Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2019/0613

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Р” ХХК

Хариуцагч: Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-ийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1453118 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох,

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч "Р" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "14531118 дугаар бүхий "Шийтгэлийн хуудас"-ын 5 дахь хэсэгт тусгагдсан Артек, Рачки бүтээгдэхүүнийг хураан авсан шалтгаан нь барааны тэмдгийн зөрчилтэй гэдэг үндэслэл гаргасан байна. Энэ нь "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль"-ийн 4.1.2-д заасан шинжилгээнд зориулж, 4.5.1-д заасан ач холбогдол бүхий эд зүйлийг хураан авна гэсэн заалттай зөрчилдөж байна.  Тухайн үед заалттай зөрчилдөж байна. Тухайн үед "Артек" вафлийн хувьд 56 ширхэг нэг бүр нь 790 төгрөгийн үнэ бүхий нийт 39 760 төгрөг, "Рачки" чихэрийн хувьд 117 ширхэг нэг бүр нь 1370 төгрөгийн үнэ бүхий нийт 160 290 төгрөг. Нийлээд 200 050 төгрөгийн их хэмжээний тавиур дээр байсан бүх бүтээгдэхүүнийг үндэслэлгүйгээр хураан авсан байна. Мөн "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль"-ийн 4.5.2-т заасан нөхцөлийн дагуу эд зүйл хураан авахдаа "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 24.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлаагүй буюу Прокурорын зөвшөөрөлгүй хураан авсан байна. Түүнчлэн эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл нь ямар нэгэн гэрч, оролцогчгүй явуулсан байна.

            2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1453118 дугаар бүхий "Шийтгэлийн хуудас"-нд Эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй Каракум, Красная шапочка, Мишка, Птичье молоко, Алёнка, Коровка, Сказка, Золотой ключик, Раковые шейки, Кис кис зэрэг бүтээгдэхүүнүүдийг эрхийн зөвшөөрөлгүй худалдаалсан гэсэн үндэслэлээр Хяналтын улсын байцаагч шийтгэл оногдуулсан байна. Энэхүү шийтгэлийг оногдуулахдаа 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн "Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол"-ын дагуу прокурорт бүртгүүлэн, зөрчлийн хэрэг нээсэн байна. Манай компаниас 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр "Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай" тэмдэглэл дээр дурдсан 2 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хурааж  авсан байна. Энэхүү бүтээгдэхүүнүүд нь Беларус улсын Спартак үйлдвэрийн "Артек" вафли, "Рачки с арахисом" нэртэй чихэрүүд байсан ба энэ нь 1902000168 дугаартай "Зөрчлийн хэрэг нээх тухай" тогтоолд дурдсан "Каракум, Красная шапочка, Мишка, Птичье Молоко, Алёнка, Коровка, Сказка, Золотой ключик, Раковые шейки, Кис кис" нэртэй адилхан бүтээгдэхүүн биш, гадна өнгө үзэмжжржж ялгагдах чадвартай бүтээгдэхүүн байхад "Зөрчлийн тухай хууль"-ийн 8.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан шийтгэлийг шинжээчийн дүгнэлт, хүчин төгөлдөр баримт нотолгоогүйгээр ногдуулсан байна.

            Улсын байцаагчийн зүгээс 2019 оны 04 сарын 08-ны өдөр "Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл" үйлдсэн байна. Үүний дараагаар Зөрчлийн хэргийн оролцогчтой уулзаж, нэмэлт тайлбар аваагүй, шинжээчийн дүгнэлтийг танилцуулж хэргийн материалд хийгээгүй байна. Шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан боловч тус хуудсыг хэргийн оролцогчид танилцуулаагүй нь "Зөрчлийн хууль" болон "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль"-д заасан зөрчлийн хэргийг шийдвэрлэх дараалал, хавтаст хэргийн бүрдэлд байх ёстой баримтыг бүрдүүлээгүй байна. Энэ нь эрх зүйн хэлбэрийн жагсаалтын хувьд хууль ёсны шаардлагыг хангахгүй байна.

            Шийтгэлийн хуудсанд дурдсанаар "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 1-т заасан заалтын хүрээнд "Каракум, Красная шапочка, Мишка, Птичье Молоко, Алёнка, Коровка, Сказка, Золотой ключик, Раковые шейки, Кис кис" нэртэй бүтээгдэхүүний хүрээнд асуудлыг шалгасан боловч үндэслэлгүйгээр "Артек" бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй худалдсан болох нь тогтоогдсон байна хэмээн хамааралгүй зүйлийг тогтоож, шийтгэл оногдуулсан.

            "Раковые шейки" барааны тэмдэгтийн хувьд "Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан "Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдэгтийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно." гэсэн заалтын дагуу Монгол улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлж гэрчилгээ авсан эсэх талаар баримтыг нотлох баримтаар нэмж гаргуулах хүсэлтэй байна. Монгол улсын хуулиар улсын бүртгэлд бүртгүүлснээр Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх үүсдэг байхад ингэж албан ёсоор бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байна." гэжээ.

            Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:" ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС-ын "Красны Октябрь" нээлттэй хувьцаат компани, "ROT FRONT" компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Патентмарк оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчоо-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У-с 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан Барааны тэмдгийг /Эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй Каракум, Красная шапочка, Мишка, Птичье Молоко, Алёнка, Коровка, Сказка, Золотой ключик, Раковые шейки, Кис кис зэрэг чихрийг Боса, И-март, Миний, Номин, Оргил, Сансар сүлжээ дэлгүүрүүд, Белорус чихэр дэлгүүр болог Нарантуул худалдааны төв дээр худалдан борлуулж буй газруудад холбогдуулан/ барааны тэмдэгтийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй үйлдлийг таслан зогсоолгох, дурдсан барааны тэмдгийн эрх зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол эрх зүйн тогтолцооны дагуу арга хэмжээ авахуулах, барааны тэмдгийг хууль бусаар хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг импортлохыг хориглуулах, импортлоххд эсхүл импортолсны дараа хураалгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авахуулан барааны тэмдгийн эзэмшигчийн эрхийн зөрчлийг арилгуулах зорилгоор оюуны өмчийн эрхийг зөрчиж буй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгох, зөрчил гаргагч этгээдэд хуульд заасан хариуцлага тооцуулах тухай хүсэлтийг үүгээр гаргаж байна гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд 1902000168 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

         Зөрчлийн хэрэг шалгах ажиллагааны явцад Р ХХК нь Раковые шейки, Артек барааны тэмдгийн зөрчилтэй бүтээгдэхүүнийг улсын хилээр импортлон оруулж, Экстра дэлгүүрүүдээр худалдаалж байсан нь баримтаар тогтоогдсон.

            Тухайлбал, зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад Р ХХК-аас /Экстра дэлгүүр/ 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр барааны тэмдгийн зөрчилтэй Артек вафли 56ш*710төгрөг=39 760 төгрөгийн, раковые щейки Рачки (цаашид "Рачки" гэх) 117ш*1370төг=160 290 төгрөгийн эдгээр бүтээгдэхүүнийг эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл үйлдэн хураан авсан ба Р ХХК нь зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг импортлож, хууль бусаар худалдаалсан, оюуны өмчийн зөрчил гаргасан болох нь Эд зүйл, баримт бичгийг хураан авсан мэдүүлэгт Красны октябрь компаниас зөвшөөрөл аваагүй, ерөнхий худалдан авалтын гэрээнд оюуны өмчийн асуудлаарх заалт байхгүй гэж мэдэгдсэн болон Барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмаагийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаар дүгнэлтээр төөрөгдөлд оруулахаар байна гэсэн дүгнэлт, Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 19, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03-2/1630 тоот 2017-2019 оны Аж ахуйн нэгж байгууллагуудын импортын мэдээллээр тус тус нотлогдсон.

            Иймд, гомдол гаргагчийн эзэмшиж буй онцгой эрх бүхий Рачки, Артек нэрийн зөрчилтэй бүтээгдэхүүнийг импортлон хилээр нэвтрүүлсэн, худалдаанд гаргасан, худалдааны сүлжээгээр түгээсэн, худалдааны үйл ажиллагаандаа ашигласан, худалдаалах зориулалтаар хадгалсан зэрэг үйлдэл нь бусдын барааны тэмдгийг хууль бусаар ашиглаж байгаа хууль бус үйлдэл болохыг тогтоож, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоож дээрх зөрчил гаргасан холбогдогч "Р" ХХК-д "Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай" хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндэслэн, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу   3 000 000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, зөрчилтэй Артек /56ш/, Рачки /117ш/ барааг устгалд оруулахаар Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл хэрэгслээс хохиролд нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн зөвлөлд хүргүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1453118 дугаар шийтгэлийн хуудсаар “Р” ХХК-д “эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Рачки, Артек чихрүүдийг худалдсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, барааны тэмдгийн зөрчилтэй гэсэн үндэслэлээр артек 56, рачки 117 ширхгийг хураан авч устгалд оруулахаар шийдвэрлэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “барааны тэмдэг эзэмшигчийн эрх...-ийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж...хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

“Р” ХХК шүүхэд гомдол гаргахдаа “...хураан авах ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн, шийтгэлийг шинжээчийн дүгнэлт, хүчин төгөлдөр баримт нотолгоогүйгээр ногдуулсан, шалгах асуудлын хүрээнд багтаагүй Артек бүтээгдэхүүний талаар шалгасан нь үндэслэлгүй...” гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.  

“Красный октябрь” нээлттэй хувьцаат компаниас олгосон итгэмжлэлийн дагуу Патентмарк оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчооны төлөөлөгч Ч.Уээс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Оюуны өмчийн газарт хандаж “...манай компанийн эзэмшиж буй барааны тэмдэгтэй ижил төрлийн барааны тэмдэг бүхий... Артек, Раковые шейки... чихрийг Хүнсний дэлгүүр болон захуудаар худалдаалж байгаа зөрчлийг арилгуулах”-аар гомдол гаргасны дагуу Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц нь “Р” ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” 12.2-т “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ.” 12.3-д “Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ”, 12.3.1-д “бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх”; 12.3.2-т “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах”; 12.3.3-д “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад шилжүүлэх”; 12.3.4-т “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”; 12.3.5-д “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”; 12.3.6-д “энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах” гэж тус тус заажээ.

Түүнчлэн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно”, 13.1.1-д барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол; 13.1.2-т барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол; 13.1.3-д “барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол; 13.1.4.барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол” гэж зохицуулсан байна

Зөрчлийн хэрэгт  цугларсан нотлох баримтуудаас үзвэл “Красный октябрь” нээлттэй хувьцаат компани нь 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бүртгүүлсэн “Раковые шейки”, 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр М-0964733 дугаартай “Артек”  барааны тэмдгүүдийн эзэмшигч болох нь http;//publish.ipom.mn/wopublish www.wipo.int цахим хаяг дахь улсын бүртгэлээр тогтоогдсон, эдгээр барааны тэмдгүүдийг Бараа үйлчилгээний олон улсын ангилал тогтоох Ниццийн хэлэлцээрийн 30, 35 дугаар ангиллуудаар эрхийн хамгаалалт хийлгэсэн, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Харин гомдол гаргагч “Р” ХХК нь барааны тэмдгийн онцгой эрх эзэмшигч “Красный октябрь” нээлттэй хувьцаат компанийн зөвшөөрөлгүйгээр тухайн барааны тэмдэгтэй ижил төрлийн барааны тэмдэг бүхий... Артек, Рачки... нэрийн бүтээгдэхүүнийг худалдсан зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг баримтлан шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Гомдол гаргагч нь улсын байцаагч эд зүйлийг хураан авахдаа прокурорын зөвшөөрөл авах ёстой байсан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1.2, 4.5.1-д заасныг зөрчсөн, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй...” гэж маргаж байх боловч Бараны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “...улсын байцаагч зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хураан авч, хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгон, тухайн барааг устгаж үйл ажиллагааг зогсооно” гэж заасан нь тухайн маргааны хувьд хуульд тусгайлан заасан, нарийвчилсан зохицуулалт тул хуулийн уг заалтыг үндэслэн зөрчилтэй барааг хураан авсан нь хариуцагчийн буруу гэх үндэслэлгүй.

 Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.7.1-д “эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулж болно” мөн хуулийн 3.7.5-д “...хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол дуу-дүрсний бичлэгээр тухайн ажиллагааны явц, үр дүнг бэхжүүлнэ” гэж заасан, хариуцагч Б.Ц нь эд зүйл хураан авах ажиллагаанд Патентмарк компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У,  гэрч Ч.Ганзориг, “Р” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал М.Эрдэнэчимэг нарыг оролцуулсан  байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-ийн гаргасан, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1453118 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Цд холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-ийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1453118 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН