Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2022/00171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн хаалттай шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У.Э нэхэмжлэлтэй

Хариуцагч:  М.Г -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: У.Э,

Хариуцагч: М.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч У.Э нь хариуцагч М.Гад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч У.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие У.Э нь М.Гтай 2003 онд танилцаад 2005 онд гэр бүл болж албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2007 онд хүү Г.С төрсөн. Хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2011 оноос хойш тусдаа амьдарч тус тусын гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Г.Сыг өөрийн асрамжинд авч ааваас нь тэтгэмж тогтоолгоно, бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

2. Хариуцагч М.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мөнхбаяр овогтой Г би 1983 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Миний бие У.Этэй 2005 онд гэр бүл болж, 2007 онд хүү Г.С төрсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй хүү Г.Сыг эхийн асрамжинд өгөхийг зөвшөөрч байна гэв.

3. Нэхэмжлэгчээс: Г.С 9а ангид суралцаж байгаа талаарх Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ***дугаар сургуулийн сургалтын менежер Ш.Доржийн тодорхойлолт /хх-3/, Оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /хх-4/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл” /хх-5/, Г.Сын ** /Г-125/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, 00 /Г-63/ дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, У.Эийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Шүүхийн санаачлагаар: Г.Сын саналыг асуусан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч У.Эийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч У.Э нь 2003 онд М.Гтай танилцаж, 2007 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан бөгөөд 6 жил хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд 2007 онд хүү Г.С төрсөн. Хоорондын үл ойлголцолын улмаас 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба хэн аль нь хамтран амьдрагчтай болсон тул эргээд нийлэх ямар ч боломжгүй, иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжинд үлдээн хуульд заасны дагуу тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч М.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

            4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ***дугаар сургуулийн сургалтын менежер Ш.Доржийн тодорхойлолт /хх-3/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн Засаг даргын тодорхойлолт /хх-4/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл” /хх-5/, хүү Г.Сын ** /Г-125/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, 00 /Г-63/ дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/-аар дараах үйл баримт нотлогдож байна.

            Зохигчид 2003 онд танилцаж, хамт амьдран 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн 00 /Г-63/ дугаартай гэрчилгээ авсан бөгөөд гэрлэгсдийн дундаас хүү Гын С 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрүүл өсөж торниж байгаа болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг болон дээрх нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

            Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцолоос хэрүүл маргаантай амьдарч байсан бөгөөд тэд тусдаа амьдраад 10 гаруй жил болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, өөр хамтран амьдрагчтай болж үр хүүхэдтэй болсон, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Хүү Г.С төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байгаа бөгөөд хүүхдэд тавих эхийн анхаарал халамж, ээнэгшин дассан орчин, хүүхдийн шүүхэд гаргасан санал, асрамжийн асуудлаар талууд маргахгүй байгаа байдал зэргийг харгалзан хүү Г.Сыг эх У.Эийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу эцэг М.Гаас хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан хүү Г.Сыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Гаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Эт, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 61 107 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Сартуул овогт Удвалын Э, Алаг адуу овогт Мөнхбаярын Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Гын С -ыг эх У.Эийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Г.Сыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг М.Гаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Х-д даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Гаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Эт, 61 107 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ