| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2021/01553/и |
| Дугаар | 142/ШШ2022/00106 |
| Огноо | 2022-01-18 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 142/ШШ2022/00106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, *******, *******,*******,*******,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, *******, *******,*******/ нар,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сант 2-р баг *******, *******/
Нэхэмжлэлийн шаардлага: “Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Энхбаяр
Хариуцагч: /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Оюумаа
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 13-р баг *******, тоот байрьг хүүийн хамтаар өмчилж одоог хүртэл энэ байрандаа амьдарч байна. Миний хүү нь Сэлэнгэ аймгийн хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хувиараа газар тариалан эрхэлдэг бөгөөд сумын Тэргүүний тариаланч хүн юм. Хүү маань 2019 оны хаврын тариалалт эхлэхээс өмнө ээж таны байрыг барьцаалж зээл авахад нэмэрлээд өгөөч, зээлээ төлөөд буцаагаад нэр дээр чинь найдвартай шилжүүлээд өгнө гэхээр нь өөрсдийнхөө амьдарч байгаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, 13-р баг *******, байрны өмчлөх эрхийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр хүүдээ шилжүүлсэн. Ингээд хүү маань тариа ногоогоо тарьж үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл хүү маань 2021 оны 5 сараас зээлээ төлж чадахгүй болсон байсан. Учрыг асуутал хүү эрүүгийн хэрэгт холбогдон цагдан хоригдсон, эхнэр нь намар тариа ногоог нь хураан авсан мөртлөө зээлийг төлөлгүй орхисон байна. Бэртэйгээ холбогдоход би гэрлэлтээ цуцлуулна, зээлийг төлж чадахгүй гэсэн тайлбар хэлсэн. Би хүүдээ үнэхээр гомдож байна. Би энэ байрандаа 1984 оноос хойш өдий хүртэл амьдарч ирсэн одоо байраа хураалгаж, гудманд гарах дээрээ тулж байна. Ийм учраас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ээж, дүү хоёрынхоо байрыг гуйж 2012 оноос хойш барьцаанд тавьж зээл авч байсан нь үнэн. 2019 онд 10 сая төгрөгөөс дээш зээл авах гэсэн 3 хүний нэр дээр болохоор 10 сая төгрөгөөс дээш зээл олгохгүй байсан. Ээж, дүү хоёроосоо гуйж өөрийнхөө нэр дээр бэлэглэлийн гэрээгээр авч зээл авсан нь үнэн. Би гэр бүлийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд зээл авч байсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн баримт /хх-2/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж /хх-3/, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэл /хх-4/, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээ /хх-5-6/, 000137023 дугаартай орон сууцны гэрчилгээний хуулбар /хх-7/, *******, ,ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-8-9/, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүхэд гаргасан хүсэлт /хх-10/, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт /хх-24-25/, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт /хх-28/, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1510000116408 дугаартай газар тариалангийн зээлийн гэрээ /хх-29-30/, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээ /хх-31-32/, 000137023 дугаартай орон сууцны гэрчилгээний хуулбар /хх-33/, 2005 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 8 дугаартай Орхон аймгийн орон сууц хувьчлалын товчооны хурлын тогтоолын хуулбар /хх-34/, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоол /хх-35-39/,
Хариуцагчаас: шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-23/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаярын хүсэлтээр: 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШЗ2021/05246 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг тайлбарлах, хэргийн материал танилцуулан гарын үсэг зуруулах, нэхэмжлэлд хариу тайлбар авах зэрэг ажиллагааг /хх-14-22/-г шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
*******,ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч *******, нь хариуцагч т холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь хүү хувиараа газар тариалан эрхэлдэг бөгөөд байрыг чинь барьцаалж зээл авмаар байна, буцаагаад нэр дээр чинь найдвартай шилжүүлээд өгнө гэхээр нь өөрсдийн амьдарч байгаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, 13-р баг *******, Вокзал 3 байр 57 тоот орон сууцны өмчлөх эрхийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр хүүдээ шилжүүлсэн. Гэтэл хүү маань 2021 оны 5 сараас зээлээ төлж чадахгүй болж, эрүүгийн хэрэгт холбогдон цагдан хоригдсон, Би хүүдээ үнэхээр гомдож байна. 1984 оноос хойш өдий хүртэл амьдарч ирсэн одоо байраа хураалгаж, гудманд гарах дээрээ тулж байна Ийм учраас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.
Хариуцагч хариу тайлбартаа миний бие ээж, дүү нарын уг байрыг 2012 оноос хойш барьцаанд тавьж зээл авч байсан нь үнэн. 2019 оноос 10 саяас дээш зээл авах гэхээр 3 хүний нэр болохоор 10 саяас дээш зээл олгохгүй байсан. Ингээд ээж, дүү хоёроо гуйж бэлэглэлийн гэрээгээр өөрийнхөө нэр дээр болгож зээл авч байсан нь үнэн, би гэр бүлийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд зээл авч байсан нь үнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч *******,, хариуцагч нар нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 13-р баг *******, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны хамтран өмчлөгч болох нь 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр олгосон өмчлөх эрхийн 000137023 дугаартай гэрчилгээгээр батлагдаж байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээгээр нэхэмжлэгч *******, нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг хариуцагч т шилжүүлснээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, 13-р баг *******, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн 000704028 дугаартай гэрчилгээг түүнд олгосон байна.
Гэвч нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна.
Хариуцагч нь хорих ялаар шийтгүүлсний улмаас банкнаас авсан зээлээ 2021 оны 5 сараас эхлэн төлж чадахгүй байдалд хүрч, эрүүгийн хэрэгт холбогдон цагдан хоригдсон байна.
Ийнхүү нэхэмжлэгч хүү болох хариуцагч т үнэхээр гомдож байна, 1984 оноос хойш амьдарч ирсэн орон сууцаа хураалгаж, гудманд гарах дээрээ тулж байна гэж тайлбарлаж байгаа нь үндэстэй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгч *******,ыг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, бэлэглэлийн зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд буцаан олгох үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1,280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******,, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг бэлэглэх тухай бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 13-р баг *******, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг *******,ын өмчлөлд шилжүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******,ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******,т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН