Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2022/00169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:А.Ц

Нэхэмжлэгч: Т.М

Хариуцагч: Т. М

Нэхэмжлэлийн шаардлага: 2 294 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Т.М ,

Хариуцагч: Т.М ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.А нар оролцов.

Нэхэмжлэгч А.Ц шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Ц , Т.М нар нь хариуцагч Т.М т холбогдуулан 2 294 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч А.Ц , Т.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Т.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулж байсан ЖТ компанид 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЖТын ВИП хөтөлбөрт өөрийн нэр Ц логинтой нэрээ байрлуулан шивүүлж, Т овогтой М ын Худалдаа Хөгжлийн банкны *** тоот дансанд 2 294 000 төгрөгийг тушаасан. А.Ц 1 147 000 төгрөгийг, Т.М 1 147 000 төгрөгийг тус тус гаргасан бөгөөд А.Ц гийн нэрээр төлбөр төлөгдөж, нэр байршсан болно. Удалгүй асуудал үүссэн бөгөөд тухайн үеийн удирдлагууд цагдаад битгий ханд эргээд ажиллана гэж байсан. Үүнээс хойш Цагдаагийн байгууллагад Т.М би хандахад А.Ц г  авчир гэсэн. Улаанбаатар хотод А.Ц тэр хугацаанд бүртгүүлж чадаагүй өнөөдрийг хүртэл хохирсон байна. Энэ хэрэг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс эхлээд Улсын дээд шүүхээр дамжиж хохирогчдын мөнгийг гаргуулж олгосугай гэсэн тогтоол гараад байгаа. Ингээд А.Ц эдгээр хохирогчдын нэрсэнд байхгүй хохироод үлдсэн байгаа. Иймд бидний 2 294 000 төгрөгийг гаргуулж өгч хохирлыг барагдуулан өгөхийг хүсэж байна. 1 шугаманд орж ажилладаг маркетингтай гэсэн нь худлаа. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтанд “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагааг явуулахыг хориглосон байдаг. ЖТ ХХК-ийн гаргасан үйлдэл нь дэлхийд “ПСМ” пирамид гэсэн нэрээр алдаршиж түүхэнд бүртгэгдсэн луйвар, гол шинж нь асар богино хугацаанд дараагийн хөрөнгө оруулагчдыг татан цуглуулж, мөнгийг хурдтай авч зугтах арга барилтай эдийн засгийн олон үйл ажиллагаагаараа илэрдэг хууль бус үйлдэл луйвар гэдгийг шүүх нотлосон байгаа. М ын дансанд мөнгө тушаасан нь үнэн учир хохирлоо авна. Яагаад гэвэл Эрдэнэт хотын ЖТын удирдлагуудад ээж Ц.Г хүмүүсийг байрлуулж шивдэг, /20 сая төгрөг 2 удаа авсан/. Ш.Т аав нь хүмүүст ядуурлаас бууруулах хөтөлбөр сүлжээ бишээ гэж сурталчилсан. Сурталчилгаа хариуцсан 20 сая төгрөгийг 7 удаа авсан. Т.М 20 саяыг 2 удаа авсан. Шүүхийн хариуцагч 906 хүмүүсээс энэ 3 хүн сугараад үлдчихсэн. 11 340 хүний хэрэгт холбоотой. Дээрх 2 хүн нь 2017 оны 2 сарын эхээр Эрдэнэтийн салбар зогсоход хүмүүсийг битгий цагдаад ханд ажиллана, мөнгийг чинь өгч чадаагүй гэж хэлж байсан хүмүүс. Эрдэнэтийн хэмжээнд 4 000 гаруй хүмүүс хохиросон. Үүнээс цагдаад хандсан нь 1000-аад хүн. Одоо хохирсон хүмүүс яахаа ч мэдэхгүй байгаа. Эд нар луйвар сүлжээ гэдгийг маш сайн мэднэ. Тэр тушаасан мөнгийг Казакстаны ЖТ луйварын хэрэгт авсан нь үнэн. М ын барааны үнэ гээд зарлагадсан нь луйварын сүлжээ болох нь тогтоогдсон.  ЖТ нь гадаад худалдааны үйл ажиллагааны эрхлэх маркетингийн нэрээр шууд худалдаа эрхлээгүй /сүлжээ/ лабораторийн сорилтын дүгнэлтээр бүтээгдэхүүнүүд нь тодорхой бус шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэй. Иймд тэр бараа, ЖТын барааны зарлага бүгд залилан /сүлжээ/. Иймээс М ын дансанд тушаасан 2 294 000 төгрөгийг М аас гаргуулж хохирлоо авна. Хуулийн хугацаа дууссан гэж байгааг зөвшөөрөхгүй. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоос өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын Нийслэлийн ШШГГазарт очоод 11 340 хүний хэргийн хохирлыг барагдуулахаар яваа юм. Харин М болон Ганчимэг, Т нар нь Эрдэнэтийн ЖТын толгой удирдлагууд байсан боловч сугараад үлдчихээд байгаа. Иймд үнэн зөвөөр нь шийдэж, Т.М аас 2 294 000 төгрөгийг гаргуулж өгөхийг шаардаж байна гэв.

2. Хариуцагч Т.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн А Ц , Тангадын М нарын надад холбогдуулан 2 294 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би 2016 оны үед Монгол улс даяар үйл ажиллагаа явуулж байсан "ЖТ" сүлжээнд бусдын адил орж хэсэг хугацаанд ажилласан нь үнэн. Энэ сүлжээнд ажиллахад хүмүүс нэг шугамд орж ажилладаг маркетингтай байсан, би бүр нарийн зүйлийг сайн мэдэхгүй. Ингээд энэ сүлжээ хэл үгтэй болж 2017 оны эхээр зогссон ба би ч тэгээд орхисон. Надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан А.Ц , Т.М нарыг би огт танихгүй мэдэхгүй. Энэ сүлжээнд орж байгаа хүмүүс надаар компьютерт юмаа шивүүлдэг, логиндоо нэвтрэх юмаа заалгадаг явдал байсан. Сүлжээнд орж байгаа хүмүүс бүртгэлийн хүмүүст бүртгүүлж, дансанд мөнгө тушаадаг байсан байх. Би энэ хариуцагчдаас мөнгө хүлээн аваагүй, нэхэмжлэлд заасан ХХБ-ны *** гэдэг данс миний данс мөн байх бөгөөд банкин дээр очиж энэ дансны хуулгыг гаргуулж үзэхэд тэр өдөр миний энэ данс руу А.Ц гээс гэж 2 294 000 төгрөг орсон байна. Мөн бусад нэр бүхий хүмүүсээс мөнгө орсон байх ба би тэр өдөртөө хүмүүсийн мөнгийг нэгтгээд 91 746 560 төгрөгийг “VIР барааны үнэ” гэж ЖТ корпорацийн данс руу шилжүүлсэн байна. Энэ өдөр миний энэ дансанд 95 801 500 төгрөгийн орлого ороод 95 796 260 төгрөгийн зарлага гарсан байна. Энэ баримт, нэхэмжлэлээс үзвэл энэ хүмүүс “ЖТ” сүлжээний О нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож хохирлоо барагдуулах ёстой байсан. Энэ боломжоо өөрсдөө алдаад би мөнгийг нь огт авч хэрэглээгүй байхад надаас нэхэмжилсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Түүнчлэн 2017 оны 01 сарын 17-ны өдөөс хойш Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн байна. Иймд эдгээр хүмүүсийн хохирлыг хариуцах этгээд нь би биш түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэсэхгүй болгох үндэслэлтэй гэв.

3. Нэхэмжлэгчээс: Худалдаа Хөгжлийн банкны 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн *** тоот дансанд А.Ц гээс вип гэсэн утгатай шилжүүлсэн 2 294 000 төгрөгний орлогын ордер /хх-3/, А.Ц гийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, Т.М ийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, Т.М ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-6/, ЖТ компаний удирдлагууд болон 20 000 000 төгрөг авсан хүмүүсийн нэрсийн жагсаалт /хх-30/-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас: Т.М ын жолооны үнэмлэхний хуулбар /хх-15/, Худалдаа Хөгжлийн банкны 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн *** тоот дансны хуулга /хх-21/-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Хариуцагч Т.М аас 2 294 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Ц , Т.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулж байсан ЖТ компаний салбарын толгой удирдлагууд болох Т.М ын ХХБ-ны *** тоот дансанд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2 294 000 төгрөгийг шилжүүлж, ЖТын ВИП хөтөлбөрт Ц логинтой нэрээ байршуулан шивүүлсэн. Т.М т шилжүүлсэн 2 294 000 төгрөгийн 1 147 000 төгрөг нь А.Ц гийнх, 1 147 000 төгрөг нь Т.М ээс гаргасан байдаг. Мөнгөө шилжүүлээд удаагүй байтал асуудал үүссэн тухайн үеийн удирдлагууд болох Т.М ын аав ээж нь цагдаад битгий ханд эргээд ажиллана гэж байсан. Үүнээс хойш Цагдаагийн байгууллагад Т.М хандахад А.Ц г  авчир гэсэн. Улаанбаатар хотод А.Ц тэр хугацаанд бүртгүүлж чадаагүй өнөөдрийг хүртэл хохирсон. ЖТын гэх хэргийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс эхлээд Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэж, хохирогчдын мөнгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Уг хохирогч нарын нэрсийн жагсаалтанд А.Ц байхгүй. Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагааг явуулахыг хориглосон байдаг бөгөөд хууль бус үйлдэл, луйвар гэдгийг шүүх нотлосон. Т.М болон түүний эцэг эх 20 000 000 төгрөгийг олон удаа авсан, Эрдэнэтийн толгой бүхий удирдлагууд бөгөөд уг хэргээс хариуцлага хүлээгээгүй үлдсэн. Т.М ын дансанд мөнгө тушаасан нь үнэн учир хохирлоо гаргуулж авна гэж тайлбарладаг.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Би 2016 оны үед Монгол улс даяар үйл ажиллагаа явуулж байсан "ЖТ" сүлжээнд бусдын адил элсэн орж хэсэг хугацаанд ажилласан нь үнэн бөгөөд 2017 оны эхээр зогсоход би ч гэсэн орхисон. Энэ сүлжээнд орж байгаа хүмүүсийн компьтерийн мэдлэг чадвар муу, хэрэглэж чаддаггүй байсантай холбоотойгоор надаар компьютерт юмаа шивүүлдэг, логиндоо нэвтрэх юмаа заалгадаг байсан. ХХБ-ны *** тоот данс миний данс мөн бөгөөд тухайн өдөр А.Ц гээс 2 294 000 төгрөг орсон байна. Өөр бусад нэр бүхий хүмүүсээс мөнгө орсон байх ба би тэр өдөртөө хүмүүсийн мөнгийг нэгтгээд 91 746 560 төгрөгийг “VIР барааны үнэ” гэж ЖТ корпорацийн данс руу шилжүүлсэн. Энэ өдөр миний энэ дансанд 95 801 500 төгрөгийн орлого ороод 95 796 260 төгрөгийн зарлага гарсан. Энэ баримт, нэхэмжлэлээс үзвэл нэхэмжлэгч нар “ЖТ” сүлжээний О нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож хохирлоо барагдуулах ёстой байсан ба энэ боломжоо өөрсдөө алдсанд би буруугүй. Түүнчлэн 2017 оны 01 сарын 17-ны өдөөс хойш Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн байна. Иймд эдгээр хүмүүсийн хохирлыг хариуцах этгээд нь би биш түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэсэхгүй болгох үндэслэлтэй гэдэг.

4. Хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Худалдаа Хөгжлийн банкны орлогын ордер, Т.М ын Худалдаа Хөгжлийн банкны 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн *** тоот дансны хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Ц 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2 294 000 төгрөгийг хариуцагч Т.М ын Худалдаа Хөгжлийн банкны *** тоот дансанд Ц -с вип гэсэн төлбөрийн утгаар мөнгө шилжүүлсэн болох нь Худалдаа Хөгжлийн банкны /цаашид ХХБанк гэх/ орлогын ордероор болон Т.М ын ХХБанкны дансны хуулгаар тус тус нотлогдож байна.

5. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2 294 000 төгрөгийг А.Ц гээс Т.М ын ХХБанкны дансанд шилжүүлсэн, нэхэмжлэгч Т.М 2 294 000 төгрөгийн тал хувийг би гаргаж, тал хувийг А.Ц гаргаж, А.Ц гийн нэрээр төлбөрийг тушааж, бүртгэл үүсгэсэн гэсэн тайлбарт талууд маргаагүй. Харин А.Ц нарын нэр бүхий иргэдээс шилжүүлсэн мөнгийг тухайн өдөрт нь ЖТ компаний дансанд шилжүүлсэн, иргэд өөрсдөө кодоо авч логиндоо нэвтэрч чадахгүйгээс нэгдсэн журмаар миний дансанд мөнгөө хийдэг байсан ба компани руу шилжүүлж, кодыг нь тухай бүрт авч өгсөн тул 2 294 000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй гэж маргадаг.

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэйгэж зааснаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг ойлгох бөгөөд үүрэг гүйцэтгэгч этгээд гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлнэ.

Үүрэг үүсээгүй гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ.

Хариуцагч Т.М ыг хөрөнгө олж авсан этгээд гэж үзэх үндэслэлгүй болох нь түүний тайлбар мэдүүлэг болон хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ХХБанкны дансны хуулгаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг нь эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах, эд хөрөнгө олж авсан этгээдийн хөрөнгө нэмэгдэх, эд зүйлсийг хадгалах байдлаар илрэх бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Т.М ын эзэмшлийн дансанд нэхэмжлэгч А.Ц 2 294 000 төгрөг шилжүүлсэн боловч түүний даалгаварын дагуу буюу ЖТ компанийн вип хөтөлбөрийн үнийг шилжүүлж, зохих кодыг олгосноор Т.М үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Харин нэхэмжлэгч А.Ц ЖТ компаний хохирогчийн хувьд Цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах эрхтэй байсан ба энэ үүргээ биелүүлээгүй байна. 

Мөн хамтран нэхэмжлэгч Т.М Цагдаагийн газарт хандахад А.Ц г авчир гэсэн боловч хохирогчоор бүртгүүлж чадаагүй гэсэн тайлбараар нэхэмжлэгч нар зохих байгууллагад хандах, хохиролоо гаргуулах идэвхитэй үйлдэл хийгээгүй гэж үзэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

Хариуцагч Т.М нь нэхэмжлэгч А.Ц гийн нэрийн өмнөөс түүний дансанд шилжүүлсэн 2 294 000 төгрөгийг ЖТ компанид шилжүүлж, бүртгэлийн кодыг буцааж нэхэмжлэгч Т.М эд олгосноор түүний гүйцэтгэх ажил дууссан, нэхэмжлэгч нарын мөнгийг хувьдаа авч өөрийн эд хөрөнгийг өсгөөгүй байх тул 2 294 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Ц , Т.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгч А.Ц шүүх хуралдааны товыг хүргэсэн боловч өөрийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах тухай хүсэлт ирүүлсэн, зохигчид А.Ц гийн эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ц гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 51 654 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар хариуцагч Т.М аас 2 294 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Ц , Т.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 51 654 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ