Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1000

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа, улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/, хохирогч ***, шүүгдэгч ***, тэдний өмгөөлөгч Б.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** нарт холбогдох, эрүүгийн 2408016640955 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ***

2. Монгол Улсын иргэн, ***

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч ***нь ***той бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сэнтий” нэртэй зочид буудалд 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө иргэн ***, *** нарын толгойн тус газарт архины шилээр цохиж, ***гийн биед “баруун, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол, иргэн ***гийн биед “тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, хэвлийн зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг”, мөн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 -д заасан “бүлэглэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх,

Шүүгдэгч *** нь ***тэй бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сэнтий” нэртэй зочид буудалд 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө иргэн ***, *** нарын толгойн тус газарт архины шилээр цохиж, ***гийн биед “баруун, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол, иргэн ***гийн биед “тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, хэвлийн зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг”, мөн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 -д заасан “бүлэглэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

1. Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

2. Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

3. Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас ирсэн. Учир нь би тус газар сангийн ажил хийдэг. Тус өдөр инженер ***тэй ажил хэргийн шугамаар уулзсан. Бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч маш бага согтолттой байсан. Уг үйл явдал болсон газраас 200 метрийн цаана ***гийн гэр байдаг ба хүргэж өгөх гээд явж байсан. Гэтэл *** “зочид буудал руу ороод хүнтэй уулзчихаад ирье” гэж хэлсэн. Мөн *** гэх найз маань машинаас буугаад явсан. Би машиндаа унтаж байсан. Гэтэл над руу утсаар залгаад “би хүнд зодуулаад байна, “Сэнтий” буудлын 3 давхрын 302 тоотод гялс ороод ир” гэж хэлсэн. Манай дүү *** эрүүл байсан тул машин барьж байсан. Бид хоёр буугаад хаалгыг онгойлгоод шагайсан. Гэтэл өндөр залуу нь намайг татаж авч ороод архины шилээр толгой руу цохисон. Буланд нь *** байсан. Тэр намайг “яасан унадаггүй юм бэ” гээд мөн архины шилээр толгой руу цохисон. *** гэх манай дүүг эд нар гурвуулаа дарж аваад орон дээр зодож байсан. Манай дүүд гэмтэл учраагүй. ***г аваад гарах гэхэд *** шилэн аяга аваад шидэхэд ***гийн дагз руу оночихсон. Тэгэхээр нь гараад шууд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2408016640955 дугаартай хэргээс:

4. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,

5. Хохирогч ***гийн: “...2024 оны 04 дүгээр сарын 18-ны орой найз ***, *** нарын хамт машинтай явж байсан. ***г гэрт нь хүргэж өгөх гэж байтал *** “...“Сэнтий” зочид буудал руу ороод ирье, манай найз байгаа...” гэж хэлсэн. Бид нар машинтайгаа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэнтий” нэртэй зочид буудлын гадаа 2024 оны 04 дүгээр сарын 19-ний шөнийн 00 цагийн үед ирж ***, *** нартай хамт орсон. Төд удалгүй *** гар утсаараа над руу залгаад “би зодуулж байна, 302 тоотод ороод ирээрэй” гэж хэлсэн. Би тухайн 302 тоотын гадаа ирэхэд *** зодуулчихсан надтай зөрж гарсан. Би 302 тоот руу ороход хар өнгийн малгайтай өндөр залуу нь миний толгойн зүүн хэсэг рүү 1 удаа архины шилээр хагартал цохисон. Би зогсоод байж байтал араас нь нэг намхан залуу мөн миний толгой руу архины шилээр цохисон. Тэгээд бид нар тэр өрөөнөөс шууд гарсан. Тухайн буудлын гаднаас би шууд цагдаа дуудсан. Миний толгойн зүүн болон баруун чамархай хэсэгт гэмтэл үүсэж шархадсан. Тухайн гэмтлийг өндөр бор залуу архины шилээр зүүн чамархай хэсэгт, харин баруун чамархай хэсэгт намхан залуу нь цохиж гэмтэл учруулсан. ...Тухайн үед архины шилээр цохисон хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. *** тухайн үед мөн адил толгойдоо шархтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

6. Хохирогч ***гийн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гадуур найзуудтайгаа архи согтууруулах ундаа хэрэглээд байж байтал миний фейсбүүкийн найз *** над руу видео колл хийж “найзыгаа ирээд авчих, найз нь “Сэнтий” зочид буудалд байна” гэхээр нь би “Сэнтий” зочид буудалд шөнийн 23 цаг өнгөрөөгөөд явж очсон. Тэгээд 304 тоот өрөө рүү яваад ортол *** өрөөндөө ганцаараа байсан ба би явж ороод “юу хийж байгаа юм” гэхэд *** “би ганцаараа байна, найзууд хаяад явчихлаа” гэж хэлсэн. Бид хоёр юм ярилцаад байж байхад гэнэт хаалга чангаар нүдсэн. Би ***гаас хэн болох талаар асуухад “би ганцаараа байгаа” гэж хэлсэн. Тэгтэл хаалга улам хүчтэй нүдээд байсан ба би хаалгыг очиж онгойлгоход 2 залуу орж ирсэн. Би гарах гэхэд хар хувцастай, хар саравчтай малгайтай залуу намайг толгой, нүүр рүү цохиж зодсон. Мөн жижиг биетэй залуу нь толгой руу цохисон. Тэгээд би гар утсаараа найз ***г дуудахад *** төд удалгүй орж ирсэн. *** толгой руугаа хар малгайтай залууд архины шилээр цохиулсан. Тэгээд бид нар тухайн өрөөнөөс зугтаж гараад шууд цагдаа дуудсан. Төд удалгүй цагдаа нар ирсэн. ...Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би тухайн үед хүн цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5355 дугаартай: “...***гийн биед баруун зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5501 дугаартай: “...***гийн биед тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, хэвлийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

9. Гэрч Д.***гийн: “...2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би эмэгтэй найз ***гийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сэнтий” зочид буудалд 304 тоот өрөө аваад байж байсан. Би ажлын газрын хоёр найз болох ***, *** хоёрыг өрөөндөө дуудсан. Манай хоёр найз 15 цаг өнгөрөөгөөд ирсэн. Тэгээд бид нар тухайн өрөөндөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид нар орой 21 цагийн үед “Сэнтий” зочид буудлын доор байрлах караоке руу орсон. ***г өрөөнд ганцааранг нь үлдээсэн. Тухайн үед *** дуулж чадахгүй, солгой хоолойтой гээд үлдсэн. *** дээшээ өрөө рүүгээ яваад буцаж ирэхдээ “манай өрөөнд танихгүй залуу байх шиг байна, та хоёр хүн дуудсан юм уу” гэж асуухаар нь бид нар гайхаад ***, *** бид гурав буцаад шууд өрөө рүүгээ явж очоод хаалга нүдэхэд онгойлгохгүй байсан. Нэлээд хаалга нүдэж байтал үл таних залуу хаалга онгойлгосон. Би ***гаас “энэ юун хүмүүс юм бэ” гэхэд *** “энэ манай найз байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ миний өрөө шүү дээ, чи зөвшөөрөлгүй хүн оруулж байгаа юм уу” гэхэд *** юм дуугараагүй байсан. Тэгтэл тухайн залуучууд маргалдаж эхэлсэн. *** “манай найзын өрөөнд та нар юу хийж байгаа юм” гээд архины шилээр ***гийн толгой руу цохисон. Түүний дараа найз *** буудал дотор *** гэх залууг зодоод байсан. Тухайн залуучууд буудлаас зугтсан. Төд удалгүй цагдаа нар ирж ***, *** хоёрыг аваад явсан. ...*** эхлээд *** гэх залуугийн толгой руу архины шилээр цохисон. Дараа нь *** мөн адил 1 удаа архины шилээр *** руу цохисон. Харин дараа нь *** нь ***тэй зодолдоод гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

10. Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн үед манай найз *** над руу залгаж “би “Сэнтий” нэртэй зочид буудал дээр байна, хүрээд ир” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэнтий” зочид буудал дээр 14 цагийн үед ирсэн. Түүний дараа би “Сэнтий” зочид буудал руу орж 3 давхарт гарч ***гийн байрлаж байгаа өрөө рүү ороход *** согтсон байдалтай, нэг эмэгтэйн хамт байсан. Тэгээд *** найз ***ийг дуудсан ба *** төд удалгүй 16 цагийн үед буудал руу ороод ирсэн. Тэгээд бид хэд 2 ширхэг том пиво авч, улмаар хувааж ууцгаасан. *** “гарчхаад ирье” гэж хэлээд өрөөнөөс гараад явсан. Төд удалгүй буцаж орж ирээд *** бид нарт хандаж “доор караоке байна, бүгдээрээ сууцгаая” гэж хэлсэн. Тэгээд *** болон *** бид гурав буудлын өрөөнөөс гарч доод караоке рүү орж дуулсан. Буудлын өрөөнд ***гийн найз охин ганцаараа үлдсэн бөгөөд ***, *** бид гурав хэсэг дуулж байгаад буцаад буудлын өрөө рүүгээ ирэхэд хаалга онгойлгохгүй байсан. Манай өрөөний гадаа нэгэн үл таних залуу сууж байсан. Бид гурав хаалгаа тогшиход тухайн сууж байсан залуу “наад өрөөнд чинь хүн байгаа шүү дээ” гэж хэлэхээр нь бид нар “бид нарын өрөө шүү дээ, юун хүн билээ” гэж хэлсэн. Хэсэг хаалга тогшсоны дараа манай өрөөн дотроос *** гэх залуу хаалга онгойлгосон. Тэгээд *** гэх танихгүй залуу хаалга онгойлгохоор нь бид нар “юун танихгүй хүн билээ” гээд маргалдсан. Улмаар тухайн *** гэх залуутай маргалдаад цохиж зодолдох болсон. Би тухайн үед согтуу байсан ба цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна. Ямартай ч ***, *** гэх хүмүүстэй согтуудаа маргалдсан. Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа ба надад гэм буруу дээр маргах зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,

11. Хохирогч ***гийн дахин өгсөн: “...Би сэтгэцийн хор уршгийн гуравдугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед миний толгой хэсэг рүү *** гэх намхан залуу архины шилээр цохисон. Би буудлын өрөөнөөс гарах гэхэд манай найз *** зөрөөд ороод ирсэн. ***г өндөр *** гэх залуу нь цохисон. Дараа нь намхан *** гэх залуу архины шилээр толгой руу нь цохисон. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,

12. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 77, 94 дүгээр хуудас/,

13. Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 85-77, 102-105 дугаар хуудас/,

14. Хохирогч ***гээс гаргаж өгсөн 173,100 төгрөгийн хохиролтой холбоотой баримт /хавтаст хэргийн 89-91 дүгээр хуудас/,

15. Хохирогч ***гийн дахин өгсөн: “...Би сэтгэцийн хор уршгийн гуравдугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед миний толгой хэсэг рүү *** гэх залуу архины шилээр цохиж гэмтэл учруулсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Бие махбодын болон сэтгэл санааны хохиролтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дугаар хуудас/,

16. Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гадуур явж байтал манай найз *** болон *** хоёр намайг дуудаж “...“Сэнтий” зочид буудалд байна хүрээд ир” гэхээр нь би зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сэнтий” нэртэй зочид буудалд 17 цагийн үед очсон. Тэгтэл тус буудлагын нэгэн тоот өрөөнд ***, ***, түүний эмэгтэй найз гэх *** нар байсан. Бид нар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд түүний дараа ***, *** бид гурва буудлын доор байрлах караоке руу орсон. Тухайн караоке дотор бид нар дуулж байгаад буцаад өрөө рүү орох гэтэл дотроосоо түгжээстэй байсан. Хаалга нүдэхэд онгойлгохгүй байсан ба нэг юм хаалгаа онгойлгоход өөрийгөө *** гэх үл таних залуу байж байсан. Тэгэхээр нь би тухайн залуутай маргалдаж байгаад толгой хэсэг рүү нь архины шилээр 1 удаа цохисон. Дараа нь түүний араас *** гэх залуу ороод ирсэн. Тухайн залуутай *** бид хоёр маргалдаж цохиж зодсон. Дараа нь яаж цохиж зодсон талаар санахгүй байна. ...*** бид хоёр тухайн *** гэх залуугийн толгой руу архины шилээр мөн цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/,

17. Хохирогч ***, *** нарын эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн мэдээлэл бүхий баримт /хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас/,

18. Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн: “...Хохирогч *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 124,762 төгрөг, хохирогч *** нь 20,000 төгрөгийн зардал гарсан болох нь баримт бичиг гаргуулах албан бичгээр гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ***, *** нараас гаргуулж 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/,

19. Шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37, 47 дугаар хуудас/,

20. Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 40-46 дугаар хуудас/,

21. Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 50-62 дугаар хуудас/,

22. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргаж өгсөн: “...Нийгмийн даатгалын санд 144,762 төгрөгийг нөхөн төлсөн талаарх 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч нар гаргасан байх тул шүүх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *** нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Мөрдөх байгууллагаас *** нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанд хохирогч *** нь “...н.*** тухайн үед нэр бүхий шүүгдэгч нарт зодуулсан...” гэж мэдүүлдэг боловч шүүхээс хэрэгт авагдаагүй үйл баримтыг дүгнэх боломжгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч *** нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн болно. 

 

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***нь ***той бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сэнтий” нэртэй зочид буудалд 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө иргэн ***тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “баруун, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол,

Мөн иргэн ***тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний толгой, хэвлий рүү цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, хэвлийн зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулж, уг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр хүнийг”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” үйлдсэн болох нь,

Шүүгдэгч *** нь ***тэй бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сэнтий” нэртэй зочид буудалд 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө иргэн ***тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “баруун, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол,

Мөн иргэн ***тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний толгой руу цохих, тагзан тус газарт стакан шидэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, хэвлийн зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулж, уг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр хүнийг”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” үйлдсэн болох нь тус тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг гаргахад, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн зүгээс “гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаж оролцоогүй” болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан байдаг.

 

Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.

 

Хэргийн хохирогч ***гийн биед учирсан “баруун, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь *** нарын үйлдлээр санаатай нэгдэж толгойн тус газарт нь тус бүр нэг удаа архины шилээр цохисон идэвхтэй үйлдлийн улмаас, мөн хохирогч ***гийн биед учирсан “тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, хэвлийн зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь ***ийн түүний толгой, хэвлий рүү цохих, шүүгдэгч ***ийн түүний толгой руу цохих, дагзан тус газарт стакан шидэх зэрэг идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *** нар нь хохирогч ***, *** нарын халдашгүй дархан байх эрхэд хүч хэрэглэн халдаж, улмаар хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж, улмаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д тус тус заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д тус тус заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан байдаг.

 

Хохирогч ***, *** нарын биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасанчлан шүүгдэгч *** нар нь баримтаар тогтоогдсон хохирол, хор уршгийг арилгах үүргийг хүлээх ёстой.

 

Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой 173,100 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн тул уг үнийн дүн бүхий хор уршгийг шүүгдэгч ***, *** нараас хувь тэнцүүлэн гаргуулж түүнд олгох нь зүйтэй.

 

Мөн хохирогч ***д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хүрэлцэн ирээгүй, мөн тэрээр дээрхээс гадна баримтаар хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул түүнд цаашид гарах эмчилгээний төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Харин хохирогч ***гаас шүүх хуралдаанд “ажилгүй байсан хугацааны цалин болох 4,000,000 төгрөг, эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэнтэй холбоотой 308,000 төгрөг, нийт 4,308,000 төгрөг” нэхэмжилдэг боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, тэрээр уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн, мөн цаашид гарах эмчилгээний төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн *** нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг мөн нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч ***, *** нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул хохирогч нарын уг эрхийг хангах үүднээс дээрх байдлаар хохирол, хор уршгийг шийдсэн болно.

 

Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг, хор уршгийн хувийг 4-8 хувь, сэтгэц учирсан гэм хорын зэрэглэлийг “Хоёрдугаар” зэрэглэлд хамааруулж, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээтэй байхаар тодорхойлжээ.

 

Гэвч мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***, *** нарын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн хэм хэмжээг “гуравдугаар” зэрэглэлээр тогтоосныг Улсын Дээд шүүхийн 25 дугаартай тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг үндэслэж, мөн улсын яллагчийн санал, дүгнэлтийг харгалзан “Хоёрдугаар” зэрэглэлд хамруулж, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг тус бүр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч *** нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч ***, *** нарт тус тус олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч ***гийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3,300,000 төгрөг, хохирогч ***гийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3,300,000 төгрөг, нийт 6,600,000 төгрөгийг шүүгдэгч *** нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 124,762 төгрөг, хохирогч *** нь 20,000 төгрөг, нийт 144,762 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээг авсан болох нь баримтаар тогтоогддог бөгөөд шүүгдэгч нарыг зүгээс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө уг хор, уршгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тус зүйл, заалтад зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөх” дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс *** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***эд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***ид мөн зүйл, заалтад зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч *** нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон болохыг, тэдний үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдав.

 

Дөрөв. Бусад:

 

Хэрэгт *** нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний баримт бичиг шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д тус тус заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

*** ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д тус тус заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***эд 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***ид 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *** нарт торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** нарын гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт 173,100 /нэг зуун далан гурван мянга нэг зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн хүн тус бүрээс 86,550 /наян зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч *** д олгосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч *** нараас хохирогч нарын сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт нийт 6,600,000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч *** д 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг, хохирогч ***д 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ***гаас нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин болох 4,000,000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн 308,000 төгрөг, нийт 4,308,000 /дөрвөн сая гурван зуун найман мянга/ төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, түүнд уг шаардлагад хамаарах нотлох баримт болон хохирогч ***, *** нарт цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *** нараас жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт *** нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

9. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ДАВААДОРЖ