслэлээ тодруулж байгаа учир асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Б-аас 825 000 төгрөгийг, хариуцагч Д.Г-аас 1 175 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас 32 750 төгрөг, хариуцагч Г.Б-аас 24 350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Г-т олгож шийдвэрлэжээ.   

 

Хариуцагч Д.Г- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Д.Г-аас 1 175 000 төгрөг, Г.Б-аас 825 000 төгрөг тус тус гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж 1 000 000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж, мөн өдөр 1 сарын хүү 100 000 төгрөгийг суутган 900 000 төгрөг бэлнээр хүлээн авч, үүнээс хойш 2 сарын хүү 250 000 төгрөг төлсөн, үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Нийт 3 сарын хүү төлсөн. Иймд үндсэн зээл болон 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс тооцогдох алданги 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 150 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1 500 000 төгрөг хүлээн авсан гэж гарын үсэг зурсан боловч уг мөнгийг надад өгөөгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Өмнөх зээлийн гэрээний хүү, алданги нь нийт 1 500 000 төгрөг болсон тул шинээр гэрээ хийх шаардлагатай гэж нэхэмжлэгч тайлбарласнаар гэрээ байгуулсан ба уг гэрээгээр огт мөнгө аваагүй гэдэг нь нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад “энэ гэрээгээр 1 500 000 төгрөг биш 500 000 төгрөг өгсөн” гэж тайлбарласнаар нотлогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 650 000 төгрөгийг эс зөвшөөрч байгаа тул гомдлыг хангаж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Г.Б-, Д.Г- нарт холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, мөн оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 3 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх1, 22-ын ар тал/

 

Хэргийн баримтаас үзвэл талууд 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагч нарт 1 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх4/

 

Дээрх гэрээг байгуулсан эсэхэд талууд маргаагүй, харин бэлнээр авсан мөнгөн хөрөнгийн хэмжээнд маргаж “хариуцагч нар 100 000 төгрөгийг суутгаж, 900 000 төгрөгийг бодитоор хүлээн авсан” гэснийг, нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдааны явцад “...100 000 төгрөгийг хасуулахад татгалзах зүйлгүй” гэж тайлбарлажээ. /хх22-23/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн дээрх тайлбараас дүгнэвэл 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч нар 900 000 төгрөг зээлсэн гэж үзнэ.

 

Хариуцагч нарын хувьд уг зээлийн хүүд 270 000 төгрөг, гүйцэтгэвэл зохих нийт үүрэг 1 170 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр байжээ.

 

Хариуцагч 200 000 төгрөг хүүгийн төлбөрт төлсөн гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул хүүгийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй гэж анхан шатны шүүх талуудын тайлбарыг харьцуулан дүгнэлт хийснийг буруутгахгүй. /хх25/ Иймд дээрх гэрээний гүйцэтгээгүй үүрэг нь 970 000 төгрөг болж байна.

 

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний 3 дахь заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор талууд тохиролцсон боловч уг алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан нийт гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул алданги 485 000 төгрөг буюу нийт 1 455 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч нь хариуцагч Д.Г-д 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 1 500 000 төгрөгийг зээлүүлсэн тухай бичгийн гэрээ гэх баримтыг шүүхэд ирүүлжээ. /хх3/

 

Талуудын тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэлд хамаарна. Хариуцагч дээрх гэрээнд “1 500 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан” гэх бичилтийг нэхэмжлэгчийн шаардсан ёсоор хийж, гарын үсэг зурсан, мөнгийг бодитоор хүлээн аваагүй, өмнөх гэрээний хүү, алдангийг нэгтгэсэн талаар нэхэмжлэгч тухайн үед тайлбарласан гэжээ.

 

Хариуцагчийн энэхүү тайлбарыг нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан “ ...уг гэрээний дагуу Д.Г-д би 1 500 000 төгрөг биш харин 500 000 төгрөг бодитоор өгсөн. Учир нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний дагуу төлөх ёстой хүү болон алданги нь 1 000 000 гаруй төгрөг болсон, уг мөнгийг оруулж тооцож зээлийн гэрээ байгуулсан” гэх тайлбартай харьцуулан үзвэл 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээ гэх баримтад заасан 1 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгч дурдсан хэмжээний мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзэхгүй.

 

Хэдийгээр тухайн бичвэрт “1 500 000 төгрөгийг бэлнээр авсан” гэж бичсэн хэсэгт хариуцагч Д.Г- гарын үсгээ зурсан байх боловч нэхэмжлэгч энэ талаар “өмнөх гэрээний хүү, алданги тооцож 500 000 төгрөгийг нэмж өгсөн” гэж тайлбарлаж байгаатай харьцуулан үзвэл хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 1 500 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй гэх хариуцагчийн татгалзал нэхэмжлэгчийн тайлбараар давхар нотлогджээ. Уг бичгийн баримтаар зээлийн мөнгөн хөрөнгийг бодитой шилжүүлсэн байх талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдах урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж тайлбарлах боловч уг тайлбарт зааж буй нөхцөл байдал нотлогдохгүй байна. Тодруулбал, 1 500 000 төгрөг өгсөн гэж бичсэн баримт байгаа боловч өгөөгүй байгаа нь 500 000 төгрөг өгсөн гэх тайлбарыг нотлох үндэслэл болохгүй юм. Иймд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгчид зээл, хүү төлөхийг шаардах эрх, хариуцагчид төлбөр төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

Нэхэмжлэгч гэрээний дагуу хариуцагч тус бүрт үүрэг ногдуулсан шаардлага гаргаагүй боловч нэхэмжлэлээ хоёр хариуцагчийн хэн алинд нь холбогдуулж гаргасан. Тухайн хариуцагч нарын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг нь нөгөө этгээдээ төлөөлж оролцсон ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэсгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргасан нь учир дутагдалтай, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. /хх17/

 

Иймд 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1 455 000 төгрөгийг нэхэмжлэлд дурдсан ёсоор хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 1 875 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02793 дугаар шийдвэрийн,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б-, Д.Г- нараас нийт 1 455 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 845 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч Д.Г-аас 32 750 төгрөг, хариуцагч Г.Б-аас 24 350 төгрөг” гэснийг “хариуцагч нараас 38 230 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Г-ы төлсөн 20 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                       ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА