Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2022/00139

 

 

              

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** аймаг, ******** сум, Баянбулаг баг, *******,*******,*******/

Хариуцагч: ********* аймаг, *********** сум, Баянбулаг баг, *******,*******,*******/

Нэхэмжлэлийн шаардлага: “Үрчлэлт хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.       

   Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Оюумаа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин ******* төрүүлсэн. Тухайн үедээ охины аавтай гэр бүл болоогүй мөн оюутан байсан болохоор ээж *******т охин 2009 оны 05 дугаар сарын 17-нд үрчлүүлсэн. Одоо охин 12 настай, ээж маань тэтгэвэрт байдаг. Миний амьдрал боломжтой болсон тул охиноо өөрийн нэр дээр буцааж авахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь өөрийн төрсөн охин болох *******ын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний төрсөн охин ******* анхныхаа хүүхдийг оюутан байхдаа төрүүлсэн. Охин маань тухайн үед оюутан байсан болохоор би өөрийн охины хүүхэд болох зээгээ үрчилж авч өсгөж байсан. Охин маань амьдралын шаардлагаар Солонгос улсад амьдарч байгаа. Охин маань хүүхдээ өөрийнхөө нэр дээр авч, сургуульд сургахаар авч явна гэсэн. Үрчлэлтийг хүчингүйд тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн баримт /хх-2/, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Баянбулаг багийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-3/, *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Баянбулаг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-5/, төрсний гэрчилгээний хуулбар болон 21 дугаартай үчлэлтийн хуулбар /хх-6/, 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 761 дугаартай Баян-Өндөр сумын Засаг даргын захирамж /хх-7/,  улсын тэмдэгтийн хураамжинд 23,590 төгрөг төлсөн баримт /хх-3/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 5090542189 данс руу 2,415,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-5/,

Хариуцагчаас: шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-13/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.  

ҮНДЭСЛЭХ нь:

            *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үрчлэлт хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин ****** төрүүлсэн байна. ******* нь охин ********** 2009 оны 05 дугаар сарын 17-нд өөрийн эх *******т үрчлүүлсэн болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2011 оны 05 сарын 17-ны өдрийн 761 дугаартай захирамж, төрсний болон үрчлэлтийн гэрчилгээний хуулбар болон талуудын тайлбар зэрэг баримтаар батлагдаж байна.

Нэхэмжлэгч ******* нь тухайн үедээ охины аавтай гэр бүл болоогүй, мөн оюутан байсан болохоор ээж *******т охиноо үрчлүүлсэн, одоо охин 12 настай, ээж маань тэтгэвэрт байдаг, миний амьдрал боломжтой болсон тул охиноо өөрийн нэр дээр буцааж авах хүсэлтэй байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй байна. Нэхэмжлэгч өөрийн охин ********* ээж *******т үрчлүүлэх болсон шалтгаан арилсан, нэхэмжлэгч сургуулиа төгсөж, охиноо асарч хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар амьдралын хувьд боломжтой болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг баримтлан 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч ээж *******аас, хариуцагч эмэг эх *******т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан эмэг эх *******ын асрамжаас эх *******ын асрамжинд шилжүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН