Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/109

 

 

 

 

 

 

 

  2024         10           10                                   2024/ШЦТ/109

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э,  

улсын яллагч Д.З,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.С-д холбогдох эрүүгийн 242.000.000.0132 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......... оны ..... сарын ........-ны өдөр Д аймгийн З суманд төрсөн, эмэгтэй, ..... настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......,  .... хамт амьдрах, Д аймгийн З...... сум ...-р баг ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Б.С /РД: /

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь Д аймгийн З сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхимд 2024 оны 08 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Г.Б-тэй маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт баруун гараараа нэг удаа алгадаж, түлхэж унагасны улмаас биед нь толгойн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Б.С-ийн мэдүүлсэн: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хэрэгт авагдсан:

- Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ээжтэйгээ хамт хоол ундны юм цуглуулчхаад гэртээ иртэл манай гэрт 3 хүүхэд байгаагүй тэгээд би гэрийн хажуу талын эмнэлгийн 6 давхар байрны гадаа хүүхдүүдээ хараад сууж байтал нэг үл таних согтуу хүн миний хажууд суугаад муухай үнэртүүлээд байхаар нь би цаашаа бай гээд түлхтэл цаанаас нь тэр эрэгтэй хүний найз болох Н гэх эмэгтэй гарч ирээд намайг цувдайгаа унжуулсан балай юм гэр бүлээрээ заваан гэх зэргээр доромжлоод байсан. Тэгээд би уур хүрээд цагдаа дуудсан. Цагдаа  ирээд нөгөө 2 хүнийг аваад явсан. Намайг цагдаа дээр араас хүрээд ирээрэй гээд дуудсан. Тэгээд би цагдаа дээр яваад очтол нөгөө хоёр хүн ирсэн байсан бөгөөд  намайг чи ямар овоо юм гэх мэтээр хэрүүл өдөөд байхаар нь баруун гараараа нэг удаа алгадсан чинь нөгөө үл таних залуу толгойгоороо юм мөргөөд уначихсан. Тэгээд толгой нь хагарсан бололтой цус гараад байсан. Намайг гэрийн гадна байхаас эхлээд доромжлоод байсан тул уур хүрээд алгадчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,

 

- Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Д аймгийн З сумын Г газарт жолоочоор ажилладаг бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ажилгүй амарч байсан тул ганцаараа 0,5 литрийн Хараа архи уусан. Тэгээд өөрийн танил болох Зоригоогийн гэрт очтол тэдний гэрт нэг үл таних махлаг хүүхэн зогсож байсан бөгөөд тэр хүүхэн намайг үгийн зөрүүгүй чирч гаргаад нүүрэн дээр дэвссэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд тэр хүүхнийг аваад явсан бөгөөд удалгүй тэр цагдаа нар буцаж ирээд намайг аваад цагдаа дээр ирсэн. Тэгээд дөнгөж цагдаагийн үүдээр орж ирж байтал тэр намайг зодсон үл таних махлаг хүүхэн миний нүүр хэсэгт мангасдаад түлхсэн тэр үед би жаахан архи уучихсан согтуу байсан тул тас гэдрэгээ савж унасан бөгөөд унахдаа толгойгоороо цагдаагийн хэлтсийн хаалганы булан мөргөж толгойгоо хагалсан. Тэгээд түргэн дуудаж үзүүлтэл намайг эмнэлэг рүү дагуулж очоод миний толгой дагз хэсэгт 7 оёдол тавиулаад шууд гэртээ харьж амарсан...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/,

 

- Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Г.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 96,213 төгрөгийн зардал Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.С-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж  өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15х/,

 

- Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр З сумын цагдаагийн хэлтсийн хүлээн авах хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 15:00 цагийн орчим нэг үл таних эмэгтэй хүн өргөдөл өгөх гээд цагдаагийн хүлээлгийн хэсэгт сууж байсан. Тэгээд гаднаас үл таних согтуу эрэгтэй, эмэгтэй хүн орж ирсэн чинь нөгөө өргөдөл өгөх гээд сууж байсан эмэгтэйтэй гаднаас орж ирсэн согтуу эрэгтэй хүн маргалдаад орилоод явчихсан. Тэгээд хартал эмэгтэй нь согтуу хүнийг алгадсан чинь согтуу эрэгтэй хүн нь хаалга мөргөөд толгойноос нь цус гараад газарт уначихсан. Тэгээд эмнэлэг дуудсан. ...Толгой дагзны хэсгээс нь цус гарч байсан. Өөр гэмтэл харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18х/,

 

- Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны .... дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай шинжээчийн “1. Г.Б-ийн биед толгойн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25х/,

 

-Хохирогч Г.Б-д Д аймгийн З сумын Нэгдсэн эмнэлгээс 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 00 минутад үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас №5 /хх-ийн 26х/,

 

- Шүүгдэгч Б.С-ийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43х/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.С-ийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Өмгөөлөгч болон шүүгдэгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь Д аймгийн За сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхимд 2024 оны 08 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Г.Б-тэй маргалдаж түүний нүүр хэсэгт нэг удаа алгадсаны улмаас Г.Б нь хойшоогоо унаж хаалга мөргөн улмаар түүний биед толгойн шарх гэмтэл учирсан үйл баримт болсон байна.

 

Шүүгдэгч Б.С-ийн үйлдлийн улмаас хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Г.Б-ийн “...Тэгээд дөнгөж цагдаагийн үүдээр орж ирж байтал тэр намайг зодсон үл таних махлаг хүүхэн миний нүүр хэсэгт мангасдаад түлхсэн тэр үед би жаахан архи уучихсан согтуу байсан тул тас гэдрэгээ савж унасан бөгөөд унахдаа толгойгоороо цагдаагийн хэлтсийн хаалганы булан мөргөж толгойгоо хагалсан. Тэгээд түргэн дуудаж үзүүлтэл намайг эмнэлэг рүү дагуулж очоод миний толгой дагз хэсэгт 7 оёдол тавиулаад шууд гэртээ харьж амарсан...” гэсэн,

гэрч Д.М-ын “...Тэгээд гаднаас үл таних согтуу эрэгтэй, эмэгтэй хүн орж ирсэн чинь нөгөө өргөдөл өгөх гээд сууж байсан эмэгтэйтэй гаднаас орж ирсэн согтуу эрэгтэй хүн маргалдаад орилоод явчихсан. Тэгээд хартал эмэгтэй нь согтуу хүнийг алгадсан чинь согтуу эрэгтэй хүн нь хаалга мөргөөд толгойноос нь цус гараад газарт уначихсан. Тэгээд эмнэлэг дуудсан. ...Толгой дагзны хэсгээс нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлгүүд, Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны .... сарын ...-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.С нь хохирогч Г.Б-ийн биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Г.Б нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул түүнд төлөх төлбөргүй гэж үзэв. Харин эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Г.Б-д 96,213 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг гаргуулахаар нэхэмжилснийг шүүгдэгч нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгчээс 96,213 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкны 100900020080 тоот дансанд оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.С-ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.С-ийн ажил эрхлэлтийн байдал, өрх толгойлсон эмэгтэй зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

   Бусад асуудлаар:

  Шүүгдэгч Б.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн С-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Б-д төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.С-ээс 96,213 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банкны 100900020080 тоот дансанд оруулсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н