| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/00570/И |
| Дугаар | 001/ХТ2026/00102 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2026/00102
Г.Б-дын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.06-ны өдрийн 191/ШШ2025/08340 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.19-ний өдрийн 210/МА2026/00155 дугаар магадлалтай,
Г.Б-дын нэхэмжлэлтэй
БИСд холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б-д нь хариуцагч БИСд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.06-ны өдрийн 191/ШШ2025/08340 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-дын хариуцагч БИСд холбогдуулан гаргасан БИС-ийн ректорын 2024.08.14-ний өдрийн Б/229 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” тушаал, 2024.08.19-ний өдрийн Б/255 дугаартай “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” тухай тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.19-ний өдрийн 210/МА2026/00155 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.06-ны өдрийн 191/ШШ2025/08340 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-дыг БИС-ийн оюутны 2 дугаар байрны зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 32,126,204 төгрөгийг хариуцагч БИС-иас гаргуулан нэхэмжлэгч Г.Б-дод олгож, нэхэмжлэгч Г.Б-дын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2024.08.19-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2026.01.19-ний өдрийг хүртэлх хугацаагаар нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч БИСд даалгасугай” гэж,
2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БИС-иас улсын тэмдэгтийн хураамжид 318,581 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-д зааснаар ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу нэхэмжлэгч өөрийг нь сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн болохыг мэдэх ёстой буюу мэдсэн 2024.08.15-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй байсан, ингэж тооцвол 2024.09.14-ний өдөр хандсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” тул шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх БИС--ийн ректорын 2024 оны Б/229 дүгээр “Сэлгэн ажиллуулах” тухай ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс гомдол гаргах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тушаалын талаар мэдсэн буюу 2024.08.15-ны өдрөөс гомдол гаргах хугацааг тоолсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.-д нийцээгүй гэж анхан шатны шүүхээс өөрөөр хуулийг тайлбарлан зөрүүтэй байдлаар шийдвэр гаргасанд гомдолтой байна. /Хэргийн 96 дахь тал Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны бүртгэлийн дэвтэрт нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан цаг хугацааг тогтоосон баримт/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаар: Хоёр шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... нэхэмжлэгч гурван талт хорооны тэмдэглэлийг 2024.11.21-ний өдөр гардаж авсан байх ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.11-ний өдрийн 181/Ш32024/24524 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.11-д заасныг удирдлага болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Процессын хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн аль нэгийг хангаагүй байвал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалттай. Харин мөн хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу шүүгч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана. Энэхүү захирамж гарах үндэслэл нь процессын хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тохиолдол юм гэж тайлбарласан байна.
Хоёр шатны шүүх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.11-ний өдрийн “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 181/Ш32024/24524 дугаар захирамжийг нэхэмжлэгч хэзээ шүүхэд хандсан эсэхийг тодорхойлсон, тухайлбал: хугацааг тодорхойлсон баримт байхгүй байхад хийсвэрээр хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан гэж нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүйд гомдолтой байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ШХТ2026/00422 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч Д.Гийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Г.Б-д нь хариуцагч БИСд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “... ээлжийн амралтаа эдлээд орж ирсэн эхний өдөр сэлгэн ажиллуулахаар болсныг танилцуулж, ажилдаа орсон өдрийн өмнөх өдрөөр огноолж сэлгэн ажиллуулах тушаал гаргасан, байгууллагын удирдлагуудаас ажлын байран дээр ирж, ажлаа хүлээлгэн өгөхийг шахаж, шаардсан, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч дарамт шахалт ирсээр байсан учир дарамтлуулж, хэцүү нөхцөлд байгаагаа дурдаж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, энэ нь миний хүсэл зориг биш, ажлаас үндэслэлгүй халсан...” гэж тайлбарлажээ.
7. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэгчийг байгууллагын удирдлагуудаас сэлгэн ажиллуулахаар шийдвэр гарсан, ажлаа хүлээлгэн өгч, сэлгэсэн газарт ажлаа хийж гүйцэтгэхийг үүрэг болгосныг дарамталж, шахсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өөрийн алдаа, зөрчлөөс үүдэж сэлгэн ажиллуулах шийдвэрийг гаргасан, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь өөрийнх нь хүсэл зориг, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн...” гэжээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...талууд сэлгэн ажиллах талаар харилцан тохиролцсон, зөвшилцсөн үйл баримт тогтоогдоогүй, ажилтныг сэлгэн ажиллуулах тушаалыг ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд гаргаж, түүнд ажилдаа орсон эхний өдөр танилцуулсан тул сэлгэн ажиллуулах тушаал үндэслэлгүй, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах зохицуулалтыг үндэслэл болгосон боловч түүнээс зөвшөөрөлгүйгээр, өөртэй нь аливаа хэлбэрээр харилцан тохиролцолгүйгээр сэлгэн ажиллуулсантай холбоотойгоор ажил олгогч болон ажилтны хооронд таагүй харилцаа үүссэн, үүнээс үүдэж ажил олгогч талаас шахалт, шаардлага гарах, улмаар ажлаас чөлөөлөгдөх өргөдөл ажилтан бичиж өгснийг өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэхгүй тул ажлаас чөлөөлөх тухай тушаал үндэслэлгүй, харин нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн...” гэж дүгнэсэн.
9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... Анхан шатны шүүх ажилтныг сэлгэх ажиллуулах болон түүнийг ажлаас халсан тушаал үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн боловч хуульд заасан гомдол гаргах хугацааны талаар буруу дүгнэлт хийсэн алдааг залруулна” гэжээ.
10. Хоёр шатны шүүх ажил олгогчийн гаргасан ажилтныг сэлгэн ажиллуулах болон түүнийг ажлаас халсан тушаал үндэслэлгүй талаар ижил дүгнэлт хийсэн боловч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн эрхийн маргаанд гомдол гаргах хугацаатай холбоотой зохицуулалтыг өөр өөрөөр тайлбарласнаас зөрүүтэй шийдвэр гаргажээ. Хяналтын шатны шүүхээс хариуцагчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэж магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
11. Хоёр шатны шүүх дараах дүгнэлтүүдийг зөв хийжээ.
11.1. Нэхэмжлэгч Г.Б-д БИС-ийн “ОӨ-” цогцолборын буюу 2 дугаар байрны зохион байгуулагчаар 2023.02.01-ний өдрөөс ажиллаж байсан, 2024.07.16-ны өдрөөс 2024.08.14-ний өдрийг дуустал ээлжийн амралттай байсан, 2024.08.15-ны өдөр ээлжийн амралт дуусч ажилдаа орсон үйл баримтуудыг зөв тогтоосон.
11.2. БИС-ийн ректорын 2024.08.14-ний өдрийн Б/229 дүгээр тушаалаар ажилтан Г.Б-дыг Оюутны 1 дүгээр байрны зохион байгуулагчаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэхдээ ажилтныг ээлжийн амралттай байх хугацаанд шийдвэрийг гаргаснаас гадна ажилтантай зөвшилцөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.”, 59.3 дахь хэсэгт “Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчсөн.
11.3. Мөн ажилтан хөдөлмөрийн эрхийн харилцааг өөрийн санаачилгаар буюу хүсэл зоригийг илэрхийлэх байдлаар дуусгавар болгоогүй байхад БИС-ийн ректорын 2024.08.19-ний өрийн Б/255 дугаар тушаал гаргаж ажилтны хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй.” гэж заасныг зөрчсөн.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж тус тус заажээ.
13. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан “ ... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш ...” гомдол гаргах хугацаа тоолохоор заасныг хоёр шатны шүүх өөр өөрөөр тайлбарласан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б-д сэлгэн ажиллуулах тухай 2024.08.14-ний өдрийн Б/229 дүгээр тушаалыг ээлжийн амралтаас ажилдаа орсон 2024.08.15-ны өдөр мэдсэн, гомдол гаргах 30 хоногийн хугацаа 2024.09.16-ны өдөр дууссан, шүүхэд 2024.10.02-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийг зөвтгөж, ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажилтны гомдол гаргах хугацааг тоолно гэж дүгнэжээ.
Ажилтныг ажлаас чөлөөлсөн Б/229 дүгээр тушаалд гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад буюу 2024.09.13-ны өдөр ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Б/255 дугаар тушаалыг гаргаснаар ажилтны хөдөлмөрийн эрхийн маргаан үргэлжилж, эрхийн зөрчил үргэлжилсэн байна.
14. Улмаар ажилтан Б/255 дугаар тушаалыг 2024.09.13-ны өдөр хүлээн авснаар 2024.10.02-ны өдөр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан байгааг харгалзан үзвэл ажилтныг Б/229 дүгээр тушаалд гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхгүй.
15. Харин ажил олгогчийн 2024.09.13-ны өдрийн Б/255 дугаар тушаалыг ажилтан гардаж аваад 2024.10.02-ны өдөр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасантай нийцсэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
16. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.” гэж заажээ.
16.1. Анхан шатны шүүх ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг 2024.11.21-ний өдөр гардаж аваад шүүхэд 2024.12.01-ний дотор гомдол гаргасныг хуульд заасан 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхдээ хуульд “ажлын 10 өдрийн” дотор гомдол гаргахаар зохицуулсныг хуанлийн 10 өдрөөр тооцож алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулжээ. Өөрөөр хэлбэл, ажилтан шүүхэд 2024.12.04-ний өдөр гомдол гаргасан нь хуульд заасан хугацаа болох 2024.12.06-ны өдрийн дотор байна.
17. Давж заалдах шатны шүүх ажил олгогчийн гаргасан Б/229, Б/255 дугаар тушаалууд хуульд нийцээгүй, ажилтны эрхийг зөрчсөн тул зөрчигдсөн эрхийг сэргээж, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох хариуцагч байгууллагын Оюутны 2 дугаар байрны зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасантай нийцсэн. 2024.08.19-2026.01.19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд цалин хөлстэй тэнцэх олговрыг 17 сараар тооцвол 32,799,511 төгрөг гарч байх боловч давж заалдах шатны шүүх 32,126,204 төгрөгөөр тогтоож хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй байна. Мөн давж заалдах шатны шүүхээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай тус тус нийцжээ.
18. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.19-ний өдрийн 210/МА2026/00155 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН