Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 45

 

С.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Д-д холбогдох, 2035000820104 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 09-нд Увс аймгийн Завхан суманд төрсөн, 34 настай эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 3, эх, дүүгийн хамт Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-т заасан гэмт хэрэгт 5 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Х овогт С.Д /РД:ОГ86040915/.

Шүүгдэгч С.Д нь Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх О.Л-г 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, 2020 оны 5 дугаар сарын 26, 27, 30-ны өдрүүдэд зодсон буюу ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Д-д 1 /нэг/ жил хорих ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч С.Д миний бие нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

С.Д би ам бүл-3, эх Л, төрсөн дүү М нарын хамт амьдардаг. Төрсөн дүү М маань төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадваргүй, ээж Л маань 66 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг. Манайх хувьдаа хэдэн тооны малтай. Хувийнхаа малыг би өөрөө малладаг юм. Би хааяа архи уудаг нь үнэн. Тэгэхдээ надад байнга архи уугаад агсам согтуу тавиад яваад байх зав ердөө байдаггүй. Би 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ээжтэйгээ маргалдсаны улмаас “ээждээ гар хүрсэн нь үнэн. Энэ үйлдэлдээ би зөрчлийн хуулиар арга хэмжээ авхуулсан. Харин 2020 оны 5 дугаар сарын 26-ны орой ээж, дүү хоёр Улаангомд хэд хоноод ирсэн. Тэр өдөр би малаа эрж хайгаад маш их ядарсан, гэртээ хоол, ундаа хийгээд байж байсан. Тэгээд ээж, дүү хоёр ирээд хоол унд болоод унтах үед би “архи байна уу” гэж асуусан болохоос ээжийг цохиж, ээжийг айлган сүрдүүлсэн зүйл байхгүй.

Би архи асуухад дүү “Ерөөл” нэртэй 500 грамтай архи гаргаж өгсөн. Би тэр архинаас ганц хундага хийж уучхаад ямар ч хэрүүл маргаан гаргалгүй унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө буюу 2020 оны 5 дугаар сарын 27-нд би малаа “хөнгөлнө” гэхэд дүү ямаа самнана гэснээс болоод маргаан гарч би дүүг ташуураар цохих гэтэл ээж дундуур нь орж цохиулсан. Тэр үед бэргэн эгч С ч байсан. Тэгтэл тэд нар намайг шууд барьж хүлсэн. Би хүлээтэй байхдаа та нар намайг яагаад хүлж байгаа юм бэ?, та нарыг би харцаараа хөдөлгөнө гэж хашхирч байсан. Тэгээд би арайхийж гэж хүлээгээ тайлаад мотоцикл унаад яваад өгсөн. Тэр үед хүлээгээ тайлаад тэд нартай маргалдсан, хэрэлдсэн, зодолдсон зүйл байхгүй. Тэгээд би 2 хоног ахындаа, айлуудаар байж байгаад 2020 оны 5 дугаар сарын 29 ний орой гэртээ ирээд хоноод маргааш өглөө нь буюу 2020 оны 5 дугаар сарын 30-ны өглөө хэдэн ямаа самнаад үдээс хойш нүүсэн. Тэгтэл намайг 2020- оны 5 дугаар сарын 26, 27, 30-ны өдрүүдэд ээжийг зодсон гэж үзээд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би архи уусан, ээжийг зодсон үнэн боловч би болсон үйл явдлаа үнэнээр нь ярьсан. Надад худлаа ярьсан зүйл огт байхгүй. Харин ээж тухайн үед мэдүүлэг өгөхдөө айж сандраад буруу зөрүү зүйл хэлснийг үгүйсгэхгүй. Манайх хэдэн тооны тэмээтэй. Тэмээ дандаа гүйдэг маллахад хэцүү мал. Тэр тэмээг ээж, дүү хоёр хэзээ ч маллаж чадахгүй. Би сүүлд ээж, дүү нартайгаа маргалдсанаас хойш тусдаа гэр бариад малаа маллаад, гэр бүлтэй болох талаар ээж, ах, эгч нартай ярилцаж байсан. Шүүх хуралдаанд ээж маань өөрийн биеэр оролцож мэдүүлгээ өгсөн.

Иймд би мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир хэргийг маань хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би дахин хэзээ ч ийм зөрчил гаргахгүйгээр амьдарч чадна гэдгээ хуулийн өмнө амлаж байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоол үндэслэлтэй, яллагдагчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул  шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн С.Д-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

С.Д нь Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ахмад настан / 65 настай/  төрсөн эх О.Л 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, 2020 оны 5 дугаар сарын 26,27, 30-ны өдрүүдэд зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна .

Анхан шатны шүүх Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Д-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, үйл баримт, гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийжээ.

Мөн шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн  хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан  шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа  нар  давж заалдах шатны шүүхэд  “С.Д нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ээжтэйгээ маргалдсаны улмаас зодсон нь үнэн боловч энэ үйлдэлдээ зөрчлийн хуулиар арга хэмжээ авхуулсан, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ээжийг зодоогүй, харин 05 дугаар сарын 27-ны өдөр дүү бид хоёрын хооронд маргаан гарч би дүүг ташуураар цохих гэхэд ээж дундуур нь орж цохиулсан.Энэ үед намайг барьж хүлсэн бөгөөд би арай гэж хүлээгээ тайлж, мотоциклээ унаад явсан, тухайн үед дахиж хэрүүл зодоон болоогүй. Би хоёр хоног гадуур явж байгаад 5 дугаар сарын 29-нд гэртээ ирж, 5 дугаар сарын 30-ны өдөр манайх нүүсэн. Энэ талаар ээж О.Л мөрдөн байцаалтын шатанд айж сандраад худал мэдүүлэг өгсөн ба харин  анхан шатны шүүх хуралдаан дээр өөрийн биеэр оролцож болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэтэл намайг 2020 оны 5 дугаар сарын 26, 27, 30-ны өдрүүдэд ээж О.Л-г зодсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэх гомдлыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Д түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын гаргасан гомдлыг  үндэслэн хэргийг  бүхэлд нь хянаж үзээд тэдгээрийн тайлбар, гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх О.Лхагвыг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр мөн  2020 оны 5 дугаар сарын 26,27,30-ны өдрүүдэд тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн  болох нь хохирогч О.Лхагвын мөрдөн байцаалтад өгсөн “ Би 2020 оны 5 дугаар сарын 26-ны шөнө 22 цагийн үед сумын төвөөс гэртээ ирэхэд хүү С.Д “архи байна уу” гэж асуухад “ Архи авч ирэхээр чи уучхаад агсам тавьдаг “ гэж хэлэхэд Д “тэнэж явж ирчхээд архи авч ирсэнгүй “гэж уурлаад хананд өлгөөтэй байсан ташуурыг авч миний зүүн гар луу хоёр удаа цохиход нь манай бага охин Мягмарсүрэн айгаад миний авч ирсэн 0,5 литрийн Ерөөл нэртэй архийг гаргаж өгөхөд задлаад нэг хундага хийж уучхаад унтсан юм .Тэгээд өглөө босоод хүү С.Д  “мөнгө өг” гэж миний толгой руу баруун гараараа хоёр удаа цохихоор нь  би түүнд нэг зуун мянган төгрөг өгсөн.Тэгээд хүү С.Д нөгөө үлдсэн архиа орон дотроо уусан байсан ба  би гэрээсээ гараад хурга, ишгээ засахаар  малаа ялгах гээд хашаалаад байж байтал С.Д гэрээс гарч ирээд хашааны хажууд байсан шургааг бариад над руу цохих гээд өргөтөл тэр шургаагаа даагаагүй юм.Тэгснээ малын хашаа давж орж ирээд аргал түүдэг савраар миний зүүн гар луу 2 удаа цохихоор нь манай хүүхдүүд болох М, С, Б нар С.Д-г бариад гар, хөлийг нь уяагаар хүлсэн, удалгүй хүлээгээ тайлаад мотоциклээ унаад яваад өгсөн. Тэгээд  хүү С.Д 2020 оны 05 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Манайх 05 дугаар сарын 29-ний үдээс хойш нүүсэн, 30-ны өглөө босоод С.Д хазаараар миний зүүн гар луу цохиж, манай охин Б бид хоёрыг харцаараа хөдөлгөнө гээд орилохоор нь би айгаад юм хэлж чадаагүй “/хх-ийн 8-9 дүгээр тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ц.С-ын мөрдөн байцаалтад өгсөн “ Би 2020 оны 05 дугаар сарын 27-ны өглөө хадам ээжийн хурга, ишиг засахаар нөхөртэйгөө хамт хадам ээж  О.Л-нд очиход бүгдээрээ гэртээ сууж байсан, бид хоёр ороод цай уугаад ишиг, хургаа ялгахаар ээж О.Л болон  Б, М бид дөрөв гэрээс гарахад манай нөхрийн дүү С.Д гэрт үлдсэн, харин нөхөр С.А гэр лүүгээ буцаад явсан. Бид нар малаа малын хашаа руугаа оруулж байтал гэнэт С.Д гэрээсээ гарч ирээд хадам ээж О.Л-г хургаа ялгасангүй гэж орилоод аргал түүдэг савраар нэг удаа цохиход Б очиж С.Д-ын гарт байсан саврыг булааж аваад бид нар С.Д-ын гарыг ард нь гаргаж хүлсэн “ /хх-ийн 14 дүгээр тал/ гэх мэдүүлэг,

гэрч С.Амгалангийн “ С.Д нь миний төрсөн дүү байгаа юм.Манай дүү С.Д ял шийтгэл эдэлж байсан, архи их уудаг, тамхи татдаг, 2020 оны 4 сарын эхээр архи уучхаад манай ээж, дүү нарыг айлган гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлах шийтгэл авч байсан.С.Д архи уухаараа огцом ууртай, ээж дүү хоёрт дээрэлхүү муухай харьцдаг, бусад хүмүүстэй энгийн харьцдаг /хх-ийн 15 тал/” гэх мэдүүлгүүд,

гэр бүлийн эрсдэлийн түвшин “бага” түвшинд байгаа болохыг тодорхойлсон аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 46 дугаар тал/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 47-55 дугаар тал/ ,Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дугаартай  шийтгэврийн хуулбар, эд мөрийн баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба хохирогч Д.Л нь мөрдөн байцаалтын явцад  хэзээ, хэрхэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон, эдгээр  нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, бие махбодод нь халдах, эсхүл айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр алдар хүндийг нь гутаах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэрэг байнгын шинжтэй идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд энэ гэмт хэргийн шинжийг илэрхийлэх “байнга” гэсэн ойлголт нь үйлдлийн хувьд тооны давтамжийг агуулж байгаа бөгөөд гурав буюу түүнээс дээш  удаагийн үйлдлийг нэгтгэн дүгнэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцох үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан “аль нэг үйлдлийг гурав, түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх бөгөөд харин энэхүү гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг...” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Шүүгдэгч С.Д нь  1954 оны 12 дугаар сарын 20-нд төрсөн, ахмад настай, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх О.Л-ыг 4 удаагийн үйлдлээр зодож, бие махбодын  хүчирхийлэл үйлдсэн  нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл  үйлдсэн” гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын гаргасан  “С.Д нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр О.Лхагвыг зодсон үйлдэлдээ баривчлах шийтгэл хүлээж, түүнийгээ эдэлсэн байхад дахин энэхүү үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь шударга ёсны зарчмыг алдагдуулж  байна. Иймээс С.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарын хувьд:

Эрүүгийн хуульд тусгагдсан  “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэх зарчим нь Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шүүхээс ял шийтгүүлсэн, эсхүл цагаатгагдсан тохиолдолд шүүхээс, эсхүл өөр шүүхээс дахин шийтгэхийг хориглосон агуулгыг илэрхийлнэ.

Харин Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох үйлдэл нь өөр бусад нийгэмд аюултай ижил үйлдэлтэй  нэгдэж гэмт хэргийн шинжийг хангаж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй тохиолдолд дээрх зарчим хамааралгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын хамтран гаргасан хэргийг “хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэх давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Д-ын  2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанаас 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус зааснаар шүүгдэгч С.Д-ын  2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан  тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

                                                                        Н.МӨНХЖАРГАЛ