Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1403

 

     2020          11             3                                         2020/ДШМ/1403                              

 

 

Я.П, Д.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Я.П, Д.О, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Г,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Л.Оюун, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/822 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.П, Д.О нарын өмгөөлөгч С.С, шүүгдэгч Д.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Я.П, Д.О нарт холбогдох эрүүгийн 1905 00734 0965 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн  Д.О, 1995 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Увс аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..........................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

2. Б овгийн  Я.П, 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............................. тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхий 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД:............................../;

            Д.О, Я.П нар нь бүлэглэж 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн 1 дүгээр гудамж орчим Н.Аын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.  

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.О, Я.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Я.П, Д.О нарыг бүлэглэж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Я.П, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Я.П, Д.О нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн улаан өнгийн цамц, цайвар ягаан өнгийн дотоож тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Я.П, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Я.П, Д.О нарын өмгөөлөгч С.С гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний үйлчлүүлэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд анхан шатны  шүүх хуралдаан дээр ч мэтгэлцэж маргадаггүй. Гэхдээ тухайн гэмт хэрэг гарах үед хохирогч Н.А нь өөрөө архидан согтуурч, хамт явж байсан. Мөн гэрч Энхбаяр “...Н.А хэдүүлээ нэмж архи, дарс ууж оройг гоё өнгөрөөгөөд намайг харин гэрт хүргэж өгөөрэй” гэж бол яг хэлсэн...” гэх /хх 111/, Я.Пийн “...хохирогч нь Д.Оийн эхнэр лүү удаа дараа залгаж дарамталсан...” гэх /хх 96/, Д.Оийн “... харилцан үнсэлцээд бэлгийн харьцаанд орсон...” гэх /хх 57/ мэдүүлгүүдээр хохирогч нь архидан согтуурч, мансуурсан байхдаа бусадтай бэлгийн харьцаанд орсон. Хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй, цохиж зодоогүй бөгөөд хохирогч болон шүүгдэгч нар согтуурсан мансуурсан үйл явдлыг 100 хувь эргэн санана гэж байхгүй. Бэлгийн харьцаанд орсон үйлдлийг хохирогч нэгэнт хүчирхийлсэн гэж үзэж байгаа тохиолдолд манай үйлчлүүлэгч нар ямар ч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргасангүй. Хохирогчийг хээр, гадаа хаяад явсангүй, харин гэрт нь хүргэж өгсөн байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”. Өөрөөр хэлбэл, хамт архи ууж байгаад өөрт нь сайн байна гэж буруугаар ойлгож хохирогчийг хүчирхийлсэн.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн.” Хохирогчийг хээр, гадаа хаяалгүй, гэрт нь хүргэж өгсөн. Хохирогч мөнгө нэхэмжилснийг төлж хохиролгүй болгосон.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.” Хохирогч нь архидан согтуурч бусдыг өдөөн хатгаж архи дарс ууя, оройг гоё өнгөрөөе хэмээн хатгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна.

            Миний үйлчлүүлэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2019 оны 1 дүгээр сарын 14-ний шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Н.Аыг надад сайн гэж буруугаар ойлгон түүнтэй бэлгийн харьцаанд орсноо хүлээн зөвшөөрч байна. Бэлгийн харьцаанд орсон үйлдлийг хохирогч нэгэнт хүчирхийлсэн гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Мөн би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2-т заасан зүйл, хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Н.Атай гэм буруугийн тал дээр маргахгүй, хийсэн үйлдлээ ухаарч харамсаж, гэм буруугаа хүлээж, дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ та бүхэнд амлаж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Я.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Я.П, Д.О нарын өмгөөлөгч Ж.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч нарын болон өмгөөлөгч С.Сын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Энэ хэрэг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гарсан. Тухайн үед 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулага үйлчилж байсан. Шүүгдэгч нарын үйлдлийг шүүхээр хянан хэлэлцэх явцад 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн байсан тул тус нэмэлт өөрчлөлтийг үндэслэж эрүүгийн хариуцлагыг оногдуулсан гэж ойлгож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” зохицуулалтын хүрээнд 2019 онд буюу хэрэг үйлдэж байх үед мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэмт хэргийн хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзнэ гэж заасан. Шүүгдэгч Д.О нь 7 сартай жирэмсэн эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт, өөрөө ачааны машин барьж амьдралаа залгуулдаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны баримтлан Эрүүгийн хариуцлагыг нь хөнгөрүүлж өгнө үү. Мөн шүүгдэгч Я.Пийн хувийн байдлын тухайд өндөр настай эх, эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг. Хувийн компанид мужааны ажил эрхэлж ам бүлээ тэжээдэг. Цаашид засарч хүмүүжээд явах бүрэн боломжтой. Шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэгдэх хугацаанд хууль зүйн хариуцлага ямар үр дагавар үүсгэдэг, хүний эрх, эрх чөлөө, эмэгтэй хүний бэлгийн халдашгүй байдалд халдсан тохиолдолд ямар үр дагаварт хүргэж болохыг шүүгдэгч нар маш сайн ойлгосон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.П, Д.О нарт тус бүр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 822 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгч нар хэргийн үйл баримтын талаар маргадаггүй, хохирогчийн зүгээс нэхэмжилсэн хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгөөч гэх давж заалдах гомдолд тусгайлан гаргах саналгүй, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Д.О, Я.П нар нь бүлэглэж 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн 1 дүгээр гудамж орчим Н.Аын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Аын “... үл таних 3 залуу машиндаа орж ирээд миний гарыг мушгиад намайг оролдож эхэлсэн. Тэгэхээр нь би эсэргүүцээд орилсон. Тэгсэн машиныхаа хөгжмийг чангалаад миний хувцсыг тайлуулах гээд байсан. Тэгэхээр нь би тайлахгүй эсэргүүцээд байсан. Тэгсэн нэг залуу нь чамайг алаад энд булахад хэн ч мэдэхгүй шүү гэж хэлээд, 2 залуу нь миний бүх хувцсыг тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү ээлжлээд хийгээд байсан. Үлдсэн нэг залуу нь намайг шоолоод “чи амьд уу” гэж асуугаад байсан. Тэгээд миний бэлэг эрхтэн рүү ээлжлээд хийгээд байсан 2 залуу босоод хувцсаа өмссөн. Тэгээд машинаа хөдөлгөөд жолооч залуу нь нөгөө 2 залуугаа буулгаад намайг гэрт хүргэж өгсөн. Гэрт хүрэх замдаа би жолооч залууд “та нар ийм хариуцлагагүй байж болохгүй, ичихгүй ганц эмэгтэй хүн дагуулж яваад хүчиндэхээсээ ичихгүй байна уу” гэж хэлсэн чинь үл тоосон байдалтай байсан. Тэгэхээр нь би айлгах гээд цагдаагийн байгууллагад хандана гэсэн чинь машинаа шууд огцом зогсоогоод яахаараа цагдаад өгдөг юм, нэгэнт шоронд орох юм чинь гээд хойд суудал руу орж ирээд намайг дахин хүчиндэж, миний гэдсэн дээр үрийн шингэнээ асгасан. ...” /хх 37-39, 40-45/,

гэрч О.М-гийн “... хойд суудалд Д.О, үл таних эмэгтэйн хамт сууж байсан. Тэгсэн П урд суудлаас буугаад хойд суудал руу орсон. Тэгээд байж байтал үл таних эмэгтэй зүгээр бай л даа гээд орилоод байх шиг байсан. Тэр үед би бууж тамхи татахаар гарсан. ...” /хх 49-52/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1006 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн цамцан дээр  эр бэлгийн эс илэрсэн. Илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоолгож болно.” /хх 65/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 354 дугаартай “Шинжилгээнд биеэр ирсэн Д.Оийн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын болон Ү хромосомын локусаар тогтоов. Цайвар ягаан өнгийн дотоожноос илэрсэн Ү хромосомын ДНХ-ийн тогтоц нь Я.П, Д.О нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн цамц, торон дотоожноос илэрсэн Ү хромосомын ДНХ-ийн тогтоц нь Д.Оийн ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” /хх 71-72/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 353 дугаартай “Шинжилгээнд биеэр ирсэн Я.Пийн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын болон Ү хромосомын локусаар тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн цамцнаас авсан дээжнээс илэрсэн нэг эрэгтэй хүний Ү хромосомын ДНХ-ийн тогтоц нь Я.Пийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Цайвар яагаан өнгийн дотоожноос илэрсэн Ү хромосомын ДНХ-ийн тогтоц нь Я.П, Д.О нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” /хх 74-75/ гэх дүгнэлтүүд болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 22-28/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 29-33/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Я.П, Д.О нарыг бүлэглэж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.О, Я.П нарын бүлэглэж хохирогч Н.Аын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Я.П, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Я.П, Д.О нарын өмгөөлөгч С.С, шүүгдэгч Д.О нар нь “... шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Д.О, Я.П нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Я.П, Д.О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу 5 жил хорих ялаар шийтгэсэн нь тохирсон ба шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсонгүй.

Харин 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөлтэй болгож, оногдуулах ялыг хүндрүүлсэн тул давж заалдах шатны шүүх энэ талаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан ба Я.П, Д.О нарын хувьд 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр буюу хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө тухайн гэмт хэргийг үйлдсэн тул оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь хуульд нийцнэ.

            Иймд шүүгдэгч Я.П, Д.О нарын өмгөөлөгч С.С, шүүгдэгч Д.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/822 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/822 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Шүүгдэгч Я.П, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Я.П, Д.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.П, Д.О нарын өмгөөлөгч С.С, шүүгдэгч Д.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ