Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 00131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч Д.Хүрэлбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Доржпаламын Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн 201722000236 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хариад Доржпаламын Хүрэлбаатар, 1974 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх, нийгмийн багш мэргэжилтэй, Мөрөн сумын Титэм сургуулийн түүх нийгмийн багш ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 03-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЮ74110496 дугаартай,

Шүүгдэгч Д.Хүрэлбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр сургуулийн хүүхдүүдтэй зодоон хийсэн гэх шалтгаанаар насанд хүрээгүй Б.Ням-Очирыг өшиглөж биеийн зүүн хуйхнагт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Хүрэлбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр сурагч Б.Ням-Очирыг сургуулийн гадна талд бусадтай золдолдсон гэх шалтгаанаар өшиглөж бие махбодид нь  зүүн хуйхнагт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Хүрэлбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... сургуулийн хашааны гадаа хүүхдүүд зодолдож байсан. Тэр хүүхдүүдийн тэнд охидууд очсон, миний хажууд манай сургуулийн үйлчлэгч Эрдэнэ надад цаана чинь хүүхдүүд зодолдож байна хурдан оч би энэ люминаторын машиныг чинь хараад байж байя гэж хэлэхээр нь очсон, манай сургуулийн 9-р ангийн 2 хүүхдйг газар унагаачихсан тал талаас нь Гурван-Эрдэнэ сургуулийн хүүхдүүд өшиглөж байсан. Би тэд  нарыг салгаад 2 хүүхдээ босгосон. Хажууд нь Ням-Очир гэдэг хүүхэд зогсож байсан. Бурмаа багш наад хүүхдүүдээсээ аль нэгийг нь бариад ав гэхээр нь Ням-Очир гэж хүүхдийг барьж аваад сургуульруу оръё гэж татсан чинь явахгүй болохоор нь бөгсрүү нь 1 удаа өшиглөсөн. ... Би уг нь Ням-Очир гэдэг Гурван-Эрдэнэ сургуулийн 9-р ангийн хүүхдийн араас нь зөөлөн л өшиглөсөн гэмтээсэн гэж бодоогүй.... гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Ням-Очирын хэрэг бүртгэлтэд өгсөн: ...Би 2017.04.18-ны өдөр 11 цагийн үед үнэлгээний улсын шалгалт өгөх гэж Титэм сургууль дээр ирсэн. шалгалтаа өгч дуусаад гарч ирсэн хүүхдүүд зодолдоод эхэлсэн юм. Намайг зогсож байсан манай сургуулийн Бумбаяр, Түмэн-Өлзий нар хүүхдүүдтэй барилцаж авахаар нь салгаад байж байтал Титэм сургуулийн багш Хүрэлбаатар ирж намайг заамдаж аваад яагаад зодоон хийгээд байна гэж асуухаар нь багшаа би зодоон хийгээгүй хүүхдүүд салгасан гэсэн юу яриад байгаа юм бэ эндээс зайл гээд миний араас салтааруу өшиглөсөн миний бэлэг эрхтэн өвдөөд явж чадахгүй сонин болоод зогсож байсан манай ангийн охин намайг татаж аваад түшээд авч явсан. Би хажууд охин байсан болохоор санаа зовоод яаж ч чадаагүй хэсэг хугацаанд Титэм сургуулийн хашааны гадаа замын боржур дээр суусан. Тэнд сууж байхад толгой эргээд хөл бадайрч чинэрээд бэлэг эрхтэний доогуур хатгаж өвдөөд байсан. Тэнд нилээн удаан ангийхаа Мягмаржавтай сууж байгаад таксидаад сургууль дээр очиж ангийнхаа багштай уулзаж болсон асуудлыг ярьсан. ...2017.04.18-ны орой 20 цаг 40 минутын үед эмнэлэг дээр очиж мэс заслын эмчид үзүүүлэхэд зүүн талын төмсөг нь хавдартай байна, өвчин намдаах эм уу, лаа хийгээд хавдартай газар нь тос тавьж боож хоноод маргааш өдөр нь эрэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд төмсөг нь усталттай, хавдартай байна, хэвтэж эмчлүүл хэвтрийн дэглэм сахих шаардлагатай байна гэж хэлэхээр нь эмчилгээ хийлгэсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 286 дугаартай:

  1. Б.Ням-Очирын биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Тухайн үед Б.Ням-Очирын биед зүүн хуйхнагт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна.
  3. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
  5. Б.Ням-Очирын биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ням-Очир нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Д.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Хүрэлбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг 2 сар баривчлах ялын санал бичиж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Б.Ням-Очир нь шүүгдэгч Д.Хүрэлбаатартай сайн дураараа эвлэрсэн талаарх 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээ, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын саналыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 201722000236 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Хариад Доржпаламын Хүрэлбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн 201722000236 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хүрэлбаатарт урьд авсан батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.ЭРДЭНЭ-ОЧИР