Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2026/00114

 

А.М-ын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.11.03-ны өдрийн 192/ШШ2025/08888 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.28-ны өдрийн 210/МА2026/00248 дугаар магадлалтай,

 

А.М-ын нэхэмжлэлтэй

“ХМ” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 43,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Д.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Д.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч “ХМ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 43,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.11.03-ны өдрийн 192/ШШ2025/08888 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ХМ” ХХК-д холбогдох 43,000,000 төгрөг гаргуулах тухай А.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.28-ны өдрийн 210/МА2026/00248 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.11.03-ны өдрийн 192/ШШ2025/08888 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “ХМ” ХХК-иас 43,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.М-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 372,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 372,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Д.Г нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Магадлалд “ ...Хэрэгт авагдсан 2023.11.06-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг нэг талаас худалдан авагч болох А.М-, нөгөө талаас худалдагч болох “ЭБ" ХХК, “ХМ” ХХК нар байгуулсан байх тул дээрх хоёр хуулийн этгээд тухайн гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчид, гэрээний нэг тал байна.” гэж дүгнэсэн атал “ЭБ”ХХК-г хариуцагчаар татаж, тайлбар дүгнэлтийг сонсоогүй байхад “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрээс үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нэг үүрэг гүйцэтгэгч болох “ХМ” ХХК-иас гэрээний үүргийг шаардах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцнэ.” гэж дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулжээ. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ХМ” ХХК-д холбогдох 43,000,000 төгрөг гаргуулах тухай А.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий бөгөөд хуульд нийцсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

 

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.10-ны өдрийн 001/ШХТ2026/00478 дугаар тогтоолоор хариуцагчийн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.Г нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч “ХМ” ХХК-д холбогдуулан 43,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ  “…2023.11.06-ны өдөр “ЭБ” ХХК болон “ХМ” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж Хаягтай нэг өрөө орон сууцыг худалдан авхаар тохирсон. …гэрээний үүрэгт 43,000,000 төгрөгийг “ХМ” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. … “ЭБ” ХХК-аас орон сууц захиалгын гэрээг цуцлах саналыг хүргүүлж байгааг мэдэгдсэн. Иймд “ХМ” ХХК-аас  43,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү…” гэж тайлбарласан.

 

8. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: “... гурвалсан гэрээ байгуулсан, үүргээ биелүүлээгүй тал нь “ХМ” ХХК биш, “ЭБ” ХХК юм. Гурвалсан гэрээгээр манайх лифтийг нь ашиглалтад оруулах үүрэг, А.М- манайд мөнгөө төлөх үүрэг, А.М-д байрыг хүлээлгэж өгөх үүргийг “ЭБ” ХХК тус тус хүлээнэ. ... манайх “ЭБ” ХХК-тай гэрээгээ огт цуцлаагүй. Манайх үүргээ биелүүлсэн.” гэж тайлбарласан.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ  “..Эрх бүхий этгээд л өөрийн эд юмсыг захиран зарцуулах эрхтэй, А.М- нь 2023.11.06-ны өдөр орон сууц захиалгын гэрээг “ЭБ” ХХК-тай байгуулж, Хаягтай орон сууцыг 60,690,000 төгрөгөөр худалдан авахаар  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Үүрэг нь гэрээ байгуулсан талуудын хооронд үүсэх бөгөөд гэрээнээс татгалзсан тохиолдолд мөн үр дагаврыг гэрээний талууд хариуцна. Гэтэл нэхэмжлэгч А.М- нь “ЭБ” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан гэрээнээс татгалзсан атлаа “ХМ” ХХК-иас төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт хийжээ. 

 

10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...2023.11.06-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг нэг талаас худалдан авагч болох А.М-, нөгөө талаас худалдагч болох “ЭБ” ХХК, “ХМ” ХХК байгуулсан байх тул дээрх хоёр хуулийн этгээд тухайн гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчид, гэрээний нэг тал байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрээс үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нэг үүрэг гүйцэтгэгч болох “ХМ” ХХК-иас гэрээний үүргийг шаардана. Хэргийн баримтаар хамтран үүрэг гүйцэтгэгч “ЭБ” ХХК-иас гэрээг цуцлах саналыг 2024.05.07-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн, улмаар гэрээний зүйл болсон орон сууцыг гуравдагч этгээдийн эзэмшил, өмчлөлд шилжсэн, худалдах худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах үүрэгтэй ” гэжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаарх хариуцагчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хянан хэлэлцлээ.

12. “ЭБ” ХХК, “ХМ” ХХК, иргэн А.М- нарын хооронд 2023.11.06-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хүлээх үүргийн талаар тохиролцсон байна. 

Талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний оролцогч бүрийн гэрээгээр хүлээх үүрэг, үүсэх үр дагаврыг тодорхойлж маргааныг шийдвэрлэх учиртай. 

Анхан шатны шүүх орон сууц худалдагч талыг “ЭБ” ХХК гэж тодорхойлсон бол, давж заалдах шатны шүүх  уг үүргийг “ЭБ” ХХК болон “ХМ” ХХК хамтран гүйцэтгэнэ гэж зөрүүтэй дүгнэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “ЭБ” ХХК-ийг оролцуулалгүй, уг компанийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүйгээс гадна уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээд болох “ЭБ” ХХК маргаан бүхий гэрээний дагуу үүрэг хүлээхээр үйл баримтыг тогтоож байгаа нь эргэлзээтэй болсон байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогч талуудаас асууж тодруулах байжээ.

 

13. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу шүүх хуралдаанд хариуцагч “ХМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025.11.03-ны өдрийн шүүх хуралдаан дээр “Маргаан бүхий орон сууцны Улсын комисст хүлээлгэж өгсөн актыг ..., лифтний тодорхойлолт магадлалыг нотлох баримтаар ... гаргуулах шаардлагатай. Гэрээний үүрэгтэй холбоотой, манайхыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг. ... “ХМ” ХХК үүргээ хэр гүйцэтгэсэн гэдгийг тодорхойлох ганц баримт. Өөрсдөө очиж авах гэхээр туслан гүйцэтгэгч компани учраас барилгаатай холбоотой баримтыг Архивын ерөнхий газраас гаргах боломжгүй гэсэн.” гэсэн агуулгатай нотлох баримт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт шүүхээр бүрдүүлэх хариуцагчийн эрхийг зөрчжээ.

Маргааны зүйл нь гурвалсан гэрээний үүргийг уг гэрээний оролцогчид хэрхэн гүйцэтгэснээс хамаарч нөгөө талд шаардах эрх үүсэх эсэхийг дүгнэх учиртай. Гэтэл хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангахгүй орхигдуулснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасан тайлбараа нотлох үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүргэсэн гэж дүгнэхээр байна.   

 

14. Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй, зөрчлийг арилгуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д нийцээгүй.

 

15. Дээр дурдсанаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар хяналтын шатны шүүхээс эцэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.11.03-ны өдрийн 192/ШШ2025/08888 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.28-ны өдрийн 210/МА2026/00248 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “ХМ” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.03.11-ний өдөр 373,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

              

               ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА

 

Б.УНДРАХ

 

                                                                                       Д.ЦОЛМОН