Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 00126

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, шүүгчид Н.Нямсүрэн, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Иргэдийн төлөөлөгч Л.Нарангэрэл,

Хохирогч П.Уламбаяр,

Шүүгдэгч У.Энхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уламбаярын Энхбаярт  холбогдох эрүүгийн 201722000194 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Донгоо Уламбаярын Энхбаяр, 1988 оны  09 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  регистрийн РБ88093018 дугаартай,

Шүүгдэгч У.Энхбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Бараан өвөр гэх газар байрлах гэртээ төрсөн эцэг П.Уламбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газар нь галын хайчаар нэг удаа цохиж бие махбодид нь “дух ясны цөмөрсөн хугарал, тархины няцрал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Энхбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Бараан өвөр гэх газар байрлах гэртээ төрсөн эцэг П.Уламбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газар нь галын хайчаар нэг удаа цохиж бие махбодид нь “дух ясны цөмөрсөн хугарал, тархины няцрал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч У.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:  "…Аав хоёр ямаа самнаж аваад явдаг юм билүү чиний машинд авч ирсэн дугуйны мөнгийг ямаа самнаад олж авъя гэхээр нь би ямаагаа самнуулахгүй гэсэн. Тэгсэн аав уурлаж босож ирээд толгойгоороо миний нүүр лүү мөргөсөн. Тэгэхээр нь би барилцаж аваад ноцолдоод зуухны урд талд давхаралдаад унасан. Би галын өрөн дээр байсан галын хайчийг аваад аавын дух руу нэг удаа цохисон.…Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84 дүгээр хуудас/,

Шүүгдэгч У.Энхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Аав бид хоёр өглөө босоод байж байсан чинь аав ямаа самная гэсэн. Тэгэхээр нь би гадаа цаг агаар муу байна, дараа бол гэж хэлсэн. Тэгсэн чинь аав чиний мал юм уу, миний мал юм уу гэж хэлээд намайг эхлээд мөргөсөн. Намайг татаад газар унасан. Би тухайн үед цохисон гэдгээ мэдэхгүй байгаа. Юмаа мартдаг ой тогтоолт муутай. Анх унахдаа шал мөргөж унах шиг болсон тодорхой сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Уламбаярын мөрдөн байцаалтад өгсөн: "…Аав нь авч ирсэн хоёр дугуйныхаа өлтгийг өгөх хэрэгтэй байна хоёр ямаа самнаж аваад явчих уу гэсэн чинь Энхбаяр та мэддэг юмуу гэхээр нь мэдэхгүйдээ яадаг юм бэ гээд бид хоёр хэрэлдэж эхэлсэн. Хүү миний өөдөөс хэрэлдээд байхаар нь би уур хүрээд Энхбаярыг барьж аваад цохих гэтэл оноогүй, тэгээд хоёулаа зуухны урд талд газарт давхралдаад унасан. Энхбаяр миний дээрээс дараад унасан тэгснээ галын хайчаар миний дух руу цохисон...Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрсэн байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-33 дугаар хуудас/,

Хохирогч П.Уламбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед салхи шуургатай байсан л даа. Тэгээд 2 ямаа самная гэсэн чинь яах гэсэн юм гэхээр нь би чи мэддэг юм уу гээд маргалдсан. Тэгээд бид барьцалдаж аваад миний дээгүүр даваад унасан. Тэгсэн миний тархи хагарчихсан байсан. Би тухайн үедээ толгой өвдөөд байхаар нь тоохгүй яваад байсан. Тэгсэн нэг өдөр ухаан алдаад унасан. Намайг дараа нь эмнэлэгт үзүүлье гэхээр нь би толгой тархи хөдөлсөн байх гээд эмнэлэгт очоогүй. Би өөрөө цагдаад гомдол гаргаагүй. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Жамбалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Би гадаа үхрийн хашаан дотор байж байтал гэрээс хоёр том ач нь том агаа өвөөг цохичихлоо гээд орилоод гараад ирэхээр нь би аав хүү хоёр муудалцсан юм байхдаа гэж бодож байтал Энхбаяр нь гэрээс танд гомддог, аавыгаа эндээс зайлаарай гээд орилоод гараад ирсэн. Аав нь болохоор гэр дотроос чиний мал юмуу миний мал гэх мэтээр орилоод байсан. Би цай уух гээд гэрт ороход Уламбаяр ах гэрийн баруун талд зуухныхаа орчимд нэг түмпэн рүү цусаа гоожуулчихсан нойлын цаасаар цусаа арчаад сууж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 34-38 дугаар хуудас/,

Гэрч Г.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Хонины хашаа руу ороод байж байтал гэр дотроос Бихаанз, Сандаг-Очир хоёр уйлаад гараад ирсэн араас нь Нямренчин нүцгэн гүйгээд гараад ирсэн. Тэгтэл Сандаг-Очир том агаа өвөө хоёр зодолдоод байна гэхээр нь би гэртээ гүйгээд ортол гэрийн зүүн талд зуухны урд хэсэгт манай нөхөр хүүхэдтэйгээ заамдалцаад барилцаад авсан зогсож байсан. Нөхрийн минь духнаас нь цус гарчихсан байж байхаар нь хүүгээ салгаад авах гээд дийлэлгүй хэсэг ноцолдоод чадахгүй болохоор уйлж орилсон чинь Энхбаяр гараад явчихсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 дугаар хуудас/,

Гэрч О.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "… Уламбаяр ах өөдөөс учир нь ойлгогдохгүй юм амандаа бувтнаад байхаар нь би согтуу байна гэж бодоод Уламбаяр ахыг машинаас нь буулгаад өөрийнхөө машинд суулгад шууд гэр лүү нь явсан ...Энхжаргал дарга руу утсаар яриад Уламбаяр ахын байдлыг хэлээд бие нь муудсан юм биш байгаа даа гэрт нь очиж үзье гээд даргын гэрт очиж даргыг аваад 5р багийн 23 дугаар гудамжинд байсан Уламбаяр ахын машиныг аваад бид хоёр цувж яваад Уламбаяр ахын гэрт нь очсон. Гэрт нь очиход Уламбаяр ах байхгүй байхаар нь тэр хавиар сураглаж байтал Уламбаяр ахыг эмнэлэг аваад явсан байхаар нь эмнэлэг рүү нь очсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

Гэрч Ё.Шүрэнчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Алтангэрэл надруу залгаад Уламбаяр гуай архи уусан юм алга байна гэхдээ ярьж хэлж чадахгүй хоёр хөл дээрээ тогтохгүй байна би гэрт нь оруулаад хэвтүүллээ гэсэн. Дарга орой нь надруу залгаад Уламбаярын бие муу байгаа талаар хэлсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Гэрч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Эмнэлэг дээр очиход Уламбаяр 103-ын хүлээн авах дээр ухаангүй хэвтэж байсан. Их эмчтэй нь уулзахад танай ажилтан тархиндаа хүнд гэмтэл авсан байна гэсэн. Удалгүй цагдаа нар ирсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Нямренчингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Энхбаяр ах, өвөө хоёр сэрсэн чинь хэрэлдэж байсан юу гэж хэрэлдээд байгааг нь би сонсоогүй. Хонины хашаан дотор байж байгаад гэртээ ороход өвөө нүүрээ угаачихсан сууж байсан тэгэхэд өвөөгийн нүүрнээс цус гарч байсан...Дүү Баасанноровын хамт өвөөг аваад гудамжнаас такси зогсоож суугаад эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд өвөөг шууд хэвт гээд хэвтүүлсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 252 тоот:

  1. П.Уламбаярын биед гэмтэл тогтоогдлоо.
  2. П.Уламбаярын  биед дух ясны цөмөрсөн хугарал, тархины няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
  6. Архаг хууч өвчин байсан эсэхийг тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 20 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч У.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. 

Эрүүгийн 201722000194 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93-94 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

     Хохирогч П.Уламбаярын “Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг, мөн шүүгдэгчтэй 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн нь ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг хувийн байдал зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх үзэв.

Эрүүгийн 201722000194 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн галын хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Донгоо Уламбаярын Энхбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Шүүгдэгч Уламбаярын Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч У.Энхбаярт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч У.Энхбаярын цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

5. Эрүүгийн 201722000194 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн галын хайч 1 ширхэгийг устгахыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Энхбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР                                                                        

           ШҮҮГЧИД                                  Н.НЯМСҮРЭН

                                                                         Н.АРИУНЖАРГАЛ