| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 500/2020/0049/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1402 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2020/ДШМ/1402
2020 11 3 2020/ДШМ/1402
Х.Гд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батбямба,
хохирогч Х.Нын өмгөөлөгч Г.Д,
шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Б.П,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/726 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2011 01076 0686 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ө овгийн Х.Г, 1984 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Мөрч.мн сайтад сэтгүүлч ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............../;
Х.Г нь 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөрийн Х.З нэртэй фэйсбүүк цахим хуудаснаас олон нийтийн сүлжээгээр Улсын Их Хурлын гишүүн буюу хохирогч Х.Ныг “Х.Нын гаргасан хууль 14-тэй охин хүчиндвэл 450.000 төгрөгөөр торгуулаад л болоо, охины чинь хохь болно. Ийм новшийн юмнуудыг төрд дахин бүү гарга. Коммунистууд өөрсдөө бага насны охидуудаар зугаагаа гаргахаа бодоод нэгэнт баталж гаргасан 14 настай хүүхдийг хүчиндэж болох хуулиа өөрчлөхгүй. Тэр хүчирхийлэгчдэд чинь эрүүгийн хэрэг үүсгэх боломж байхгүй. Чи 14 настай. Өнөөгийн Улсын Их Хурлын гишүүдийг сонгож гаргасан ээж, аавдаа гомд” гэж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Х.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Гг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Гд 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Х.Гд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сидиг хэрэгт үлдээхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүхээс надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлахаас гадна гэм буруугүйн зарчмыг баримтлах ёстой байсан. Гэм буруугийн зарчим болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэснийг үл харгалзан иргэний өөрийн цахим хуудсаараа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн нь үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хэнд ч нээлттэй бөгөөд эл эрх, эрх чөлөөг Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар ч мөн адил хамгаалдаг. НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2011 оны 7 дугаар сарын 11-нээс 29-ний өдөр хуралдаж 102 дугаар чуулганаар хэлэлцэн баталсан ИБУТЭТОУП-ын 19 дүгээр зүйлийн Ерөнхий тайлбар №34-ийн 42 дахь хэсэгт “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэгч, сэтгүүлчдийн гагцхүү Засгийн газар, эсхүл Засгийн газрын дэмжлэгтэй улс төр, нийгэм, хуулийн тогтолцоог шүүмжилсний төлөө шийтгэл оногдуулсныг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зайлшгүй хязгаарлалт гэж хэрхэвч үзэж болохгүй” тухай дурдсан. Мөн тус тайлбарын 47 дахь хэсэгт “... нийтийн албан тушаалтнуудтай холбоотой тайлбар, сэтгэгдлийн хувьд шийтгэх, санамсаргүй алдаа гаргаж, хорон санаа агуулалгүйгээр хэвлэн нийтэлсэн материалыг үнэн бус, хууль бус гэж үзэхээс зайлсхийвэл зохино” гэж тус тус заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Монгол Улсын Олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэнэ” гэж заасныг үндэслэн олон улсын хэм хэмжээг баримтлах ёстой байна. Улс төрийн өндөр албан тушаалтны гаргасан гомдол дээр иргэн, сэтгүүлчийг буруутган яллах талыг барих ёсгүй байсан. Улс төрийн өндөр албан тушаалтан нь өөрөө хүсэж энэ албыг хашдаг бөгөөд олон нийтийн шүүмжлэлд хүлээцтэй хандах үүрэгтэйгээр жирийн иргэнээс ялгаатай байдгаараа онцлогтой.
Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүх торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ “... цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ялын доод хэмжээний нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэв.” гэсэн нь ялын зорилготой нийцэхгүй бөгөөд хэт яллах талыг барьсан гэж ойлгогдож байна. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа ялын зорилгоо зааж байгаад би гайхаж байгаа бөгөөд 30 гарсан намайг хүмүүжүүлнэ гэдгээ шийтгэх тогтоолдоо шууд зааж, зарлаж болдог гэдэгт эргэлзэж, гайхаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэдгийг зөрчжээ. Тухайлбал, “... ялын доод хэмжээний нэгжээр торгох шийтгэл оногдуулж шүүх шийдвэрлэв” гэсэн бол тогтоох хэсгийн 2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял шийтгэсэн байгаа нь хоорондоо зөрүүтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн торгох ялын доод хэмжээ нь 450.000 төгрөг байна. Давж заалдах шатны шүүх нь гомдлыг шийдвэрлэхдээ энэ гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү.
Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Ггийн өмгөөлөгч Б.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөгчийн саналд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон Улс төрийн эрхийн олон фактыг дурдсан байсан. Монгол улс энэхүү фактад 1974 онд нэгдэн орсон. Иргэний болон Улс төрийн эрхийн олон фактын нэмэлт 34 дүгээр тайлбарыг Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хорооноос 2011 онд 102 дугаар чуулганаараа баталсан. Уг 34 дүгээр тайлбарын 47 дахь хэсэгт “нийтийн албан тушаалтнуудтай холбоотой тайлбар, сэтгэгдлийн хувьд шийтгэх санамсаргүй алдаа гаргаж, хорон санаа агуулалгүйгээр хэвлэн нийтэлсэн материалыг үнэн бус, хууль бус гэж үзэхээс зайлсхийвэл зохино” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсын нэгдэн орсон олон улсын хэм хэмжээ нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэнэ гэж заасан. Мөн улс төрийн өндөр албан тушаалтан өөрөө хүсэж энэ албыг хашдагаараа жирийн иргэнээс ялгардаг. Мөн шүүгдэгч Х.Ггийн энэхүү хэрэг нь сэтгүүл зүйн гэхээсээ илүүтэй иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хүрээнд бичсэн сэтгэгдэл байсан. Ийм учраас сэтгүүл зүйн салбар шиг баримтыг нягталж, шалгах үүрэг хүлээхгүй. Мөн шүүгдэгч Х.Г нь олон нийтийн санаа бодлыг дамжуулсан байсан. Тухайлбал, хохирогч Х.Н өгсөн мэдүүлэгтээ “2018 оны хавраас эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэж, доромжилсон мэдээлэл явагдаж эхэлсэн бөгөөд үүнийг эсэргүүцэж тайлбар хийх, олон нийтэд зөв ойлголт өгөх зав чөлөө тэр болгон гараад байдаггүй” гэсэн. Тэгэхээр олон нийтийн тогтсон ойлголт дээр Х.Г нь сэтгэгдлээ илэрхийлсэн байхад ганцхан хүн дээр ял шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн “би энэ хуулийг санаачлаагүй. Ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байсан учраас гарцаагүй ажиллах шаардлага гарсан” гэж мэдүүлсэн. Х.Ггийн 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр цахим сүлжээнд бичсэн сэтгэгдэл нь “Х.Нын гаргасан хууль” гэж байгаа. Тэгэхээр “санаачилсан, баталсан” гэдэг ойлголт нь гаргасан гэдэгт багтана гэж ойлгож байна. Мөн хохирогч Х.Н “би энэ ажлын хэсгийг ахалж оролцсон юм” гэж хүлээн зөвшөөрсөн. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг тал бүрээс нь шалгаж, хөтөлбөргүйгээр тогтоосон гэж үзэхгүй байна. Жишээлбэл, хохирогч Х.Н мэдүүлэг гаргахдаа “улс төрийн зорилгоор тарааж байгаа байх. Улс төрийн сонгуультай холбоотойгоор захиалгаар намайг гүтгэж байна” гэсэн. Гэтэл хавтас хэргийн материалаас харахад улс төрийн ямар зорилго байна вэ. Хэн нэгэн этгээд захиалсан талаар ямар ч маргаан дурдагдаагүй, зөвхөн Х.Ггийн мэдүүлэгт дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэд хэдэн эргэлзээтэй нөхцөл байдлыг оруулсан. Тухайлбал, 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр бичсэн Х.Ггийн сэтгэгдэлдээ “Х.Нын гаргасан хууль 14 настай охин хүчиндвэл 450.000 төгрөгөөр торгуулиад л болно. Охины чинь хохь болно. Ийм новшийн юмнуудыг төрд дахин бүү гарга” гэсэн байсан. Гэтэл цахим орчинд дахин “коммунистуд өөрсдөө бага насны охидоор зугаагаа гаргахаа бодож 14 настай хүүхдийг хүчиндэж болох хуулиа өөрчлөхгүй. Тэр хүчирхийлэгчид эрүүгийн хэрэг үүсгэх боломж байхгүй. Чи өнөөгийн Улсын Их Хурлын гишүүдийг сонгож гаргасан ээж, аавдаа гомд” гэсэн зурагт эвлүүлгийн хуудсыг үйлдсэн тухай байгаа. Үүнийг Х.Г хийсэн эсэх нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2552 дугаартай дүгнэлт дээр дурдагдаагүй. Мөн анхан шатны шүүхээс үнэлэхдээ Х.Ггийн сэтгэгдэл болон Х.Ггаас гараагүй зурагт сэтгэгдэлийг Х.Ггаас гаргасан мэтээр дүгнэж 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Гэтэл нарийвчлан шалгаж үзвэл 2 зурагт хуудас, Х.Ггийн сэтгэгдэл гээд 3 өөр асуудал яригдаж байтал анхан шатны шүүхээс ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ тодорхойлох хэсэгтээ Х.Гг хүмүүжүүлэх болон цээрлүүлэх зорилгоор ялын хамгийн доод хэмжээгээр торгож байна гэсэн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад энэ хэргийн улмаас Х.Гд 500.000 төгрөгийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй юм гэж 2 өөр торгуулийн хэмжээгээр шийдвэрлэсэн. Гэтэл энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байна” гэх заалтыг зөрчсөн. Мөн Х.Ггийн энэхүү асуудалд гэм буруугийн асуудал огт яригдаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “хүн итгэл үнэмшил, үзэл бодолтой байсныхаа төлөө ял шийтгэл эдлэхгүй” гэх зарчим бий. Үүнийг харгалзан үзэж шийдвэрлээгүй байна. Мөн хавтас хэрэгт зайлшгүй авагдах ёстой зүйлс байсан. Тухайлбал, Улсын Их хурлын гишүүн Б тайлбарлахдаа “Х.Нын баталсан хууль байгаа юм” гэдэг. Энэ мэтээр хавтас хэрэгт гэрчийн мэдүүлэг авах боломжтой байсан. Гэтэл ийм ажиллагаа хийгдээгүй. Мөн Х.Г тухайн өдөр яагаад цахим сүлжээнд ийм сэтгэгдэл бичих болсон талаар шалгаагүй. Х.Ггийн ойр дотны хүнд энэ хуулийн асуудлаар маргаан үүссэнтэй холбоотойгоор бухимдаж сэтгэгдэл бичсэн. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 726 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Х.Нын өмгөөлөгч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шүүгдэгч Х.Г нь өөрийн фейсбүүк хаягаар Х.Нын тухай “Х.Нын гаргасан хууль 14 настай охин хүчиндвэл 450.000 төгрөгөөр торгуулиад л болно. Охины чинь хохь болно. Ийм новшийн юмнуудыг төрд дахин бүү гарга” гэж бичсэн. Үүний дараа зурган постоор гарсан. Тухайн постоор дээрх үгийг Х.Г бичээгүй байж болно. Гэхдээ түүнийг өөрийнхөө утсанд татаж аваад хадгалж байгаад өөрийнхөө бичвэрийн доор шинээр постлосон байсан. Тэгэхээр энэ нь бусдын бичсэн сэтгэгдлийг хуваалцсан гэх ойлголт биш. Энэ нь өөрөө дахин шинээр үйлдсэнтэй адил ойлголт. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн эрх зүйн үйлчлэлийн эрэмбийн тухай ярьж байна. Монгол улсын хэмжээнд хамгийн дээд эрэмбэтэй хууль бол Монгол Улсын Үндсэн хууль, дараа нь Монгол улсын үндсэн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар олон улсын эрх зүйн хэм хэмжээ, 3 дугаарт дотоодын салбар хууль тогтоомж эрэмбэлэгдэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэж Монгол улсын иргэний эрхийг хуульчлан баталгаажуулсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь заалтад энэ эрхээ эдлэхдээ бусдын нэр төр алдар хүндэд халдахгүй байхыг үүрэг болгосон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дурдаж байгаа Иргэний болон Улс төрийн эрхийн олон фактад Монгол улс нэгдэн орсноос хойш албан ёсны орчуулга байхгүй учир хэрэглэгдэх боломжгүй байж байгаад 2004 онд Төрийн мэдээлэл сонины тусгай дугаарт нийтлэгдсэн. Үүнээс хойш шүүхийн практикт хэрэглэгдэх боломж нь нээгдсэн. Иргэний болон Улс төрийн эрхийн олон фактын 19 дүгээр зүйлд хүн бүр үзэл бодлоо ямар нэгэн хорио саадгүйгээр илэрхийлэх эрхтэй, хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрх нь төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, хэвлэлийн буюу уран сайхны аргаар, эсхүл өөрийн сонгосон бусад аргаар ирж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийг эдлэх нь онцгой үүрэг хариуцлагыг оногдуулна. Ийм учраас үүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараахь шаардлагаас үүдэн гарсан байх ёстой. Үүнд: бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх гэсэн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.17 дахь заалттай нийцэж байна. Тэгэхээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Иргэний болон Улс төрийн эрхийн олон фактаар баталгаажуулсан боловч хүний эрх, нэр төрийг хүндэтгэх ёстойг үүрэг болгож байна. Мөн хуулиар томъёолсон байх ёстой гэж байна. Энэ нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийг хуулиар томъёолсон гэж ойлгож болохоор байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд хүний эрх, нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг тараасан бол гэж заасан. Энэ томъёололтой холбоотойгоор Х.Ггийн хийсэн үйлдлийг дүгнэж үзвэл тараасан мэдээлэл нь үнэн бодитой байж чадаж байна уу, үр дагавар нь хүний нэр төр, алдар хүндэд хохирол учруулж байна уу гэдгийг харах шаардлагатай болж байна. Нэр төрд нь халдсан гэж үзэж байгаа үндэслэл нь Х.Н нь 14 настай хүүхэд хүчиндвэл 450.000 төгрөгөөр торгуулиад өнгөрөх хууль хийсэн хүн мөн үү, биш үү. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Ингэхдээ 14-16 настай гэдэг томъёолол гарч ирсэн. Х.Н нь анх 2016 онд Улсын Их хурлын гишүүн болсон. 2016 онд Улсын Их Хурлын гишүүн болсон хүн 2015 оны хуулийг батлах үйл ажиллагаанд ямар ч оролцоо байхгүй. 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Х.Нын ахалсан ажлын хэсэг зорчих эрхийг хязгаарлах ял болон хорих ялын доод хэмжээ 1 сар байсныг 6 сар болгож ялыг чангатгаж өгсөн. Түүнээс 14 наснаас 16 насны гэдэг томъёололыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн өөрчлөлтөөр хийгээгүй. Иймээс үүнийг шүүмжлэл гэж үзэхгүй, гүтгэлэг, худал мэдээлэл тараасан үйлдэл гэж үзэж байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгуулийн ялын доод хэмжээг гэсэн мөртлөө 500.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна гэж байна. Үүнд өөрчлөлт оруулахад өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй. ...” гэв.
Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэснээс бус гэм буруутайд тооцохгүй гэсэн асуудал байхгүй. Гэтэл шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудал болон эрүүгийн хариуцлагын асуудлыг хамтад нь ярьж хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэмэлт ажиллагаа хийлгэхдээ юуг тодруулж, юуг тогтоолгох гээд байгаа нь тодорхойгүй. Зөвхөн Х.Ггийн мэдүүлгээр хэргийг яллаж, шүүхээс гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж байна. Хавтаст хэрэгт шүүгдэгч Х.Ггийн мэдүүлэг, утас, фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл, Эрүүгийн хуулийн түүхэн эх сурвалж, дурдагдаж буй 2015 оны Эрүүгийн хууль, 2019 оны Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнийг байнгын хороо болон Улсын Их хурлын чуулганаар хэлэлцсэн хуралдааны тэмдэглэл зэргүүдэд үзлэг хийсэн. Ингэхэд 14 настай хүүхдийг хүчиндэхэд 450.000 төгрөгөөр торгох зохицуулалт зохицуулагдаагүй байсан. Энэ талаар ажлын хэсэгт ажилласан гишүүд, Улсын Их хурлаар хуулийг батлах процессын явцад саналыг гаргасан зүйлгүй болох нь харагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй гэж заасан. Энэ эрхээ эдлэх гэж байгаа юм бол үүргээ ухамсарлах ёстой. Үүргийг Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад шударга ёсыг эрхэмлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг хуульчилсан. Энэ үүргээ хэрэгжүүлсний үндсэн дээр хэвлэн нийтлэх эрх нь нээгдэнэ. Үүргээ ухамсарласны дараа эрхээ эдлэх ёстой. Эрхээ эдлэх нь үүрэгтэйгээ уялдсанаараа үнэн бодит байдлыг хэвлэн нийтлэх хуулийн зохицуулалттай болж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаартай чуулганаар хэлэлцэн баталсан асуудал яригдаж байна. Энэ хэлэлцүүлгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэх сэтгүүлчдийг гагцхүү Засгийн газар, эсхүл засгийн газрын дэмжлэгтэйгээр улс төр, нийгэм, хуулийн тогтолцоог шүүмжлэсний төлөө шийтгэл оногдуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний зайлшгүй хязгаарлалт гэж хэрхэвч үзэж болохгүй гэж үзсэн. Тэгэхээр Засгийн газрын дэмжлэг гэж зүйл тайлбар дээр орж ирж байна. Засгийн газрын ямар дэмжлэг байсан болох нь хавтас хэрэгт авагдаагүй. Шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ “өөрийн үзэл бодлоо өөрийн цахим хуудсаараа илэрхийлсэн” гэсэн. Нөгөөтэйгүүр, надад энэ асуудал тулгарсан гэж байна. Үүнийг шалгадаг, хянадаг, шийддэг үе шаттай байгууллагууд бий. Үүний дагуу хандах эрхтэй. Хэрэв хандаад шалгагдаж байсан бол, хуулийн зохицуулалтыг буруу байна гэж үзэн өөрчлүүлэх саналтай байсан бол хүний нэр төр, алдар хүндэд халдсан байдлаар, хэн нэгний нэр төрийг заасан байдлаар бус, Улсын Их хурлаас шаардсан байдлаар хүсэлтээ илэрхийлэх боломж байсан. Гэтэл Х.Н гэдэг хүнийг онцолж нь байгаа нь өнөөдөр Х.Ггийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх үндэслэл болж байна. Олон нийтийн санаа бодолд тулгуурлаж бичсэн сэтгэгдэл гэж байна. Олон нийтийн санаа бодол үнэн байх албагүй. Үүнийг нийтлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийг харгалзан үүргээ биелүүлэх ёстой. Мөн зурагт хуудас эвлүүлэг гэх асуудал яригдаж байна. Эдгээр асуудлууд нь хоорондоо нэг нэгдэл буюу 2 зурагт постыг нэгтгэж нэг пост орсон. Иргэн бүрийг үг хэлснийх нь төлөө шийтгэж байгаа юм биш. Хэлсэн үг, бичсэн нийтлэл нь бодитой байх ёстой. Худал мэдээлэл гэдэг агуулгаар нь хязгаарлаж байгаа юм. Мөн зөвхөн шүүгдэгч Х.Гг энэ төрлийн хэрэгт шийтгэж байна гэж байна. 2020 оны 1 дүгээр сард энэ зүйл заалт нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор энэ төрлийн хэрэгт тодорхой төрлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх практик тогтож, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаж байгаа мэдээлэл нь үнэн худалдаа биш, нийгэмд тогтсон ойлголт нь чухал гэж жам ёсны зүйл юм шиг ярьж байгаад харамсаж байна. Эрүүгийн хуулийн талаар худал мэдээлэл тараасан гэж биш, Х.Н гэж хүнийг тодотгож “Х.Нын баталсан хууль” гэж хүний нэр төрд халдсан учраас энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ггийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Х.Г нь 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөрийн Х.З нэртэй фэйсбүүк цахим хуудаснаас олон нийтийн сүлжээгээр Улсын Их Хурлын гишүүн буюу хохирогч Х.Ныг “Х.Нын гаргасан хууль 14-тэй охин хүчиндвэл 450.000 төгрөгөөр торгуулаад л болоо, охины чинь хохь болно. Ийм новшийн юмнуудыг төрд дахин бүү гарга. Коммунистууд өөрсдөө бага насны охидуудаар зугаагаа гаргахаа бодоод нэгэнт баталж гаргасан 14 настай хүүхдийг хүчиндэж болох хуулиа өөрчлөхгүй. Тэр хүчирхийлэгчдэд чинь эрүүгийн хэрэг үүсгэх боломж байхгүй. Чи 14 настай. Өнөөгийн Улсын Их Хурлын гишүүдийг сонгож гаргасан ээж, аавдаа гомд” гэж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Х.Нын “... 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Х.З нэртэй фэйсбүүк аккаунтаас “Х.Нын гаргасан хууль 14-тэй охин хүчиндвэл 450.000 төгрөгөөр торгуулаад л болоо, охины чинь хохь болно. Ийм новшийн юмнуудыг төрд дахин бүү гарга. Коммунистууд өөрсдөө бага насны охидуудаар зугаагаа гаргахаа бодоод нэгэнт баталж гаргасан 14 настай хүүхдийг хүчиндэж болох хуулиа өөрчлөхгүй. Тэр хүчирхийлэгчдэд чинь эрүүгийн хэрэг үүсгэх боломж байхгүй. Чи 14 настай. Өнөөгийн Улсын Их Хурлын гишүүдийг сонгож гаргасан ээж, аавдаа гомд” гэсэн бичвэртэй, миний зурагтай пост нийтэлж, миний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг фэйсбүүк сүлжээгээр дамжуулан олон нийтэд тараасан байсан. Миний хувьд тийм утга агуулгатай хууль санаачилж, батлуулсан явдал огт байхгүй, ер нь тийм хууль Монгол Улсад байхгүй, би тийм зүйл хаана, хэзээ ч ярьж байгаагүй. ... намайг санаачилсан гээд байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд “16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэсний 1 дэх хэсэгт “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжэний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Энэ зүйлд 14 настай хүнийг хүчиндсэн тохиолдолд тохиролцож 450 нэгжээр торгох тухай ойлголт огт байхгүй. Тэгээд ч би уг зүйлийг санаачилж батлуулаагүй. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг 2015 оны УИХ баталсан байдаг ба би тухайн үед УИХ-ын гишүүн болоогүй байсан. Өөрөөр хэлбэл, би тухайн хуулийг УИХ дээр хэлэлцэж батлах үйл ажиллагаанд оролцоогүй. Иймд миний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтийн хэрэгслээр тарааж байгаад гомдолтой байна. ...” /2хх 79-83/ гэх мэдүүлэг,
Х.З нэртэй фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 17-25, 26-29, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 30-38/, хохирогч Х.Нын оролцсон Цензургүй яриа дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 39-48/, “Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл” 23 ширхэг боть номонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 49-78/, Монгол Улсын Их Хурлын тамгын газраас 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 15/668 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны тэмдэглэлүүдэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 79-101/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүхээс Х.Гг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Х.Ггийн хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Гд 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Х.Г нь “... анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн ...итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, ... гэсэн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэнэ” гэж заасан ба уг үндсэн эрх, эрх чөлөө нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ” гэсэн үүргээр хязгаарлагдах ба эрхээ эдэлж байна гээд бусдын нэр төр, алдар хүндэд халдаж, үүргээ ухамсарлахгүй байх учиргүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан хэдий ч тэрээр үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдаж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул дээрх гэм буруугийн зарчимд үндэслэн түүнийг гэм буруугүйд тооцох хууль зүйн үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараар гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх ялын төрөлтэй.
Анхан шатны шүүхээс “Х.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ялын доод хэмжээний нэгжээр торгох ял оногдуулав” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Гд 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэсэн нь хууль зөрчөөгүй ба дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй.
Түүнчлэн Х.Г, түүний өмгөөлөгч Б.П нараас “Х.Г нь олон нийтийн сүлжээгээр Улсын Их Хурлын гишүүн буюу хохирогч Х.Ныг “Х.Нын гаргасан хууль 14-тэй охин хүчиндвэл 450.000 төгрөгөөр торгуулаад л болоо, охины чинь хохь болно. Ийм новшийн юмнуудыг төрд дахин бүү гарга.” гэсэн сэтгэгдэл бичсэн. Харин Коммунистууд өөрсдөө бага насны охидуудаар зугаагаа гаргахаа бодоод нэгэнт баталж гаргасан 14 настай хүүхдийг хүчиндэж болох хуулиа өөрчлөхгүй. Тэр хүчирхийлэгчдэд чинь эрүүгийн хэрэг үүсгэх боломж байхгүй. Чи 14 настай. Өнөөгийн Улсын Их Хурлын гишүүдийг сонгож гаргасан ээж, аавдаа гомд” гэсэн хэсгийг бусдын бичсэн сэтгэгдэлээс хуулбарласан, энэ нь нийтэд тогтсон ойлголт байхад ганцхан хүн дээр ял шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна гэж маргаж байна.
Гэсэн хэдий ч Х.Г тухайн постыг өөрөө бичиж цахим хаягаараа нийтийн сүлжээнд тараасан болохоо хүлээн зөвшөөрсөн ба түүний үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлтэй.
Харин шүүгдэгч Х.Ггийн хуулбарлан тавьсан гэх “Коммунистууд өөрсдөө бага насны охидуудаар зугаагаа гаргахаа бодоод нэгэнт баталж гаргасан 14 настай хүүхдийг хүчиндэж болох хуулиа өөрчлөхгүй. Тэр хүчирхийлэгчдэд чинь эрүүгийн хэрэг үүсгэх боломж байхгүй. Чи 14 настай. Өнөөгийн Улсын Их Хурлын гишүүдийг сонгож гаргасан ээж, аавдаа гомд” гэсэн хэсгийг бусдын бичсэн сэтгэгдэлээс хуулбарласан гэх баримт хэрэгт авагдаагүй, хэн бичсэнийг шүүхээс тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Х.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/726 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/726 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ