Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2022/00121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн хаалттай шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б овогт Т. П /

Хариуцагч: Т. Г 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны ** дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Т.П ,

Хариуцагч: Т.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.П  нь Т.Г т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Т.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2008 онд том хүү Р , 2016 онд бага хүү Н нар тус тус төрсөн. Сүүлийн хэдэн жил Т.Г нь ажил хийхгүй, агсам тавьж зоддог болсон. Юм л бол хардаж зодно. Үр хүүхдүүддээ хайр халамж байхгүй, ар гэрээс нь хүртэл ээж нь ирж дарамтална. Ийм болохоор цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Г.Р , Г.Н нарыг өөрийн асрамжинд авч хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

2. Хариуцагч Т.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Т овогтой Г 1986 онд төрсөн. Баян-Өндөр сумын Н баг 20-** тоотод амьдардаг. Миний бие эхнэр П тэй 2008 оноос хамт амьдарч эхэлсэн. 13 настай, 05 настай хоёр хүүхэдтэйгээ цугтаа амьдардаг. Би өөрөө тавилгын газар угсрагч хийж байгаад нурууны суулттай эрүүл мэндийн асуудлаас болж ажлаасаа гарсан одоо ажилгүй. Хашаа байшин зээлээр авахад миний хөрөнгө оруулалт байсан шүү дээ. Эхнэр ажилд орсон боловч гэр орондоо ирэхгүй хонож өнжөөд үүнээс болж гэр бүлийн маргаан үүссэн. Одоо чиний юм гэж байхгүй гэж хэлээд хөөж туудаг. Байх газаргүй болохоор ээжийндээ байна. Би уучлалт гуйсан. Хоёр хүүхдээ бодъё гэсэн суухгүй гэсэн. Би гэртээ очсон хаалга үүдний цоожийг сольсон байсан. Гэртээ орох боломжгүй зайл гэж дарамталж, доромжилдог болсон. Тэгээд өмссөн хувцастайгаа хөөгдсөн. Өвлийн хүйтэнд хэцүү байна. Хадмууд бүгд ойрхон байдаг учраас гэр бүлийн уур амьсгалд нөлөөлдөг гэв.

3. Нэхэмжлэгчээс: У өрхийн эмнэлгийн 2021 оны ** дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолт /хх-2/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны ** дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-3/, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-4/, 123 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, 456 дугаартай Г.Р ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, 789 дугаартай Г.Н-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн сургалтын менежер Д.Б ын тодорхойлолт /хх-8/, Орхон аймгийн ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Э ийн тодорхойлолт /хх-9/, Н багийн Засаг даргын 2021 оны ** дүгээр сарын 10-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт /хх-10/-ыг шүүхэд гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2.Нэхэмжлэгч Т.П дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

2008 онд гэрлэлтээ бүртгүүлж хамт амьдарсан. 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүү Г.Р , 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүү Г.Н нар тус тус төрсөн. Байнгийн хардаж, сэрдэж ажил хийлгэхгүй дарамталдаг, зодож цохидог байсан тул салья гэж 3-4 удаа явж байсан. 2 хүү маань эцгийн хайрыг үзээгүй, том хүүгээ элдвээр хэлж хараадаг, одоо хүүхдүүд том болсон бидэнд амгалан тайван байдал хэрэгтэй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхүүдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарладаг.

3. Хариуцагч Т.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн У өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-2/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны ** дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-3/, Т.П гийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-4/, 123 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, 456 дугаартай Г.Р ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, 789 дугаартай Г.Н-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн сургалтын менежер Д.Б ын тодорхойлолт /хх-8/, Орхон аймгийн ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Э ийн тодорхойлолт /хх-9/, Н багийн Засаг даргын 2021 оны ** дүгээр сарын 10-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт /хх-10/-оор дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн 0059052 /Г-16/ дугаартай гэрчилгээ авсан бөгөөд гэрлэгсдийн дундаас хүү Г ийн Р 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, хүү Г ийн Н 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, эрүүл өсөж торниж байгаа болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

5. Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцолоос хэрүүл маргаантай амьдарч байсан бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хүү Г.Р , Г.Н нар нь төрсөн цагаасаа эцэг эхийн хамт амьдарч байсан бөгөөд хүүхдэд тавих эхийн анхаарал халамж, ээнэгшин дассан орчин, асрамжийн асуудлаар талууд маргахгүй байгаа байдал зэргийг харгалзан хүүхдүүдийг эх Т.П гийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Т.Г оос хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан хүү Г.Р , Г.Н нарыг тус бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г оос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.П д, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 91 337 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Т П //, Х овогт Т Г  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г ийн Р , 2016 оны 04 дүгээр 08-ны өдөр төрсөн хүү Г ийн Н нарыг эх Т.П гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Г.Р , Г.Н нарыг тус бүр ** нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувиар/-гээр сар бүр эцэг Т.Г оос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г оос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.П д, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 91 337 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 1** дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ