Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/108

 

 

 

 

 

 

   2024         10         10                                   2024/ШЦТ/108

                                                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н даргалж,

нарийн бичгийн дарга М.Э,

улсын яллагч Д.З,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Э-ны Б-д холбогдох эрүүгийн 242.000.000.0131 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, эрэгтэй, .... настай, яс үндэс халх, дээд боловсролтой, банкны удирдлага мэргэжилтэй, ам бүл ....., ................ хамт Д аймгийн С сумын ....-р баг, ............ дүгээр байрны ..... тоотод оршин суух хаягтай, ........... овогт Э-ны Б /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 26-нд шилжих шөнө Д аймгийн Э сумын 100 жилийн ойн баяр наадмын үеэр С.А-ийг "чулуугаа болиоч хүн амьтан оночихвол яах юм" гэж хэлсний улмаас түүний нүүрэн тус газар руу чулуу шидэж улмаар биед нь зүүн хацарт шарх, зүүн хөмсгөнд зулгаралт, баруун нүдний дээд болон доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            - Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд: “...2024 оны 07 сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Э сумын 100 жилийн ойд очоод найзуудтайгаа тоглолт үзсэн. Тэгээд найзууд түрүүлж яваад би араас нь явах гэтэл хэдэн морьтой хүүхдүүд ирээд өдөөд ташуурдаад байхаар нь айлгах гээд чулуу аваад шидсэн чинь цаана нь байсан хүнийг цохисон байсан. Тэгээд цагдаа ороод, маргааш нь уучлаарай гэж хэлээд эмчилгээний зардлыг тань өгнө гэж хэлсэн. Эмчилгээний зардлыг өгье гэж байтал надаас 10,000,000 төгрөг нэхсэн. Би өөрөө сард 1,500,000 төгрөгийн зээл төлдөг учраас өгөх боломжгүй байгаа юм... Хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. 740,000 төгрөг хохиролд өгсөн...” гэсэн  мэдүүлэг,

 

- Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тус өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Э сумын төв талбай дээр үдшийн цэнгүүн болоод би З сумаас ирсэн найз Т түүнийг дагаж ирсэн хоёр найзын хамт хүн хүний 4 ширхэг касс нэртэй лаазтай пиво уусан. Тэгээд тэр хэд явлаа гээд гэр гэрээдээ явсан. Би ганцаараа талбайгаас гарах гээд талбайн баруун талын хаалга дээр иртэл хэсэг морьтой залуус намайг гаргахгүй гээд хаалга таглаж зогсоод байсан. Тэгээд би та нар одоо болио гэж хэлсэн чинь нэг нь намайг ташуураар цохиод би хойшоо ухарч явж байгаад тэр залуусыг айлгах гээд газраас чулуу бариад авсан чинь тэр залуус цаашаа зугтаагаад яваад өгсөн. Яг тэр үед барьсан чулуугаа тэр морьтой хүмүүсийн хойноос шидсэн чинь нэг эмэгтэй гүйж ирээд чи манай найзыг чулуугаар цохичихлоо гээд байсан. Тэгээд шууд цагдаа руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52х/,

 

- Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2024 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 10-н жилийн ангийнхантайгаа шөнө 03 цаг өнгөрч байхад Захиргааны хойно архи уучихсан согтуу үл таних залуу ганцаараа орилоод гартаа чулуу бариад яваад байхаар нь найз Х бид хоёр наад чулуугаа болиочээ хүн амьтан оночихвол яах юм бэ гэж сануулж хэлсэн. Тэгээд би найз Х-тай хамт шинэ баригдсан 00 руу орох гээд хамт явж очиход 00 нь цоожтой болохоор нь хажууд нь бие засчихаад босоод 2-3 алхахад үл таних нөгөө залуу над руу чулуу шидэж миний зүүн талын хацар руу онож ухаан балартаж манарсан. Тэгээд найздаа нөхрийнхөө дугаарыг өгч сумын эмнэлэгт очиж анхны тусламж үйлчилгээ авсан... Миний зүүн талын хацар язарч урагдаж 2 оёдол тавиулсан. Одоо компьютерт зураг авхуулна. Хамар, нүд битүү хавдаж хөхөрсөн. Миний гоо сайханд хохирол учруулсан... Миний баруун талын шанаа хэсэгт Э.Б гэх залуу чулуу шидэж оноод би тухайн өдрөө Э сумын эмнэлэгт үзүүлээд 2 оёдол тавиулж байсан. Түүнээс хойш С сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд өөрийнхөө зардал мөнгөөр сорив арилгах тос, нүдний шил, шарх цэвэрлэх тос, хиймэл нулимс зэрэг мөн 2024.08.01-ний өдөр З сумын Нэгдсэн эмнэлэгт толгойгоо компьютерт харуулсан зэрэг 469,400 төгрөгийн зардал одоогоор гаргаад байгаа цаашдаа сорив арилгах гоо сайхны эмчилгээнд явна 2024.08.25-ны өдөр С сумын Г.б салонд эхний оролтод орсон нийтдээ гурван удаа орж байж сорив эдгэх талаар надад зөвлөсөн 1 оролт 750,000 төгрөг нийтдээ 2,250,000 төгрөг болох байх. Би өөрөө Гурван баян салонд үсчний суудал нэг сарын 550,000 төгрөгөөр түрээсэлж ажилладаг энэ хэрэг явдлаас болоод 17 хоног ажилдаа явж чадаагүй эмчилгээ хийлгэсэн тэгээд ямар ч орлого байхгүй миний түрээсийн мөнгө нэхэгдээд байгаа орлого ороогүй түүнийгээ бас нэхэмжилж явна. Нийтдээ 3,269,400 төгрөг болж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 04, 07-08х/,

 

- Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...2024 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих өдөр Э сумын 100 жилийн ойн баяр наадмаар би Э суманд очсон. Тэгээд би тухайн орой нь 10 жилийн ангийнхантайгаа уулзаад тэгээд шоу тоглолт үзэж дуусгаад сумын тамгын газрын урд талын сааданд суухаар болоод бөөндөө очиж суусан. Тэгээд би ангийн охин А-ийн хамтаар нойл орохоор явж байх замд хүмүүс муудалцаад чулуу шидэлцээд байхаар нь тэр хүмүүст болиорой гэж хэлсэн. Тэгээд нойл орчхоод гарч ирээд алхаад явж байхдаа манай найз А нь чулуунд оногдсон. Тухайн чулуу шидсэн цагаан өнгийн фудволктай намхан нуруутай 20-25 орчим насны залуу байх шиг байсан. Тухайн залуу нь согтуу. Тэгээд А-ээс цус гараад байж байхад Б гэх ангийн залуу ирсэн. Тэгээд би Б-д болсон зүйлийн талаар хэлээд Б тухайн хүнийг барьж авсан. Би тэгээд найздаа түргэн тусламж дуудаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21х/,

 

 Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн С.А нь Д аймгийн С сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч холбогдох тусламжийг үзүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 269,970 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Э.Б-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

 

  -Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны ... сарын ...-ны өдрийн .... дугаар шинжээчийн: “...1. С.А-ийн биед зүүн хацарт шарх, зүүн хөмсгөнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30х/,

 

- Компьютер томограф оношилгооны хариу, Д аймгийн Э сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн тодорхойлолт, хохирогч С.А-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гэрэл зураг /хх-ийн 33, 34-35, 36-39 х/,

 

-Шүүгдэгч Э.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Б-ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 26-нд шилжих шөнө Д аймгийн Э сумын 100 жилийн ойн баяр наадмын үеэр бусадтай маргалдаж чулуу шидэхэд бие засахаар явж байсан С.А-ийн нүүрэн тус газарт онож түүний биед нь зүүн хацарт шарх, зүүн хөмсгөнд зулгаралт, баруун нүдний дээд болон доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Шүүгдэгч Э.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч С.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч С.А-ийн “...Тэгээд би найз Б.Х-тай хамт шинэ баригдсан 00 руу орох гээд хамт явж очиход 00 нь цоожтой болохоор нь хажууд бие засчихаад босоод 2-3 алхахад үл таних нөгөө залуу над руу чулуу шидэж миний зүүн талын хацар руу онож ухаан балартаж манарсан. Тэгээд найздаа нөхрийнхөө дугаарыг өгч сумын эмнэлэгт очиж анхны тусламж үйлчилгээ авсан...Миний зүүн талын хацар язарч урагдаж 2 оёдол тавиулсан...” гэсэн,

гэрч Б.Х-ны “...Тэгээд би ангийн охин С.А-ийн хамтаар нойл орохоор явж байх замд хүмүүс муудалцаад чулуу шидэлцээд байхаар нь тэр хүмүүст болиорой гэж хэлсэн. Тэгээд нойл орчихоод гарч ирээд алхаад явж байхдаа манай найз С.А нь чулуунд оногдсон. Тухайн чулуу шидсэн цагаан өнгийн фудволктай намхан нуруутай 20-25 орчим насны залуу байх шиг байсан. Тухайн залуу нь согтуу. Тэгээд С.А-ээс цус гараад байж байхад Б гэх ангийн залуу ирсэн. Тэгээд би Б-д болсон зүйлийн талаар хэлээд Батболд тухайн хүнийг барьж авсан...” гэсэн мэдүүлгүүд,

-Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны ... сарын ...-ны өдрийн ....... дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Б нь хохирогч С.А-ийн биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

 Иймд шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч С. нь эмчилгээний зардал 469,400 төгрөг, сорив арилгах гоо сайханд нэг удаагийн оролт 750,000 төгрөг нийт 2,250,000 төгрөг, Г салонд үсчний суудал нэг сарын 550,000 төгрөгөөр түрээсэлж ажилладаг хэргээс болж 17 хоног ажилдаа явж чадаагүй түрээсийн төлбөр гэж нийт 3,269,400 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогчид 559,400 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч хохирогч С.А-т 740,000 төгрөгийг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 269,970 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч С.А-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,529,400 /3,269,400-740,000/ төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хохирогч С.А нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаар санал дүгнэлт гаргаагүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нотлох баримтын хүрээнд төлсөн зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Э.Бат-Итгэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

          Бусад асуудлаар:

   Шүүгдэгч Э.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч С.А-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,529,400 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.А нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.Н