Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 1272

 

 

 

 

 

 

    2020            9             29                                       2020/ДШМ/1272                     

 

 

                                     Р.М-т холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Р.М-н өмгөөлөгч Г.Ганбадрах,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/1410 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.М-н өмгөөлөгч Г.Ганбадрахын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Р.М-т холбогдох эрүүгийн 2006023491507 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овогт Р.М, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ... оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Р.М  нь 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын ар 6-15 тоотод иргэн С.Ч ийн толгойн тус газар нь 1 удаа гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд цусархаг няцрал, их тархины баруун тал бөмбөлөг, зүүн тал бөмбөлөгийн зулайн ар хэсэг, бага тархины зүүн тал бөмбөлгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Р.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Р.М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М ын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Р.М аас 1.237.642 төгрөг гаргуулж хохирогч С.Ч ид олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Ч  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Р.М аас хохирол нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Р.М ын өмгөөлөгч Г.Ганбадрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р.М ын болон түүний эхнэрийн хувийн байдалтай холбоотой 24 хуудас баримтыг шинээр гарган өгч байна.

1. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял хариуцлага халдаасан байдаг.

- Шүүгдэгч урьд нь гэмт хэрэг эрх зүйн зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон.

- Гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа.

- Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй.

- Хохирогч талын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Р.М ын хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгөхийг шүүхээс хүсч уламжилсан.

- Шүүгдэгч Р.М ын эхнэрийн тархинд цус харвалт өгсний улмаас эмнэлэгт тархины мэс засалд орсон, хэвтэн эмчлүүлж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж, 6.5 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.

2. Хохирогчийн зүгээс шүүгдэгчийн зээ охиныг элдвээр хэлж, айлгаж ичээсэн, бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурч, айлд агсан согтуу тавьж ёс зүйгүй авирласан зэргээс Зөрчлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай багц хуулиудыг зөрчсөн үйлдэл нь уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хүрсэн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.

3. Миний үйлчлүүлэгчийн ар гэр, хамаатан садны зүгээс Р.М ын хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгөхийг шүүхээс хичээнгүйлэн хүсч уламжилсныг харгалзан үзнэ үү.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү...” гэв.

 

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Р.М т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцон тайлбар гаргаж байна. Р.М  нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж оролцсон. Тийм учраас шүүгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байсан гэж бодож байна. Тухайн шүүх хурлын дараа хохирол мөнгийг төлсөн байна. Р.М ын хувийн байдалтай холбоотойгоор хэлэх тайлбар байхгүй. Одоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Р.М  нь 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын ар 6-15 тоотод иргэн С.Ч той агсам тавьсан гэх шалтгаанаар маргалдан улмаар толгойн тус газар нь 1 удаа гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд цусархаг няцрал, их тархины баруун тал бөмбөлөг, зүүн тал бөмбөлөгийн зулайн ар хэсэг, бага тархины зүүн тал бөмбөлгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Ч ийн “...Баяраа намайг үсдэж байгаад толгой руу цохиод байсан. Авгай нь өмөөрч бид хоёрыг салгасан. Толгой руу зөвхөн гараараа цохисон. Миний толгой эргээд байхаар нь бариачид үзүүлсэн юм. Гэтэл бариач гэмтэл их цус хуралттай байна, гэмтлийн эмнэлэгт оч гэсэн. Тэгээд ах дүү нараасаа мөнгө цуглуулж томографид харуулж, бичлэг хийлгэж, тархины мэс засалд орсон. ...” /хх-ийн 31-32/,

 

гэрч С.Г-н “...бид хэд ярилцаж байгаад улсын Гуравдугаар эмнэлэг хамгийн сайн гэсэн болохоор 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус эмнэлэгт очоод м-райд харуулахад гэмтлийн эмнэлэгт үзүүл, яаралтайгаар хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд бид хэд маргааш нь шинжилгээний хариуг нь аваад Гуравдугаар эмнэлгийн тархины мэдрэлийн мэс заслын тасагт үзүүлсэн. Тэгээд тэр дороо хагалгаанд орох хэрэгтэй гээд эмнэлэгт хэвтүүлээд маргааш өглөө нь хагалгаа эхэлсэн. Эмч бас хэлэхдээ тэр хагалгаа 95 хувь нь гэмтлээс үүссэн гэж хэлж байсан. ...” /хх-33/,

 

гэрч Д.Т-н “...Тэгтэл М нь Ч-г толгойных нь зүүн хэсэгт алгадчихаад охиныхоо араас гүйсэн. Ч алгадуулаад амбаар түшиж байснаа арагшаа уначихсан. Тэр үед 00-с А гарч ирээд бид хоёр гэр лүү алхаад очих хооронд Ч босоод ирчихсэн хувцасныхаа шороог гөвөөд зогсож байсан. Нуруунд нь жоохон шороо болчихсон болохоор би арчиж өгчихөөд гэртээ орсон. Тэгсэн чинь Ч нь муу байна гээд байсан. ...” /хх-39/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...С.Ч ийн биед их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд цусархаг няцрал, их тархины баруун тал бөмбөлөг, зүүн тал бөмбөлгийн зулайн ар хэсэг, бага тархины зүүн тал бөмбөлгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 859 дугаартай дүгнэлт /хх-44-46/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Р.М ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Р.М ын С.Ч ийг зодож, эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд цусархаг няцрал, их тархины баруун тал бөмбөлөг, зүүн тал бөмбөлөгийн зулайн ар хэсэг, бага тархины зүүн тал бөмбөлгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Р.М ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал зэргийг харгалзан 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрахын зүгээс хохирогчид хохирол төлбөр төлсөн талаарх болон шүүгдэгч Р.М , түүний эхнэрийн эрүүл мэндийн байдалтай холбоотой 24 хуудас баримтыг шинээр гарган өгсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гарамханд нь ”... хохиролд 4.238.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, шүүгдэгч Р.М т оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хүсэлт, Р.М ын эхнэр Д.Т-н эрүүл мэндийн байдалтай холбоотой бусдын асаргаанд орсон талаарх баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүгдэгч Р.М  нь хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нэхэмжилсэн дүнгээр төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналт хүсэлт зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрахаас “шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авч шүүгдэгч Р.М т оногдуулсан хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Р.М  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 4.238.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1410 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Р.М ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Р.М ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Р.М т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “...Р.М т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Р.М  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-д нийт 4.238.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР