Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 202/МА2018/00032

 

Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

                 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 137/ШШ2018/00207 дугаар шийдвэртэй,

               Нэхэмжлэгч: Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, ........ айлын Б-.......тоот оршин суух, Я  овогт Н-ийн Т /РД: ЧЗ66032406/,

             Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, .... айлын Б-...... тоотод оршин суух, Боржигон овогт С-ын А /РД: УУ62021050/ нарт холбогдох,

         Зээлийн гэрээний үүрэгт 95 689 164.29 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Нарны зам 147 дугаар байрны ......тоот-д байршилтай, орон сууцны зориулалттай, 73 м/кв талбайтай, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-....... дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

            Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, түүний өмгөөлөгч Г.Цагаан нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг,  Б.Нэргүй, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, түүний өмгөөлөгч Г.Цагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Капитал банк ХХК  2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк нь Н.Т, С.А нартай 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ-737 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 112 420 000 төгрөгийг 10 жилийн хугацаатайгаар, сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэйгээр олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 147 дугаар байрны 15 тоот хаягтай, 73 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055852 дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байдаг. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд 19 692 217,02 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр зээлийн үлдэгдэл 93 699 735,26 төгрөг, зээлийн хүү 1 974 529,03, нэмэгдүүлсэн хүү 14900 төгрөг, нийт 95 689 164,29 төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Иймээс хариуцагчийн олж буй орлого болон барьцаа хөрөнгөнөөс дээрх мөнгийг нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Капитал банк 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэхэмжлэхдээ: Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд дэх салбар нь хариуцагч Н.Т, С.А нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 95 689 164,29 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2 396 058,29 төгрөгөөр бууруулж 93 293 106 төгрөг болгон өөрчилсөн. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 93 293 106 төгрөгөөс 6 158 200 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 87 134 906 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл төлбөр төлөгч С.А нь дээрх шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад тус өдрийн 0005 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, тус иргэний хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтсон. Хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөр төлөгч нар нийт 22 613 270 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 64 521 635,81 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 312 208 төгрөг, нийт 64 833 843,81 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд хариуцагч Н.Т, С.А нараас нийт 64 833 843,81 төгрөг гаргуулж Капитал банкны Замын-Үүд дэх салбарт олгуулж өгнө үү. Мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгончимэг шүүх хуралдаанд нэхэмжлэхдээ: Хариуцагч Т, А нараас зээлийн гэрээний үлдэгдэл, хүү, нийт 95 689 164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 2 396 058 төгрөгөөр бууруулж 93 293 106 төгрөг болгон өөрчилсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 158 200 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 87 134 906 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Т, А нар нь дээрх захирамжид шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн гэж дахин хянуулахаар хүсэлт гаргасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр авч хянан хэлэлцэж 47 дугаар захирамжийг хүчингүй болгож тус хэргийг ердийн журмаар шийдвэрлэх шийдвэр гарсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарснаас хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөх хугацаанд 23 613 270 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 63 521 635 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч нараас дээр дурдсан мөнгийг гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэв.

            Хариуцагч Н.Т, С.А нар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн хүү, алданги нийт 6 158 200 төгрөгийг 2017-01-11, 2017-01-15-ны өдрүүдэд төлж зээлийг хэвийн болгож графикт нь оруулсан. Цаашид зээлийг графикийн дагуу төлж дуусгах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Капитал банк нь Н.Т, С.А нартай №737 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээг 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, гэрээний 2.4-т заасан Жайка төслийн зээл “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттайгаар дамжуулан олгож буй хөнгөлөлттэй зээлийг, орон сууц худалдан авах зориулалтаар сарын 0,67 хувь, жилийн 8 хувь байхаар тооцож, 120 сарын хугацаанд бидэнд олгосон гэж ойлгож байна. Талуудын гаргаж өгсөн иргэний хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний 2.7-д зааснаар “Зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацаа гэж энэ гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарийн дагуу хэсэгчилсэн төлбөр гүйцэтгэхээр тохиролцсон хугацааг хэлнэ” гэжээ.  Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хариуцагч тал өөрт ашигтай давуу байдал гаргаж зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор, ойлгомжгүй үг хэллэг хэрэглэж байгуулсан байна. Жишээ нь гэрээний 8.3.3-т “зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй, энэ нь 60 хоног үргэлжилсэн бол” гэж заасан байдаг. Бидний хувьд тус заалтад зааснаар зээлийн төлөлтийг 60 хоногоор хэтрүүлсэн, сар дамнан төлөөгүй зэрэг зөрчил гаргаагүй болно. Гэтэл хоногийн хэтрэлт хүү, нэмэгдүүлсэн хүүг цаг тухайд нь тооцож авч төлүүлж  байсан, зээлээ төлөөгүй, хүүгээ болон нэмэгдүүлсэн хүүгийн торгуулыг төлөөгүй асуудлыг огт гаргаж байгаагүй, гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлж байсан нь 2006010221 тоот дансанд Н.Төөс тушааж байсан 2017.01.02-ны өдрөөс эхлэн 2018.06.12-ны өдрийг хүртэлх зээл төлөлтийн хуулга, мөн 2013.12.06-ны өдрөөс эхлэн 2018.08.08-ны өдрийн зээл төлөлтийн хуулгаар харагдаж байгаа юм. Капитал банк нь ДГА, Замын-Үүд дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар гүйцэтгэх ажиллагаа хийлгэхээр 2017.01.30-ны өдрийн 137/ШШ2017/00047 дугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийг ашиглаж, илтэд гуйвуулж, шүүгчийн захирамжид тусгагдаагүй ажиллагааг хийхийг оролдож, С.А, Н.Т, А.Билгүүн нарын хамтран өмчлөлийн Ү-2204055852 тоот улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрт тусгагдсан 87 134 96 төгрөгт чинь тулгаж албадан хурааж авна гэж сүрдүүлж дарамталж байсан юм. Гэтэл нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ заавал барьцаа хөрөнгө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ирүүлсэн нь ямар нэгэн ашиг сонирхол байгааг илтгэж байна. Иймд Капитал банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн төлбөрөө төлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 80 489 032,37 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн байгаа, цаашид зээлийн гэрээний үлдэгдэл болох 64 521 635 төгрөгийг зээлийн гэрээний хавсралт 1-д заасан графикийн дагуу сар бүр төлж дуусгах болно гэжээ.

          Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч Н.Т, С.А нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 63 521 635 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож,

         Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 396 058,29 төгрөгөөр багасгаж, 93 293 106 төгрөг болгон өөрчилж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас нийт 29 771 470 төгрөгийг төлсөнийг баталж,

           Хариуцагч Н.Т, С.А нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7.1-т зааснаар барьцаа хөрөнгө буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооо, 13 дугаар хороолол, Нарны зам 147 дугаар байрны 15 тоот хаягт байрлах 73 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 706596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 706596 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

            Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

             Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т миний бие 2013 оны 12 дугаар сарын 04-нөөс 2023 оны 12 дугаар сарын 04 хүртэл 112 420 000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр сард 1 365 972,11 төгрөгийн төлөлт хийхээр авсан. Энэ хугацаанд тасралтгүй төлж яваад 2016 оны 06 дугаар сард 666450 төгрөг /699522 төгрөг дутуу/, 7 сард 616800 төгрөг /749172 төгрөг дутуу/, 10 сард 500000 төгрөг /865972 төгрөг дутуу/, 11 сард 976700 төгрөг /389272 төгрөг дутуу/, 12 сард 973200 төгрөг /392772 төгрөг дутуу/ төлж, нийт 3096710 төгрөг дутуу төлж явсан. Яагаад гэвэл эдийн засгийн хямрал Монгол орон даяар болсон, 2015 оны 12 сард нөхөр маань осолд ороод хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хүүхэд оюутан тул би арга буюу дутуу, тал тал тийш нь зохицуулж, өдөр шөнөгүй мөнгө олох гэж зохицуулж явсан. Ингээд 2017 оны 01 сард шүүхэд очихоос өмнө 6 158 200 төгрөг төлж график хэвийн болж энгийн горимондоо орсон. Үүнээс хойш зээлийн хоцролт гэж байгаагүй. Сар болгон хэвийн төлж байгаа. Гэтэл банк огт төлөөгүй мэт шүүхэд тайлбарлаж, 2016 оны 6 сараас хойш өнөөдрийг хүртэл хоцорч, график зөрчсөн мэт үзэж, байрыг минь авах гэж улайрч байна. Банкны ажилтнууд нь удаа дараа намайг доромжилж загнаж байсан. Захирал Наранцэцэг нь намайг элдвээр доромжилж байсан. Капитал банкны Наранхүү, Чинхүслэн гэдэг хүмүүс байрыг чинь банкны үлдэгдэл мөнгөнд чинь тулгаж авна, илүү гарвал аз, гарахгүй бол хохь чинь гэж доромжилж байсан. Мөн гэрээнд тусгагдаагүй байхад банк барьцаа хөрөнгөөр хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулахаар нэхэмжлэлээ нэмэгдүүлж байгаа нь байрыг минь авах ашиг сонирхол их байна гэж үзэж байна. Шүүх анхнаасаа банкны хүсэл зорилгоор хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй. 2018 оны 9 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр банкны нэхэмжилсэн 63 521 635 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь банкны нэхэмжлэлийн хүрээнээс халиагүй болно. Энэ нь 63 521 635 төгрөгийг бөөнд нь төлөх, эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангах нөхцөл болохгүй. Зээлийг хоцроосныг гэрээний 8.3.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзээд байгаа. Бид нар 60 битгий хэл 30 хоног хүртэл хэтрүүлсэн асуудал байхгүй. Иймд миний гомдлыг нягтлан үзэж Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 137/ШШ2018/00027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           Хариуцагчийн өмгөөлөгч Г.Цагаан давж заалдсан гомдол болон давж заалдах  шатны шүүх  хуралдаанд  гаргасан  тайлбартаа:  Шүүхийн  шийдвэр нь хууль  ёсны  бөгөөд үндэслэл  бүхий  байх  хуулийн  шаардлагыг  хангаагүй төдийгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмын дагуу явуулаагүй, зөвхөн нэхэмжлэгч Капитал банкны талд шийдвэрлэсэн, ялангуяа хариуцагчийн тайлбарыг сонсоогүй, нэхэмжлэгчийг хөтөлж асуух маягаар шүүх шийдвэрээ гаргасан нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Нэгдүгээрт: Иргэний хуулийг ноцтой зөрчсөн болох нь: Капитал банк нь Алтантуяа, Отгонцэцэг, Шарав нарт итгэмжлэл олгосон /хх-5/, Наранцэцэг, Нямсамбуу нарт итгэмжлэл олгосон /хх 108-109/, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Отгончимэг, Б.Нэргүй нар оролцсон нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т зааснаар хэн нь төлөөлөх бүрэн эрхтэй болохыг шүүх шалгаагүй.

          Капитал банк 2018 оны 08 сарын 01-ний өдрийн 64 833 843,81 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг урьдах шийдвэрээр Н.Төөс гаргуулсан 312 208 төгрөгийг энэ нэхэмжлэлд гаргасан улсын тэмдэгтийн хураамж гэж тооцсон. Харин барьцаа хөрөнгийг 160 600 000 төгрөг гэж үнэлсэн атлаа улсын тэмдэгтийн хураамжинд Капитал банк Н.Тийн нэрээр 70200 төгрөг тушаасан байсан /хх-11/. Капитал банкаар улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу төлүүлээгүй бөгөөд үүнийг шүүгч улсын тэмдэгтийн хураамжийг ингэж төлүүлэхийг Капитал банкинд хүндрэлтэй гэж тайлбарласан бөгөөд шүүхийн шийдвэртээ ...сүүлд нэмэгдүүлсэн гэж үзэж 70200 төгрөг төлсөнийг буруутгах үндэслэл байхгүй  гэж дүгнэсэн. Нэмэгдүүлсэн шаардлага юу вэ гэхээр барьцааны гэрээ хангах гэсэн шаардлага тавьж байгаа. Хэрвээ барьцааны гэрээ хангах гэж байгаа бол улсын тэмдэгтийн хураамж 1290297 төгрөгийг төлсөний дараа хэлэлцэх ёстой. Улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй буюу дутуу төлсөн тохиолдолд шүүх хүлээж авч байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн.

           Шүүх гэрээний хэсэгчилсэн хугацааг зөрчиж зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3 заалтыг зөрчсөн тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй гэж дүгнээд барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан нь нотлох баримтанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас шударгаар үнэлж чадаагүй, зөвхөн Капитал банкинд үйлчилсэн байдлаар хандсан. Угаасаа нэхэмжлэлийн шаардлагад гэрээг цуцлах, түүний үндэслэл болон Н.Т зээлийн гэрээнд заасан үүргээ хэрхэн зөрчсөн болохыг нотолж чадаагүй, шүүх хуралдаанд ийм үндэслэл огт гаргаагүй. Хэрэв зээлийн гэрээний 8 дугаар  зүйлд заасан зөрчил илэрсэн бол банк зээлийн гэрээний 3.21-д зааснаар тухайлбал 3.21.1 “зээлдэгчид өөрт нь гардуулсан, 3.21.2 “зээлдэгчид өөрт нь гардуулах боломжгүй бол гэрээнд заасан хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, 3.21.3 “энэхүү гэрээний 3.19.1, 3.19.2-т заасан шаардлагыг гаргуулж чадаагүй тохиолдолд үндэсний өдөр тутмын сонинд нийтлүүлсэн” ийм мэдэгдэл өгөөгүй байхад шүүгч ... зээл төлөх талаар бичгээр мэдэгдээгүй боловч гар утсаар холбогдсон нь сануулж байсан болох нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасан нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ. Ядаж хавтаст хэрэгт утсаар ярьсан тухай ямар ч нотлох баримт байхгүй шүү дээ. Банкинд ямар ч хохирол учраагүй. Яагаад гэхээр зээлийг сар болгоны 10-нд төлөх ёстой ч хугацаагаа хэд хэдэн хоногоор хоцроосон боловч тухайн сараас давуулаагүй, 60 хоног байтугай 30 хоног ч хэтрүүлээгүй гэдгийг өөрөө ч хэлж байна. Хоцроосон зээлээ төлөөд графикийн дагуу явж байгаа учраас банкинд хохирол учраагүй. Дутуу төлсөн, хоцорсон зээлээ төлчихсөн. Гэтэл энэ хүний эрхийг зөрчиж өмчлөх эрхэд нь халдаж болохгүй шүү дээ.

          Шүүх барьцааны гэрээг хүчин Т гэрээ гэж үнэлсэн нь буруу, яагаад гэвэл үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйл, 11.1.1, 11.1.6, 11.3-ын талаар гэрээнд тусгаагүй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар барьцааны гэрээний 6.1-д үл маргах журмаар худалдахаар гэрээнд заасан байхад шүүх хөндлөнгөөс нэхэмжлэгчийн үгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж байгаа нь Үндсэн хуульд заасан хүний өмчлөх эрхэд халдсан хэрэг гэж үзэж байна.  Банк үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ барьцаа хөрөнгийн үнэлгээг 112 420 000 гэж тодорхойлсон атлаа өөрсдөө дараа нь барьцааны үнэлгээг 160 000 000 төгрөг болгож засаад шүүхэд өгснийг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж байна. Зээлийг графикийн дагуу төлж байхад барьцааны гэрээгээр хангана гэж байгаа нь үндэслэлгүй. Ийм үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тийн хувьд зээлээ төлөх талаар удаа дараа шаардуулсан. Зээлийн хүү зогсоод захирамж гарсанаас хойш зээлээ төлөхгүй, 5-6 сар зээлээ төлөхийг шаардсан. Энэ бол үнэн. Хамгийн гол ипотекийн корпорацид худалдагдчихсан. Тухайн сардаа зээлээ төллөө гэхэд тэр хугацаа хэтрэлт хэвийн болж явдаггүй. Зээлийн хугацаа 60 байтугай 90 хоногоор хэтэрсэн учраас манай талаас 2017 оны 01 сард шүүгчийн захирамж гаргуулахаар хүсэлтийг шүүхэд гаргасан. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд барьцаа хөрөнгөөр нь үүргийг хангуулахаар 70200 төгрөгийг манай талаас нэмж төлсөн байгаа. Энэ хүмүүс буруу ойлгоод байна. Хугацаа хэтрүүлэлттэй байгаа учраас барьцаа хөрөнгөөр хангуулахаар Иргэний хуульд зааснаар шаардаж байгаа болохоос биш өнөөдөр энэ хүнийг байраа суллаад өг гэж хэлээгүй. Хэрэгт зээлдэгч нарын гарын үсэгтэй баримт байгаа. Түүний дагуу хийгдсэн ажиллагаа учраас бид нар хууль зөрчсөн асуудал байхгүй гэв.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ттэй 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2016 оны 03 сараас хойш зээл нь графикийн дагуу төлөгдөөгүй. 2016 оны 3, 4,6, 7, 8 саруудад зээлээ төлөөгүй гэдэг нь харагдаж байгаа шүү дээ. Зээлийг сар бүрийн 10-нд төлөх ёстой, манай банк зээлээ тухайн өдрөө төлөхийг шаарддаг, тэрнээс биш сардаа багтааж төлнө гэсэн асуудал байхгүй гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Н.Т, С.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт:

1. Зээл 93 699 765, 26 төгрөг, зээлийн хүүд 1 974 529, 03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14900 төгрөг, нийт 95 689 164,29 төгрөг гаргуулж, хариуцагчийн орлого болон барьцаа хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулахаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр анх нэхэмжлэл гаргаж,

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр /хх-38/ нэхэмжлэлийн нийт дүнг 2 896 058, 29 төгрөгөөр багасгаж 93 293 106 төгрөг болгон үүнээс хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 6 158 200 төгрөг төлснийг хасч нийт 87 134 906 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн,

3. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр /хх-117/ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дээрх 87 134 906 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн гэх 22613270 төгрөгийг хасч нийт 64 521 635, 81 төгрөг гаргуулах,

4. Шүүх хуралдаанд мөн хариуцагч нарыг нийт 23 613 270 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нийт 63 521 635 төгрөг болгон багасгаж өөрчилж /хх-177/, эцсийн байдлаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 63 521 635 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-737 дугаартай зээлийн гэрээ /хх7-10/, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн БГ-737 дугаартай барьцааны гэрээ /хх11-15/, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн БГ-737 дугаартай барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдэд /хх16-18/ тус тус үндэслэжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийг хуваарийн дагуу хэвийн төлнө, барьцаа хөрөнгөнөөс төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж маргажээ.

          Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, түүний өмгөөлөгч Г.Цагаан нар эс зөвшөөрч “... нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй ... “ гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй буюу хуулийг буруу хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Н.Т, С.А нар нь нэхэмжлэгч Капитал банк ХХК-аас 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр орон сууц худалдан авах зориулалтаар ЗГ-737 дугаартай зээлийн болон БГ-737 дугаартай барьцааны гэрээ байгуулан 112 400 000 төгрөгийг 10 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлийг авч үүргийн гүйцэтгэлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Нарны зам 147 дугаар байрны 15 тоот-д байршилтай, орон сууцны зориулалттай, 73 м/кв талбайтай, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204055852 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг /хх-20/ барьцаалсан, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж барьцаа хөрөнгийн үнэлгээг 160 600 000 төгрөг болгож, хамтран үүрэг гүйцэтгэгчээр С.А, А.Билгүүн нарыг нэмж бүртгэсэн үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин Т гэрээ байгуулагджээ.

            Мөн хариуцагч нар нь  2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 6 158 200 төгрөгийг төлж, зээлийн хугацаа хэтрэлтгүй болж, цаашид зээлийг хуваарийн дагуу төлөхөөр санал гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрч зохигчид эвлэрсэн байхад шүүх зохигчдын энэхүү эвлэрсэн нөхцлийг буруу тодорхойлж, зээлийн үлдэгдэл 87 134 906 төгрөг төлөхийг хариуцагч зөвшөөрсөн гэж үзэж 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 137/ШШ2017/00047 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрийг хүчингүй болгуулахаар хариуцагч талаас 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр илт хууль бус захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлт /хх-46/, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдол /хх-67/, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шинээр илэрсэн нөхцал байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт /хх-60/ тус тус гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож, улмаар 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дахин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт /хх-95/ гаргасныг хангаж, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 137/ШШ2017/00047 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэх үндэслэл бий болсон байна.

            Хариуцагч тал шүүхэд удаа дараа гаргасан тайлбартаа “... зээлийг графикийн дагуу төлж дуусгах хүсэлтэй...” /хх-23/, “... цаашид гэрээний үлдэгдэл болох 64521635 төгрөгийг зээлийн гэрээний хавсралт 1-д заасан графикийн дагуу сар бүр төлж дуусгах болно. ...” /хх-132/, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... гэрээний үүрэг  зөрчөөгүй, ... зээлийн гэрээг цуцлах үндэслэл гараагүй. ...” гэж маргасан байхад анхан шатны шүүх энэхүү маргааны үйл баримтыг “... хариуцагч нар нь 63 521 635 төгрөгийг маргаангүйгээр төлөхийг хүлээн зөвшөөрсөн,  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээнд заасан үүргийн зөрчил гаргаагүй гэж маргасан” гэж тодорхойлсон нь үндэслэл бүхий болж чадаагүй, улмаар хуулийг буруу хэрэглэх үндэслэл болжээ.

            Харин хариуцагч талын дээр дурдсан тайлбараас үзэхэд хариуцагч нь гэрээг цуцлах үндэслэлийн талаар маргаж, гэрээг нэг талын санаачилгаар цуцалсаныг эс зөвшөөрч гэрээг хэвийн үргэлжлүүлэхийг хүссэн гэж үзэхээр байна.

          Түүнчлэн нэхэмжлэгч тал гэрээг цуцалсан гэж тайлбарлах боловч хариуцагч нар нэхэмжлэгчийг шүүхэд анх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 6158200 төгрөгийг төлж, зээлийн хугацаа хэтрэлтгүй болж, зохигчид цаашид зээлийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцож байснаас үзэхэд болон хэрэгт цугларсан нотлох баримтаар гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хариуцагч талд хэрхэн яаж хүргүүлсэн тухай үйл баримт тогтоогдоогүйгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч тал хэдийгээр гэрээ цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч хариуцагч гэрээг цуцлах үндэслэлгүй гэж маргасны гадна үүргийн зөрчлийн улмаас нэг талын санаачилгаар гэрээг цуцлахдаа гэрээ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцлагдсан нөхцөлд үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй болох учраас талуудын гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан үндэслэлийн талаар шүүх зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай болно.

            Энэ талаар нэхэмжлэгч тал гэрээний 8.3 дугаар зүйлийн  8.3.2, 8.3.3-т тус тус зааснаар “зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлдэгч ... гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/” банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр хохирлыг  шаардах тухай зохицуулалтыг үндэслэж хариуцагчийг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэж үзэж гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шаардсан гэжээ.

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд энэ утгаараа талууд үүрэг зөрчсөнөөс гэрээ цуцлах нөхцлийг гэрээндээ харилцан тохиролцон тодорхойлох, энэхүү нөхцөл нь энэ талаарх Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд нийцсэн байх ёстой.

            Зохигчид гэрээ цуцлах нөхцлийн талаар зээлийн гэрээний 8.3 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.3.3-т тус тус зааснаар “зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлдэгч ... гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/” буюу гэрээний үүргийг дээрх байдлаар зөрчсөн тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар цуцлахаар тохиолцсон байх ба харин энэ талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс  татгалзах эрхтэй” гэж заажээ.

            Эндээс дүгнэж үзвэл зээлдэгч буюу хариуцагч нь зээлийн гэрээний 8.3-д заасан зөрчлийг гаргасан тохиолдолд зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөх, энэ хугацаанд үүргийн зөрчил засагдаагүй, зээлдэгч үүргээ зөрчсөн хэвээр байх юм бол зээлдүүлэгч гэрээнээс татгалзах буюу энэ нь гэрээг цуцлах үндэслэл болно гэж үзнэ.

            Гэхдээ нэхэмжлэгчийн үндэслэж байгаа гэрээ цуцлах үндэслэл болгосон гэх заалтуудын хувьд авч үзвэл  талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.3 дугаар зүйлийн 8.3.2, 8.3.3-т “зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлдэгч ... гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/” гэж заасан, мөн гэрээний 2.6 дугаар зүйлд “Зээлийн гэрээний ерөнхий хугацаа” гэж ... зээл ашиглах хугацааг,  2.7 дугаар зүйлд “Зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацаа” гэж гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарийн дагуу хэсэгчилсэн төлбөр гүйцэтгэхээр тохиролцсон хугацааг, 2.8 дугаар зүйлд “Зээлийн эргэн төлөлтийн хугацаанд нь биелүүлээгүй” гэж гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацааг хэтрүүлсэн байхыг ойлгохоор тус тус заажээ.

            Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т “гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасныг үндэслэвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний дээрх 8.3.2-д заасан “эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй” гэдэг нь хэсэгчилсэн хугацаанд төлөөгүй,  8.3.3-д заасан “төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй” гэдэг нь хэсэгчилсэн болон ерөнхий хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй  байхаар ойлгогдож байна. 

             Дээрх нөхцлүүд нь агуулгын хувьд ялгаагүй ижил утгатай хэдий ч гэрээний 8.3.3-д  “/энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/” гэж тодруулж өгсөн нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлдэгч  гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй аль ч тохиолдолд энэхүү зөрчил нь үргэлжилсэн 60 хоног болсон бол гэрээг зөрчсөн гэж үзэж зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг цуцална гэж гэрээний агуулгыг тайлбарлав.

            Гэтэл анхан шатны шүүх хариуцагч нарыг зээлийн гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд буюу сар бүрийн 10-ны өдөр зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй нь гэрээний 8.3.2, 8.3.3-д заасан гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бий болсон гэж дүгнэсэн нь нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэх үндэслэл болов.

            Хариуцагчийн тайлбараас үзэхэд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 6158200 төгрөгийг төлж, зээлийн хугацаа хэтрэлтгүй болж, зохигчид цаашид зээлийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцож байснаас үзэхэд хариуцагч гэрээний үүргийг биелүүлэх хугацааг хэтрүүлж байсан нь тогтоогдсон боловч дээрх гэрээнд заасны дагуу үргэлжилсэн 60 хоног хугацаа хэтрүүлж зөрчсөн гэх нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

         Энэ нь хэрэгт хариуцагч Н.Тийн зээлийн дансны хуулга /хх-72-79/, /хх133-140/ бичмэл нотлох баримтууд авагдсан байх боловч эдгээрт капитал банк гэсэн тэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан журамд нийцээгүй буюу хэргийн оролцогч өөрөө тэмдэг дарж баталгаажуулсан тул уг баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүйн гадна нэхэмжлэгч талаас хариуцагч Н.Т, С.А нар зээлийн гэрээний үүргийг хэд хоногийн хугацаагаар, хэзээ, яаж хэтрүүлсэн тухай тооцоолол, баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.  

            Иймд хариуцагч нар нь гэрээний үүргийг зөрчсөн хэдий ч энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.3 дугаар зүйлийн 8.3.2, 8.3.3-т заасан гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүхий зөрчил болох нь тогтоогдоогүй ба харин хариуцагч нар нэхэмжлэгчийг шүүхэд анх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргахад зээлийн хүүнд 1974529,03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14900 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн хугацаа хэтрэлтгүй болж үүргийг гүйцэтгэсэн зэргээс үзэхэд хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч нарыг үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй буюу энэ нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч Капитал банк ХХК нь гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхгүй байна.

         Нэхэмжлэгч талаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 137/ШШ2017/00047 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж зээлийн хүү зогсож, гэрээг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байх боловч энэхүү нөхцөл байдлыг шүүхээс гэрээ цуцлах болон гэрээний үүрэг зөрчигдсөн үйл баримтанд  дүгнэлт хийхэд үндэслэл болгох учиргүй юм.

            Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах эсэх тухай асуудал нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх үйл баримтанд  хамааралтайн гадна дээрх шүүхийн шийдвэр хүчингүй болж, мөн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 137/ШЗ2018/00607 дугаартай шүүгчийн захирамжаар биелэгдсэн шийдвэрийг цуцалсан ба Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон, хоёр талын ашиг сонирхлын үүднээс гэрээг онцгой үндэслэлээр гэрээг нэн даруй цуцлах шаардлагатай  болсон нөхцөл байдал үүсээгүй, ийм үндэслэл тогтоогдоогүй болно.

            Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан ипотек буюу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийн хувьд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар энэхүү зээлийн гэрээтэй салшгүй холбоотой салгаж үл болох эрх тул зээлийн гэрээ цуцлагдаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах үндэслэлгүй юм.

            Мөн талууд 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж хамтран үүрэг гүйцэтгэгчээр А.Билгүүнийг нэмж бүртгэсэн, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай нэхэмжлэл гаргасан атлаа түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байна.

            Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Капитал банк ХХК нь  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг анхан шатны шүүх анхаараагүй хууль зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй болно.

            Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 95689164,29 төгрөг гаргуулах, хариуцагчийн олж буй орлого болон барьцаа хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулахаар шаардаж улсын тэмдэгтийн хураамжинд 636396 төгрөг төлсөн, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ “нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай” гэж нэрлэж нэхэмжлэл гаргасан байх боловч хариуцагч нарыг 22613270 төгрөг төлсөн, одоо 64833843,81 төгрөг нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж, улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг нэмж төлсөн байх бөгөөд дээрх нэхэмжлэлүүдийн үндэслэл, шаардлагын агуулгыг авч үзвэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг анхны нэхэмжлэлд гаргасан ба сүүлийн нэхэмжлэлд энэ тухай шаардлагыг нэмэгдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Капитал банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бус өөрчилсөн гэж үзэхээр байна.

            Дээр дундсан үндэслэлээр хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т болон түүнийн өмгөөлөгч Г.Цагаан нарын “... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдсан гомдол үндэслэлтэй тул хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.   Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 137/ШШ2018/00207 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.4.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт тус тус зааснаар “хариуцагч Н.Т, С.А нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 63 52 1635 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Нарны зам 147 дугаар байрны 15 тоот-д байршилтай, орон сууцны зориулалттай, 73 м/кв талбайтай, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204055852 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

           2.   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 706596 төгрөгөөс 636396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          3.   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Тийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 220200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           4.    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

          5.   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                   ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                         Н.БАТЧИМЭГ