| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/01578/И |
| Дугаар | 142/ШШ2022/00120 |
| Огноо | 2022-01-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2022/00120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн хаалттай шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.С
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.С /Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс цахимаар/,
Хариуцагч: Б.Л л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.С нь Б.Л лтэй 2006 онд танилцаж, 2007 онд албан ёсоор гэрлэлт батлуулж, 5 жил гаран хамт амьдарсан. Бидний дундаас 2009 онд хүү Л.М төрсөн. 2012 оноос хойш архи ууж, эхнэр хүүхдээ хаяж яваад арваад жил болж байна. Энэ хугацаанд хамтран амьдрагчтай болоод хүүхдээ эргэн тойрч харж, ханддаггүй болсон. Иймд Б.Л лээс гэрэлтээ цуцлуулж, хүү Л.М өөрийн асрамжинд авч эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний бие эмнэлэгт тусгаарлалтанд байгаа бөгөөд цахимаар шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй гэв.
2. Хариуцагч Б.Л л 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй.
Хариуцагч Б.Л л шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Би одоо гэр бүлтэй болсон бөгөөд 2 хүүхэдтэй, Л.М миний хүү мөн, хүүгээ харж хандалгүй яахав. Гэхдээ одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа гэв.
3. Нэхэмжлэгчээс: Орхон аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1 дугаартай албан бичиг /хх-3/, 2 өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт /хх-5/, Орхон аймаг, Баян-Өндөр сум *** багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ам бүлийн тодорхойлолт /хх-6/, Орхон аймгийн Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн нийгмийн ажилтан М.Н рын тодорхойлолт /хх-7/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-8/, хүү Л.М ** дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9/, Б.С гийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10/, 789 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-11/-ыг шүүхэд гаргаж өгсөн болно.
4. Шүүхийн санаачлагаар: Хүү Л.М саналыг асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2.Нэхэмжлэгч Б.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. 2006 онд Б.Л лтэй танилцаж, 2007 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан бөгөөд 5 жил хамт амьдарсан. 2009 онд хүү Л.М төрсөн. 2012 оноос архи ууж, биднийг орхиж явснаас хойш 10 гаран жил болсон. Б.Л л нь өөр амьдралтай болж 2 хүүхэдтэй болсон тул бид эргээд нийлэх ямар ч боломжгүй болсон. Хүүгээ эргэж тойрч харж ханддаггүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжинд үлдээн хуульд заасны дагуу тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тодорхойлсон.
3.Хариуцагч Б.Л л нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг ба гагцхүү ажилгүй учир хүүхдийн тэтгэлэг төлөхөд хүндрэлтэй гэсэн тайлбарыг хэлдэг.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2 өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-5/, Орхон аймаг, Баян-Өндөр сум *** багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-6/, Орхон аймгийн Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн нийгмийн ажилтан М.Н рын тодорхойлолт /хх-7/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-8/, хүү Л.М ** дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9/, Б.С гийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10/, 789 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар дараах үйл баримт нотлогдож байна.
Зохигчид 2006 онд танилцаж, хамт амьдран 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн 789 /Г-626/ дугаартай гэрчилгээ авсан бөгөөд гэрлэгсдийн дундаас хүү Л лийн М 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрүүл өсөж торниж байгаа болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, дээрх нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцолоос хэрүүл маргаантай амьдарч байсан бөгөөд тэд тусдаа амьдраад 10 гаруй жил болсон, хариуцагч Б.Л л өөр бусадтай хамтран амьдрах болсон шалтгаанаар хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хүү Л.М төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байгаа бөгөөд хүүхдэд тавих эхийн анхаарал халамж, ээнэгшин дассан орчин, хүүхдийн шүүхэд гаргасан санал, асрамжийн асуудлаар талууд маргахгүй байгаа байдал зэргийг харгалзан хүү Л.М эх Б.С гийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу эцэг Б.Л лээс хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан хүү Л.М тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Л лээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С д, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 56 000 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Б С , С овогт Б гийн Л л нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Л лийн М //-ийг эх Б.С гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Л.М 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Б.Л лээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Х даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Л лээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С д, 56 000 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ