Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 49

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                
    Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч Б.Мээпам,  
    Хохирогч Н.Уранчимэг,
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сэрдамбын Улаанаад холбогдох 201703000189 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв. 
            
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 05-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Тамирын цахиур ХХК-нд барилгачин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 21-25 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сэрдамбын Улаанаа /РД: АЯ81070511/

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

Шүүгдэгч С.Улаанаа нь 2017 оны 04 дүгээр сарын 23-ны орой 22.00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 21-25 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Н.Уранчимэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас хүч хэрэглэн зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                                  
       ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч С.Улаанаагийн шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлсэн: Урьд нь ямар нэгэн байдлаар гар хүрч байгаагүй. Ганц л удаа гар хүрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  
  
Хохирогч Н.Уранчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тухайн өдөр ангийн уулзалт болоод хамт олонтойгоо уулзсан. Уулзаад архи бага зэрэг хэрэглэсэн. Нилээд орой болсон байсан учраас бид нарын сууж байсан газар манай нөхөр орж ирсэн. Орой гэртээ хариад бид хоёр маргалдаад би тэсэхгүй цагдаа дуудаад өгчихсөн юм. Маргааш өглөө нь цагдаа дээр очоод өргөдөл бичиж өгсөн. Одоо бид хоёр сайн дураар эвлэрсэн байгаа гэв. 

    Шүүгдэгч С.Улаанаад холбогдох эрүүгийн 201703000189 тоот хэрэгт:
    Хохирогч Н.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би 2017 оны 04 дүгээр сарын 23-ны орой 22.00 цагийн орчимд Арвис бааранд ангийхантайгаа сууж байхад манай нөхөр С.Улаанаа орж ирээд чи эрчүүдтэй ангалзаад байна гэхээр нь би С.Улаанааг гэрлүүгээ явж бай гээд муудалцаад гарсан. Би удалгүй 20 минут орчим болоод харьлаа гээд гарахад С.Улаанаа нь намайг хүлээгээд байж байхад нь манай ангийнхан хүргэж өгье хамт суугаад яв гэхэд машинд суугаагүй, намайг хүргэж өгөөд хүмүүсийг явахад С.Улаанаатай маргалдаж хэрүүл хийгээд намайг зодсон. Баруун нүд, гар хөлрүү цохиод үснээс татсан. Би С.Улаанааг ганц нэг удаа алгадсан, тэгээд би гарч зугтсан. Намайг удаа дараа зодсон зүйл байхгүй, нэг удаа зодсон нь үнэн. Би Цахиур ажиллуулдаг болохоор хааяа оройтож гэртээ харихаар хардаад хэрүүл хийдэг байсан. Удаа дараа зодож цохиж гэмтээсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар хуудас/  

    Гэрч Б.Гандолгорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Н.Уранчимэг нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр надтай уулзаад би 2017 оны 04 дүгээр сарын 23-ны орой ангийхантайгаа Арвис бааранд суугаад 23.00 цагийн орчимд гэртээ хариад нөхөр С.Улаанаад зодуулсан гэж надад ярьж байсан. Баруун нүд бага зэрэг хөхөрсөн байсан. С.Улаанаа нь намайг зоддоггүй юм би оройтож ирээд бид хоёр муудалцаад зодуулчихлаа, хашраах санаатай цагдаад өгсөн гэж ярьж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар хуудас/

    Гэрч Х.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 23-24 цагийн орчимд гэртээ байж байхад Н.Уранчимэг эгч хашааны хаалга цохиод байхаар нь хаалгаа онгойлгож өгөхөд би нөхөртөө зодуулчихлаа гээд ирсэн. Баруун нүд бага зэрэг хөхөрсөн, уйлсан ирсэн. Үснээс нь зулгаасан гэж ярьж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар хуудас/

    Сэжигтэн, яллагдагч С.Улаанаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би 2017 оны 04 дүгээр сарын 23-ны орой 22.00 цагийн орчимд гэртээ байж байгаад эхнэр ирэхгүй болохоор нь Арвис бааранд очиход эхнэр Н.Уранчимэг нь ангийхантайгаа сууж байна гээд архи уусан согтуу байсан. Тэгээд гэртээ харъя гэхэд чи явж бай би харихгүй гээд жаахан маргасан. Би гадаа нь хүлээгээд байж байхад удалгүй 20 минут орчим болоод Арвист сууж байсан хүмүүс бүгдээрээ гараад явсан. Манай эхнэрийг хамт байсан хүмүүс хүргэж өгөөд явсан. Би таксигаар араас нь хүргүүлээд бид хоёр хоорондоо маргаад хэрүүл хийсэн. Би эхнэр Н.Уранчимэгийг дандаа орой ирэхдээ заримдаа согтуу ирж байна, архи дарс уугаад гэж загнахад миний өөдөөс чи зайл гэж хэрэлдээд эхлэж намайг цохиод авахаар нь би зөрүүлж толгой хэсэгт 2 удаа алгадаад 1 удаа цохисон. Намайг нүүрлүү алгадахад нь би үснээс нь 1 удаа татсан. Тэгээд эхнэр гараад явахаар нь би араас нь гараагүй унтсан. Би буруугаа ойлгоод дахиж эхнэрээ зодох, хардах зүйл байхгүй гэж эхнэр Н.Уранчимэгээс уйчлалт гуйгаад бид сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32 дугаар хуудас/

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 200 тоот “...Н.Уранчимэгийн биед баруун зовхи, хацар, зүүн бугалганы гадна доод хэсэг, барун гуяны урд доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гуяны урд доод хэсэгт цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-ийн 22 дугаар хуудас/ 

       Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.   

      Шүүгдэгч С.Улаанаа нь 2017 оны 04 дүгээр сарын 23-ны орой 22.00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 21-25 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Н.Уранчимэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас хүч хэрэглэн зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хохирогч Н.Уранчимэгийн “...С.Улаанаатай маргалдаж хэрүүл хийгээд намайг зодсон. Баруун нүд, гар хөлрүү цохиод үснээс татсан. Би С.Улаанааг ганц нэг удаа алгадсан, тэгээд би гарч зугтсан. Намайг удаа дараа зодсон зүйл байхгүй, нэг удаа зодсон нь үнэн. Би Цахиур ажиллуулдаг болохоор хааяа оройтож гэртээ харихаар хардаад хэрүүл хийдэг байсан. Удаа дараа зодож цохиж гэмтээсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Б.Гандолгорын “...Н.Уранчимэг нь 2017 оны 04 дүгээр сарын 23-ны орой ангийхантайгаа Арвис бааранд суугаад 23.00 цагийн орчимд гэртээ хариад нөхөр С.Улаанаад зодуулсан гэж надад ярьж байсан. Баруун нүд бага зэрэг хөхөрсөн байсан. С.Улаанаа нь намайг зоддоггүй юм би оройтож ирээд бид хоёр муудалцаад зодуулчихлаа, хашраах санаатай цагдаад өгсөн гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Х.Батцэцэгийн “...Н.Уранчимэг эгч хашааны хаалга цохиод байхаар нь хаалгаа онгойлгож өгөхөд би нөхөртөө зодуулчихлаа гээд ирсэн. Баруун нүд бага зэрэг хөхөрсөн, уйлсан ирсэн. Үснээс нь зулгаасан гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, сэжигтэн, яллагдагч С.Улаанаагийн “...Би эхнэр Н.Уранчимэгийг дандаа орой ирэхдээ заримдаа согтуу ирж байна, архи дарс уугаад гэж загнахад миний өөдөөс чи зайл гэж хэрэлдээд эхлэж намайг цохиод авахаар нь би зөрүүлж толгой хэсэгт 2 удаа алгадаад 1 удаа цохисон. Намайг нүүрлүү алгадахад нь би үснээс нь 1 удаа татсан. Тэгээд эхнэр гараад явахаар нь би араас нь гараагүй унтсан. Би буруугаа ойлгоод дахиж эхнэрээ зодох, хардах зүйл байхгүй гэж эхнэр Н.Уранчимэгээс уйчлалт гуйгаад бид сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, Архангай аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 200 тоот дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Иймд С.Улаанааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Улаанаа нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм хорыг арилгасан, хохирогч нь яллагдагч С.Улаанаатай сайн дураар эвлэрсэн байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Улаанаа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна. 
 
 Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.5, 283, 286, 294, 297, 298, 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасныг тус тус удирдлага болгон                                          
      
        ТОГТООХ нь:
    
1. Шүүгдэгч Боржигон овогт Сэрдамбын Улаанааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч Н.Уранчимэг нь шүүгдэгч С.Улаанаатай сайн дураар эвлэрсэн үндэслэлээр Боржигон овогт Сэрдамбын Улаанаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Шүүгдэгч С.Улаанаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Улаанаад бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.АЛТАНЦЭЦЭГ