Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2026/00090

 

Д.У-ын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.22-ны өдрийн 191/ШШ2025/09015 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.12.17-ны өдрийн 210/МА2025/02181 дүгээр магадлалтай,

 

Д.У-ын нэхэмжлэлтэй

Э.С-дд холбогдох

 

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХ дугаарт бүртгэгдсэн, Хаягтай орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагч Э.С-д, түүний өмгөөлөгч Н.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.У- /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, Т.Ц, хариуцагч Э.С-д, хариуцагчийн өмгөөлөгч Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.У- нь хариуцагч Э.С-дд холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХ дугаарт бүртгэгдсэн, Хаягтай орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.22-ны өдрийн 191/ШШ2025/09015 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар 2023.06.27-ны өдрийн бүртгэлийн 1247 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХ дугаарт бүртгэгдсэн, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.У-ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.С-дд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 378,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 378,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.12.17-ны өдрийн 210/МА2025/02181 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.22-ны өдрийн 191/ШШ2025/09015 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “56.5” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч Э.С-д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дах хэсэгт зааснаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Миний нагац ах буюу миний ээж Д.Уын төрсөн дүү болох Д.У- нь Хаягтай орон сууцыг сайн дурын үндсэн дээр, бэлэглэлийн гэрээ байгуулан миний өмчлөлд шилжүүлэн өгөхийг хүсч, улмаар тухайн байрыг захиран зарцуулах эрхийг шилжүүлэх өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн бэлэглэлийн гэрээгээр тухайн үл хөдлөх хөрөнгийг надад шилжүүлсэн байдаг. Гэвч Д.У- бид хоёрын дунд үл ойлголцол үүсэн, маргаан гарч, энэхүү маргааны улмаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024.02.06-ны өдөр Э.С-д буюу надад холбогдуулан дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024.04.23-ны өдрийн 101/ШШ2024/02216 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасны дагуу Д.У-ын надад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрч хуулийн хүрээнд гомдол гаргаагүй тул шийдвэр хүчин төгөлдөр болсон. Үүнээс өмнө 2023.09.07-ны өдөр Д.У- нь Э.С-дд холбогдуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэл мөн гаргаж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2024.01.18-ны өдрийн 101/Ш32024/02282 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн захирамжид нэхэмжлэгч тал мөн гомдол гаргаагүй болно. Харин 2024.11.27-ны өдөр Д.У- дахин Э.С-дд холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Үүнийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.07.04-ний өдрийн 191/Ш32025/29260 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд үүнд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч, гомдол гаргасны дагуу дээрх шүүхийн 2025.07.29-ны өдрийн 191/ТМ2025/09356 дугаар тогтоолоор 2025.07.04-ний өдрийн захирамжийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Тус тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Г нь уг тогтоолын дараа анхан шатны шүүх хуралдаанд тухайн хэргийг хариуцан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн 91.1.4-д заасан үндэслэлүүдийг үл харгалзан хууль зөрчин, илтэд нэг талыг баримтлан 2025.10.22-ны өдрийн 191/ШШ2025/09015 дугаартай шийдвэрийг гаргаж, улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэл:

4.1. Үл хөдлөх хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай Д.У-ын нэхэмжлэлтэй Э.С-дд холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах хэсэгт заасныг зөрчиж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.          

4.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан Д.У-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийг анхан шатны тойргийн шүүхийн 2025.07.04-ний өдрийн 191/Ш32025/29260 дугаар бүхий шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан. Уг гомдлыг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Г нь дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгосны дараа хэргийг дахин хэлэлцэх анхан шатны шүүх хуралдааныг даргалж, улмаар хэргийг шийдвэрлэсэн. Шүүгч нь тухайн хэргийг дахин хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд оролцохоос татгалзан гарах хуульд заасан үндэслэл бий болсон байхад шүүгч өөрөө татгалзан гараагүй. 

Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            5. Хариуцагчийн өмгөөлөгч Н.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 2.2-д заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, 2.4-д заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцүүлэхээр дараахь гомдлыг гаргаж байна.

            5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Д.У-ын нэхэмжлэлтэй Э.С-дд холбогдох “Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэний хэргийг урьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.23-ны өдрийн 02216 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба тус шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.У-ын хариуцагч Э.С-дтай байгуулсан 2023.06.27-ны өдрийн 1247 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх” гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлын талаар шүүхийн хучин төгөлдөр шийдвэртэй, тус шийдвэрийг хариуцагч талаас нотлох баримтын хуулийн шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт гарган өгсөн байхад шүүхээс дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт илэрхий тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бол түүнийг дахин нотлохгүй...” зарчмын дагуу үнэлээгүй, мөн тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр... байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана..” гэж заасныг хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024.04.23-ны өдрийн 02216 дугаар шийдвэрээр Д.У-ын нэхэмжлэлтэй Э.С-дд холбогдох 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 1247 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл аль алиныг дурдсан байсан тул хэргийг хянан шийдвэрлэхдээ аль үндэслэлээр нэхэмжлэлийн хууль зүйн шаардлагыг тодорхойлж байгааг нь тодруулахад нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар үндэслэлээ тодорхойлсон. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Энэ утгаараа нэхэмжлэгч Д.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд урьд гаргасан тайлбартаа хариуцагч Э.С-дтай байгуулсан бэлэглэлийн гэрээг бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр гэрээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж шийдвэрлүүлсэн ба Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасан бэлэглэлийн гэрээ хуульд заасны дагуу хүчин төгөлдөр байгуулагдсанаас хойш 1 жилийн дотор бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргах эрхтэй болно.Харин анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэлцлийг хүчингүй болгуулах шаардлага гаргахгүй юм. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр гэрээний хувьд л бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэсэн агуулгаар гэрээг хүчингүй болгохоор хуульчилсан байдаг. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024.04.23-ны өдөр нэхэмжлэгч Д.У-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас бэлэглэлийн гэрээг байгуулахдаа дүр үзүүлсэн байдлыг нотолж чадаагүй, мөн Э.С-д нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Гэтэл анхан болон давж шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан “Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар .. хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа..” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон байхад уг нөхцөлд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

5.2. Иргэний хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Давж заалдах шатны шүүхээс “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гэж харагдахаар зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Маргааны зүйл болж буй тухайн үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үндсэн дээр бэлэглэх хүсэл зоригийг агуулаагүй. Харин бэлэг хүлээн авагчийн санхүүгийн чадвартай холбоотой бэлэглэгчээс тухайн хөрөнгийг түүнд шилжүүлсэн гэж үзэхээр байна гэж дүгнээд, анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлсэн хэлцэл” гэж дүгнэсэн. Гэтэл Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.." гэж заасан бөгөөд өмчлөлд буй эд хөрөнгөө ашиглах буюу барьцаалах эрх нь өмчлөгчийн салгаж үл болох эрх тул Э.С-дг өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж дүү Э.Гйн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үйл баримтад тулгуурлан Д.У- нь өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлгүй байсан гэж тайлбарласан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Д.У- нь өөрийн төрсөн эгчийн хүүхэд болох Э.С-дд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хүсэж, үүнээс гарах эрх зүйн үр дагаврыг бодитойгоор ухамсарласан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гагцхүү талуудын хооронд гарсан маргаан бүхий нөхцөл байдлын улмаас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар урьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон болно.

5.3.Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр үнэлэгдээгүй нотлох баримтууд болох үзлэгийн тэмдэглэлийг шийдвэрийн үндэслэл болгосон байх бөгөөд, хариуцагч дээрх зурвасын талаар маргаагүй, няцаах нотлох баримт гаргаагүй байна гэжээ. Гэтэл дээрх харилцан зурвас нь цаг хугацааны хувьд хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэснээс хойших хугацааных байх бөгөөд энэ нь дахин нотлох баримт бүрдүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргаж буйн илрэл ба энэхүү зурвас нь Э.С-дгийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн нотлох баримт болохгүйн зэрэгцээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд тухайн бэлэглэлийн гэрээ байгуулах болсон шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор гэрч С.Э-даас мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй атлаа хариуцагчийг няцаах нотлох баримт гаргаагүй, талууд бэлэглэх хүсэл зориг байгаагүй гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүй, маргаан бүхий нэг үйл баримтын талаар шүүхээр 2 удаа нэхэмжлэл гаргасан шийдвэрлүүлсэн нөхцөлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШХТ2026/00268 дугаар тогтоолоор хариуцагч Э.С-д, түүний өмгөөлөгч Н.У нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

7. Нэхэмжлэгч Д.У- нь хариуцагч Э.С-дд холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “... Д.У нь өөрийн охин Э.Г 2023 онд Канад Улсын виз авах, боловсролын зээлийн сангийн зээлээр Тгийн их сургуульд суралцахаар болж зээлийн сангийн зээлийн хөтөлбөрт хамрагдахад хөрөнгийн баталгаа шаардлагатай болсон гэж гуйхад нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Э.С-дтай 2023.06.27-ны өдрийн бэлэглэлийн гэрээг байгуулж, түүний нэр дээр шилжүүлсэн, орон сууцыг хариуцагчийн өмчлөлд бүрмөсөн шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, 1 жилийн дотор орон сууцыг буцаан шилжүүлэх амлалтаа биелүүлээгүй” гэж тайлбарлажээ. 

 

8. Хариуцагч Э.С-д нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа “... бэлэглэлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, нотариатчаар гэрчлүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр, хариуцагчийн аав нэхэмжлэгчид өмнө нь тусалж байсан учраас тус орон сууцыг бэлэглэсэн, уг маргааныг өмнө нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй” гэжээ.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “Нэхэмжлэгч 2013.09.17-ны өдөр маргаж буй орон сууцыг бусдаас худалдан авч, өмчлөгчөөр бүртгүүлсэн, 2023.06.27-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр уг орон сууцыг хариуцагч Э.С-дгийн өмчлөлд шилжүүлсэн, Э.С-д нь бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг шилжүүлж авсны дараа дүү Э.Ггийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулсан, орон сууцыг өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, харин зохигчийн хооронд харилцсан гэх цахим зурвасыг шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж үзсэн.

 

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “... анхан шатны шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлсон боловч зохигчийн хооронд харилцсан цахим зурвасыг үнэлээгүй нь буруу, үзлэг хийсэн тэмдэглэлээр зохигчийн хооронд орон сууц бэлэглэх гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэгдээгүй” гэжээ.

 

11. Хоёр шатны шүүх ижил шийдэлтэй боловч хариуцагч тал эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

Анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан С.Э-даас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахгүй орхисон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байхад давж заалдах шатны шүүх илрүүлж, энэ тухай дүгнэлт хийгээгүй тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг хангаагүй.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заажээ.

Хариуцагч тал 2025.10.22-ны өдөр Ш.Эыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.10.22-ны өдрийн 191/ШЗ2025/44456 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэхдээ “ ... Бэлэглэлийн гэрээ ... бэлэглэгчийн хүсэл зоригийн дагуу хийгдэх тул бусад этгээдээс нэхэмжлэгчийн хүсэл зоригийг тодруулах боломжгүй. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.23-ны өдрийн шүүх хуралдаан дээр Ш.Эыг гэрчээр асуусан тэмдэглэл авагдсан. Улмаар уг хуралдаан дээр асуугаагүй зүйл байх магадлалтай гэдэг нь гэрч асуух үндэслэл болохгүй ...” гэж дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.23-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн маргааныг бэлэглэгчийг гомдоосон эсэх гэж тодорхойлж, өөр үндэслэлээр маргаагүй тул талуудыг бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхтэй гэж дүгнэсэн. Энэ тохиолдолд бэлэглэгчийг гомдоосон гэх маргаантай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлгийг өөр маргаан буюу бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой маргаж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээс өөр зүйл тодруулах шаардлагагүй гэж дүгнэж, хариуцагч талын гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээс мэдүүлэг авхуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан “гэрчээс мэдүүлэг авхуулах ... хүсэлт гаргах” эрхийг зөрчиж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан “...  түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэснийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй.  

 

13. Хяналтын шатны шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг залруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагч талаас хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны журмаар дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.22-ны өдрийн 191/ШШ2025/09015 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.12.17-ны өдрийн 210/МА2025/02181 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Э.С-д нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.01.27-ны өдөр нийт 378,150 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

 

                        ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

 

                                                                                                  Н.БАТЧИМЭГ 

 

               Э.ЗОЛЗАЯА

 

                Д.ЦОЛМОН