| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 307/2025/03026/И |
| Дугаар | 001/ХТ2026/00118 |
| Огноо | 2026-05-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2026/00118
“ГБ” ХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.12.01-ний өдрийн 307/ШШ2025/02329 дүгээр шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.09-ний өдрийн 209/МА2026/00013 дугаар магадлалтай,
“ГБ” ХК-ийн нэхэмжлэлтэй
Б.М-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25,874,760.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг
Хариуцагч Б.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч Б.М-, өмгөөлөгч Ө.Ө /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ГБ” ХК хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,874,760.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.12.01-ний өдрийн 307/ШШ2025/02329 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.М-аас 25,874,760.15 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ГБ” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,324 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 287,324 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.09-ний өдрийн 209/МА2026/00013 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.12.01-ний өдрийн 307/ШШ2025/02329 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 288,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагч Б.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Миний нөхөр Ц.О- нь Улаанбаатар хотын ГБны салбараас цалингийн зээл авсны дараа 2025.09.12-ны өдөр нас барсан. Миний бие талийгаач нөхрөө тус банкнаас цалин зээл авахад хамтран зээлдэгч гэсэн хэсгийн гарын үсэг зурагдах хэсэгт гарын үсгээ зурсан нь үнэн. Сайн дураараа очиж зураагүй “эхнэрээ ирээд зээлийн гэрээ баримт дээр гарын үсгийг нь зуруулчих гэсэн чи хүрээд ирээч” гэхээр нь эдийн засагч руу нь ороод гарын үсгээ зурсан. Эдийн засагч надтай ямар нэгэн байдлаар ярилцаж миний хувийн байдал зээл төлөх чадвартай эсэхэд асууж ярилцаагүй мөн надаас ямар нэгэн баримт нотолгоо огт шаардаагүй.
Би анхан шатны шүүх хуралд хуулийн дагуу өөрийгөө өмгөөлж мэдэхгүй “манай нөхөр зээл авсан уг зээлд гарын үсэг маань байгаа болохоор төлөх ёстой гэж хэлэх ёстой юм бол уу” гэж сандраад төлнө гэж хэлсэн. Гэвч хэрхэн яаж төлөх өө мэдэхгүй, төлж чадахгүй учраас хуулийн дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд мэтгэлцэж оролцох эрхээ хэрэгжүүлж энэхүү гомдлыг гаргаж байна. Үндсэн зээлдэгч нас барсан учраас түүний цалин орлого зогсож хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон учир би 25,874,760.15 төгрөгийг төлөхөд өнчин хоёр хүүхдээ ганцаараа өсгөхөд хүнд байгаа дээр талийгаачийн банкны өрийг төлнө гэхэд сэтгэл санаа болон санхүүгийн хувьд үнэхээр хүнд байдалд орчлоо. Иймд зээлийн гэрээний үүрэг зөвхөн банк болон талийгаач нарын хооронд байгуулсан, зөвхөн талийгаачийн цалин, дансны орлого барьцаалсан тул үүргийн гүйцэтгэлийн миний бие хэрхэн хангах талаар судлагдаагүй, банк надтай хамааралтай зохих ёсны үүргээ бүрэн биелээгээгүй зөвхөн гарын үсэг зуруулсан байдлаар зээлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026.04.10-ны өдрийн 001/ШХТ2026/00480 дугаар тогтоолоор хариуцагч Б.М-ын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
7. Нэхэмжлэгч “ГБ” ХК хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,874,760.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... 2022.10.24-ний өдөр иргэн Ц.О-тэй зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. 2023.02.16-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг 5,600,000 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээний хугацааг 12 сар, жилийн хүүг 15.6 хувь байхаар тохиролцсон. 2023.06.06-ны өдөр зээлийн хэмжээг 11,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хүү жилийн 15.6 хувь, гэрээний хугацааг 12 сар гэж тохиролцсон. 2023.08.29-ний өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлийн хэмжээг 5,770,000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 15 сарын хугацаатай зээл олгосон. Хамгийн сүүлийн байдлаар талуудын хооронд зээлийн гэрээг дахин байгуулахдаа өмнөх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Ц.О- нь Б.М-ын хамт 24,200,000 төгрөгийг зээлийг ГБнаас хүсч жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сар хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2026.10.05-ны өдөр дуусахаар байгаа боловч зээлдэгч нар олон сар зээлээ төлөхгүй зөрчил гаргасан учраас шүүхэд хандсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нартай удаа дараа холбогдсон боловч амжилтад хүрээгүй. Хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 23,676,670.85 төгрөг, үндсэн хүү 2,125,335.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,753.75 төгрөг нийт 25,874,760.15 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн гэрээнд хоёр хариуцагч байгаа боловч үндсэн хариуцагч нас барсан учраас бид хамтран хариуцагч Б.М-аас гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарлажээ.
8. Хариуцагч Б.М- нь шүүхэд гаргасан тайлбартаа “...Нөхөр Ц.О- нь ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотын ГБны салбараас цалингийн зээл авахад хамтран зээлдэгчээр оролцсон бөгөөд нөхөр маань 2025.09.12-ны өдөр нас барсан. Энэ хугацаанд ГБнаас өр төлөх албан бичгийг ирүүлсэн. Банкны хариуцсан ажилтантай холбогдоход жилийн дотор сарын 2,100,000 төгрөгийг төл гэсэн шаардлага өгсөн. Миний хувьд бага насны хоёр хүүхэдтэй. Бага хүү О.Э маань байнгын асаргаанд байдаг тул хөдөлмөр хийх боломжгүй. Сарын орлого гэж байхгүй. Халамжаас хүүд минь олгодог асаргааны мөнгөнөөс өөр зүйл байхгүй. Банктай эвлэрч чадсангүй. Иймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж сар бүр төлөх төлбөрийг хамгийн бага хэмжээнд тогтоож өгөхийг хүсье. Би төлбөрийн нөхцөлийг төлөх үүргээ ухамсарлаж байна” гэжээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...Ц.О- нь 2022.10.24-ний өдөр “ГБ” ХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээл авсан, дангаараа нийт 3 удаа зээлийн гэрээнд зээлийн хэмжээ, зээлийн хүү, хугацааны талаар нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, 2024.04.05-ны өдөр Б.М-ын хамтаар зээлийн үлдэгдэл дээр нэмж 24,200,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй авснаар зээлийн үлдэгдэл 34,996,740 төгрөг, жилийн хүүд өөрчлөлт ороогүй, хугацааг 30 сар байхаар тохиролцсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, зээлдэгч Ц.О- 2025.09.12-ны өдөр нас барсан. Зээлдэгч Б.М- нь хамтран үүрэг гүйцэтгэгч тул зээлийн гэрээний үүргээс чөлөөлөхгүй. Хариуцагч нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдээ асардаг ажил хийдэггүй, тодорхой орлогогүй байгаа байдал тогтоогдож байгаа боловч зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж дүгнэжээ.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба “…талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тус гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ тул энэхүү үндэслэл нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үр дагаврыг үүсгэхгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.” гэсэн дүгнэлтийг хийжээ.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид холбогдох маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, үйл баримтыг буруу тогтоосон гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагч Б.М-ын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.
12. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээхээр зохицуулсан, банк мөнгөн хөрөнгийг 2024.04.05-ны өдөр шилжүүлж үүргээ биелүүлсэн бол хариуцагч нар зээлийг гэрээнд заасан нөхцөлөөр буцааж төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж тус тус заасан.
13. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ хүчин төгөлдөр талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Тухайлбал,
13.1.“ГБ” ХК болон иргэн Ц.О- нар 2022.10.24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нь 5,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан, улмаар 2023.02.16-ны өдөр зээлийн хэмжээг 5,600,000 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээний хугацааг 12 сар, жилийн хүүг 15.6 хувь, 2023.06.06-ны өдөр зээлийн хэмжээг 11,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хүү жилийн 15.6 хувь, гэрээний хугацааг 12 сар, 2023.08.29-ний өдөр зээлийн хэмжээг 5,770,000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 15 сарын хугацаатай тус тус тохиролцсон байна.
13.2. Харин 2024.04.05-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хамтран зээлдэгчээр Б.М-ыг оролцуулж 24,200,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон, Б.М- зээлийн гэрээ болон зээл эргэн төлөх хуваарьт тус тус гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч “ГБ” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг Ц.О-ийн дансанд шилжүүлсэн.
14. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ.”, 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна”. гэж тус тус заажээ.
Зээлийн гэрээний зээлдэгч тал нь Ц.О- болон Б.М- байх тул тэдгээр нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид байх бөгөөд гэрээнд зээлдэгч тус бүр үүргийг хэсгээр хариуцахаар тохиролцоогүй.
15. Хариуцагч Б.М- анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа зээлийн мөнгөн хөрөнгийг төлөхийг илэрхийлсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар зээл төлөх нөхцөлд бага дүнгээр өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн боловч зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ хэсэгчлэн гүйцэтгэх эрхийн талаар талууд тохиролцоогүй, хожим үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх талаар зөвшөөрөөгүй тохиолдолд шүүх хөндлөнгөөс гэрээний нөхцөлд аливаа өөрчлөлт оруулах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Гэрээний талууд харилцан тохиролцож гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй болно.
16. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно”, 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.” гэж тус тус заажээ.
Зээлдэгч нар 2025.05.04-ний өдрөөс зээлийн гэрээний үүргийг огт гүйцэтгээгүй, нэхэмжлэгч тал 2025.05.14-ний өдрийн 018200424 тоот албан бичгээр зээлдэгч Ц.О-т зээлийн гэрээний төлбөрийн үүрэг “2025.05.14-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 2,824,482 төгрөгийн төлбөрийн үүргийг 70 хоног хугацаа хэтэрсэн, 2025.04.29-ний өдөр үүргийн зөрчил үүссэн талаар мэдэгдэж хугацаа тогтоосон” талаар мэдэгджээ.
Зээлдэгч Ц.О- 2025.09.12-ны өдөр нас барсан, нэхэмжлэгч шүүхэд 2025.10.23-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
17. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч тал зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.М-аас шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөрчихгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй.
Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.М-ын давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасантай тус тус нийцсэн байна
18. Хариуцагч Б.М-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зөрчигдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим, шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулах эрх зөрчигдсөн гэх түүний хяналтын журмаар гаргасан гомдол хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
19. Иймд дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.12.01-ний өдрийн 307/ШШ2025/02329 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.09-ний өдрийн 209/МА2026/00013 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.М- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.03.18-ны өдөр 288,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД