Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2022/00078/И |
Дугаар | 149/ШШ2022/00124 |
Огноо | 2022-03-23 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 149/ШШ2022/00124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн № 42 тоотод оршин суух, 1960 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 62 настай, эрэгтэй, Жалъяар овогт Мижидийн Эрдэнэ-Ундрахын /РД:ЦД60050415/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 9-241 тоотод оршин суух, 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Бүрд овогт Баасанжавын Оюунбаатарт /РД:МД88062371/ холбогдох
5707000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Эрдэнэ-Ундрах /онлайн/, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Эрдэнэ-Ундрах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б.Оюунбаатараас Соната-8 маркийн 45-93 СЭА улсын дугаартай автомашиныг 18900000 төгрөгөөр худалдаж авсан. Уг машин нь 2014 онд үйлдвэрлэгдсэн 2021 онд Монголд орж ирсэн машин байсан. Уг машиныг худалдаж авснаас хойш 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн машины акумлятор нь сууж хэд хэдэн доголдол илэрсэн. 3 булынх нь шаариг нурж унасан. Машин асахаараа салганаж чичигнээд байсан чинь моторын хойд талын лап нь муудсан байсныг сольсон. Чек гэрэл нь асаад байсан чинь яндангийн 2 мэдрэгч нь байхгүй байсан. Би таксинд олон жил явсан болохоор ойр зуур юм хийгээд яваад байсан. Таксинд явж мөнгө олохоос илүү машинд их зардал гарч байсан. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Багануур яваад ирэх замдаа машины кроп нь эвдэрсэн тул зорчигчдоо өөр машинд сууогаад машинаа өөр машинаар чирүүлж ирсэн. Би кроп эвдэрлээ гэж Оюунбаатар луу залгахад утсаа авахгүй байсан. Миний утсыг ердөө авахгүй байхаар нь өмгөөлөгчийн утаснаас залгахад авахаар нь ярихад би хотод байна машиныг засварт өгье гарах зардлыг нь даая гэсэн боловч худлаа яриад ирээгүй. Кропыг нь задлаад 5 диск солих шаардлагатай гэсэн. Нэг диск нь 150000 төгрөг гээд 750000 төгрөгөөр 5 диск сольсон. Мөн кроп хуваарилагч 1845000 төгрөгөөр, кропны шүүр 80000 төгрөгөөр худалдаж аваад ажлын хөлсөнд 707000 төгрөг төлсөн. Нийт 3500000 төгрөг кропонд зарцуулсан. Үүнээс гадна 1145000 төгрөгийн сэлбэгийг машинд авч тавьсан. Машин эвдрээд ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 950000 төгрөг, Мандал суманд Б.Оюунбаатартай уулзах гэж ирсэн бензиний зардал 60000 төгрөг, нийт 5707000 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Оюунбаатараас 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч гэх миний бие Б.Оюунбаатар нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би үүнээс өмнө ч хэд хэдэн машин худалдан авч худалдаж байсан. Миний машин авсан зарсан хүмүүсийн дотор ийм асуудал гарч байгаагүй. Миний хувьд мөнгөний хэрэг гараад машинаа зарсан түүнээс биш эвдэрхий машин зарах хувийн сонирхолгүй. Тухайн үед машин үнэхээрийн эвдэрхий байсан бол 1-2 хоногт мэдэгдэх ёстой. Надаас торгуулийн 20000 төгрөгийг шилжүүлж авсан. Машиныг минь ах дүү олуулаа ирж авсан. Мотор кроп эвдэрхий бол унаад явахад мэдэгдэх биз дээ. 2 сарын дараанаас кроп эвдэрлээ гэж ярьсан. Энэ 2 сарын хугацаанд тухайн хүнийг машинаа яаж ашигласныг би мэдэх боломжгүй. Худалдах худалдан авах гэрээг үзвэл гэрээний нэмэгдэл заалтанд зааснаар машины эвдрэл гэмтлийн талаар болон хугацааны талаар заагаагүй байна. Иймд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 53-64 тоотод оршин суух, 1956 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 66 настай, эрэгтэй, Манжаа овогт Дамдингийн Түвшингээс /РД:ДЮ56062516/ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Оюунбаатар нь уг автомашиныг 2021 оны 05 дугаар сард Солонгос улсаас Монгол улсад орж ирэхээр нь авсан байдаг. Б.Оюунбаатар нь ганц энэ машиныг биш ер нь хэд хэдэн машин зарсан хүн. Б.Оюунбаатар нь уг машиныг унаж байгаад зарсан ч яахав гээд зар дээр тавихаар нь энэ хүмүүс утасдаад худалдаж авахаар яирхаар нь Улаанбаатар хотод унаж очоод Дүнжингаравын урд зам дээр унуулж үзүүлээд авахаар тохиролцоод төв зах дээр очиж гэрээ хийсэн байдаг. Энэ хүмүүс буюу ах дүү нийлсэн 4-5 хүн ирээд уг машиныг өөрсдөө унаж үзээд эд зүйлийг нь шалгаж үзээд авсан байдаг. Хуульд заасан үндэслэлээр худалдаж авсан байдаг. Б.Оюунбаатар нь машинаа зарчихаад маргааш нь том машин авах гээд машин үзээд явж байхдаа Эрдэнэ-Ундрахтай таараад уулзахад машин зүгээр байсан байгаа юм. Гэтэл хэд хоногийн дараагаар эхнэр нь гэх хүн залгаад акумлятор, 3 бул солилоо гээд ууртай ярьсан байдаг. 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдаж авчихаад 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр кроп эвдэрлээ гэж ярьж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 255 дугаар зүйлд заасан байгаа. Гэрээ хийгээд худалдаад аваад явсан бол ямар ямар эрсдлийг өөрөө хариуцах, хариуцлагаа өөрөө даах ёстой. Мөн Иргэний хуулийн 247, 248 дугаар зүйлд ч гэсэн тодорхой заасан байгааг өмгөөлөгч мэдэж байгаа байх гэж бодож байна. Тухайн үед машин авахдаа оношлогооны төв дээр очиж оношлуулж батлуулж аваагүй байж одоо болохоор ийм зүйл яриад байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 107942 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн тухай баримт, 60000 төгрөгөөр АИ 92 бензин худалдан авсан баримт, кроп засварласны ажлын хөлсөнд 707000 төгрөгийг төлсөн баримт, 220000 төгрөгөөр аккумлятор худалдан авсан баримт, 3 бул, свеча зэрэг сэлбэгийг 385000 төгрөгөөр худалдан авсан зарлагын баримт, моторын хаалт, хэвтээ резин, яндангийн мэдрэгч зэрэг сэлбэгийг 440000 төгрөгөөр худалдан авсан баримт, моторын лап сэлбэгийг 100000 төгрөгөөр худалдан авсан баримт, диск, кропны шүүр, кроп хуваарилагч зэрэг сэлбэгийг 2800000 төгрөгөөр худалдан авсан зарлагын баримт, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 20 минутанд замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж 50000 төгрөгөөр торгуулсан баримт Хьюндай засвар үйлчилгээний хуудас, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 46 минутанд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ, Буянт хөлгийн жолоо ХХК-иас гаргасан цалингийн тодорхойлолт, нийтийн тээврийн буухиа үйлчилгээнд хамтран ажиллах гэрээ, М.Эрдэнэ-Ундрахын Голомт банкны дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас ямар ч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5707000 төгрөгийг үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч М.Эрдэнэ-Ундрах нь эхнэр Н.Байгалмааг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хүсэлтийг хангаж гэрчээр Н.Байгалмааг асуусан.
Хариуцагч Б.Оюунбаатар нь нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Эрдэнэ-Ундрах нь хариуцагч Б.Оюунбаатараас 5707000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Оюунбаатар нь нэхэмжлэгч М.Эрдэнэ-Ундрахын нэхэмжилсэн 5707000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хариу тайлбар гарган маргажээ.
Нэхэмжлэгч М.Эрдэнэ-Ундрах нь хариуцагч Б.Оюунбаатараас Хьюндай соната-8 маркийн 45-93 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 18900000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.
Зохигчид гэрээг бичгээр үйлдсэн байх ба гэрээнд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” ... гэж заажээ.
Нэхэмжлэгч М.Эрдэнэ-Ундрах нь хариуцагч Б.Оюунбаатараас Хьюндай соната-8 маркийн 45-93 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авснаас хойш 3 хоногийн дараа уг тээврийн хэрэгслийн аккумлятор цэнэггүй болж суух, тээврийн хэрэгслийн 3 булын шаариг нурах, моторын хойд талын лап муудсан байснаас тээврийн хэрэгслийн мотор хөдөлгөөнд орж тээврийн хэрэгсэл чичирч доргих, яндангийн хоёр мэдрэгч нь байхгүйгээс хянах самбар чек гэрэл асах зэрэг доголдлын шинж тэмдгүүд илэрснийг тухай бүр хариуцагч Б.Оюунбаатарт мэдэгдэж байсан байна. Мөн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зорчигч тээвэр хийж яваад уг тээврийн хэрэгслийн кроп эвдэрснийг хариуцагчид мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшин нь нэхэмжлэгч М.Эрдэнэ-Ундрах нь хариуцагч Б.Оюунбаатараас өөрийн хүсэл зоригийн илэрхийллийн дагуу Хьюндай соната-8 маркийн 45-93 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу худалдан авсан тул эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжсэн, мөн Иргэний хуулийн 248 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийг хүлээн авсан тооцох, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ гэж шүүх хуралдаанд тайлбарлаж маргаж байгаа боловч хариуцагч Б.Оюунбаатар нь тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч М.Эрдэнэ-Ундрахад худалдахдаа нүдээр харж, биеэр мэдэрч байсан болох доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл: Уг тээврийн хэрэгслийн аккумляторын хэрэглээ муудсан, яндангийн мэдрэгчгүйгээс чек гэрэл нь ассан, тээврийн хэрэгсэлд салганах доргих хөдөлгөөн илэрч байсан гэх мэт доголдлын шинж тэмдгүүдийг мэдсээр байж худалдсан гэж үзнэ.
Харин уг тээврийн хэрэгслийн кроп 2021 оны 12 дугаар сарын 09-ний эвдэрсэн гэх бөгөөд уг кропны эвдрэл нь жолоочийн буруутай үйлдлээс болсон эсэх, эсвэл тохиолдлоор эвдэрч гэмтсэн эсэх, чанарын шаардлага хангахгүй элэгдэж муудсанаас үүссэн гэмтэл гэдгийг техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул кропны эвдрэл гэмтэл түүнээс үүссэн зардлыг хариуцах үндэслэлгүй байна.
Мөн ажилгүй байсан нэг сарын хугацааны цалин 950000 төгрөгийг нэхэмжилсэн нь хариуцагч Б.Оюунбаатарын буруутай үйлдлээс болоогүй гэж үзэхээр байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.
Хариуцагч Б.Оюунбаатар нь нэхэмжлэгч М.Эрдэнэ-Ундрахтай 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг 46 минутанд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж 50000 төгрөгөөр торгуулсан нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 20 минутанд гаргасан үйлдэл байх тул хариуцагч Б.Оюунбаатар бүрэн хариуцах үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч М.Эрдэнэ-Ундрахын нэхэмжлэлээс хариуцагч Б.Оюунбаатарын уг тээврийн хэрэгслийн доголдлын талаар нүдээр харж мэдэрч байсан гэмтлийг мэдсээр байж нуун дарагдуулж худалдсанаас үүссэн гэх нэхэмжлэгчийн гаргасан зардал болох аккумляторын үнэ 220000 төгрөг, 3 бул, свеча зэрэг сэлбэг худалдан авсан 385000 төгрөг, моторын хаалт, хэвтээ резин, яндангийн мэдрэгч зэрэг сэлбэг худалдан авсан 440000 төгрөг, моторын хойд лапны резин худалдан авсан 100000 төгрөг, замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж торгуулсан 50000 төгрөг, Улаанбаатараас Мандал суманд ирж Б.Оюунбаатарттай уулзах гэж ирэхдээ зарцуулсан шатахууны төлбөр 60000 төгрөг, бүгд 1255000 төгрөгийг хариуцагч Б.Оюунбаатараас гаргуулж нэхэмжлэгч М.Эрдэнэ-Ундрахад олгох үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэлийн үлдэх хэсэг 4457000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 107942 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан учир хариуцагч Б.Оюунбаатараас улсын тэмдэгтийн хураамж 34670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эрдэнэ-Ундрахад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Оюунбаатараас 1255000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эрдэнэ-Ундрахад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 4457000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Эрдэнэ-Ундрахаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 107942 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюунбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд 34670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эрдэнэ-Ундрахад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН